Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 324

 

 

    2017 оны 06 сарын 16 өдөр                 Дугаар 129/ШШ2017/00324                       Өлзийт сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, хувийн малаа малладаг,  Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт оршин суух Монгол овгийн Буянбадрахын Балданцогтын /РД:АЕ59081271/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Балданцогт, гэрч  Ж.Намсрай, Д.Балдангомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Балданцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 11-р сарын 03-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Балданцогт шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1977 оноос 1980 оныг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Өрнөл нэгдэлд ажиллаж эхэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч засвартай тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 11 сарын         03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Би Өрнөл нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Өлзийт сумын Өрнөл нэгдэл 1990 онд хувьчлагдсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Балданцогт нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1.  Байшир бригадын мал аж ахуйн үйлдвэрлэлд дараах нэр бүхий хүмүүсийг тус тус томилон ажиллуулсугай. Хавсралтанд: Балданцогт, ямар ажилд томилсон-хоньчин, хугацаа он-1981, сар-11, өдөр-01 гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1981 оны 11 сарын 03-ны өдрийн 68 тоот тушаал,

1.2. ... Б.Балданцогт ... нарын гишүүд бүрэн буюу жилийн ихэнх хугацаанд нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийж байна ... гэсэн “Аймгийн намын хорооны 3 дугаар бүгд хурлын шийдвэрийг биелүүлэхэд нэгдэлчдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтын тухай” Өрнөл нэгдлийн зөвлөлийн хуралд тавьсан 1984 оны 02 сарын 24-ний өдрийн илтгэл,

1.3. 1985 оны 7, 8, 9-р саруудад мал аж ахуйн 3 бригадын суурьт өвчний бус шалтгаанаар хорогдсон адуу 6,  үхэр 13, хонь 822, ямаа 205, бүгд 1046 малын тодорхойлолтыг хэлэлцээд туранхай тарга тэвээрэг аваагүй амьдрах чадалгүй зэргээр хорогдсон адуу 6,  үхэр 11, хонь 810, ямаа 202, бүгд 1029 малыг зарлага болгосугай гэсэн “Хорогдсон малын тодорхойлолт батлах тухай”  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 11 сарын 29-ны өдрийн 71 тоот тогтоол,

1.4. Өлзийт сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 18-ны өдрийн 02 тоот проткольд: ... 13. Б.Балданцогтын сууриас төлөг 9 үхснийг хэлэлцээд данснаас хасах гэжээ.

1.5. 1985 онд улсын бэлтгэлийн мал тууварлаж үйлдвэрлэлийн даалгавараа /110-1120/ хувиар биелүүлэн бүгд 3655 кг мах давуулж болзлыг биелүүлсэн тууварчин Р.Төмөрхүү, Ч.Буяндэлгэр, Н.Лувсанчоймбол нарын суурийн хамт олныг хавсралтанд зааснаар 7390 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Балданцогт, давсан мах-466, олгох шагнал-933=00, хүн нэг бүрт олгох шагнал-280 гэсэн “Тууварч малчдыг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 тоот тогтоол,

1.6. Байшир хэсгээс 1988 онд ээлжийн амралт олгох малчдын нэрсийн жагсаалтанд: Б.Балданцогт, амрах хоног-15 гэжээ,

1.7. МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн 1988 оны 10-р тогтоолыг төлбөр хариуцагч хүмүүс нь амьдрал ахуйгаар дорой, аминдаа өмч хөрөнгөгүй, ам бүл олон төлбөр төлөх чадваргүй ба цаг зуурын хүнд нөхцөлд малаа үзүүлсэн зэргийг харгалзан нэр бүхий 34 хүний нэр дээр байгаа 20080 төгрөгний төлбөрийг хөнгөлөх буюу чөлөөлсүгэй. Хавсралтанд: Б.Балданцогт, үнээ-2, 880, 600, цасан шуурганд үхсэн гэсэн “Өр төлбөрөөс чөлөөлөх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 31-ний өдрийн 87 тоот тогтоол,

2. Гэрч  Ж.Намсрайгийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөд нэгдэлд 1966 оноос 1986 он хүртэл бригадын тоо бүртгэгч, 1986 оноос 1992 он хүртэл Байшир бригадын даргаар ажиллаж байсан. Б.Балданцогт 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч Өрнөл нэгдэлд аавтайгаа хамт хурга авч маллаж, эр хонь болгож улсад тушаагаад аймгийн аваргын болзол хангаж байсан. Дараа нь 3 жил цэрэгт явж ирээд мал тууж, мал малладаг байсан. Би тэр үед Өрнөл нэгдлийн Байшир бригдад тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан учир Б.Балданцогтийн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Б.Балданцогт мал маллаж, тууварт явдаг байсан. 1983 оноос хойш үхэр маллахдаа давхар фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би Б.Балданцогтийн ажилладаг байсан бригадын тоо бүртгэгч, бригадын дарга байсан” гэх мэдүүлэг,

3. Гэрч Д.Балдангомбын: “Манайх Б.Балданцогттой Байшир бригадад ойрхон нутагладаг байсан. Б.Балданцогт нь намайг цэргээс ирэхэд зөрөөд цэрэгт явсан. Б.Балданцогт нь цэргээс ирээд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад малчнаар ажиллаж 1992 оныг хүртэл ажилласан. Би 1973 оноос 1992 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Балданцогт Өрнөл нэгдэлд мал тууж, суурь дээр үхэр, хонь малладаг байсан, мөн нэгдэл тартал фермийн эрхлэгчээр ажилласан. Бид хоёр нэг бригадад ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

4. Б.Балданцогтын хөдөлмөрийн дэвтэр,

5. Буянбадрахын Балданцогт БХЯ-ны сайдын 1977.06.10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Архангай аймгаас 1977.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980.06.22-ны өдөр 03251 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 000007185 тоот хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч Б.Балданцогтын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Балдангомбо, Ж.Намсрай нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Б.Балданцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Балданцогтыг хоньчиноор томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн даргын 1981 оны 11 сарын 03-ны өдрийн 68 тоот тушаал, “Тууварч малчдыг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 тоот тогтоол, “Өр төлбөрөөс чөлөөлөх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 31-ний өдрийн 87 тоот тогтоол, Өрнөл нэгдлийн зөвлөлийн хуралд тавьсан 1984 оны 02 сарын 24-ний өдрийн илтгэл, Өлзийт сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 18-ны өдрийн 02 тоот протколь, Байшир хэсгээс 1988 онд ээлжийн амралт олгох малчдын нэрсийн жагсаалт, гэрч  Ж.Намсрайгийн: “Б.Балданцогт 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч Өрнөл нэгдэлд аавтайгаа хамт хурга авч маллаж, эр хонь болгож улсад тушаагаад аймгийн аваргын болзол хангаж байсан. Дараа нь 3 жил цэрэгт явж ирээд мал тууж, мал малладаг байсан. Би тэр үед Өрнөл нэгдлийн Байшир бригдад тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан учир Б.Балданцогтийн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Б.Балданцогт мал маллаж, тууварт явдаг байсан. 1983 оноос хойш үхэр маллахдаа давхар фермийн эрхлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Балдангомбын: “Б.Балданцогт нь цэргээс ирээд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад малчнаар ажиллаж 1992 оныг хүртэл ажилласан. Б.Балданцогт Өрнөл нэгдэлд мал тууж, суурь дээр үхэр, хонь малладаг байсан, мөн нэгдэл тартал фермийн эрхлэгчээр ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “Би 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байх тул Б.Балданцогтыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Б.Балданцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овгийн Буянбадрахын Балданцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 11 сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 сарын          31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА