| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 188/2017/0536/э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 204
Н.У, Г.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Энхболд,
Цагаатгагдсан этгээд Н.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
Цагаатгагдсан этгээд Г.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Н.У, Г.О нарт холбогдох эрүүгийн 201601000222 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.У нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн “Монтрак Фотон” ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,
Г.О нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогын гүйлгээ хийгдсэн “Монтрак Фотон” ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийж Н.Уээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Энхбаатараар дамжуулан 5.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Н.У, Г.О нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эд мөрийн баримтаар тооцож, Г.Оаас хураан авсан 6.241.300 төгрөгийг буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Н.У нь 77 хоног цагдан хоригдсон, Г.О нь 42 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Шүүгдэгч Н.У нь Г.Оын ах Будхүүгээс 10.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг аваад өгөөгүй байсан. Будхүүг нас барсны дараа уг мөнгийг АНУ-д сурдаг хүүхдийнх нь төлбөрт өгнө гэж Г.О Н.Уээс нэхдэг байсан. Иймд Г.Н.У нь Г.От 5.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Г.О ээжээсээ нэмж 1.300.000 төгрөг зээлж, АНУ-д сурдаг ах Будхүүгийн хүүхдэд шилжүүлэх гэж байгаад цагдаад баригдсан” гэж үндэслэлдээ дурджээ. Хэрэгт авагдсан баримтуудаар Н.У нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн “Монтрак Фотон” ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй буюу шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон хэрэгт авагдсан ямар нотлох баримт болох, мөн цагаатгасан үндэслэлээ тодорхой дурдсангүй. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Н.У нь Будхүү гэх хүнийг танихгүй, өмнө нь тэр хүнээс металь хайгч авч байгаагүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байхад шүүх үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна. Мөн мөрдөн байцаалтын явцад Г.О нь ээжээсээ нэмж 1.300.000 төгрөгийг зээлж, АНУ-д сурдаг ах Будхүүгийн хүүхдэд шилжүүлэх гэж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд улсын яллагчийн зүгээс Н.У, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан “хахууль авах, 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, 201601000222 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Н.Уийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаартай цагаатгах тогтоолд гаргасан прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Н.У, Г.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Нийслэлийн прокурорын газар Н.Уийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр хэлэлцүүлсэн боловч Б.Энхбаатараар дамжуулж 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.От 5.000.000 төгрөг өгсөн гэх үйлдэлд хахуулийн сэдэл, санаа зорилгоор өгсөн гэж үзэх, өөртөө давуу байдал олж авсан гэж үзэх, албан тушаалтай нь холбогдуулан өгсөн гэх байдлууд тогтоогдоогүй. Хэрэг хянан хэлэлцэх үед 5.000.000 төгрөгийн асуудал иргэд хоорондын зээлийн эрх зүйн харилцаа байсан нь шүүгдэгч нар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Н.У нь “Мон эко”, “Мон Фотон” гэх хоёр компанийг татан буулгах хүсэлт гаргасан ба улсын байцаагч Г.О татварын хяналт шалгалт хийгээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татвар ногдуулалт төлөлтийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргаж, илтгэх хуудас гаргасан байна. Улсын байцаагчийн акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл захиргааны актыг хууль бус болсон, үндэслэлгүй болсон гэж үзэж хүчингүй болгосон захиргааны болон шүүхийн шийдвэр, акт байхгүй. Мөн татвараас зайлсхийсэн үйлдэлд давуу байдал тогтоолгох гэж 5.000.000 төгрөг хахуульд өгсөн мэтээр холболт хийж шалгасан. Шалгалтаар “Мон Фотон” ХХК тайлангийн хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй болох нь “Монтрак групп” ХХК хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн борлуулалтын орлогыг “Мон Фотон” ХХК дансаар хүлээн аваад уг орлогыг эргүүлээд “Монтрак групп” дээр тайлагнаж хадгалж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, аудитын дүгнэлт, худалдан авалт, борлуулалтын гэрээ, банкны харилцах дансны гүйлгээний хуулга зэрэг олон баримтаар хэрэг дотор нотлогдсон байдаг. Ийм учраас татварын байцаагчид хахуул өгөх үндэслэл тогтоогдоогүй. Авлигатай тэмцэх газар дээрх 5.000.000 төгрөгийг хахуул болгох гэж хэт нэг талыг барьж шалгалт хийсэн ба гол хоёр баримт нь Б.Энхбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл гэрч Б.Энхбаатар нь Н.Уийн үеэл дүү, бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж Авлигатай тэмцэх газар төрөл садангийн эсрэг мэдүүлэг гаргуулсан байдаг. Шүүх хуралд Б.Энхбаатар оролцсон бөгөөд Б.Энхбаатар 5.000.000 төгрөгийг хахууль биш гэж мэдүүлсэн. Авлигатай тэмцэх газар шинжээч томилохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158, 159 дүгээр зүйлд заасан журам зөрчсөн байдаг. Эдгээр нотлох баримт нь нотолгооны шинж чанараа алдаж байна. Нөгөө талаар “Мон Фотон” ХХК нь өнөөдрийг хүртэл эрх бүхий захиргааны болон хяналт шалгалтын байгууллага татвар нөхөн төлөх шийдвэр гаргасан зүйл байхгүй байна. Энэ талаар Эрүүгийн болон захиргааны зөрчлийн хариуцлага хүлээсэн баримт байхгүй. Иймд нөхцөл байдлыг харгалзан шүүх шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Татварын хяналт шалгалтын улсын байцаагч зөрчилгүй гэсэн илтгэх хуудсыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байна. Н.У 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.От зээлдүүлсэн. Энэ мөнгийг албан тушаалын байдалтай, гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулж өгсөн гэх үндэслэл цаг хугацааны хувьд тогтоогдохгүй байна. Шүүх талуудын мэтгэлцээн, нотлох баримт, дотоод итгэл, ухамсарт үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой. Энэ зарчимд тулгуурлаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Г.От 5.000.000 төгрөгийг жолооч Б.Энхбаатараар явуулсан. Энэ 5.000.000 төгрөг нь авлига биш гэдгийг анх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөрөө мэдүүлсэн. “Монтрак Фотон” ХХК Б.Энхбаатарын нэр дээр, “Монтрак эко” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг. Энэ хоёр компани үйл ажиллагаа явуулахгүй болохоор татан буулгах хүсэлтээ тавьсан. Энэ хүсэлтийг би өөрөө гаргаагүй, Б.Энхбаатар гаргасан. “Монтрак эко” ХХК-ийн хүсэлтийг би өөрөө гаргасан. “Монтрак Фотон” ХХК-ийн хувьд Б.Энхбаатар хүсэлтээ гаргаж өгсөн. Татварын хяналт шалгалтаар орсон. Энэ хүсэлтийг 2016 оны 6 дугаар сард өгөөд би өөрөө хоёр өвдөгний хагалгаанд ороод татварын хяналт шалгалтад орж чадахгүй байж байгаад 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хяналт шалгалтад орсон. Хяналт шалгалтын эцсийн дүн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илтгэх хуудсаар гарсан. Г.Оыг зүс танина. Ингээд 12 дугаар сарын 27-ны өдөр Г.О “Урнаа эгчээ танд боломж байвал хэдэн төгрөг зээлээч” гэж гуйж байсан. Г.От би мөнгө зээлэхийн тулд байрны лизинг, тоног төхөөрөмжийн үнэ гээд янз бүрийн байдлаар хэлж байсан. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Оын өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ “1.300.000 төгрөгийг зээлж аваад АНУ-д суралцдаг ах Будхүүгийн хүүхэд рүү шилжүүлэх гэж байсан нөхцөл байдал хэрэгт холбогдолгүй. Яг үнэндээ шүүх хэргийг зөв шийдсэн. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн зүгээс хэрэгт 6.300.000 төгрөгийг хурааж авсан. Хэрэгт 5.000.000 төгрөгийн асуудал яригддаг болохоос 1.300.000 төгрөгийг ямар шалтгааны улмаас хурааж авсан, ямар учиртай гэдгийг огт ярьдаггүй. Гаргаад байгаа илтгэх хуудас гэдэг баримтын төлөө 5.000.000 төгрөгийг өгсөн гэвэл энэ илтгэх хуудас гэдэг баримт шууд үр дагавар үүсгэх бүхий баримт байгаагүй. Юу байдаг вэ гэхээр татварын хяналт, албаны татварын шалгалтын үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлд заасан татварын байцаагчийн үйлдэх баримт бичиг, түүний биелэлтийг хангуулах, 7.20 дугаар зүйлд татварын хяналт шалгалт хийсэн талаарх танилцуулах баримт бичиг бөгөөд тухайн татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдал шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж заасан байдаг. Энд юуг хэлээд байна вэ гэхээр энэ компаниар дамжиж орсон их хэмжээний мөнгө нь “Монтрак групп” компани дээрээ тайлагнасан байдаг. Групп компанийн тайлантай холбоотой шалгуулах хүсэлтээ 2016 оны 6 дугаар сард өгсөн зэрэг байдлыг прокурор дүгнэж үзээгүй. Харин үүнийг шүүх анхаарсан. Иймээс прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, эсэргүүцэлдээ өөрийнхөө хийгээгүй ажлын талаар өөрөө нягталж гаргасан гэж үзэх гэсэн үндэслэлтэй байгаа тул цагаатгах тогоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагчийн эрх үүргийнхээ дагуу шалгаж, илтгэх хуудас бичсэн. Илтгэх хуудас бичих үндэслэл нь “Мон Фотон” ХХК, “Монтрак групп”-ын дансаар толгой компаниар шилжиж орлого орсон байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар группын толгой компани руу шилжсэн байдаг. Бүх орлогууд тэр дүнгээрээ. Тухайн үед татварын хяналт шалгалтын тасгийн дарга Мөнхцогт өрөөнд татвар төлөгчөө оруулаад ийм процесс үүссэн байна, энийг яаж шийдэх вэ гэхэд татварын хяналт шалгалтын тасгийн дарга Мөнхцогт нь татвар төлөгчийг, татварыг давхардуулан тооцож болохгүй. Монтрак группыг шалгуул гэж хэлээд тухайн компаниар өргөдлийг өгүүлсэн. Шалгах процесс үүссэн. Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр илтгэх хуудас бичсэн. Би талийгаач Будхүү ахын мөнгийг захирал Н.Уээс нэхэж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөнгийг авсан. Тухайн үед би “Монтрак групп”-ын захирал Н.Уээс хүүхдийнх нь сургалтын төлбөр нэхэгдэж байсан учраас би янз янзын шалтгаан хэлж мөнгө нэхэж байсан нь үнэн. Надад хээл хахууль авах шаардлага байхгүй, татвар төлөгч надад хээл хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй. Тухайн компанийн орлого группд тайлагнасан нь нотлох баримтаар тогтоогдсон. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Н.У, Г.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Гэрч Б.Саруулын “...Намайг ажилд орохоос өмнө “Монтрак групп”-ын захирал Н.У нь нөхөртэйгээ эд хөрөнгийн маргаантай байсан учраас “Монтрак групп”-ын бүх харилцах дансыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан юм. Тэгээд “Монтрак групп”-ын бүх орлого, зарлагын гүйлгээг “Монтрак Фотон” ХХК-иар дамжуулж авдаг байсан. Тэгээд би ажилд ороод ерөнхий нягтлангаас олж мэдээд “энэ “Монтрак Фотон” ХХК тайлангаа гаргадаг юм уу, ингэж болохгүй” гэж хэлээд болиулж байсан. Энэ 2 компани ямар ч харилцан хамаарал байхгүй байж “Монтрак групп”-ын мөнгийг эргэлдүүлдэг байсан. Харин “Монтрак Фотон” ХХК Б.Энхбаатар гэдэг хүний нэр дээр байдаг ба татварын шалгалт хийхэд энэ нь асуудал болно гэж хэлээд болиулж байсан. ... “Монтрак Фотон” ХХК татварын тайлангаа Х хэлбэрээр буюу үйл ажиллагаа явуулахгүй гэж гаргаж өгдөг байсан. Би “энэ ингэж болохгүй” гэхээр манай ерөнхий нягтлан “би мэдэхгүй. Өмнөх нягтлан нь Х тайлан гаргаж явуулдаг байсан юм байна лээ” гэж хэлж байсан ба би болиулж байсан. Би тэгээд “Монтрак Фотон” ХХК-ийн данснуудыг хаалгаж байсан. Яаж хаалгасан бэ гэхээр Б.Энхбаатар гэдэг хүн нь манай “Монтрак групп”-ын борлуулагч хийдэг юм. Н.У нь энэ хүний нэр дээр компани байгуулаад дансыг нь ашигладаг байсан. ...Анхнаасаа Н.Уийн нэр дээр байж байгаад Б.Энхбаатарын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байсан. Тэгээд би Хас банкнаас зээл авахын тулд “Монтрак групп”-ыг орлоготой харагдуулахын тулд 2016 оны 7 дугаар сард байхаа “Монтрак Фотон” ХХК-ийн нэр дээр дахин Н.Уийг хувьцаа эзэмшигчээр оруулаад “Монтрак Фотон” ХХК-ийн дансаар орсон орлогыг “Монтрак групп” ХХК-ийн орлого мэтээр харагдуулж орлогоо хүлээн зөвшөөрүүлээд зээл хөөцөлдсөн. ...” /1 дүгээр хавтас, 158-160 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхбаатарын “...Н.У захирал над руу яриад өөрийнхөө данснаас 5.000.000 төгрөг авчих гэсэн. Мөн өөрийн ХААН банкны 5220006652 тоот дансыг манай компани ашигладаг учир өөрийн данснаасаа 5.000.000 төгрөгийг Засгийн газрын ордны хойд талын ХААН банкны салбараас иргэний үнэмлэхээрээ гаргаж авсан. Н.У захирал над руу яриад “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч ажилтай Г.От өгөх юм. Одоо чам руу мессежээр дугаарыг нь явуулъя” гэсэн. 17 цагийн үед миний 89060101 дугаар луу Н.У захирлаас 9400...-тэй дугаар явуулаад /Г.Оын дугаарыг/ Чингэлтэй дүүргийн гадаа очоод байж бай гэсэн. Хэлснийх нь дагуу Чингэлтэй дүүргийн гадаа очоод Г.Оын дугаар луу залгахад “гадаа байж бай” гэхээр нь 15 минут хүлээж байхад Г.О нь гарч ирэхээр нь Чингэлтэй дүүргийн замын хойд тал руу гараад машины зогсоол дээр банкны хар ууттай 5.000.000 төгрөгийг татварын байцаагч Г.От 17 цаг 40 минут орчим өгчихөөд компанийн оффис дээр ирсэн. ... 2016 оны 7 дугаар сард би өөрийн дансны хуулгыг татварын байцаагч Г.От аваачиж өгч байсан. Тэр үед “Монтрак Эко” ХХК, “Монтрак Фотон” ХХК, “Монтрак констракшн” ХХК-иуд үйл ажиллагаа явуулж, орлого олж байсан юм. Эдгээр компаниудыг татан буулгахын тулд Г.О нь компаний санхүүгийн тайлан, татварыг өөрчилж, өртэй болгож өөрчлөх тухай яригдаж байсан. Дээрх компаниудын санхүүгийн баримт материалуудыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.От хүргэж өгч байхад Н.У захирал татварын байцаагч Г.Отай Чингэлтэй дүүргийн баруун талын Берлин бургер нэртэй хоолны газарт уулзахдаа “татварын тайланг өөрчилж, татан буулгаад компанийн нэрийг солино” гээд дахин ярьж байсан. Татварын байцаагч Г.О нь “мөнгө өгөх юм бол татварын тайланг чинь өөрчилж өгнө, тэгвэл танай компанийг татан буулгаж болно” гэж хясан боогдуулж мөнгө өгөхийг шаардсан. Тэр үед Н.У захирал “урьдчилгаа болгож 5.000.000 төгрөг өгье” гэж тохиролцсон. Ингэж тохиролцсоны учир би урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг нь хүргэж өгсөн. ...” /1 дүгээр хавтас, 161-162 дугаар хуудас/,
Гэрч С.Энхбатын “...Татварын алба нь тухайн аж ахуйн нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийдэг. Үүнийг үндэслээд хуулийн этгээдийн бүртгэлээс хасдаг юм. Дүгнэлтийг ямар тохиолдолд гаргадаг вэ гэхээр Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байвал хуулийн байгууллагад шилжүүлэхээр дүгнэлт гаргадаг, түүнээс бага хэмжээний зөрчил гарвал улсын байцаагчийн акт гардаг, харин татварын зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг юм. ...” /1 дүгээр хавтас, 166-168 дугаар хуудас/,
Гэрч Б.Даваасүрэнгийн “... Би татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Мөнхлутын томилолтоор улсын байцаагч Г.Оын хамт “Монтрак Фотон”, “Монтрак Эко” ХХК-ийг татан буулгах хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Г.О бүх төрлийн татварын ногдуулалтын байдлыг шалгаад ямар нэг зөрчил алга гэж хэлж байсан. Г.О тухайн компанийн захирал, нягтлан бодогч нарыг дуудаж илтгэх хуудсаа танилцуулж байсан. Банкны дансны мэдээллийг үзээгүй, Г.О л хийх ажилдаа хувиарлан авсан. Би нэг ч удаа уулзаж байгаагүй, Г.О дуудаж уулзалдаж ярилцлага авч байсан, ярилцлага авсан гээд Г.О надаар ярилцлагын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулж байсан, шалгалтын дараа шийдвэр гарах үед энэ компаниудад зөрчил гараагүй учир илтгэх хуудас үйлдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд би үүнийг зөвшөөрч илтгэх хуудас бичиж гарын үсгээ зурсан. ...” /1 дүгээр хавтас, 180-181 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Тунгалагтуулын “...Татварын албанд бүртгүүлсэн мэдээлэлд татвар төлөгчийн талаарх бүх мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Тухайлбал хэдэн онд байгуулагдсан, үүсгэн байгуулагчийн мэдээлэл, дүрмийн сан, хэн гэдэг захиралтай, холбогдох утас, ямар төрлийн татвараар тайлан ирүүлдэг, харилцах дансны мэдээлэл гэх зэрэг бүх мэдээлэл байдаг юм. “Монтрак Фотон” ХХК-ийн хувьд энэхүү мэдээллийг үзэхэд ХААН банкин дахь 5028584679 тоот төгрөгийн данс бүртгэлтэй байсан ба улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авахдаа харилцах данснуудаа бүртгүүлээгүй байсан. Гэтэл Илтгэх хуудас үйлдсэн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Г.О, Б.Даваасүрэн нар Татварын албанд бүртгүүлсэн мэдээллээс “Монтрак Фотон” ХХК-ийн ХААН банкин дахь 5028584679 тоот төгрөгийн дансыг авч шалгаагүй, зөвхөн шинээр нөхөж авсан улсын бүртгэлийн гэрчилгээг харсан байгаа юм. Зүй нь бол Татварын албанд бүртгүүлсэн мэдээллийг татварын хяналт шалгалт хийхдээ заавал гарган авч харах ёстой хамгийн гол зүйл бол энэ татварын төлөгчийн карт байгаа юм. Энэ мэдээллийг татварын байцаагч өөрөө ороод авах бүрэн боломжтой юм. Шалгалтын явцад бид зөвхөн “Монтрак Фотон” ХХК-ийн ХААН банкин дахь 5028584679 тоот төгрөгийн дансыг шалгаад зогсохгүй мөрдөн байцаалтын явцад банк харилцагчийн талаарх мэдээлэл авах тогтоолын дагуу арилжааны банкуудаас авсан дансны хуулгыг шүүж үзэхэд “Монтрак Фотон” ХХК нь ХААН банкинд ам.долларын данстай, Хас банкинд, Төрийн банкинд ам.долларын болон төгрөгийн, Голомт, Худалдаа хөгжлийн банкинд ам.долларын болон төгрөгийн данснуудтай байсан ба үүнийгээ татварын албанд бүртгүүлээгүй байсан. Данс нээлгэсэн тухай бүрдээ л татварын албанд мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй юм. “Монтрак Фотон” ХХК арилжааны банкууд дахь дансаараа нийт 1.089.337.048 төгрөгийн гүйлгээ хийсэн. Үүнээс 227.010.550 төгрөгийг татварын албанд бүртгэлтэй ХААН банкин дахь дансаараа хийсэн. 862.326.498 төгрөгийн дээрх нэр бүхий татварын албанд бүртгэлгүй дансаар гүйлгээ хийсэн байсан. ...Илтгэх хуудас үйлдсэн татварын улсын байцаагч Г.О, Б.Даваасүрэн нарын хувьд татварын албанд бүртгэлтэй ХААН банкин дахь 5028584679 тоот төгрөгийн дансыг л шалгах ёстой байсан. Гэтэл үүнийг шалгаагүй. ...”Монтрак Фотон” ХХК-ийн нэр дээр 47 ширхэг тусгай тоног төхөөрөмжийн тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байсан /тусгай тоног төхөөрөмжийн гэдэг утгаар татварын хэмжээ бага байдаг юм/ ба “Монтрак Фотон” ХХК өөрөө энэхүү 47 ширхэг тусгай тоног төхөөрөмжийн тээврийн хэрэгслийнхээ тээврийн хэрэгслийн татварыг 2015, 2016 онуудад төлөөд явж байсан байгаа юм. Энэ 47 ширхэг тусгай тоног төхөөрөмжийн тээврийн хэрэгслийг татан буугдах үеийн тухайн цаг хугацааны зах зээлийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж, татвар ногдуулж тэрхүү татварыг төлүүлсний дараа худалдан борлуулсан гэж үзэж татвар ногдуулж тэрхүү татварыг төлүүлсний дараа татан буулгах эрх нь нээгдэх ёстой юм. Энэ мэдээлэл нь уг нь татварын программ дээр л байсан юм. Гэтэл үүнийг шалгаагүй байгаа юм. ...Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар нийт 3.356.847.563 төгрөгийн зөрчлөөс 2.630.115.137 төгрөгийн өртгийг засаж 49.972.187 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх ёстой юм. Энэ бол зөвхөн нөхөн татвар, торгууль алданги тооцоогүй. Торгууль алдангийг зөвхөн татварын улсын байцаагийн акт тавьж байж тооцдог. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд нийт 3.115.487.013 төгрөгийн зөрчилд 311.548.701 төгрөгийн татвар төлөхөөр тооцсон. Ингээд 2014-2016 онуудад “Монтрак Фотон” ХХК нь нийт 361.520.888 төгрөгийн татвар төлөхөөр байсан гэж үзсэн ба энэхүү татварыг төлж барагдуулж байж албан ёсоор татан буугдах эрх нь нээгдэх ёстой юм. ...” /1 дүгээр хавтас, 208-209 дүгээр хуудас/,
Б.Энхбаатарын сэжигтнээр “...Н.У эгч над руу залгаад чи данснаасаа 5.000.000 төгрөг аваадахаач гэсэн. ...Өөрийн эзэмшдэг 5220006652 тоот данснаас бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Энэ үед Н.У эгчийн гар утаснаас над руу Г.Оын дугаар гээд 99 билүү 94 тэй дугаар мессежээр ирсэн. Тэгээд Н.У эгч залгаад Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн гадаа очоод наад явуулсан дугаар луу залгаад 5.000.000 төгрөгөө өгчих гэсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн гадаа очоод мессежээр явуулсан дугаар луу залгаад Г.Отай ярихад тэрээр намайг гадаа хүлээж бай гэсэн, удалгүй Г.О гарч ирсэн. Намайг дагуулаад замын эсрэг тал руу гараад машины зогсоол руу очоод надаас хар гялгар тортой 5.000.000 төгрөгийг аваад Тэнгис кино театрын зүг алхаад явсан. ...Г.Оыг Чингэлтэй дүүргийн татварын байцаагч гэдгийг өмнө нь банкны дансны хуулгыг хүргэж өгөхдөө мэдсэн. Дараа нь буюу 2016 оны 10 дугаар сарын 24-нд байх Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хажууд байрлах Берлинбургер хоолны газарт Н.У эгч намайг дуудсан. Тэгээд би очиход Г.О хамт сууж байсан. Намайг хажууд нь зогсож байхад Г.О “хэрвээ мөнгө өгөх юм бол татварын тайланг чинь өөрчлөөд танай компанийг татан буулгаж болно ш дээ” гээд хоорондоо ярьж байсан. Тэгээд энэ хүн бол “Монтрак Фотон”, “Монтрак Эко” ХХК-ийг татан буулгахад татварын хяналт шалгалт хийж байгаа хүн гэдгийг нь мэдсэн. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.От хүргэж 5.000.000 төгрөг бол тэр яриад байсан мөнгө нь юм байна гэж би ойлгосон. Эхэндээ бол би ямар учиртай мөнгө болохыг нь ойлгоогүй. ...Миний нэр дээрх ХААН банкин дахь данс миний нэртэй л болохоос Н.У эгч орлого, зарлагыг хийдэг. Тийм болохоор хаанаас ямар орлого орж ирэхийг, хэзээ мөнгө зарлагадахыг би мэддэггүй. ...” /1 дүгээр хавтас, 213-214 дүгээр хуудас/,
Н.Уийн яллагдагчаар “...”Монтрак Фотон” ХХК болон “Монтрак Эко” ХХК нь байгуулагдаад 1 жил гаран хугацаа өнгөрсөн боловч үйл ажиллагаа явуулаагүй юм. Ингээд эдгээр аж ахуйн нэгжүүдээ татан буулгах саналаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2016 оны 6 дугаар сард бичгээр өгсөн. “Монтрак Фотон” ХХК-ийг татан буулгах хүсэлтээ би өөрөө бичиж өгсөн. “Монтрак Эко” ХХК-ийн хүсэлтийг Энхбаатар бичиж өгсөн. 2016 оны 10 дугаар сард татварын байцаагчийн дүгнэлт гарсан ба татан буулгах татварын хяналтыг татварын улсын байцаагч Г.О, Даваасүрэн нар хийж, татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Энэ татварын шалгалтыг хийж байсан татварын улсын байцаагч Г.О 2016 оны 9 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ “би байрны лизингтэй, та 10.000.000 төгрөг зээлээч гээд хэлэх болсон. Би ч боломжгүй гэдгээ хэлдэг байсан. Тэгсэн Г.О “танайх ч хэл амтай ядаргаатай газар шүү” гэх болсон. Тэгэхээр нь би “Монтресто” ХХК-иас техникийн төлбөр орж ирэх юм. Эндээс мөнгө ороод ирвэл 5.000.000 төгрөг өгье гээд Г.От хэлчихсэн юм. Түүнээс хойш л Г.О над руу өдөрт дээд тал нь 10 удаа залгаж “эгчээ мөнгө олоод өгөөч, та аргалаач” гээд л утасдах болсон. Би ч хүнд өртэй хүн шиг болчихсон. Ингээд 10 сарын дунд үед татварын зөрчилгүй гээд татварын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээ 10 дугаар сарын 18-ны үед надад өгсөн. Тэгээд Г.О дахиад л “Н.У эгчээ нөгөө мөнгөө яасан бэ” гээд л удаа дараа утасдаад байсан учир Энхбаатарын нэр дээрх орон сууцыг барьцаалан 20.000.000 төгрөгийн зээл авахуулаад энэ 20.000.000 төгрөгөөсөө 5.000.000 төгрөгийг Б.Г.От хүргээд өгчих гээд Энхбаатараар хүргүүлэн өгсөн юм. Энэ өдөр бол 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байсан. ...” /2 дугаар хавтас, 188-192 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байна.
Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч Г.Оын мэдүүлгийг үндэслэн, хэргийн үйл баримтыг “...Шүүгдэгч Н.У нь Г.Оын ах Будхүүгээс 10.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг аваад өгөөгүй байсан. Будхүүг нас барсны дараа уг мөнгийг АНУ-д сурдаг хүүхдийнх нь төлбөрт өгнө гэж Г.О Н.Уээс байнга нэхдэг байсан. Иймд Н.У нь Г.От 5.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Г.О ээжээсээ нэмж 1.300.000 төгрөг зээлж авч АНУ-д сурдаг ах Будхүүгийн хүүхдэд шилжүүлэх гэж байгаад цагдаад баригдсан. ...” гэж дүгнэж, дээрх гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдийг чухам ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа цагаатгах тогтоолдоо тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Мөн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар цагаатгах тогтоолоор Н.У, Г.О нарыг гэм буруугүйд тооцсон байхад, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “...Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ...” гэж тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд прокурор П.Энхболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.У, Г.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.