Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2015/0156/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч Г.Үнэнбат, Шүүгдэгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Алекийн Отгонбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000183 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Алекийн Отгонбаяр, /Регистрийн дугаар: ТВ74081414/, 1974 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваагийн 4-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эдлэх ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Отгонбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян захын орчимд Г.Үнэнбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, дээрх хэрэгт шалгагдах явцдаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. \яллах дүгнэлтэд бичигдсэнээр\. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Өнөрбат ахын гэрт байж байгаад 13 цагийн үед гарсан чинь Батаатай таарсан. Тэгээд бид хоёр Дархан зах дээр ирээд дэлгүүрээс Түмний хишиг нэртэй 1 литрийн шилтэй архи аваад нөгөөдөхөө уух санаатай явж байгаад Азаа, Үнэнбат нартай тааралдсан юм. Бид 4 Буян захын махны заалны хажууд очоод нөгөө архиа хувааж уусан. Миний ухаан санаа орж гараад байгаа юм. Батаагийн хэлснээр Батаа эгчтэйгээ уулзчхаад гараад ирэхэд Азаа, Үнэнбат хоёр нийлээд намайг зодож байсан гэж хэлсэн тэгэхээр нь Батаа очоод тэр хоёроос намайг салгах гэхэд би Үнэнбаярыг цохиод шүдийг нь унагаасан гэж ярьж байсан. Тэр орой 20 цагийн орчим ухаан ороод 90 дүгээр бракт очиж хоносон. Дараа нь намайг 90 дүгээр бракт байж байхад Үнэнбат ирээд миний шүдийг унагасан шүд хийж өг гэж байсан. Би Үнэнбатыг цохисноо хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал/, ...би 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажил хийж хэдэн төгрөг олох гээд Дархан-Уул аймаг, Орхон сумын Бүрэнтолгой гэх газар ногоо суулгах гэж явсан. Тэгээд ногоогоо тарьж суулгаад 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалантад амьдрах хуурай ах Ариунбатынд байсан. Би гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар мэдсэн. Би зохих албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, ...би өмнө нь Үнэнбатыг зодсон асуудал дээрээ эрүүгийн хэрэг үүсгүүлэн холбогдож, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зам дээр шалгагдаж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг чинь прокурорын хяналтын шатанд шилжсэн талаар хэрэг бүртгэгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Зам тухайн үед надад хэлж байсан. Тэгээд миний шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Прокурорын хяналтын шатанд очих үед би уг хэрэг дээр хяналт тавьж байгаа хяналтын прокурор С.Баттамир гэж хүнтэй ганц удаа очиж уулзаагүй. Ингээд миний хэрэг прокурорт шилжсэний дараагаар би Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой гэх газарт очоод айлд ногоо суулгах ажилд тусалж байгаад Дарханд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирээд гадуур явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан, ...тухайн үед намайг хэрэгт холбогдоод сэжигтнээр тооцсоны дараагаар хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зам гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Намайг хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлбал хүлээх хариуцлагын талаар хүртэл сануулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Хохирогч Г.Үнэнбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би найз Азаагийн хамт Төмөр замын байрны гадаа 0,5 литрийн 1 шилтэй Хараа нэртэй архи хувааж уучхаад Буян зах дээр явж байтал Хамбий гээд /180 см орчим өндөр нуруутай бор царайтай хар малгай өмсчихсөн 30 гаран настай ах байсан, нөгөөдөх нь намхан бага үстэй ах байсан/ мөн нэг ахтай хамт явж байсан. Тэр хоёр ахтай тааралдахад 1 литрийн архи аваад явж байхаар нь Азаа бид хоёр нэг нэг татчихъя гэж гуйсан юм. Буян захын цайны газар ороод бид нар ярилцаж байгаад нөгөө архиа хувааж уусан. Тэр цайны газраасаа гараад Тосгон явдаг таксины буудлын хажууд явж байтал нөгөө Хамбий нь шууд Азааг түлхэж холдуулаад миний нүүр орчим цохисон. Би доошоо тонгойгоод шүлсээ хаясан чинь амнаас нэг ширхэг шүд унасан. Тэгэхээр нь би та яаж байна гэсэн чинь Азаа намайг чирээд аваад явсан. Эргээд харахад тэр хоёр алга болсон байсан. Азаагаас салаад шууд гэртээ ирээд эгч байхаар нь эгчийг дагуулаад Цагдаагийн газар бүртгүүлэх гэхэд намайг нилээн согтолттой байна, эмнэлэг ороод үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлэг ороогүй шууд гэртээ хариад маргааш нь цагдаад гомдол гаргасан. Маргалдаж муудалцаагүй байхад шууд намайг гэнэдүүлж байгаад миний нүүр уруу цохисон. Ам уруу нэг удаа цохиход миний нэг шүд унаж, хоёр үүдэн шүд хөдөлсөн. Шүдээ хийлгүүлж авмаар байна. Намайг цохиход Азаа болон Хамбий гэгчтэй хамт явж байсан залуу харж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, Гэрч Б.Батаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний танил эгч таараад би жаахан цаашлаад уулзчхаад буцаад нөгөө хэд дээр ирэхэд Үнэнбат, Азаа хоёр Отгонбаярыг газар унагаад доороо оруулчихсан зодож байхаар нь салгаад одоо явцгаа гэсэн чинь Отгонбаяр босож ирээд миний курткыг гөвөөд өг гэхээр нь би гөвөөд зогсож байтал гэнэт Үнэнбатыг нэг цохих шиг болсон. Тэгэхээр нь би шууд Отгонбаярыг цааш аваад явсан. 10 хоногийн дараа гар утсаа асаахад Азаа над уруу залгаад танай найз чинь манай Үнэнбатын шүдийг цохиод хугалчихсан байна гэж байсан. Үнэнбатын хажуугаас Отгонбаяр нэг л удаа цохисон тэгээд дараа нь харахад Отгонбаярын долоовор хурууны хамгийн дээд үений дунд цус гараад шалбарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, Гэрч С.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчим манай найз Үнэнбат гэрт ирээд бид хоёр хамт гарсан. Тэгээд төмөр замын байрны дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад нэг байрны буланд хувааж уучхаад Дархан зах дээр ирээд явж байтал Батаа ах, Хамбий буюу Отгонбаяр нар тааралдсан. Тэр хоёр өвөртөө нэг шил архи хийчихсэн явж байхаар нь Батаа ахыг таньдаг болохоор тэр архинаас нь 100 татъя гэсэн чинь Батаа тэгье гэж хэлээд Буян захын цайны газар орсон. Тэгээд тэр архинаас эхлээд нэг нэг татчихаад сүүлдээ бид дөрөв тэр архийг хувааж уусан юм. Тэр цайны газраас гараад нилээн муудчихсан байсан учраас юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш өглөө нь гэртээ байж байтал Үнэнбат над уруу залгаад өчигдөр Батаа ахтай хамт явж байсан Хамбий гэх залуу миний шүдийг хугартал цохичихсон. Одоо цагдаа уруу явж байна гэхээр нь би Үнэнбатыг Хамбий цохисон гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн “...Г.Үнэнбатын биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/, таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн яллагдагчийг цагдан хорих тухай захирамж /хавтаст хэргийн 50 дахь тал/, Эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн мөрдөн байцаагч О.Эрхэмзаяа, Б.Гэрэлцогт, Б.Түвшинтөр, П.Үнэнбаяр, Ц.Жаргалсайхан, Ц.Баярмагнай нарын тэмдэглэл /хавтаст хэргийн 56-58, 60, 62, 63 дахь талууд/, эрүүгийн төлөөлөгч П.Сэр-Од, В.Гандаваа, Б.Мөнх-Оргил, О.Энхмягмар нарын тэмдэглэл /хавтаст хэргийн 59, 61, 64-65 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч А.Отгонбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян захын орчимд Г.Үнэнбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, дээрх хэрэгтээ ял сонсож, яллагдагчаар татагдан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би Үнэнбатыг цохисноо хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал/, “...тухайн үед намайг хэрэгт холбогдоод сэжигтнээр тооцсоны дараагаар хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зам гадагш явж болохгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Намайг хэрэг бүртгэлтийн шатнаас оргон зайлбал хүлээх хариуцлагын талаар хүртэл сануулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, хохирогч Г.Үнэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг гэнэдүүлж байгаад миний нүүр уруу цохисон. Ам уруу нэг удаа цохиход миний нэг шүд унаж, хоёр үүдэн шүд хөдөлсөн. Шүдээ хийлгүүлж авмаар байна. Намайг цохиход Азаа болон Хамбий гэгчтэй хамт явж байсан залуу харж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/, А.Отгонбаярт сэжигтнээр тооцон 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/, А.Отгонбаярыг хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх үндэслэлээр холбогдох хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын 54 дугаартай тогтоол мөн өдрийн яллагдагчийг эрэн сурвалжлах 04 дугаартай тогтоол, 04 дугаартай тогтоолын дагуу яллагдагч А.Отгонбаярыг эрэн сурвалжлах ажиллагаа хийж байсан мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарын тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 56-58, 60, 62, 63 59, 61, 64-65 дахь тал/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Уламбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч С.Азбаяр, Б.Батаа нарын /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь хэрэг бүртгэгч, прокуророос дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй ба таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд дуудсаныг мэдсээр байж зориуд ирэхгүй, урт богино хугацаагаар оршин байгаа газраа өөрчлөн явснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрдэл төгсөнө. Иймд шүүгдэгч А.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар зүйлчилж, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан баривчлах, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. А.Отгонбаяр нь Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эдлэх ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Шүүгдэгч А.Отгонбаярыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хохирогч Г.Үнэнбат нь үүдэн шүд унасан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч ямар эмчилгээ хийлгэх, түүнд ямар зардал гарах талаар холбогдох нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт А.Отгонбаярын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алекийн Отгонбаярыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар /хоёр сар/-ын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 01 жил /нэг жил/-ийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 01 жил хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар А.Отгонбаярт оногдуулсан 01 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаярын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж, хохирогч Г.Үнэнбат нь өөрт учирсан гэх хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД