Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 331

 

            

 

 

 

     2017 оны 06 сарын 16 өдөр                  Дугаар 129/ШШ2017/00331                     Өлзийт сум

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, хувийн малаа малладаг,  Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Дунд гол гэх газар оршин суух Цорос овгийн Дамдингийн Алтанцэцэгийн /РД:АЕ64021463/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Би 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1.  Доорхи нэр бүхий ажилчдад 1980 оны 6-р сарын 20-оос эхлэн амралтыг нь олгосугай. Үүнд: ... Д.Алтанцэцэг гэсэн “Техникийн ажилчдад амралтын олгох тухай” Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 06 сарын 20-ны өдрийн 15 тоот тушаал,

1.2. Ой угтсан өндөр бүтээлийн ажилд амжилт гаргасан багш, ажилчид, сургуулийн ажилчнаар он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий 39 хүнийг хавсралт ёсоор шагнасугай. Хавсралтанд: Алтанцэцэг, албан тушаал-гал зуухны, шагнасан-10 гэсэн “Ардын боловсролын 60 жилийн ойн баяраар багш ажилчид шагнах тухай” Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 11 сарын 02-ны өдрийн 10 тоот тушаал,

1.3. 1984-1985 оны хичээлийн жилд ажилласан ажилчдын ээлжийн амралтыг хавсралт ёсоор баталсугай. Хавсралтанд: Алтанцэцэг, амрах өдөр /ажлын/ үндсэн-15, бүгд-15 гэсэн “Ажилчдын ээлжийн амралтыг батлах тухай” захирлын 1985 оны 06 сарын 30-ны өдрийн 27 тоот тушаал,

1.4. Сургуулийн үйлчлэгч Дамдинсүрэнгийн Алтанцэцэгийн 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 9-р сарын 6-ны өдрөөс эхлэн ажлын 15, нэмэгдэл 3 хоног, бүгд 18 хоногоор бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 сарын 19-ний өдрийн 67 тоот тушаал,

1.5. Үйлчлэгч Д.Алтанцэцэг жирэмсний амралтаа авсан учир оронд нь Ц.Цэрэнхүүг 2-р сарын 20-оос эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай гэсэн “Ажилд түр авах тухай” Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 02 сарын 19-ний өдрийн 19 тоот тушаал,

1.6. Үйлчлэгч Д.Алтанцэцэгийн тэтгэмжтэй чөлөөг 1989 оны 5-р сарын 7-ны өдрөөс эхлэн олгосугай гэсэн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 05 сарын 16-ны өдрийн 16 тоот тушаал,

2. Дамдингийн Алтанцэцэгийн Өлзийт сумын сургуульд үйлчлэгчээр 1985 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 327 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Д.Чадраабалын: “Би Архангай аймгийн Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар 1978 оноос эхлэн 1988 он хүртэл ажилласан. Намайг Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар ажилладаг байхад Д.Алтанцэцэг нь 1980-аад оны үед манай сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр анх орж ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн Д.Алтанцэцэгтэй 1988 он хүртэл хамт ажиллаад би Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт шилжин ажилласан. Д.Алтанцэцэг намайг сургуулиас гарахад ажиллаад л үлдсэн. Тэрнээс хойш Д.Алтанцэцэг нь үйлчлэгчээр 1990-ээд он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Д.Дуламсүрэнгийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд 1975 оноос 2006 он хүртэл ажилласан. Намайг Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилладаг байхад Д.Алтанцэцэг нь 1980 онд манай сургуульд үйлчлэгчээр анх орж ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн би Д.Алтанцэцэгтэй 1989 он хүртэл хамт ажилласан. 1989 оноос Д.Алтанцэцэгийг ямар ажил хийж байсныг мэдэхгүй, хөдөө мал дээр гарсан байх. Намайг ажиллаж байх хугацаанд Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Мядагаа, Чойдогжамц, Цэрэндолгор, Энэбиш гэх мэт олон захирал ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Чадраабал, Д.Дуламсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан нь Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 06 сарын 20-ны өдрийн 15 тоот, 1981 оны 11 сарын 02-ны өдрийн 10 тоот, 1985 оны 06 сарын 30-ны өдрийн 27 тоот, 1987 оны 02 сарын 19-ний өдрийн 19 тоот, 1989 оны 05 сарын 16-ны өдрийн 16 тоот тушаал, Дамдингийн Алтанцэцэгийн Өлзийт сумын сургуульд үйлчлэгчээр 1985 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 327 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Д.Чадраабал, Д.Дуламсүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаар бичгийн нотлох баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгийн “би Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч Д.Чадраабалын “Намайг Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар ажилладаг байхад Д.Алтанцэцэг нь 1980-аад оны үед манай сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр анх орж ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн Д.Алтанцэцэгтэй 1988 он хүртэл хамт ажиллаад би Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт шилжин ажилласан. Д.Алтанцэцэг намайг сургуулиас гарахад ажиллаад л үлдсэн. Тэрнээс хойш Д.Алтанцэцэг нь үйлчлэгчээр 1990-ээд он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Дуламсүрэнгийн “Намайг Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилладаг байхад Д.Алтанцэцэг нь 1980 онд манай сургуульд үйлчлэгчээр анх орж ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн би Д.Алтанцэцэгтэй 1989 он хүртэл хамт ажилласан. 1989 оноос Д.Алтанцэцэгийг ямар ажил хийж байсныг мэдэхгүй, хөдөө мал дээр гарсан байх” гэх мэдүүлэг, Д.Алтанцэцэгт 1980 оны 6-р сарын 20-оос эхлэн амралтыг нь олгосон “Техникийн ажилчдад амралтын олгох тухай” Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 06 сарын 20-ны өдрийн 15 тоот тушаал, “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 05 сарын 16-ны өдрийн 16 тоот тушаал зэргийг үндэслэн хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Д.Алтанцэцэгийн Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч “Дамдинсүрэнгийн Алтанцэцэг гэдэг нэртэй хүнтэй хамт сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан” гэж тайлбарладаг тул 1986 оны 09 сарын 19-ний өдрийн 67 тоот тушаалыг Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Дамдингийн Алтанцэцэгийн Архангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА