Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1239

 

2021        12             09                                      2021/ШЦТ/1239

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч Т.Мижиддорж /томилолт/,

            хохирогч Н.Л, түүний өмгөөлөгч *******,

            шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Тайж овогт Борбандийн О /РД:**000000000/, Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-8, эхнэр, хадам эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоо 0 дүгээр гудамжны 00 тоотод байнга оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага Нарангийн 00 дугаар гудамжны 00 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгийн торгох ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 836 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Авто сургуулийн автобусны буудал дээр “манай мухлагийн шилэн лангууг хагаллаа, эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Н.Лг өшиглөн эрүүл мэндэд нь умдаг, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

- Шүүгдэгч ******* “...Тухайн өдөр А буюу миний дүү эхнэр лүү залгаад энд нэг эмэгтэй манай дэлгүүрийн лангууны шилийг хагалаад, эмэгтэй хүүхдийг зодоод, ойр хавын хүмүүст агсам тавиад дийлдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр дээр яваад очиход нэг хүүхэд ахаа энэ эгч танай лангууны шилийг хагалсан гэж хэлсэн. Би тухайн хүүхдийг наад хүн рүүгээ ойртож болохгүй шүү согтуу байна гэж хэлсэн. Хохирогч хүмүүстэй хэрүүл хийгээд байхаар нь “Та тайвшир, би энэ дэлгүүрийн эзэн нь юм. Та манай дэлгүүрийн лангууны шилийг хагалсан байна” гэж хэлсэн чинь “та нар хамсаатнууд биз дээ” гээд орилоод байсан. Тэгээд гараа далайхаар нь гараас нь барилаа гэсэн чинь утаснаас нь бариад авсан. Утсаа тэр чигт нь үлдээгээд цаашаа гүйгээд явсан. Бичлэг хийж байсан хүүхдүүд хохирогчийн араас нь гүйх гэхээр нь “утас нь энд байна яах юм бэ” гээд болиулсан. Би утсыг нь аваад цагдаа дээр очсон чинь хохирогч намайг сая дээрэмдчихлээ гээд байж байсан. Эрүүлжүүлэх дээр очиход манай эхнэрээс гэрчээр мэдүүлэг авна гээд бид хоёр хамт явж байсан...гэв.

 

- Хохирогч Н.Л “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай найз охины төрсөн өдөр болсон. Бид нар уулзаад найз охиныдоо цуглаад 0.5 шилтэй архи хувааж ууцгаасан. Тамхи дуусаад би 23 цагийн үед би тамхинд явсан. Дэлгүүрээс тамхи аваад виза картаа уншуулаад гарсан. Намайг гарахад автобусны буудлын нэг охин уйлаад сууж байсан. Би нөгөө охин дээр очоод яасан бэ миний дүү гээд асуухад дуугарахгүй байсан. Гэтэл цаанаас нь гартаа шивээстэй залуу ирээд манай найз охин байгаа юм гэж  хэлсэн. Тэр залуу бид хоёр нөгөө охиныг хоёр талаас нь сугадаад дэлгүүрийн үүдэнд байсан машинд суулгаж өгсөн. Би буцаад дэлгүүр тойроод явж байгаад тамхиа татах гээд халаасандаа гараа хийсэн боловч тамхи, виза карт хоёр байхгүй байсан. Тэгээд би буцаж очоод, би та нарт сайхан сэтгэлээр тусалж байхад та нар намайг дээрэмдэж байгаа юм уу гэж хэлсэн чинь нөгөө залуу юу яриад солиороод байгаа юм бэ гээд байсан. Нөгөө гаран дээрээ шивээстэй залуу нэг охиныг дуудаад наад авгайгаа аваад яв даа гэж хэлсэн. Нөгөө охин та яах гээд байгаа юм бэ гээд түлхээд байсан. Би та нар нийлээд бүлэглэж хүн дээрэмддэг болсон юм уу гэж маргалдаж байгаад, нөгөө охиныг гараас нь чирээд дэлгүүр лүү авч ороод худалдагч эмэгтэйгээс би сая танай дэлгүүрээс карт уншуулаад 2 хайрцаг тамхи авсан уу гэж асуухад худалдагч охин тийм ээ эгчээ яасан бэ та жоохон тайвшир яагаад орилоод байгаа юм бэ гээд байсан. Би тухайн үед маш их бухимдалтай байсан. Гэтэл нөгөө охин энэ эгч намайг гудамжнаас чирч авч ирээд над руу давшаад байна гэж худлаа ярьсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө охиныг түлхсэн чинь нөгөө охин лангууг хагласан. Тухайн дэлгүүрийн лангууг хагарахаар нь би өөрийнхөө утсыг аваад 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд дэлгүүрийн гадна гарахад нөгөө шивээстэй, хар хувцастай хоёр залуу энэ эгч хүн зодоод, дэлгүүрийн лангуу хагалчихлаа хараарай хүмүүсээ гээд орилоод байсан. Би найз охин руугаа залгаад “авто сургуулиас ирж ав” гэж хэлэх хооронд миний энэ тэндээс зулгаагаад явуулахгүй байсан. Би нөгөө хоёртой хэрэлдээд явж байсан чинь нөгөө дэлгүүрийн урд талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж байсан. Миний уур хүрээд тэр хоёр хүнийг та хоёр бас хамсаатан нь уу гэж хэлэхэд, эрэгтэй нь зүгээр байгаарай гичий минь чамайг ална шүү гэж хэлэхээр нь чи одоо намайг алах уу, та одоо хавилдаж бүлэглэж хүн дээрэмддэг болсон юм байна гээд би гараа далайсан. Гэтэл шүүгдэгч миний гарыг бариад авсан. Барьж аваад миний утаснаас зулгаагаад байсан. Би утаснаасаа зулгаад байж байсан чинь шүүгдэгч миний салтаа руу өшиглөсөн. Тэгээд би ингээд байгаад байвал энэ хүмүүст алуулах юм байна гэж бодоод утсаа тэр чигт нь үлдээгээд цагдаагийн хэлтэс рүү гүйж очсон. Би цагдаагийн хэлтэс рүү ороод ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь хоёр эмэгтэй цагдаа миний хажууд зогсож байсан. Би тэр хоёр цагдаа намайг хүн дээрэмдээд, намайг зодсон гэж хэлсэн. Би тайвшраад нэг харахад цагдаагийн хэлтсийн үүдэнд намайг өшиглөсөн залуу, эмэгтэй хоёр зогсож байсан. Би тухайн үед намайг өшиглөсөн залууг дэлгүүрийн эзэн гэж мэдээгүй. Би бүдүүн хүүхнийг дэлгүүрийн эзэн гэж бодсон, өөрөө надад дэлгүүрийн эзэн гэж хэлсэн. Цагдаа нар намайг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Би эрүүлжүүлэх байран дээр очоод дахин ухаан алдаж унаад, эмч нар надад тайвшруулах тариа хийсэн байсан. Тэгээд намайг камерт хийсэн. Миний шээс хүрээд, шээх гэтэл шээж чадахгүй байсан. Бас доороос цус гарсан. Эрүүлжүүлэхийн цагдаа таны биеийн юм ирсэн юм уу гэж асууж байсан. Би үгүй ээ зодуулсан гэж хэлээд байна гэж хэлсэн. Эмч нь ирж үзээд та гэрээсээ хүн дуудаад гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн. Тухайн үед манай найз охин над руу залгаж таарсан. “...одоогийн байдлаар баримтаар байгаа 86.970 төгрөг, ...сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “иргэн Н.Лгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, хохирогч Н.Лгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 244 дүгээр хуудас/, гэрч Х.Нурбергений мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, гэрч Н.Сийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, гэрч Б.Цгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн осол гэмтлийг бүртгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9979 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, шинжээч эмч Б.Дгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/”,

- Хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн шинжлэн судлуулах баримтуудтай давхардаж байна. 1 дүгээр хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг 14-15, 244 дүгээр хуудас, шинжээчийн  9979 дугаартай дүгнэлт 22-23 дугаар хуудас, *******ийн АСАП сангийн мэдээлэл 57-63 дугаар хуудас, ял шалгасан хуудас 80 дугаар хуудас, С.Аын хохирол хүлээн авсан талаар Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт 103 дугаар хуудас, шийтгэлийн хуудас 104-105 дугаар хуудас, шинээр 10 хуудас (эмчийн жор, эм, тос авсан талаарх баримтууд, гэрэл зураг, Тун энэр хэт авиа оношилгооны баримт, эрүүл мэндийн картын хуулбар) баримт”-ыг гаргаж өгөв.

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “1 дүгээр хавтаст хэргээс Н.Лгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл 5 дугаар хуудас, хохирогчийн мэдүүлэг 14, 203 дугаар хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн албан бичиг 16-18 дугаар хуудас, шинжээчийн 9979 дугаартай дүгнэлт 22-23 дугаар хуудас, гэрч *******ийн мэдүүлэг 34-35 дугаар хуудас, гэрч С.Аын мэдүүлэг 38-39 дүгээр хуудас, гэрч Д.Бадамсүрэнгийн мэдүүлэг 42 дугаар хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол 92 дугаар хуудас, шүүгчийн захирамж 164-169 дүгээр хуудас, магадлал 187-191 дүгээр хуудас, гэрч Б.Цгийн мэдүүлэг 212 дугаар хуудас, гэрч Д.Ан мэдүүлэг 221-223 дугаар хуудас,

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 83-88 дугаар тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5Б/783 дугаар албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...тухайн гэмт хэргийг хийгээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн,

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулж, мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Авто сургуулийн автобусны буудал дээр “манай мухлагийн шилэн лангууг хагаллаа, эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Н.Лг өшиглөн эрүүл мэндэд нь умдаг, бэлгийн их уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Иргэн Н.Лгээс цагдаагийн байгууллагад гаргасан “... Би ТҮЦ-нээс гараад цагдаа руу залгаж байтал шивээстэй залуу бас нэг залуу нар намайг энэ тэндээс минь цохиод, янз бүрээр хэлээд байсан. ТҮЦ-ний эзэн гээд нэг бүсгүй, нэг залуу нар гарч ирсэн. Би тэд нарыг “хамсаатан биз дээ” гэтэл ТҮЦ-ний эзэн гэх залуу намайг өшиглөсөн. Би шууд зугтаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх гомдол /1хх-5/,

- Хохирогч Н.Лгийн “...гар утсаараа найз Амаржаргал уу залгаад “автобусны буудал дээр хүмүүс намайг дээрэмдээд зодоод байна” гэж хэлсэн чинь миний ар нуруу руу шивээстэй залуу хөлөөрөө жийхэд би урагшаа газар унасан. Тэгээд босож ирээд “та нар бүлэглэж хүн зодлоо” гээд орилоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь хажууд зогсож байсан хар хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг булааж аваад “чи муу одоо яах гээд байгаа юм бэ” гээд намайг өшиглөсөн чинь яг салтаа руу өшиглөсөн. Би эд нартай хэрэлдээд байвал алж магадгүй юм байна гээд цагдаагийн газар луу зугтаасан...Намайг гартаа шивээстэй залуу араас хөлөөрөө жийж унагасан. Тухайн үед надад, миний биед гэмтэл учраагүй. Хар хувцастай залуу миний гар утас булааж аваад миний салтаа руу өшиглөсөн. Миний давсаг болон эмзэг эрхтэн хөхөрч хавдаад явах, суух, бие засах үед хүндрэлтэй байна...цагдаа дээр өөрөө хүрч ирээд уурлаж бухимдсандаа  “дээрэмдүүллээ, намайг хүн зодчихлоо” гээд орилж хашхираад байхад Сонгинохайрхан дүүргийн хоёр цагдаа төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд хүргэж өгөөд явсан. Тухайн цагдаа нарт зодуулсан гэж хэлэхээр намайг харагдах байдлаас шарх гэмтэлгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор тоохгүй байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд очоод үзлэгийн хэсэгт суулгахаар нь намайг хүн зодчихоод байхад эрүүлжүүлэх гэлээ гэхэд эмэгтэй цагдаа нар “тайвшраад юу болсон талаараа яриад өг” гэж хэлэх үед намайг зодсон залуу, эхнэрийн хамт эрүүлжүүлэх байрны үүдэнд ирсэн харагдсан. Хэсэг хугацааны дараа би бие засмаар байна гэж хэлээд дуудсан чинь миний доошоо цус гараад дотоож нэвтэрсэн байсныг харсан цагдаа “биений юм чинь ирсэн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би та нарт анх ирээд л зодуулсан гэж хэлсэн ш дээ гэхэд намайг камераас гаргаад эмч үзсэн. Тэгээд эмч хэзээ юу болсон талаар хэл гэхэд нь “нэг эрэгтэй миний гар утсыг булааж аваад өшиглөсөн юм” гэж хэлсэн. Тэгтэл энэ хүний ар гэрээс хүн дуудаад эмнэлэг рүү явуул гэхэд нь миний гар утсыг намайг өшиглөсөн залуу булааж авсан гэж хэлэхэд гар утас чинь энэ байна гэж хэлээд гар утсыг гаргаж өгсөн. Би найз Сарангэрэлийн гар утсыг эрүүлжүүлэх байрны эмчид өгөөд яриулсан” гэх мэдүүлэг /1хх14-15,244/,

- Гэрч Х.Н-ний “2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр согтуу хүмүүсийн дуудлагатай явж байгаад хэлтэс дээр ирсэн. Тэгтэл жижүүрийн ахлах офицер эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн эмэгтэй хэлтсийн үүдэнд “би хүнд зодуулсан байхад та нар намайг хүн зодсон гээд буруутгаад байна” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-240/,

- Гэрч Б.Бийн “2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргээс гээд цагдаа нь махлаг халимаг үстэй бор арьстай эмэгтэйг оруулж ирсэн. Үзлэг хийхэд хоёр гарын булчин, шуу хэсэгт хөхөрсөн байснаас өөр гэмтэлгүй байсан тул хүлээж авсан. Тэгэхэд “ТҮЦ-ний залууд зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн байхад намайг эрүүлжүүлэх гээд байна” гээд орилж чарлаад байсан. Тэгээд таталт өгөөд байхаар нь тайвшруулах булчин суллах тариа хийж камерт оруулсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа тайвшраад бие засмаар байна гэхээр нь бие засуулах гэхэд шээж чадахгүй байна гээд байсан. Тэгээд үзлэгийн өрөөнд үзлэг хийхэд умдаг ясны орчим хавдсан байсан тул 103 дуудаж үзүүлж зөвлөгөө өгөөд ар гэрийн хүнийг дуудаж явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-4/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийг бүртгэх хуудаст “2020 оны 08 дугаар сарын 29-ний 04:34 “бие махбодын хүчирхийлэлд өртсөн...Сонгинохайрхан дүүргийн авто сургууль дээр бусдад зодуулсан” гэх тэмдэглэл /1хх14-15/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9979 дугаартай “хэсэг газрын үзлэгт: хүзүүний урд доод хэсэгт 2х1см, баруун бугалгын дотор хэсэгт 10х3см, зүүн бугалгын дотор хэсэгт 13х3,5см, зүүн шууны гадна хэсэгт 3х3,5см, умдаг болон бэлгийн их уруулыг хамарсан хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зовиур хэсэгт:сууж чадахгүй, бие засах үед бэлэг эрхтнээр өвдөнө гэнэ.

1. Н.Лгийн биед хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, умдаг, бэлгийн их уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  /1хх22-23/,

- Шинжээч эмч Б.Дгийн “Лгийн биед учирсан умдаг бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь унах ойчих үед үүсэх боломжгүй бөгөөд мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Нэг удаагийн өшиглөлтөөс үүсэх боломжтой гэмтэл байна. Лгийн биед үүссэн умдаг, бэлгийн их уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1хх107/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...№5 гэсэн (Борбанди овогтой О) зураг дээрх залуу миний салтаа руу өшиглөж, миний гар утсыг булааж авсан залуу мөн байна” гэх тэмдэглэл /1хх52-53/,

- Гэрч Н.Сийн “...Гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлээд зөвлөгөө аваад гэрт нь хүргэж өгсөн. Давсаг болон бэлэг эрхтэн нь бүхэлдээ хавдаж хөхөрсөн, алхаж, явах үедээ их эмзэглэлтэй харагдаж байсан. Надад тухайн үед өөрөө хэлэхдээ “миний гар утсыг булааж авсан хүн миний салтаа руу өшиглөсөн, шивээстэй залуу хэл амаар доромжлоод байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх126/,

- Гэрч Б.Цгийн “...нөхөр Оийн хамт авто сургуулийн автобусны буудал дээр хувиараа мухлаг ажиллуулдаг. Танил дүү Аыг худалдагчаар ажиллуулдаг. 2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед А залгаад “та хаана байгаа юм” гээд уйлаад байхаар нь юу болсон талаар асуухад “нэг согтуу эмэгтэй мухлагт орж ирээд нэг охиныг зодоод мухлагийн лангуу хагалчихлаа, гадаа орилж хашхираад байна” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Лабораторийн автобусны буудал орчим түгжрээд явж байсан болохоор цаг орчмын дараа хүрч ирсэн. Тэгтэл А мухлагаа хаагаад түгжсэн гадаа зогсож байсан. Нөгөө хүн чинь хаана байгаа талаар асуухад “арын байрны баруун талд” гэсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэй дээр очоод “та манай мухлагийн шилэн лангууг хагалсан байна гэж хэлсэн чинь “чи муу гичий зүгээр байгаарай” гээд тоосго аваад шидсэн. Намайг өшиглөх гэхэд нөхөр хамгаалан урдуур ороод тухайн эмэгтэйн гарыг бариад түлхэж холдуулсан. Тэгтэл байшингийн голоор ороод орилоод явчихсан. Хэсэг хугацааны дараа би нөхрийн хамт шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгэхэд нөгөө согтуу эмэгтэй бид хоёрыг хараад “энэ хүмүүс намайг зодсон” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гар утсыг нь аваад цагдаа дээр ирэхдээ авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх126/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр иргэн Н.Лгийн эрүүл мэндэд халдаж /өшиглөх/, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь “Н.Лгийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд хохирогч Н.Лгийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг болон цохисон хүний гадна төрх, онцлог шинжийг дүрсэлж таньж олуулах ажиллагаа явуулахад шүүгдэгчийг заасан, хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хамааралтай байх тул хохирогчийг ******* нь өшиглөж хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.А, А.А, С.А, ******* нарын мэдүүлгээр хохирогч Н.Л нь тухай өдөр бусадтай маргалдан, улмаар эрүүл мэндэд халдсан (*******), ТҮЦ-ний шилэн лангуу хагалсан үйл баримт тогтоогдсон ба түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас /1хх105-106/-аар 300.000 төгрөг/100.000+200.000/-ийг ногдуулсан байгааг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Н.Лгийн биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр эмчийн жор, эм бэлдмэл, лаа зэргийг авсан талаарх баримтууд /87.370 төгрөг/, Тун энэр хэт авиа оношилгооны баримт, эрүүл мэндийн картын хуулбар болон сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөгийг нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт” гэж үздэг бөгөөд мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасны дагуу хохирогчоос гаргаж өгсөн дээрх нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах боломжгүй (Е- баримтын дүн, утга гаргацгүй арилсан, үнийн дүнг гараар бичсэн), эрх бүхий байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг мэдэгдэж, энэ тогтоолоор шүүгдэгч Т.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 зааснаар “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө”-өөр хуульчилсан ба хүний амь нас...сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул хохирогчийн нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.10 дахь хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа бол шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж заасан. *******ийн холбогдсон хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх заалтад хамаарч байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус танилцуулсан болно.

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан, гомдолтой, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг харгалзан үзэж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч *******өд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан,...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа уг хуулийг хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгаа нь дээрх хуульд заасан шаардлагыг хангажээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008027381465 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт Борбандийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 700 (долоон зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн 2008027381465 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогчийн Н.Лгийн “сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгож, 87.370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******өд хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБААБААТАР