| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00398/и |
| Дугаар | 337 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 337
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00337 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт оршин суух Зөн Билэг овгийн Жамсрангийн Чилхаасүрэнгийн /РД:АЕ67082364/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1987 оны 06-р сарын 25-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1987 онд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд илгээлтээр гарч малчин, саальчнаар ажилласан. Энэ ажлаа нэгдэл хувьчлагдтал хийсэн. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир одоо ажилласан жилээ тогтоолгоно. Ингэхдээ 1990 оноос нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан тул уг хугацаа хүртэл ажилласнаа тогтоолгоно. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би Байшир бригадад ажилладаг байсан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Уралдааны болзлыг биелүүлж эхний 5 байр эзэлсэн нэр бүхий 10 эмэгтэйг нэгдлийн зардлаар 1989 онд Шивэртийн амралтанд 14 хоног амрах эрхийн бичгээр тус бүрийг шагнасугай. Хавсралтанд: Ж.Чилхаасүрэн, Байшир хэсэг, ажилласан хоног-30, бүх саасан сүү-513, нэг өдөрт саасан сүү-17.1, эзэлсэн байр-27 гэсэн “Сүүн далай-88 социалист уралдааны болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 86 тоот тогтоол,
1.2. Сумын төвд 5-р сарын 24-ний өдөр төлчид, саальчдын зөвлөгөөн хийж 124 хүнийг нэг удаа үнэгүй кино үзүүлсүгэй. Хавсралтанд: Байшир-Чилхаасүрэн гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 43 тоот тогтоол,
1.3. Байшир бригадын хоньчин Б.Саранцэцэгийн осолд орсон мэдээллийг хүлээн авч шалтгааныг тогтоох комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд: ... гишүүдэд: ... Ж.Чилхаасүрэн хоньчин гэсэн “Комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот тушаал,
2. Гэрч Ц.Гаравцогзолын: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадад бригадын даргаар 1981 оноос 2004 он хүртэл ажилласан. Ж.Чилхаасүрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Бодонт бригадад 1987 оны үед малчин, саальчнаар анх ирж, уг ажлаа нэгдлийг 1990 онд тарах хүртэл хийсэн. Өрнөл нэгдэл тарсны дараа Ж.Чилхаасүрэн нь нөхөр Ганбатын хамт хуц ухна маллаж байсан. Ж.Чилхаасүрэн нь нэгдэлд 2, 3 жил малчин, саальчнаар ажилласан. Би Ж.Чилхаасүрэнтэй нэг бригадад айл саахалт байдаг байснаас гадна, Бодонт бригадын даргаар ажиллаж байсан учир би Ж.Чилхаасүрэнг 1987 оноос 1990 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
3. Гэрч Ж.Намсрайгийн: “Би Ж.Чилхаасүрэнг бага байхаас нь мэднэ. Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1966 оноос 1986 он хүртэл тоо бүртгэгчээр, 1986 оноос 1990 он хүртэл 3-р /одоогийн Байшир/ бригадын даргаар ажиллаж байсан. Ж.Чилхаасүрэн нь 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч 1987 оноос Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин болж байсан. Тэр үеэс эхлэн Ж.Чилхаасүрэн нь 1990 онд нэгдлийг тарах хүртэл малчнаар ажилласан. Ж.Чилхаасүрэнгийн аав, ээж нь насаараа нэгдлийн мал малласан. Ж.Чилхаасүрэн нь Бодонт бригадад малчнаар ажилладаг байсан. Бодонт, Байшир бригад нь зэргэлдээ оршдог мөн би Ж.Чилхаасүрэнг бага байхаас нь сайн таньдаг байсан учир түүнийг 1987 оноос 1990 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэнгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан, ажиллаж байсан талаар сайн мэдэх Ц.Гаравцогзол, Ж.Намсрай нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь “Сүүн далай-88 социалист уралдааны болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 86 тоот тогтоол, “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 43 тоот тогтоол, “Комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот тушаал, гэрч Ц.Гаравцогзол, Ж.Намсрай нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаар бичгийн нотлох баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч Ж.Чилхаасүрэнгийн “би 10-р ангиа төгсөөд 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан” гэх тайлбар, гэрч Ц.Гаравцогзолын “Ж.Чилхаасүрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Бодонт бригадад 1987 оны үед малчин, саальчнаар анх ирж, уг ажлаа нэгдлийг 1990 онд тарах хүртэл хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Намсрайгийн “Ж.Чилхаасүрэн нь 10 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч 1987 оноос Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин болж байсан. Тэр үеэс эхлэн Ж.Чилхаасүрэн нь 1990 онд нэгдлийг тарах хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг, “Сүүн далай-88 социалист уралдааны болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 86 тоот тогтоол, “Комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот тушаал зэргийг үндэслэн хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ж.Чилхаасүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зөн Билэг овгийн Жамсрангийн Чилхаасүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА