| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00389/и |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 328
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00328 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, 02-р гудамжны 01 тоотод оршин суух Цорос овгийн Мялын Амаржаргалын /РД:АЕ63051265/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Амаржаргал, гэрч Ч.Ерөөлт, Б.Хоролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 оноос 1987 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл буудлын үйлчлэгчээр, 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас түр туслахаар ажиллаж байсан. Тухайн үед тушаал гараагүй. 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлээд хүний оронд ажилд орж байсан. 1987 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр ажилласан. 1987 оны 06 сараас 1989 оны 12 сарыг дуустал хугацаанд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэж байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл буудлын үйлчлэгчээр, 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцооны төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Амаржаргал нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, тооцооны төвийн нягтлан бодогчоор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... Зочид буудлын үйлчлэгчээр Лхагвын жирэмсний амралтын хугацаанд Мялын Амаржаргалыг 4-р сарын 1-нээс эхлэн түр томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 04 сарын 01-ний өдрийн 21 тоот тушаал,
1.2. Нэгдлийн эд хариуцагч 13-н хүний 5-н төрлийн дансанд байгаа 205-н нэр төрлийн 20960 төгрөг 15 мөнгөний эд материалыг акталсан актыг баталсугай. Хавсралтанд: Амаржаргал 05-4:-274 зочид буудлын үйлчлэгч гэсэн “Эд материал актлах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 04 сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоол,
1.3. ... Н.Амаржаргалыг үйлчлэгчээр томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1986 оны 01 сарын 09-ны өдрийн 03 тоот тушаал,
1.4. Эхчүүдийн байрны үйлчлэгч М.Амаржаргалыг сумын намын үүрийг шийдвэрээр үүрэгт ажлаас нь 6-р сарын 16-наас чөлөөлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 41 тоот тушаал,
1.5. Орон нутгийг судлах музейд тавигдсан эд юмсыг тоолох комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд: ... гишүүдэд М.Амаржаргал-ня-бо гэсэн “Комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 19-ны өдрийн 41 тоот тушаал,
1.6. 1991 оны 01-р сарын 20-оос 1999 оны 12-р сарын 28-ны Өлзийт тооцооны төвийн ажилчдын цалингийн хүснэгтийн 1991 оны 03 сарын цалингийн баримтанд: М.Амаржаргал гэжээ.
2. Мялсадвийдоржийн Амаржаргалын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 322 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Ч.Ерөөлтийн: “Би 1975 онд Санхүү эдийн засгийн техникум төгсөөд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхлээд 1992 он хүртэл ажилласан. Би М.Амаржаргалыг 1982 оноос 1987 он хүртэл Өлзийт сумын нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1987 оноос 1989 он хүртэл Өрнөл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг мэднэ. Бид нэг байшингийн 2 корпуст ажилладаг байсан. Зочид буудал нэгдлийн харьяа байсан. Зочид буудлын үйлчлэгч нь буудлыг цэвэрлэдэг, хийсэн хоолыг хүргэж өгдөг, цэвэрлэгээ хийдэг байсан. Би хүүхдээ төрүүлчихээд 1982 онд эргээд ажилд ороход М.Амаржаргал бид хоёр ажилдаа зэрэг орж байсан учраас би М.Амаржаргалын 1982 онд зочид буудалд ажилд орсныг санаж байна” гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.Хоролмаагийн: “Би Өрнөл нэгдэлд мухлагийн худалдагчаар 1978 оноос эхэлж 1990 хүртэл ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад М.Амаржаргал нь 1982 оноос 1987 онд Өрнөл нэгдлийн зочид буудлын үйлчлэгч, 1987 оноос 1989 оныг дуустал тооцооны нярав хийж байсан. М.Амаржаргал нь зочид буудалд ажиллаж байхдаа надтай ажил үүргийн хувьд харьцдаг байсан, мөн хамт ажиллаж байсан учир М.Амаржаргалыг Өрнөл нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр 1982 онд ажилд орсныг санаж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч М.Амаржаргалын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ч.Ерөөлт, Б.Хоролмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч М.Амаржаргалын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь М.Амаржаргалын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 онд ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 322 тоот цалингийн тодорхойлолт, “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 04 сарын 01-ний өдрийн 21 тоот, 1986 оны 01 сарын 09-ны өдрийн 03 тоот, 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 41 тоот тушаал, “Эд материал актлах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 04 сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоол, гэрч Ч.Ерөөлтийн “Би М.Амаржаргалыг 1982 оноос 1987 он хүртэл Өлзийт сумын нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1987 оноос 1989 он хүртэл Өрнөл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг мэднэ. Би хүүхдээ төрүүлчихээд 1982 онд эргээд ажилд ороход М.Амаржаргал бид хоёр ажилдаа зэрэг орж байсан учраас би М.Амаржаргалын 1982 онд зочид буудалд ажилд орж байсныг санаж байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Хоролмаагийн “Намайг нэгдэлд ажиллаж байхад М.Амаржаргал нь 1982 оноос 1987 онд Өрнөл нэгдлийн зочид буудлын үйлчлэгч, 1987 оноос 1989 оныг дуустал тооцооны нярав хийж байсан. М.Амаржаргал нь зочид буудалд ажиллаж байхдаа надтай ажил үүргийн хувьд харьцдаг байсан, мөн хамт ажиллаж байсан учир М.Амаржаргалыг Өрнөл нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр 1982 онд ажилд орсныг санаж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас түр туслахаар ажиллаж байсан. Тухайн үед тушаал гараагүй. 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлээд хүний оронд ажилд орж байсан. 1987 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр ажилласан” гэх тайлбараар,
Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тооцооны төвийн нягтлан бодогчоор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь “Комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 19-ны өдрийн 41 тоот тушаал, гэрч Ч.Ерөөлтийн “Би М.Амаржаргалыг 1982 оноос 1987 он хүртэл Өлзийт сумын нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1987 оноос 1989 он хүртэл Өрнөл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг мэднэ. Бид нэг байшингийн 2 корпуст ажилладаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Хоролмаагийн “Намайг нэгдэлд ажиллаж байхад М.Амаржаргал нь 1982 оноос 1987 онд Өрнөл нэгдлийн зочид буудлын үйлчлэгч, 1987 оноос 1989 оныг дуустал тооцооны нярав хийж байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би 1987 оны 06 сараас 1989 оны 12 сарыг дуустал хугацаанд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч М.Амаржаргалыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, тооцооны төвийн нягтлан бодогчоор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд М.Амаржаргалын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, тооцооны төвийн нягтлан бодогчоор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Мялын Амаржаргалын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд буудлын үйлчлэгчээр 1982 оны 06 сараас 1987 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, тооцооны төвийн нягтлан бодогчоор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА