Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2016/0158/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарын өмгөөлөгч Ц.Отгонсүх, Шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжингүн овогт Баттулгын Онон, Ихтугтан овогт Саяловын Оюубаяр, Хошуу овогт Уламбаярын Уранбэр нарт холбогдох 201609000221 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт : 1. Монгол Улсын иргэн, Жанжингүн овогт Баттулгын Онон, /регистрийн дугаар: ТА96082301/, Дархан-Уул аймаг, Дархан суманд 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, Төмөр замын 16 дугаар байрны 5 тоотод түр оршин суух, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Дархан дахь салбар сургуулийн Сэтгүүл зүйн ухааны 3 дугаар дамжааны оюутан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, 2. Монгол улсын иргэн, Ихтугтан овогт Саяловын Оюубаяр, /регистрийн дугаар: ТЯ94110103/, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн гудамж 2-24а тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, 3. Монгол улсын иргэн, Хошуу овогт Уламбаярын Уранбэр, /регистрийн дугаар: ЖЯ94071104/, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 28 тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Монгол Ардын намын хэвлэлийн албаны сэтгүүлч ажилтай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күийн” баарны гадна талбайд бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн М.Баярцэцэгийн биед нь халдаж түүний бие махбодод “тархи доргилт, зүүн хацар болон духны зулгарал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Ононгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 05-ны оройн 20 цаг өнгөрч байхад Күийн бааранд найз Уранбэр, Оюубаяр, Баясгалан, Дэлгэрбаяр нарын хамт орсон бөгөөд дотогш ороод хүн тус бүр нэг нэг шил пиво захиалж авч уугаад бүжгийн ая дуусаад бид нар суудалдаа суугаад дараагийн бүжгийн ая явахад Баясгалан, Уранбэр бид гурав гарч бүжиглэсэн. Удалгүй Баясгалан бид хоёр суудалдаа суухад Уранбэр бүжгийн талбай дээр ганцаараа бүжиглэж байсан бөгөөд Баярцэцэгтэй /тухайн үед таньдаггүй байсан/ юм яриад байсан, юу ярьсан талаар би мэдэхгүй байна. Баярцэцэг урд талын ширээн дээр нэг эгч, 2 залуугийн хамт сууж байсан. Тухайн үед бид нар Уранбэрийг ганцаараа бүжгийн талбай дээр бүжиглээд байхаар нь шоолж инээсэн юм. Тэгсэн Баярцэцэг бид нар уруу хараад юундаа инээсэн юм гэж хэлсэн. Тэгээд Уранбэр Баярцэцэгт хандаж “чамайг яриагүй ээ, өөр зүйл ярьсан юм” гэж хэлсэн. Бүжгийн ая явахад Уранбэр дахиад талбайд гарахад араас нь Баярцэцэг гарсан. Тэр хоёр бүжиглэж байснаа гэнэт хоорондоо маргалдаад Уранбэр чээжээрээ 1-2 удаа Баярцэцэгийг түлхсэн, тэгтэл Баярцэцэг Уранбэрийн гэдэснийх нь ойролцоо хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Уранбэр бид нар дээр ирээд “намайг зүгээр бүжиглэж байхад гэдэс уруу өшиглөчихлөө, би яахаараа зүгээр байж байгаад хүнд өшиглүүлэх ёстой юм” гэсэн ууртай ирэхээр нь бид нар “за за яахав дээ, гарахын оронд зүгээр орхичих” гэж хэлэхэд Уранбэр уурлаад нөгөө охины араас гараад явсан. Тэр үед Дэлгэрбаяр унтчихсан, харин Баясгалан утсаар яриад 00 орчихсон байсан. Бид нар тухайн үедээ юм бодоогүй сууж байсан чинь Уранбэр буцаж орж ирээд “нөгөө охин чинь нөхөртэйгээ нийлээд намайг зодоод байна” гэж хэлснээ буцаад гараад явчихсан. Тэгэхээр нь Оюубаяр бид хоёр Уранбэрийн араас нь гарсан чинь баарны нэгдүгээр давхарт Баярцэцэг Уранбэрийг хуруугаараа чичилж, дайраад хэл амаар доромжилж байснаа гадуур курткаа Уранбэр уруу шидсэн, тэр үед Баярцэцэг Оюубаярыг алгадсан. Баярцэцэгийн нөхөр нь Уранбэрийг мангастсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд ар талаар нь очоод Баярцэцэгийн үснээс нь зулгаахад хамгаалагч нар салгаад Баярцэцэг утсаар яриад баарнаас гарахаар нь бид нар араас нь гараад баарны гадаа Оюубаяр Баярцэцэгийг алгадсан. Тэгтэл Баярцэцэг Оюубаярын үснээс нь зулгааж хойшоо дарахаар нь би тэр хоёрыг болиулсан. Би газар унасан байсан Баярцэцэгийн утсыг аваад Баярцэцэгт өгөх гэж байтал Баярцэцэг гүйгээд цагдаагийн машин уруу очсон. Баярцэцэг миний хүзүүн дээр нэг маажиж, нэг удаа өшиглөсөн. Хаана өшиглөснийг мэдэхгүй байна, ямар ч байсан зодоон дунд л өшиглөж, маажсан. Би Баярцэцэгийн үснээс зулгааж татсан, өөр зодож цохисон зүйл байхгүй. Баярцэцэгийн нөхөр намайг зодож, цохисон зүйл байхгүй. Баярцэцэг нилээн согтсон байсан, би бааранд орохоосоо өмнө 2 шил пиво уусан байсан, тэгээд бааранд ороод нэг шил пиво уусан. Надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/, яллагдагчаар өгсөн: “... Уранбэр, Оюубаяр бид гурав нийлж Баярцэцэгийг зодсон. Тэгээд Баярцэцэг зугтаж яваад цагдаагийн эргүүлийн машинд очиж суусан. Энэ бол Уранбэр, Оюубаяр бид гурвын яах аргагүй буруутай үйлдэл мөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уураа барьж чадалгүй ийм зүйл хийсэн байна. Энэ зодоонд Дэлгэрбаяр, Баясгалан нар оролцоогүй, Оюубаяр, Уранбэр бид гурав Баярцэцэгийг нийлж зодсон дээрх гэм буруутай үйлдлээ ухамсарлаад өөрсдийн санаачлагаараа Баярцэцэгт нийт 800,000 төгрөгийг бэлнээр эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн. Би Оюубаяр, Уранбэр нартай нийлж дээрх байдлаар иргэн Баярцэцэгийг зодож гэмтээсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/, Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахин хэрэг төвөгт орооцолдохгүй байж чадна гэх мэдүүлэг, Шүүгдэгч С.Оюубаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр найз болох Онон, Уранбэр, Баясгалан, Дэлгэрбаяр нарын хамт Күийн бааранд бүжиглэх гэж орсон. Тэгээд захиалгаа өгөөд бөөнөөрөө гарч бүжиглэсэн бөгөөд ойролцоогоор цагийн дараа Уранбэр талбай дээр бүжиглэж байсан нэг охинтой юм яриад инээгээд байж байснаа буцаж ирснээ тэр охин Баярцэцэг бид нарыг инээснийг харсан бололтой та нар намайг яагаад шоолоод байгаа юм бэ гэж байна гэхээр нь би за за орхичих оо гэж хэлээд удалгүй байж байтал Уранбэр буцаж ирээд “тэр охин намайг өшиглөчихлөө, та нар харсан уу гэхээр нь би хараагүй, бид нартай хамт сууж байсан охидууд ч хараагүй гэж хэлсэн. Хүн намайг нөхөртэйгээ нийлээд үстээт байх чинь гэж хэлснээ гарч яваад удаагүй орж ирээд гаръя, намайг үстчихлээ” гээд байхаар нь Онон бид хоёр гарсан. Харин тэр үед Дээгий сууж байсан ширээний суудал дээр унтаад үлдсэн, Баясгалан бааранд ороод л утсаар ярихаар нойл орсон байсан. Тэгээд Уранбэрийн араас доошоо шатаар буусан чинь тэр Баярцэцэг гэдэг охин гаднаас орж ирэхэд Уранбэр Баярцэцэг уруу уурлаад хоорондоо хэрэлдэж байхад Уранбэр эхлээд Баярцэцэгийг гартаа барьж байсан савхин курткаараа зүүн талынх нь мөр хэсэг уруу нэг удаа цохисон. Уранбэр, Баярцэцэг хоёр хэрэлдэж байхад Баярцэцэгийн нөхөр нь тэр хоёрыг салгах гээд голоор нь ороод байж байтал Онон хойд талаар нь ирээд Баярцэцэгийг шууд үснээс нь зулгаасан. Тэгтэл баарны хамгаалагч болох хоёр ах болон өлгүүрийн эгч бид нарыг боль гэж хэлж байсан. Би бас Баярцэцэг уруу дайрч хэрэлдсэн чинь Баярцэцэг гараараа миний зүүн талын хацар уруу нэг удаа алгадсан. Харин тэр үед Уранбэр Баярцэцэгийг цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд Баярцэцэг баарнаас гарч явахад бид гурав араас нь гараад би шууд Баярцэцэг дээр очиж түүнийг алгадсан, маажсан ч байж магадгүй, тэгсэн Баярцэцэг миний үснээс зулгаагаад намайг олон удаа цохиж, өшиглөсөн. Уранбэр Баярцэцэгийг бас өшиглөсөн. Баярцэцэгийн нөхөр нь гадаа миний үснээс зулгаасан. Тэгтэл Баярцэцэг цагдаагийн эргүүлийн машинд очоод суучихсан. Баярцэцэг бааранд өлгүүрийн хажууд байхдаа намайг нэг удаа гараараа миний зүүн талын хацар уруу алгадсан, харин баарнаас гараад миний үснээс зулгаагаад доошоо дарж байгаад миний толгойн хэсэг уруу өшиглөсөн. Гэхдээ би яг хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Баярцэцэг нилээн согтуу байсан, намайг найзтайгаа андуураад “Алтантуяа найзыгаа танихгүй байгаа юм уу” гээд байсан, тэгснээ машинд байхдаа Уранбэр уруу бас дайраад байсан учраас би Баярцэцэгийг согтуу байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, яллагдагчаар өгсөн: “... Уранбэр, Онон бид гурвын үйлдсэн хэрэг тодорхой, тэгээд ч камерын бичлэгтэй, камерын бичлэгээ хэрэгт шалгагдаж байх үедээ байцаагч дээр байхад үзсэн. Мөн бид гурав хохирогчтой уулзаж уучлалт гуйгаад хохирол төлбөрийг боломжийнхоо хэмжээнд төлж барагдуулсан, хохирогч маань гомдолгүй гэсэн байгаа. Күийн баарны өлгүүрийн орчим хохирогчийг Уранбэр, Онон нартай хамт зодох гэж дайрч, хэл амаар доромжилсон. Мөн хохирогч Баярцэцэгийг баарнаас гарсны дараа Уранбэр, Онон бид гурав баарнаас хамт гарч баарны гадна гудамжинд хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж, үснээс зулгааж зодсон. /хавтаст хэргийн 73-74 дэх тал, ... Энэ бүхэн миний уурандаа биеэ барьж чадалгүй хийсэн тэнэг алхам гэж бодож байна. Гэм буруугаа ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч У.Уранбэрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би найз Онон, Оюубаяр, Дэлгэрбаяр, Баясгалан нарын хамт Күийн бааранд 21 цагийн үед орсон. Бааранд ороод хүн тус бүр нэг нэг пиво захиалсан. Бааранд бүжгийн эхний ая явахаар нь бөөнөөрөө гарч бүжиглэж байхад Баярцэцэг нөхөр болон хоёр найзынхаа хамт баарны том дуу өсгөгчийнх нь хажуу талын суудалд суусан. Удалгүй Баярцэцэг бүжгийн талбай дээр гарч ирж бүжиглэсэн бөгөөд бид нар ширээндээ сууж байгаад Баясгалан, Онон бид гурав дахин бүжгийн талбай дээр гарч бүжиглээд Баясгалан, Онон хоёр түрүүлээд ширээндээ буцаж суусан. Харин би ганцаараа талбай дээр бүжиглэж байтал Баярцэцэг миний хажууд бүжиглэж байснаа надад хандаж “хэдүүлээ явж байгаа юм, хамт бүжиглэх үү” гэж миний чихэнд хэлсэн. Тэгээд Баярцэцэгтэй нэг хэсэг хамт бүжиглэсэн. Тэр хооронд бид хоёрын дунд ямар нэг маргаан болоогүй. Би жаахан бүжиглэж байгаад буцаж очиж суудал дээрээ суугаад найз нартайгаа юм ярьж байгаад инээсэн, тухайн үед Баярцэцэг суудалдаа суусан байсан. Тэгсэн Баярцэцэг суудлаасаа эргэж бид нар уруу хараад “юундаа инээгээд байгаа юм бэ” гэхээр нь уучлаарай, чамайг шоолж инээгээгүй ээ” гэж эвтэйхэн хэлсэн. Тухайн үед манай найз бид нар анзаараагүй, нээх юм бодоогүй өнгөрсөн. Би удалгүй бүжгийн ая явахад талбай уруу бүжиглэхээр ганцаараа гарсан чинь Баярцэцэг бас талбай дээр гарч ирээд “юундаа инээлдээд байгаа юм, чи түрүүн юу гэсэн бэ” гээд чээжээрээ түлхээд дайраад байсан. Тэгэхээр нь би хариуд нь “би чамд тайлбарлаа биздээ, чи буруугаар ойлгочхоод түрүүн зүгээр байсан байж одоо яагаад хүн уруу дайраад байгаа юм бэ” гэхэд Баярцэцэг над уруу дайраад байхаар нь би Баярцэцэгийн мөр хэсэг уруу цаашаа бай гэж хэлээд түлхэхэд Баярцэцэг миний гэдэсний хэвлийн доошоо 2 удаа хөлөөрөө жийсэн. Тэгэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж уурлахад Баярцэцэгийн нөхөр нь ирээд намайг мангастсан. Тэгээд би ширээ уруугаа очоод найз нартаа “намайг надтай хамт бүжиглэж байсан охин өшиглөөд, түүний нөхөр нь намайг мангастсан” гэж хэлсэн чинь манай найзууд тоогоогүй. Би уучлалт гуйлгуулна гэж бодоод Баярцэцэгийг бааранд тэкний ойролцоо явж байхаар нь араас нь очиход Баярцэцэгийн нөхөр нь чи одоо яах гээд байгаа юм бэ гээд намайг түлхсэн. Тэр үед миний уур хүрчихсэн байсан учраас буцаж ширээ уруугаа найз нар дээрээ очоод “намайг хүн нөхөртэйгээ нийлээд зодоод байхад та нар намайг тоохгүй юм” гэж хэлээд уурлаад Баярцэцэгийн араас доошоо нэг давхар уруу буусан. Тэгсэн Баярцэцэг шууд над уруу дайраад гар хуруугаараа чичлээд хараалын үгээр хэлээд байсан. Тухайн үед Баярцэцэгийн нөхөр нь Баярцэцэгийг тэврээд зогсож байсан. Тэгээд би Баярцэцэгт хандаж “чи яахаараа хүн зүгээр байж байхад өшиглөдөг юм гэж уурлаад түүний нөхөр уруу нь наад нэг тэнэг юм аа аятайхан авч яваач” гэж хэлсэн. Тэгтэл Баярцэцэг над уруу курткаа шидэхээр нь буцаагаад өөрийнх нь нүүр уруу шидсэн. Тэгэхэд хоёр давхраас Онон, Оюубаяр нар буугаад ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, яллагдагчаар өгсөн: “... миний хувьд Баярцэцэгтэй хэрэлдэж, баарны нэгдүгээр давхрын өлгүүрийн тэнд түүн уруу куртка шидэж, түлхэн, хэл амаар доромжилсон буруутай, мөн найз Оюубаяр, Онон нарыг энэ зодоонд анх оролцуулсан. Энэ бол миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би найзуудаа энэ зодоонд уруу татаж оролцуулаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Миний зүгээс Баярцэцэгт хандсан гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг Хохирогч М.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 05-ны оройн 21 цагийн орчим би нөхөр Нарантөгс, ах Нямдэлгэр, эгч Баярмаа нарын хамт Күийн нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд Уранбэр гэж охинтой танилцсан. Талбай дээр бүжиглэж байгаад хамт явж байсан хүмүүсийнхээ хамт ширээндээ суусан. Манай ах, нөхөр хоёр тамхи татах гээд гараад явчихсан, би эгчтэйгээ юм яриад ширээндээ сууж байсан. Тэгсэн Уранбэр гаднаас орж ирээд хажуу талд ширээндээ суусан. Би эгчтэйгээ юм ярьж байгаад чанга инээхэд Уранбэр найзуудтайгаа юм ярьж байгаад бас чанга инээсэн юм. Тэгээд би эргээд харсан чинь Уранбэр над уруу хуруугаараа чичлээд “юугаа харсан юм, багштайгаа баяр тэмдэглээд явж байна гэж хэлээ биздээ” гэхээр нь би юу гэнээ гэсэн чинь Баярмаа эгч “боль боль иймэрхүү юмнуудтай битгий хэрэлдэж бай” гэж хэлсэн. Удалгүй гаднаас манай ах, нөхөр хоёр орж ирэхээр нь за одоо ганц бүжиглэчхээд явъя гээд талбай дээр гарч бүжиглэхэд Оюубаяр, Уранбэр нар бас бүжиглэж байхад миний нэг зүс таньдаг Бааска гээд охин явж байхаар нь би “чи энэ охидуудтай хамт явж байгаа юм уу” гэсэн чинь Бааска үгүй гэж хэлэхээр нь би андуурсан байна гэж бодоод миний хажууд Уранбэр бүжиглэж байхаар нь “та нар Хүмүүнлэгт сурдаг юм биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн Уранбэр тийм, тэгээд юу гэж гээд чээжээрээ намайг түлхээд байсан, тэгээд Уранбэртэй маргалдахад хамт бүжиглэж байсан Оюубаяр намайг дээр байхад өшиглөөд байсан. Намайг манай нөхөр Нарантөгс одоо гаръя гээд бид хоёр гараад нэг давхар уруу буугаад хувцсаа авах гээд хувцасны өлгүүрээ хайгаад байж байсан. Тухайн үед Оюубаяр намайг дээр байхад өшиглөсөн учраас миний уур хүрээд дээшээ гарах гэж байсан. Өлгүүрийн хажууд зогсож байсан чинь гурвуулаа бууж ирээд Онон гээд охин нь алчихъя, алчихъя гээд над уруу дайраад миний үснээс зулгааж, намайг өшиглөөд байсан. Тэгсэн манай нөхөр намайг хамгаалаад урдуур орсон чинь манай нөхрийг бас цохиод нүүр уруу нь алгадсан байсан. Намайг манай нөхөр хамгаалж байх тэр хооронд нь би гадаа гараад уйлаад зогсож байсан чинь араас дахиад Онон, Оюубаяр, Уранбэр нар над уруу зэрэг дайрч, өшиглөөд гараараа цохисон. Тэгэхээр нь би эргэн тойрноо харсан чинь цагдаагийн машин байхаар нь очоод суучихсан юм. Цагдаагийн машинд суусан чинь манай нөхрийг алгадаад цохиод байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Үл ойлголцсноос л болсон гэж бодож байна. Олуулаа явж байсан ер нь намайг дээрэлхэх гээд байгаа юм шиг санагдсан. Уранбэр бааран дотор байхад над уруу дайраад намайг чээжээрээ түлхсэн, гадаа байхад нэг удаа хөлөөрөө миний зүүн талын шилбэ уруу өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Онон миний нүүрийг маажсан, хөлөөрөө миний гэдэсний доод хэсэг болон баруун бөөр хавьцаа өшиглөөд байсан, хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Оюубаяр бүжгийн талбай дээр Уранбэртэй маргалдаж байхад хөлөөрөө миний баруун гуя уруу нэг удаа өшиглөсөн. Миний нүүрний зүүн талын нүдний доод хэсэгт маажсан хүрэн улаан 2 ширхэг сорвитой бас духан дээр хөндлөн нэг сорвитой гэхдээ бүдэгхэн, нүүрээ будахаар бараг мэдэгдэхгүй. Одоо биеийн байдал зүгээр, өвдсөн зүйл байхгүй. Харин нүүрэн дээр сорвитой болсон, нүүрэндээ тос болон тариа түрхэж байгаа. Улаанбаатар хотод нэг удаа лазерт орсон. Нэг удаа ороход 250,000 төгрөг байна лээ. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Хэрэг болсны дараа надад 800,000 төгрөг эмчилгээ хийлгэ гэж өгсөн. Тэгэхээр надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, Гэрч С.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... анх өргөдөл хүлээж аваад Онон, Оюубаяр, Уранбэр нараас болсон явдлын талаар асуухад би ч цохиж зодоогүй, гэм буруугүй гээд байсан. Тэгээд баарны камерын бичлэгт үзлэг хийхэд энэ гурван эмэгтэй нийлээд хохирогчийг баарны гадна талд мөн өлгүүрийн орчим баарны 1 давхарт зодож байгаа байдал нь камерт бичигдсэн байсан. Тухайн үед Онон, Оюубаяр, Уранбэр нарын биед харагдах гэмтэл шарх байгаагүй, мөн Уранбэр, Онон, Оюубаяр нар нь тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, бидний биед учирсан ямар ч гэмтэл байхгүй гэж хэлээд өөрсдөө шүүх эмнэлэгт үзүүлэхээс амаараа татгалзсан тул эдгээр хүмүүсийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ томилж дүгнэлт гаргуулаагүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, Гэрч Д.Нарантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгсэн нэг харсан эхнэр, Уранбэр гэх /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ хүүхэнтэй маргаад бие бие уруугаа дайраад байхаар нь би эхнэрээ салгаж аваад баарны 1 давхар уруу өлгүүрийн тийшээ буусан. Ингээд Баярмаа эгчээс өлгүүрийнхээ номерыг авах гээд 2 давхарт баар уруу гарах гэхэд эхнэртэй бүжгийн талбайд маргаад байсан Уранбэр хамт явсан найзуудынхаа хамт бууж ирсэн. Тэгэхээр нь би хэрүүл, маргаан болж магадгүй гэж бодоод эхнэр дээрээ эргээд очсон. Тэгсэн Уранбэртэй хамт явсан Оюубаяр, Онон хоёр шууд манай эхнэрийг харангуутаа алаад хаячихъя гээд дайрахад нь эхнэр зайл гээд хашгираад байсан. Би болиулах санаатай та нар болиоч ээ эхнэрээ би аваад явъя гэхэд үгэнд ороогүй, эхнэрийн үснээс Онон гэх хүүхэн зулгаасан. Тэгээд би болиулаад тэнд байсан танихгүй хэдэн залуучууд ч гэсэн Оюубаяр, Уранбэр, Онон нарыг боль гээд манай эхнэр уруу дайраад зодох гээд байхад нь хориглосон. Би эхнэрээ баарнаас гардаг хаалгаар нь түрүүлж гаргаад эхнэрийгээ аваад явж байтал араас Оюубаяр, Уранбэр, Онон нар гараад ирсэн. Тэгээд энэ гурван хүүхэн эхнэрийг маань зодох гээд 3 талаас дайрахаар нь би хамгаалсан чинь Оюубаяр эхнэрийг үстээд эхнэр маань зөрүүлж Оюубаярыг үстээд тэгээд эхнэр зугтаагаад үйлчилгээний тэнд згосож байсан цагдаагийн машинд суусан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, Гэрч Э.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ингээд 23 цагийн орчим хөдөлгөөнт эргүүлийн машинтай “Эрдэнэс плаза” төвийн ойролцоо шалгалт хийгээд явж байтал Күийн баарны орчмоос 20-25 насны үс нь сэгсийсэн, нүүрээ маажуулсан эмэгтэй хүн над дээр ирээд “цагдаа туслаарай, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн иргэнийг цагдаагийн машинд суулгасан. Тэр хохирогч хүүхний араас 3 эмэгтэй, хохирогчийн нөхөр нь гэх залуу ирсэн. Би энэ хүмүүсийг цагдаагийн газрын саатуулах байранд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... иргэн М.Баярцэцэгийн биед үзлэг хийж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 429 дүгээр дүгнэлт гаргасан. Үзлэгээр Баярцэцэгийн биед дээрх дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон. М.Баярцэцэгийн биед тогтоогдсон тархи доргилт нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн үзлэгээр Баярцэцэгийн зүүн хацарт 3,3см:0,2см, 2см:0,1см, 0,8см:0,2см, 0,9см:0,1см, духанд 2,2см:0,2см хэмжээтэй зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тогтоогдох боломжтой буюу тухайлбал хумсаар маажсанаас үүссэн байх боломжтой зулгаралт гэмтэл байсан. Эдгээр гэмтлүүдийн учирсан хэсэг нь хүний нүүрний орчим учирсан гэмтэл бөгөөд эдгэрсэн тохиолдолд сорви үлдээж эдгэрнэ. Мөн хэд хэдэн газарт, олон тоогоор учирсан, пластик хагалгаа хийлгэж байж сорвигүй эдгэрэх боломжтой гэмтэл тул тархи доргилтын гэмтэлгүй ч дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Түүнээс Баярцэцэгийн нүүрэнд учирсан гэмтлүүд нь ердийн журмаар сорвигүй эдгэрэх боломжгүй, цаашид соври үлдэж гоо сайханд сөргөөр нөлөөлөх гэмтэл юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 429 дугаартай “... М.Баярцэцэгийн биед тархи доргилт, зүүн хацар болон духны зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. М.Баярцэцэгт учирсан зүүн хацар, духны зулгаралтын улмаас үүссэн сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/, Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87-92 дахь талууд/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/, зарлагын баримт /хавтатс хэргийн 25-26 дахь тал/, гэрэл зургууд /хавтаст хэргийн 27, 33 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэгдэхэд хангалттай байна. Хэрэгт авагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күийн” баарны гадна талбайд бүлэглэн, иргэн М.Баярцэцэгийн биед нь халдаж түүний бие махбодод “тархи доргилт, зүүн хацар болон духны зулгарал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Хохирогч М.Баярцэцэг нь шүүх хуралдаанд: “... Миний бие М.Баярцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохгүй. Одоо Онон, Оюубаяр, Уранбэр нарт гомдол санал байхгүй болно. Иймд миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тэдгээрийн хувийн болон хохирол төлбөр төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жанжингүн овогт Баттулгын Онон, Ихтугтан овогт Саяловын Оюубаяр, Хошуу овогт Уламбаярын Уранбэр нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жанжингүн овогт Баттулгын Ононд 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног, Ихтугтан овогт Саяловын Оюубаярт 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног, Хошуу овогт Уламбаярын Уранбэрд 3 /гурав/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жанжингүн овогт Баттулгын Ононд оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног, Ихтугтан овогт Саяловын Оюубаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног, Хошуу овогт Уламбаярын Уранбэрд оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэрийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг ялтан Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарт мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Онон, С.Оюубаяр, У.Уранбэр нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД