Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 680

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М С”ХХК /РД: /,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э,

Гуравдагч этгээд:”У С” ХХК /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас, 01 дугаартай зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Ч.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М С” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн гомдлын шаардлагадаа: “... “М С” ХХК нь программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Манайх иргэн А.Хтай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14/03 дугаартай “Бараа захиалга, бүртгэлийн систем” хийж өгөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлыг амжилттай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь “Карго систем” программын барааны тэмдгийн гэрчилгээ эзэмшигч иргэн А.Х-ын гомдлын дагуу 1902000344 дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан ба ингэхдээ манай компанийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр “Карго систем” программыг ”У С” ХХК-д ашиглуулсан гэсэн үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №******* дугаартай шийтгэх хуудас болон мөн өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн.

Уг шийтгэх хуудас болон даалгавартаа манай компанийг”У С” ХХК-тай программ хангамжийн гэрээ байгуулж уг гэрээгээр зохиогчийн эрхгүй программ ашиглуулсан хэмээгээд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн нь мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гээд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэхүү шийтгэх хуудас болон даалгаврыг бид дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. “Карго систем” программыг зохиогчийн эрхгүй ашиглаж байгаа гэх ”У С” ХХК-тай “М С” ХХК нь ямар нэгэн гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд улсын ахлах байцаагч Ч.Э ямар нотлох баримтад үндэслэн манай компанийг ”У С” ХХК-тай гэрээ байгуулж зохиогчийн эрхгүй программ ашиглуулсныг тогтоон шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, шийтгэх хуудас болон даалгавар утга агуулгын илэрхий алдаатай;
  2. Манай компани зохиогчийн эрхийн зөрчилтэй гэх shuurkhaikargo.com веб сайтыг 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр иргэн Золжаргалд гүйцэтгэж өгсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үйлдэлд зөрчлийн шийтгэл оногдуулсан.
  3. Зохиогчийн эрхийн гэрчилгээтэй программыг хууль бусаар ашиглаж байгаа тухай А.Х-ын ”У С” ХХК-д гаргасан гомдлыг яагаад ”У С” ХХК-ийг торгож шийдвэрлэхгүй байгааг би ойлгохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь нотлох баримтын хувьд болон хууль зүйн хувьд үндэслэлгүйгээр манай компанид шийтгэл оногдуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байх тул улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэх хуудас, 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд А.Х-тай бараа захиалга хүргэлтийн систем хийх гэрээ байгуулж, үүний дагуу shuurkhai.com нэртэй вэб сайт хийж өгсөн. Үүнээс хойш 2017 онд Б.З-ай гэрээ байгуулж хүргэлтийн систем бүхий вэб сайт хийсэн.

А.Х нь Оюуны өмчийн газарт 2019 онд хүсэлт гаргаж, барааны тэмдэгт болон зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, 2019 оны 05 дугаар сард ”У С” ХХК тухайн зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй ашиглаж байна гэж хандсан. Улмаар Оюуны өмчийн газрын улсын байцаагч биднийг нэг удаа дуудаж уулзахдаа “энэ хоёр хүнд вэб сайт хийж өгсөн үү?, төстэй юу?” гэж асуусан. Бид “хийж өгсөн. Ерөнхийдөө төстэй” гэж хэлсэн. Гэтэл гэнэт шийтгэлийн хуудас бичсэн байсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нотлох баримтын хувьд тухайн үйл баримттай нийцээгүй бөгөөд учир холбогдлыг хариуцагч ойлгоогүй гэж үзэж байна. shuurkhaicargo.com, shuurkhai.com гэж байна. shuurkhaicargo.com сайт нь”У С” ХХК-ийн эзэмшилд байдаг. Энэ нь Мэдээлэл технологийн газраас ирүүлсэн нотлох баримтаас харагдаж байна.”У С” ХХК гэрээний дагуу “М С” ХХК-иар хийлгэсэн гэх боловч гэдэг shuurkhaicargo.com нэрийг барааны тэмдэгттэй ойрхон хийсэн зүйл байхгүй. Хэн нь гомдол үүсгэж байгаа гэдэг нь тодорхойгүй.  Холбогдогч этгээд тухайн сайтыг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр нотлогдож байна гэж хариуцагч үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг  хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.”, 25.3-т “Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна” гэж заасан байна. Гэтэл зөрчлийн хэрэг үүсгэхээс өмнө ”У С” ХХК болон “М С” ХХК-д ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгаа тухайгаа мэдэгдээд, зөрчлийг зогсоох талаар мэдэгдэл хүргүүлж болох байсан.

С.Т захирал мэдүүлэгтээ “төстэй” гэж хэлсэн. Авагдсан нотлох баримтын хүрээнд харахад төстэй гэж ойлголоо. Хуулбарласан гэдэг нь нотлох баримтын хэмжээнд нотлогдохгүй байна гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1. “М С” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Зтай программ хангамж нийлүүлэх /ажил гүйцэтгэх/ АГ/2017-70 дугаартай гэрээ байгуулан гэрээний дагуу карго систем программ нийлүүлсэн байна. Уг гэрээний захиалагч болох Б.З нь”У С” ХХК-ийн захирал С.Т-ын эхнэр /0188426 гэр 389/ бөгөөд захиалгаар хийлгэсэн программыг өөрийн нөхрийн”У С” ХХК-ийн www.shuurkhaicargo.com сайтад ашиглуулсан байдаг.

2. “М С”ХХК-ийн компанийн захирал С.Т нь иргэн Б.З-д программ хангамж нийлүүлэхдээ иргэн А.Хд хийж өгсөн программ хангамжийн нэр, хаяг, байршил, зургийг өөрчлөн хуулбарлан хийж өгч зөрчил гаргасан бөгөөд уг зөрчил улсын байцаагчийн даалгаврын дагуу зогсоох хүртэл /2019.07.06/ үргэлжилж байсан болно.

3. Иргэн А.Х-ын ”У С” ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх явцад уг зөрчилтэй программыг “М С” ХХК-ийн захирал С.Т гэрээний дагуу нийлүүлсэн нь өөрийнх нь мэдүүлэг, гэрээгээр нотлогдсон болно.

Иймд “М С”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчлийг таслан зогсоож хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай газарт гаргасан өргөдөлд барааны тэмдэг, зохиогчийн эрхийг маш ойлгомжтой бичсэн. Өргөдөлд “улс хоорондын шуудан илгээмж, тараалтын бүртгэлийн системд компьютерын программыг миний зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглаж байна.” гэжээ. Компьютерын программ хангамж зохиогчийн эрхээр хамгаалагддаг. Ингээд ”У С” ХХК-ийг дуудаж, холбогдогчоор татаж асуухад “М С” ХХК-тай байгуулсан гэрээ үзүүлсэн. Нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн учраас “М С”ХХК-ийн захирал С.Т-ыг дуудаж, холбогдогчоор татаж мэдүүлэг авсан. Мэдүүлгээр С.Т нь тухайн программ хангамжийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн мэдүүлгээс дурдвал “...иргэн А.Х-д та программ хангамж хийж өгсөн үү?” гэхэд “тийм”, “программ хангамж нийлүүлсэн тухайд иргэн Б.Зтай ямар холбоотой вэ?” гэж асуухад “н.Т*******ын эхнэр гэж мэдэж байсан”, “Та иргэн А.Хд нийлүүлсэн программ хангамжаа хуулбарлан иргэн Б.Зд нийлүүлсэн үү?” гэхэд “Ер нь адилхан, хаяг, байршил, зураг өөрчилсөн...” гэж байна. Иймд би дахин нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй.

Барааны тэмдэгтийн тухайд өөрийн бараа, үйлчилгээг бусдын бараа үйлчилгээнээс ялгахын тулд илэрхийлж буй хэлбэр юм. Энэ нь дүрс, үнэр, амттай янз бүрээр байж болно. А.Х барааны тэмдэг авахдаа shuurkhai гэдэг үгний цаад талд дэлхийн бөмбөрцөг, нисэж буй онгоцны дүрстэй байна. Нэгэнт барааны тэмдгийн гэрчилгээ хавсаргасан байсан учир зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэлд өөрийн дүгнэлтийг гаргасан. Олон улсын бараа, үйлчилгээний 35, 39, 41, 45 дугаар ангиллаар эрхийн хамгаалалт хийлгэсэн бөгөөд өргөдөлд”У С” ХХК-ийн ашиглаж байгаа shuurkhaicargo.com вэйб сайт хамгаалагдсан барааны тэмдгээс ялгарч хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахааргүй байна гэж үзсэн. Логоны хувьд өөр байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч андуурахаар зүйл байхгүй.

Бид хоёр зүйлийг хольж яриад байна. Тухайн вэб сайтын нэрийн хувьд shuurkhai.com, shuurkhacarco.com гэж байна. Нэрийг барааны тэмдгээр эрхийн хамгаалалт хийлгэж болдог. Shuurkhai гэх барааны тэмдэг энэ ангилалд авчихсан. Иймд уг вэб сайтыг зөвхөн нэрийн хувьд хаах боломжгүй. Программыг ашиглах, дотоод зохион байгуулалтыг төстэй хийсэн гэдэг утгаар нь улсын байцаагч шийтгэлийн хуудас бичсэн. Иргэн А.Х-ын өргөдөлд миний программыг дуурайж хийсэн байна гэсэн агуулгатай.

shuurkhai.com, shuurkhaicarco.com сайтуудыг харьцуулж үзсэн. Хоёр вэб сайтыг харьцуулж үзэхэд үндсэн цэс, бусад зүйл адилхан байна. Тэрээр хуулбарлаж буюу тухайн хоёр вэб сайтыг адилхан хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Программ хангамж өөр гэж үзэж байвал тухайн зохиосон программуудыг хуулбарласан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэхэд С.Т шинжээч томилуулахаас татгалзсан. Диск дээр байгаа мэдээллийг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр үзэх эрхтэй. Үүний дагуу өөрөөс нь асуухад шаардлагагүй гэж хэлсэн. Албан шаардлага хангагдсан. С.Т албан шаардлага гарснаас 3 хоногийн дараа надтай утсаар холбогдож www.shuurkhaicargo.com сайтын ажиллагааг зогсоосон гэж хэлсэн. Тухайн үед С.Т өөрийн хийсэн программыг устгасан. Харин www.shuurkhaicargo.com домайн хаягаар өөр программ хөгжүүлж ашиглах боломжтой.

С.Т мэдүүлгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд “зөрчил гаргасан бол” гэж байна. Улсын байцаагчийн хувьд хуулийн дагуу торгууль ногдуулсан.” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... 1. Карго систем программыг зохиогчийн эрхгүй ашиглаж байгаа ”У С” ХХК-тай “М С” ХХК нь ямар нэгэн огт гэрээ байгуулж байгаагүй тухайд: Золжаргал нь ”У С” ХХК-ийн захирал Т.Т******* миний эхнэр бөгөөд бид хамтдаа ”У С” ХХК-д ажилладаг болно.

2. ”У С” ХХК-тай гэрээ байгуулж, зохиогчийн эрхгүй программ ашиглуулсныг тогтоон шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, шийтгэх хуудас болон даалгавар утга агуулгын илэрхий алдаатай гэх тухайд: Албан шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул утга агуулгын илэрхий алдаатай гэх шаардлага үндэслэлгүй байна.

3. Зохиогчийн эрхийн гэрчилгээтэй программыг хууль бусаар ашиглаж байгаа А.Хын”У С” ХХК-д гаргасан гомдлыг яагаад ”У С” ХХК-ийг торгож шийдвэрлээгүй нь үндэслэлгүй тухайд:”У С” ХХК нь АНУ дахь хамтран ажилладаг Shuurkhaicargo LLC-ийн захирал Зандраагийн Отгонбаярын сайт хийлгэх хүсэлтийн дагуу “М С” ХХК-тай миний эхнэр гэрээ байгуулж, уг сайтыг хийлгэж, үнийг бүрэн төлж авсан тул хууль бусаар бусдын өмчийн эзэмшиж ашиглаагүй, зөвхөн гэрээний үндсэн дээр худалдаж авсан тул гомдол үндэслэлгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч шүүхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий акт нь дээрх зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол илт хууль бус болох нөхцөл байдал үүснэ. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа шуурхай карго, барааны тэмдэг, домайн нэр, карго системийн аль нь гэдэг нь ойлгомжгүй гэж хэллээ. Үүгээрээ утга агуулгын алдаатай гэж тайлбарласан болов уу. Хариуцагч өргөдөл бол зөвхөн барааны тэмдэгтэй хамааралгүй боловч үүнийг шалгасан гэж хэллээ.”У С” ХХК-ийн нэр дээр shuurkhaicargo.com домайн нэрийг авсан. С.Т-ын өөрийн бичиж өгсөн тодорхойлолтод “...онлайн бараа захиалга авах, бүртгэх, шуудан илгээмж бүртгэх, бүртгэл гардуулалтын олон улсын шуудангийн тариф бүртгэлийн программ  хангамжийн зохиогч нь А.Х болно...” гэж байна. Энэ нь хэрэгт байхгүй.

Зөрчлийн хэрэгт 2016 онд А.Хтай байгуулсан гэрээ байна. Бидний хувьд уг программыг хэнд хийж өгсөн эсэхийг мэдэхгүй. 3 сая төгрөг төлж уг программыг авсан.”У С” ХХК анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ тухайн сайтыг ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд аливаа хөгжүүлэлт, засвар үйлчилгээ хийх шаардлагатай бөгөөд админыг С.Т өөрөө хийж байсан. Иймд”У С” ХХК-д өгөөгүй Б.Зд өгсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн бид иргэн А.Х ямар сайт эзэмшдэг талаар мэдээлэлгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн сайтын үйл ажиллагааг админ буюу С.Т зогсоох боломжтой. Тухайн программ нь устгагдсан бөгөөд бид дахин шинээр программ хийлгэж, өмнө ашиглаж байсан домайн нэрээ ашиглаж байгаа. Б.Зын хувьд өөрөө админ мэтээр харагдаж байгаа шалтгаан нь www.shuurkhaicargo.com домайны  хувьд эзэмшигч бөгөөд уг хаяг дээр байгаа программын тухайд бид маргаж байна. С.Т админ хийх явцдаа биднээс зөвшөөрөл авалгүй хаасан. Үүнээс шалтгаалан илгээмж илгээсэн хүмүүсийн мэдээллийг одоогоор сэргээж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч нь “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр карго систем нэртэй онлайн бараа захиалга болон улс хоорондын шуудан илгээмж, тракын бүртгэлийн систем программыг ”У С” ХХК хуулбарлан авч ашиглаж байна” гэх иргэн А.Хын гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “М С”ХХК-ийг программ хангамжийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлаж ашиглуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн  8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг ариглуулахаар даалгавар бичсэн, үүнийг эс зөвшөөрч “М С” ХХК шийтгэл хуудас болон даалгаврыг илт хууль  бус болохыг тогтоолгохоор гомдол гаргажээ.

Гомдол гаргагч нь “ “М С” ХХК ”У С” ХХК-тай гэрээ байгуулаагүй, программыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа гомдлоор шалгасан атал ”У С” ХХК-ийг торгохгүй “М С”ХХК-ийг торгосон нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны 01 дугаартай даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбарыг үндэслээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Веб сайт, компьютер программчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “М С” ХХК нь 2014 онд ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн А.Хд “Бараа захиалга, бүртгэлийн систем” хийж өгсөн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр каргоны систем хийж, түүний шинэчлэл хөгжүүлэлтийг хариуцахаар тохирсон, уг гэрээнд захиалагч нь шаардлагатай заавар зааварчилгаа, сурталчилгааны үндсэн санаа, шийдэл болон ашиглах материалыг гүйцэтгэгчид өгөхөөр, мөн захиалагч А.Х нь тухайн программын оюуны өмчийн зохиогч, эзэмшигч байхаар заасан байна. Захиалагч А.Х нь уг бараа захиалга, бүртгэлийн каргоны систем программыг өөрийн “Шуурхай карго” ХХК-д www.shuurkhai.com домайн нэрээр ашигладаг байх бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/56 дугаар тушаалаар “Карго систем” программыг /5.1.2/ зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлээр бүртгэж эрх эзэмшигч, бүтээл өмчлөгч А.Хд зохиогчийн эрхийн 10603 дугаартай гэрчилгээ олгожээ.  

“М С”ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн АГ/2017-40 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн Б.Зд мөн каргоны систем хийж өгсөн байх бөгөөд ингэхдээ А.Хд хийж өгсөн программ хангамжаа хуулбарлан Б.Зд нийлүүлсэн болохоо тус компанийн захирал С.Т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор “... А.Хд нийлүүлсэн программ хангамжаа хуулбарлан нийлүүлсэн. Манайд ажиллаж байсан хөгжүүлэгч энэ программыг дахин бичилгүй, шууд нийлүүлчихсэн байна. Хоёр программ хоорондоо ер нь адилхан, гэхдээ хаяг, байршил, зураг мэдээж өөрчлөгдсөн.” хэмээн мэдүүлсэн байдаг.

Б.Зын нөхөр П.Т******* нь “М С” ХХК-иар гүйцэтгүүлсэн дээрх каргоны систем программ хангамжийг ”У С” ХХК-даа www.shuurkhaicargo.com домайн нэрээр ашигладаг байсныг ийнхүү А.Хаас гаргасан “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр карго систем нэртэй онлайн бараа захиалга болон улс хоорондын шуудан илгээмж, тракын бүртгэлийн систем программыг”У С” ХХК хуулбарлан авч ашиглаж байна” гомдлоор Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч шалгаж,”У С” ХХК нь “М С” ХХК-иар гэрээний дагуу хийлгэсэн гэх тайлбарын дагуу “М С”ХХК-д холбогдуулан шалгасан байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар компьютерийн программ зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд хамаарах бөгөөд зохиогчийн эрхийн 10603 дугаартай гэрчилгээгээр “Карго систем” программ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан, бүтээлийн эрх эзэмшигч нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.4-т зааснаар бүтээлийг хуулбарлах, үүсмэл бүтээл болгон өөрчлөхийг хориглох онцгой эрхийг эдлэх тул түүний гомдлоор “программ хангамжийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийлүүлж”  хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж “М С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.  

Хэдийгээр тус программыг хуулбарласныг “У С” ХХК ашиглаж байгаа ч ийнхүү хуулбарлан нийлүүлсэн этгээд нь “М С”  ХХК болох нь ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ болон “М С”ХХК,”У С”-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул “М С”ХХК-ийг зөрчил гаргасан этгээд гэж холбогдуулан шалгаж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэн А.Х нь shuurkhai гэдэг үгний цаад талд дэлхийн бөмбөрцөг, нисэж буй онгоцны дүрстэй барааны тэмдгийг Оюуны өмчийн газрын даргын 2019 он 5 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар бүртгүүлж барааны тэмдгийн гэрчилгээ авч олон улсын бараа, үйлчилгээний 35, 39, 41, 45 дугаар ангиллаар эрхийн хамгаалалт хийлгэсэн ч энэ барааны тэмдгээс”У С” ХХК-ийн ашиглаж байгаа shuurkhaicargo.com вэйб сайт хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахааргүй ялгаатай байна гэж улсын байцаагч үзсэн байна.   

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн лавлагаагаар www.shuurkhai.com, www.shuurkhaicargo.com, веб сайтууд нь тус хороонд бүртгэгдээгүй, харин www.shuurkhai.com домайн нэр “М С”ХХК-ийн захирал С.Тын нэрээр, www.shuurkhaicargo.com домайн нэр”У С” ХХК, Б.Зын нэрээр бүртгэлтэй, тэдгээр нь админы эрхтэй байх бөгөөд www.shuurkhaicargo.com домайн нэр хамгаалагдаагүй тул энэ домайн хаягаар өөр программ хөгжүүлж ашиглах боломжтой гэж хариуцагч тайлбарласан болно. 

“Уу сод” ХХК-ийн ашиглаж байгаа www.shuurkhaicargo.com вэб сайтын домайн нэр нь эрхийн хамгаалалт хийгдсэн гэрчилгээтэй барааны тэмдгээс хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахааргүй ялгаатай гэж үзсэний дээр улсын байцаагчийн шалгалт хийх үндэслэл болсон гомдлын агуулга нь “карго систем нэртэй онлайн бараа захиалга болон улс хоорондын шуудан илгээмж, тракын бүртгэлийн систем программыг хуулбарлан ашигласан” талаар байсан, улсын байцаагч “М С”ХХК-ийг А.Хд нийлүүлсэн программ хангамжийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан бусдад нийлүүлсэн үйлдлийг зөрчил гэж үзсэн тул шийтгэлийн хуудсыг болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй байна.  

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан карго систем программ хангамжийг ашиглахыг хориглосон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтан хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай даалгаврыг холбогдогч “М С”ХХК биелүүлж программыг устгасан талаар шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд тухайн программыг ашиглаж байсан”У С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

Хэдийгээр шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгуулах  эрх бүхий албан тушаалтны даалгавар буюу захиргааны актыг илт хууль бус гэж үзэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй ч гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлийн талаар дүгнэхэд: Зохиогчийн эрхийн гэрчилгээ авснаар зохиогч нь бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх бөгөөд энэ эрхийг гомдол гаргах хугацаагаар хязгаарлах боломжгүй.

 

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.2.1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14,   7.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас, 01 дугаартай зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “М С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА