Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0601

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: Б.Н-,

Хариуцагч: Монгол улсын Ерөнхий прокурорын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86.400.000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулах олгохыг даалгах ”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 612 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2023/0035/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 612 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 5, Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.3, 35.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86,400,000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан талийгаач прокурор Б.Ө-ын ар гэрт олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талийгаачийг ажилдаа явах замдаа гэнэтийн үхэлд хүрсэн гэж үзэж түүний ар гэрт хуульд заасан тэтгэмжийн олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Талийгаач Б.Ө- нь тухайн өдөр ажил дээрээ ирээгүй, албан үүргээ гүйцэтгэж байгаагүй,гэрээсээ шууд эмнэлэг дээр очсон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:

Б.Н-ийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн тайлбарт “.... Хамгийн сүүлд нас бардаг өглөө 07 цагийн орчимд хэлэхдээ эмнэлэгт үзүүлэхээс гэж ярьж байсан”:

Гэрч Б.Арсланбаатарын “...7 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Гэрээс нь аваад шууд эмнэлэг орсон.Өөр ямар нэгэн газраар ороогүй”,

Говь-алтай аймгийн прокурорын газрын ажилтнуудын цагийн бүртгэлээр тухайн өдөр ажил дээрээ ирээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэнэт нас бараагүй, нас барахаас тодорхой хугацааны өмнө өвчний шинж тэмдэг илэрч байсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:

Б. Наранцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн тайлбарт “ ... бие  өвдөөд байна гэж хэлж байсан. Би Оюунгэрэл сувилагчийг дуудуулаад өвчин намдаах тариа, лаа хийлгэсэн. Тэр орой нь гэртээ харьсны дараа интернэтээр дүрсээ харж ярихад зүүн гарын нударга хэсгийг боочихсон, гуяны ойролцоо бага зэрэг хавдсан байж харагдаж байсан юм”:

Гэрч Б Арсланбаатарын  “ ... эмнэлэгт хүргүүлэхээсээ 3-4 хоногийн өмнө миний зүүн талын хөл жоохон өвчин ороод байна гэж гуяны дотор талдаа заагаад надад үзүүлж байсан. Тухайн үед хөхөрч, хавдсан зүйл байхгүй байсан”,

Гэрч Л.Гантөмөрийн “...3-4 хоносон байх хүндэрсэн шатандаа ирсэн”,

Өвчний түүхийн асуумжид “... 6-7 хоногийн өмнөөс халуурсан, 5 дугаар сарын 1-ний өдрөөс зүүн хөл гуяны хэсгээр хавдаж өвдөнө, явахад хэцүү болсон. Мөн баруун суга орчмоор өвдөнө. 4 дүгээр сарын 28, 29, 30-нд үргэлжлүүлэн архи уусан. Түүнээс хойш архи уугаагүй хоолонд муу, сүүлийн 3 хоногт 1 аяга бантан идсэн” гэжээ.

Өвчний түүхээс үзэхэд эмч нараас оношийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: “ Үндсэн: Зүүн гуяны шалтгаан тодорхой бус нэвчдэс/удаан дарагдлын хам шинж/, Дагалдах: элэгний архаг үрэвсэл, архины хордлого”,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот актад: Талийгаач Б.Ө- нь удаан дарагдлын хам шинжийн хүндрэл олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинжийн улмаас нас баржээ”гэж дүгнэсэн байна.

Дээрх нотлох баримтуудаар талийгаач Б.Ө- нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өглөө гэрээсээ гарч шууд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж шинжилгээ, эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас мөн өдрийн 19 цаг 35 минутад нас барсан болох нь тогтоогдсон байхад талийгаачийг ажилдаа явах замдаа гэнэтийн үхэлд хүрсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа“ амь насаа алдсан бол нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор заасан бөгөөд шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр гэрээсээ шууд эмнэлэгт очсон үйл баримтыг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.9-д “Прокурорын амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг прокурорын байгууллагын төсвөөс төлнө” гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын алба хаагчдын амь насны даатгалд даатгуулах үүргээ биелүүлсэн бол талийгаачийн 2 хүүхэд, эхнэр Үндсэн хуульд заасан дээрх эрхээ баталгаатай эдлэхээр байсан гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Улсын ерөнхий прокурорын газраас “Тэнгэр даатгал” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 20217030002 дугаартай “Гэнэтийн ослын даатгалын гэрээ” хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

Даатгалын гэрээний 9.5 дугаар зүйлийн 9.5.1 дэх хэсэгт даатгуулагч амь насаа алдсан нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор заасан.

“Тэнгэр даатгал “ ХХК-аас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 3.000.000 төгрөгийг иргэн Б.Н-т олгожээ.

Улсын ерөнхий прокурорын газрын алба хаагчдаа амь насны даатгалд даатгуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн атлаа хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Тэнгэр даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг үнэлж дүгнээгүй нь Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал ... тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

2.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5, Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.3, 35.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохтой холбоотой харилцааг зохицуулсан бол мөн зүйлийн 35.9 дэх хэсэгт прокурорын амь нас, эрүүл мэндийг даатгалд хамруулахтай холбоотой харилцааг зохицуулжээ.

 Өөрөөр хэлбэл, уг маргаан нь нэг удаагийн буцалтгүй тэтгэмжтэй холбоотой маргаан байхад даатгалтай холбоотой харилцааг зохицуулан хуулийн хэм хэмжээг үндэслэл болгож буцалтгүй тэтгэмж олгохыг даалгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “..... 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86.400.000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан талийгаач прокурор Б.Ө-ын ар гэрт олгохыг даалгасугай “ гэсэн нь нотлох баримтад үндэслэсэн шийдвэр болж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 65 дугаар тогтоолоор Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

Уг тогтоолын хавсралтын 12-д аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 1.740.000 /нэг сая долоон зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ цалингийн хэмжээгээр 36 сарын албан тушаалын цалинг тооцоход 62.640.000 / жаран хоёр сая зургаа зуун дөчин мянга/ төгрөгтэй тэнцэж байна.

Хэрэгт “аймгийн прокурорын газрын хяналтын прокурор”–ын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон, тодорхойлсон баримт авагдаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр буюу 86.400.000 /наян зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Талийгаач Б.Ө- нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлгүй, өвчний улмаас гэрээс эмнэлэг дээр очиж шинжилгээ, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байх тул 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан “Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно” гэсэн үндэслэл хамаарахгүй байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч “албан тушаалын цалинтай тэнцэх төгрөгийг гаргуулан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд баримтад тулгуурлан холбогдох хууль, журмыг тайлбарлан хэрэглэж тооцоогүй байх тул зохих ёсоор тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэж, шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс “... миний нөхөр ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаандаа өвчний улмаас бус тодорхой бус шалтгаанаар гэнэт нас барсан тул хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгуулахаар хандсан боловч хууль бус эс үйлдэхүй гаргасан ...” гэж маргажээ.

Хариуцагчаас “... талийгаач тухайн өдөр ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байгаагүй, гэрээсээ шууд эмнэлэг очсон байдаг ... шүүхийн шинжилгээний шинжээчийн актад ... тодорхой хугацааны өмнө талийгаачийн биед зовуурь үүссэн байсан ... гэрч нарын мэдүүлгээр гэрээр эмчилгээ хийлгэж байсан гэх баримтууд хэрэгт авагдсан ... 2002 оны Прокурорын тухай хуульд заасан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амь нас хохирсон гэх шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

2.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улсын ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж байсан Б.Ө- нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт “удаан дарагдлын хам шинж, олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинж” оноштойгоор нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн  5/-д “...  хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг хуульчилсан байна.

2.3.Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002 оны 07 сарын 04-ний өдөр батлагдаж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 35 дугаар зүйлийн 35.3-т “Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно”,  35.9-д “Прокурорын амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг прокурорын байгууллагын төсвөөс төлнө”, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсантай холбогдон гарах аливаа хохирлыг төр хариуцна”, 60.2-т “Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол түүний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг түүний гэр бүлд олгоно”, 60.8-д Энэ хуульд зааснаас бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж тус тус зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч тэр дундаа төрийн тусгай албан хаагч болох прокурор нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас хохирсон бол үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгогдохоор байна.

2.4.Гэтэл хариуцагч байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтын дагуу 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгуулахаар хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

2.5.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар тогтоолоор "Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг баталсан байх бөгөөд тус журмын 1.4-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна” гэж заасан байна.

2.6.Нэхэмжлэгчээс “...миний хань 2017оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ ажил руугаа явах замдаа эмнэлэгт шинжилгээ өгөх гэж очоод нас барсан... гэж, хариуцагчаас ...талийгаач Б.Ө- нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэж байсан гэх үндэслэлгүй, өвчний улмаас гэрээс эмнэлэг дээр очиж шинжилгээ хийлгэж, эмчлэгдэж байгаад нас барсан ...” гэж маргасан байна.

2.7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн шинжээч эмчийн тайлбар, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Тэнгэр даатгал” ХХК-д хүргүүлсэн 1/227 тоот албан бичиг (Бямбадорж овогтой Ө- нь...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан нь үнэн гэсэн тодорхойлолт) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “... талийгаач Б.Ө- нь өмнөх өдрүүдэд өвчтэй байгаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болох нь, мөн өглөө ажилдаа явах зорилготойгоор гэрээс гарсан хэдий ч өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж гэнэтийн үхэлд хүсэн болон нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүх талийгаачийг ажилдаа явах замдаа гэнэтийн үхэлд хүрсэн гэж үзэж, түүний ар гэрт хуульд заасан тэтгэмжийг ажиллаж байсан төрийн байгууллагаас нь гаргуулж олгуулахаар даалгаж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд шударга, хүнлэг ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

2.8.Мөн анхан шатны шүүх “... талийгаач Б.Ө- нь Төрийн албаны тухай хуулийн /2002/ 8 дугаар зүйлийн 8.1.1-т Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор гэж зааснаар төрийн тусгай албан хаагч байсан ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасны дагуу түүний ар гэрт тэтгэмж авах эрхтэй хариуцагч захиргааны байгууллагаас энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгож болно, 30.4.1-т гэр бүлийг нь дэмжих гэж зааснаар нас барсан алба хаагчийн ирээдүй нь баталгаагүй болсон хоёр хүүхэд, гэр бүлийн байдлыг нь харгалзан хуульд заасан тэтгэмжийг олгохыг даалгах зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

2.9.Харин анхан шатны шүүх талийгаач Б.Ө-ын аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын цалингийн хэмжээг тодорхойлсон холбогдох баримт нотолгоог хэрэгт авч хавсаргаагүй, цалингийн хэмжээг баримт нотолгоонд тулгуурлан холбогдох хууль журмын дагуу бодитоор тооцоололгүйгээр “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 86.400.000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн”-ийг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй байх боловч хариуцагчаас талийгаачийн цалин хөлстэй холбоотой баримт нотолгоог судалж, хууль, журамд нийцүүлэн, 36 сарын цалинтай тэнцэх төгрөгийг зохих ёсоор тооцож олгох боломжтой байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буруу гэж үзэж хүчингүй болгох шаардлагагүй, харин шүүхийн шийдвэрт цалин хөлсийг зохих ёсоор тооцож олгохыг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.10. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 65 дугаар тогтоолын хавсралтаар прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон байх бөгөөд 12-т аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын сарын цалингийн хэмжээг 1.740.000 төгрөгөөр тогтоосон байна.

2.11. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 28.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:”, 28.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс” тус тус бүрдэхээр заасан байна.

2.12. Хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон тодорхойлолт зэрэг холбогдох баримт авагдаагүй, анхан шатны шүүх талийгаач Ө.Ө-ын цалин хөлсний тооцоололтой холбогдуулан ямар хууль журамд үндэслэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх талийгаачийн цалин хөлсний хэмжээг тодорхойлох, улмаар  36 сарын цалинтай тэнцэх үнийн дүнг тооцон тогтоох боломжгүй байна. 

2.13.Иймээс хууль, журамд заасны дагуу аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг тодорхойлон тогтоож, талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг зохих ёсоор бодож тооцон түүний ар гэрт /нэхэмжлэгчид/ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

            2.14.Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 612 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 5, Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.3, 35.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг зохих ёсоор тооцож олгохыг Улсын ерөнхий прокурорын газарт даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ