Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

      2017 оны 06 сарын 16 өдөр                Дугаар 129/ШШ2017/00329                      Өлзийт сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдам гэх газарт оршин суух Бойгон овгийн Нямсүрэнгийн Пүрэвдоржийн /РД:АЖ60121916/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Пүрэвдорж, гэрч П.Далайцэцэг, М.Санжидмаа, Т.Содбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд паркийн сахиулаар, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 сарын 29-ний өдрөөс 1987 оны 08 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Өгий бригадын няраваар, 1987 оны 08 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нярав, хэвлэл түгээгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 10-р анги төгсөөд 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хаасан. 1983 оны 5 сард цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл хугацаанд ажилласан. Би Өгийнуур сумаас эхнэр аваад Өгийнуур сум руу шилжиж тус сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өгий бригадын няраваар, 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нярав хэвлэл, түгээгчээр ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй тул ажиллаж байсан жил орохгүй байгаа. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон учир ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл,  Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Пүрэвдорж нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл,  Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1.  ... паркийн сахиул Пүрэвдорж, ... нарт ажлын 18 хоногоор бодож олгосугай гэсэн “Амралт олгох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 сарын 13-ны 207 тоот тушаал,

1.2. ... Өгий бригадын няраваар Н.Пүрэвдоржийг 1985 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэсэн “Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 29-ны өдрийн 52 тоот тушаал,

1.3. МАХН-ын ХIХ их хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит сонгууль нэгдэлчдийн VI их хурлыг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтахын тулд улсын бэлтгэлд тушаах ноос ноолуурын чанарыг эрс сайжруулах төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх зорилгоор тус ажилд хяналт тавьж зохион байгуулалтын ажил хариуцсан комиссыг 1986 оны доорхи бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулсугай. Гишүүд: ... Н.Пүрэвдорж гэсэн “Комисс байгуулах тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 03 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаал,

1.4. ... нярав, хэвлэл түгээгчээр Н.Пүрэвдорж ... нарыг шилжүүлэн томилсон “Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 02-ны өдрийн 18 тоот тушаал,

1.5. Орхон хэсгийн нярав, хэвлэл түгээгч Н.Пүрэвдорж, ... нарын 1988 оны ээлжийн амралтыг олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 76 тоот тушаал,

1.6. Түрээсийн гэрээтэй ажилласан нэр бүхий 31 малчинд бүгд ботго 3, унага 13, тугал 5, хурга 204, ишиг 124, тэмээ 1, адуу 9, үхэр 3, хонь 63, ямаа 20, 170235 төгрөг, 16 мөнгө энгийн гэрээтэй ажилласан 5 малчинг эм хонь 3, хурга 9, охин төлөг 5, бяруу 2, 301 төгрөг 40 мөнгөөр шагнасугай. Хавсралтанд: Н.Пүрэвдорж, хурга-15, ишиг-9,  мөнгөний дүн-8026-48, бүгд мал-24 гэсэн “Түрээсийн ба энгийн гэрээ дүгнэж шагнах тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 25-ны өдрийн 60 тоот тогтоол

2. Гэрч П.Далайцэцэгийн: “Н.Пүрэвдорж бид хоёр нэг ангийн хүүхдүүд байсан. Н.Пүрэвдорж нь Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар, би Туяа нэгдэлд мал малладаг байсан” гэх мэдүүлэг,

3. Гэрч М.Санжидмаагийн: “Н.Пүрэвдорж 1986 оноос Өгийнуур сумын Туяа нэгдэлд Өгий бригадад мал малладаг, бригадын нярав, хэвлэл түгээгчээр ажиллаж байсан. Би Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1980 оноос эхэлж мал малласан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Т.Содбилэгийн: “Би 1983 онд 8-р анги төгсөөд 1983 оны 07 сараас эхлээд Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт дагалдан ажилчнаар 1 жил ажилласан. Манай аав Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Н.Пүрэвдорж Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт Паркийн сахиулаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг,

5. Н.Пүрэвдоржийн хөдөлмөрийн дэвтэр,

6. Нямсүрэнгийн Пүрэвдоржийн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч Н.Пүрэвдоржийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан П.Далайцэцэг, М.Санжидмаа, Т.Содбилэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Н.Пүрэвдоржийн Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл ажиллаж байсан нь паркийн сахиул Пүрэвдоржид ажлын 18 хоногоор бодож амралт олгосон “Амралт олгох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 сарын 13-ны 207 тоот тушаал, гэрч Т.Содбилэгийн: “Би 1983 онд 8-р анги төгсөөд 1983 оны 07 сараас эхлээд Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт дагалдан ажилчнаар 1 жил ажилласан. Манай аав Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Н.Пүрэвдорж Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт Паркийн сахиулаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “1983 оны 5 сард цэргээс халагдаж Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл хугацаанд ажилласан” гэх тайлбараар,

            Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Өгий бригадын няраваар Н.Пүрэвдоржийг 1985 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан “Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 29-ны өдрийн 52 тоот тушаал, “Комисс байгуулах тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1986 оны 03 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаал, гэрч П.Далайцэцэг, М.Санжидмаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар,

            Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь . ... нярав, хэвлэл түгээгчээр Н.Пүрэвдорж ... нарыг шилжүүлэн томилсон “Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 02-ны өдрийн 18 тоот тушаал, Орхон хэсгийн нярав, хэвлэл түгээгч Н.Пүрэвдоржийн 1988 оны ээлжийн амралтыг олгосон “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 76 тоот тушаал, гэрч П.Далайцэцэг, М.Санжидмаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул Н.Пүрэвдоржийг Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл,  Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Н.Пүрэвдоржийн Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Н.Пүрэвдорж нь 1990 онд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 25-ны өдрийн 60 тоот тогтоолыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бойгон овгийн Нямсүрэнгийн Пүрэвдоржийг Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт паркийн сахиулаар 1983 оны 09 сараас 1985 оны 08 сар хүртэл,  Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд бригадын няраваар 1985 оны 10 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, хэвлэл түгээгчээр 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА