Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

       2017 оны 06 сарын 16 өдөр          Дугаар 129/ШШ2017/00336                  Өлзийт сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, хувийн малаа малладаг,  Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт оршин суух Цорос овгийн Рэгзэдмаагийн Алтанчимэгийн /РД:АЕ67070263/ хүсэлттэй 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Алтанчимэг, гэрч   М.Сарангэрэл, Б.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Алтанчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэлх ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Р.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Би Өлзийт сумаас өөр суманд шилжин ажиллаж байгаагүй, Өлзийт сумын Бодонт бригадад ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга дарж баталгаажуулаагүй. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Алтанчимэг нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1.  1984 онд тус сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөж мал аж ахуйн үйлдвэрлэлд илгээлтээр гарч байгаа сурагчдыг 6-р сарын 20-ноос эхлэн ажилд томилсугай. Үүнд: Бодонт бригадад саальчнаар: Рэгзэдмаагийн Алтанчимэг гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 тоот тушаал,

1.2. Төлчдийн семинар зөвлөгөөнд оролцсон 135 төлчинг тус бүр 8 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Бодонтоос: Р.Алтанчимэг гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоол,

1.3. Төлчид саальчдын семинарт ирсэн 240 хүнд төл бойжуулах ажил болон цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч хүн тус бүрт 7 төгрөг 61 мөнгөний дурсгалын зүйл олгосугай. Хавсралтанд: Алтанчимэг гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоол,

2. Далхын Алтанчимэгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1987 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Б.Нарантуяагийн: “Р.Алтанчимэг бид хоёр 1984 онд илгээлтээр хамт гарч Өрнөл нэгдэлд саальчнаар ажиллаж, 1990 он хүртэл уг ажлаа хийсэн. Бид 1984 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Бодонт бригадад саальчнаар тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,

4. Гэрч М.Сарангэрэлийн: “Би 1985 онд сургуулиа төгсөөд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогчоор ирэхэд Р.Алтанчимэг тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Р.Алтанчимэг нь 1990 он хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан, өөр ажил хийж байгаагүй. Өөр суманд шилжин ажиллаж байгаагүй. Би 1985 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажилласан” гэх мэдүүлэг,

5. Р.Алтанчимэгийн хөдөлмөрийн дэвтэр,

6. Аюуш овогтой Рэгзэд /ае50042265/-ийн 1988 онд регистр олгоход бичигдсэн ХААТР-1 маягтад эцэг Жадамба овогтой Далх /ае07040874/, эх Чогсом овогтой Аюуш /нас барсан/, хүү Рэгзэдийн Болдсүх /ае73022574/, охин Р.Ариунжаргал /ае81101662/, охин Р.Алтанцэцэг /ае78081269/ гэж бүртгэгдсэн байна гэсэн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн архивчийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 41 тоот архивын тодорхойлолт зэрэг болно. 

 

Шүүх хүсэлт гаргагч Р.Алтанчимэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Б.Нарантуяа, М.Сарангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  

Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолтонд Далхын Алтанчимэгийн ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн байх бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн архивчийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 41 тоот архивын тодорхойлолтоор Далх нь Алтанчимэгийн өвөө болох нь тогтоогдож байх тул Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолтыг хүсэлт гаргагч Р.Алтанчимэгт холбогдох, түүний ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Р.Алтанчимэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Рэгзэдмаагийн Алтанчимэгийг 6-р сарын 20-ноос Бодонт бригадад саальчнаар томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 тоот тушаал, “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоол, “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоол, хүсэлт гаргагчийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1987 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Б.Нарантуяагийн: “Р.Алтанчимэг бид хоёр 1984 онд илгээлтээр хамт гарч Өрнөл нэгдэлд саальчнаар ажиллаж, 1990 он хүртэл уг ажлаа хийсэн. Бид 1984 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Бодонт бригадад саальчнаар тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг, гэрч М.Сарангэрэлийн: “Би 1985 онд сургуулиа төгсөөд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогчоор ирэхэд Р.Алтанчимэг тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Р.Алтанчимэг нь 1990 он хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан, өөр ажил хийж байгаагүй. Өөр суманд шилжин ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан” тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Р.Алтанчимэгийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Р.Алтанчимэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Рэгзэдмаагийн Алтанчимэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын      31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА