| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00388/и |
| Дугаар | 327 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 327
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00327 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Өөлд овгийн Цамбын Санжаахандын /РД:АЕ66081867/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Санжааханд, гэрч Б.Хоролмаа, Г.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Санжааханд шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 06-р сарын 25-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Санжааханд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд саальчин малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Санжааханд нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Охин Санжааханд МХЗЭ-ийн илгээлтээр 1985 онд МАА-н үйлдвэрлэлд гарч ажилласан боловч нэг удаагийн буцалтгүй тэтгэмжээ аваагүй байгаа учир олгож өгөхийг хүсч Ч.Цамбаас ирүүлсэн өрөдлийг хэлэлцээд нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас тогтоох нь: Ц.Санжаахандад БНМАУ-ын СНЗ-ийн 1982 оны 27-р тогтоолын заалтыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжинд 300 төгрөг олгохыг нэгдлийн санхүү /Гармаа/-д зөвшөөрсүгэй гэсэн “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 тоот тогтоол,
1.2. Ямаат хэсгээс 1988 оны 10-р сарын 26-наас амрах малчдын нэрсийн жагсаалтанд: Ц.Санжааханд гэжээ,
1.3. ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлд тасралтгүй ажиллаж байгаа нэгдлийн гишүүн амаржсан эхчүүдэд хүүхдээ 6 сартай болтол нь асрахад зориулж цалингүй нэмэгдэл чөлөө олгосугай. Хавсралтанд: Санжааханд, албан тушаал-төлчин, төрсөн он, сар, өдөр-1989-1-23, олгох тэтгэмж мөнгөөр-164=92 гэсэн “Нярайн тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 54 тоот тогтоол,
2. Цамбын Санжаахандын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1986 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 317 тоот цалингийн тодорхойлолт,
3. Цамбын Санжаахандын хөдөлмөрийн дэвтэр,
4. Гэрч Б.Хоролмаагийн: “Ц.Санжааханд нь 1985 онд Батцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр ирж Өлзийт сумын Өрнөл нэгдэлд аавтайгаа мал маллаж, уг ажлаа 1990 оныг дуустал хийсэн. Би Өлзийт сумын Өрнөл нэгдэлд мухлагийн худалдагчаар 1971 оноос 1990 он хүртэл ажилласан. Мухлагт нэгдлийн мах, цагаан идээ, арьс ширийг зардаг байсан. Ц.Санжааханд өөр суманд шилжин ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,
5. Гэрч Г.Нармандахын: “Ц.Санжааханд бид хоёр 1985 онд Батцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсөж байсан. Ц.Санжааханд нь Өрнөл нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж 1990 оныг дуустал ажилласан. Би Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, эмийн санд туслах ажилчнаар 1989 оноос эхэлж ажилласан. Ц.Санжааханд өөр суманд шилжин ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ц.Санжаахандын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Б.Хоролмаа, Г.Нармандах нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Ц.Санжаахандын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан нь “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 тоот тогтоол, Ямаат хэсгээс 1988 оны 10-р сарын 26-наас амрах малчдын нэрсийн жагсаалт, “Нярайн тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 54 тоот тогтоол, Цамбын Санжаахандын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1986 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 317 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Б.Хоролмаа, Г.Нармандах нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Ц.Санжаахандын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаар бичгийн нотлох баримт авагдаагүй боловч түүний “би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч Б.Хоролмаагийн “Ц.Санжааханд нь 1985 онд Батцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр ирж Өлзийт сумын Өрнөл нэгдэлд аавтайгаа мал маллаж, уг ажлаа 1990 оныг дуустал хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Нармандахын “Ц.Санжааханд бид хоёр 1985 онд Батцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсөж байсан. Ц.Санжааханд нь Өрнөл нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж 1990 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 тоот, 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 54 тоот тогтоол зэргийг үндэслэн хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ц.Санжаахандын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овгийн Цамбын Санжаахандын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчин, малчнаар 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА