| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0765/Э/001/2021/0353 |
| Дугаар | 2021/ШЦТ/1136 |
| Огноо | 2021-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1136
2021 11 11 2021/ШЦТ/1136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Г.Мөнхтүвшин /томилолт/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
шүүгдэгч /хохирогч/ *******, түүний өмгөөлөгч Ц.Бг, Б.Т, Д.Т,
шүүгдэгч /хохирогч/*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
- *******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
-*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000000000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Жадамбаа овогт Дгийн Э /РД:**0000000/, Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Содон хороолол, 000 дүгээр байрны 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Цагаан овогт Бын У /РД:**00000000/, Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр*******ийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан буюу 1/2019 оны 01 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар багийн 19 дүгээр байрны 00 тоот гэртээ, 2/2019 оны 07 дугаар сард наадмын өмнө, 3/2019 оны 11 дүгээр сарын 02-нд, 4/2019 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнө, 5/2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараараа цохих хөлөөрөө өшиглөх, үсдэх, хоолой боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Гэр бүлийн хамаарал бүхий эхнэр*******ийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараар цохиж*******ийн биед тархи доргилт, цээж, эрүү, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй дагавар хүүхэд У.Дийг байнга буюу 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод гараар цохих, хөлөөрөө өшиглөх, чихнээс нь зулгаах зэрэг байдлаар харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн,
Яллагдагч******* нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 0000 дүгээр байрны 00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий нөхөр *******тай харилцан зодолдож өмдний тэлээгээр толгой, хэвлийн тус газар нь ороолгож цохиж, гуяыг нь хазаж биед дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зулгаралт /хазагдсан шарх/, хэвлийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:
- шүүгдэгч ******* “2019 оны өвөл Утэй анх танилцсан. Миний хувьд Уийг цохиж, зодсон зүйл байхгүй, бид хоёрын хоорондоо маргалдах зүйл байсан. Манай ажил орой 23 цагт, мөн өглөө 06 цагт тардаг маш их ачаалалтай байдаг. Би прокурорт удаа дараа хүсэлт тавьсан миний хүсэлтүүдийг хүлээж аваагүй. 2020 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хэрэг үүссэн байдаг. Шүүх эмнэлэгт 4 дүгээр сарын 16-ны өдөр үзүүлсэн байдаг. Миний хувьд 4 дүгээр сарын 10-аас 15-ны хооронд Уийн явсан маршрутыг тогтоогоод өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Прокурор миний хүсэлтийг хангаагүй, мөн 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зодсон гэдэг. Би тухай өдөр Ачлал их дэлгүүрээс хамгийн үнэтэй үнэртэй усыг аваад Уийн ажлынх нь гадаа хүлээж байгаад бид хоёр уулзаад, 10 дугаар хороололд хамт хоолонд орсон. Миний хувьд гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлж байсан. Тэр ч байтугай шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хүсэлт гаргаж байсан боловч намайг аваад очиж үзүүлж байсан. 3 дугаар сарын 08-ны өдөр бид хоёр гэртээ очоод байж байтал У пицца идмээр байна гэж хэлэхээр нь би пицца захиалж өгч байсан. Энэ талаар хүргэлтийн хүнийг гэрчээр асуугаад өгөөч гэж хүсэлт гаргасан. Прокурор мөн л хангаагүй. Би гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж явдаг хүн, тийм хүчирхийлэл үйлддэг хүн биш, бид хоёрын дунд маргаан үүсдэг. Энэ маргаан нь хардалтаас болж үүсдэг. Над руу найз, нөхөд залгаад машинаа ачуулсан аргалаад өгөөч гэх жишээний юм ярьдаг. У хэн залгаад байгаа юм бэ гээд элдэв янзаар хараадаг байсан. 2019 оны 3 сард ах, эгч нартайгаа Төв аймгаас хот руу орж ирэх замд миний үснээс зулгааж, нүүр лүү өшиглөж, хурдтай явсан машины үрүүлийг хажуу тийм дарсан асуудал болж байсан. Үүнийг манай эгч харж байсан. Би эгчээс гэрчийн мэдүүлэг аваад өгөөч гэж хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг хангаагүй. Зуунмодод миний аавын хуучин байр байсан. Тухайн байранд би өөрөө засвар хийсэн. Тухайн үед машин худалдан авч, миний хань машин унаад наашаа, цаашаа яв гэж хэлдэг байсан. Тэгтэл намайг Мөнхцэцэг гэдэг хүнтэй хардаж, Мөнхцэцэгийн хэвлийн тус газарт нь өшиглөж, орилж, үсдэж байсан. Мөнхцэцэг гэдэг хүнээс мэдүүлэг аваад өгөөч гэж хүсэлт гаргахад прокурор бас л хангаагүй. 2020 оны 7 сар наадмын үеэр зодсон гэж мэдүүлсэн. 2020 оны 7 дугаар сар наадмын үед Төв аймагт авто ралли тэмцээн болж байсан. Би тухайн тэмцээний хамгаалалтад 4 хоног гарч байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 10-ны өдөр зодсон гэдэг. Тухай өдөр гэртээ 12 цагт орж ирсэн. Ханиа ямар хоол хийсэн гэж асуухад шөлтэй хоол хийсэн гээд надад өгсөн. Сүүлийн 2, 3 сар ер нь уур уцаартай болсон. Би яагаад уурлаад байгаа талаар удаа дараа асуусан боловч хэлээгүй. Өөрийгөө үсдэж дардаг, өөрийгөө хутгална гэдэг. Хажуу айлын хүмүүс сонсоод байна, би дүрэмт хувцастай гэрээс гарч явахаас ичиж байна гэж Ут хэлж байсан. 6 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч Баярсайхан, ээж, ахтайгаа орж ирээд гарахдаа би энэ хэргийг 3 сарын хугацаанд зохион байгуулж байна. Чамайг хэрэгт хийнэ гөлөг минь гэж хэлээд гарсан. Би гайхаж байсан. 8 дугаар сарын 31-ний өдөр маш хүчтэй хаалга нүдээд байхаар нь хэн бэ гэж асуухад У хаалгаа онгойлго гэж орилж, хашхирч байсан. Би олон жил ганцаараа хүний нутагт амьдарч байсан. Д гэдэг хүүхдийг өөрийн хүүхдээс ялгаагүй гэж бодоод ээжээс ил, далд мөнгө өгдөг байсан. Би Дийг цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Сүүлд 2021 оны 09 дүгээр сарын дундуур У хоёулаа уулзъя, чи миний хүүхдийн хувцсыг авч ирээд өгөөч гэж хэлэхээр нь бид хоёр Саппаро дээр уулзсан. У чи надад машин өгчих би хэрэглэмээр байна. Энэ хэргийг нэг тийш нь шийдье гэж хэлсэн. Одоо надаас 96 сая төгрөг нэхэмжилж байгаа, мөн хүүхдийн тэтгэмж тогтоолгоно гэж байгаа. Би Уийг санхүүгээр дутааж байгаагүй. Би аль болох сайхан амьдарна гэж бодож байсан” гэв.
- шүүгдэгч Б.У “Бид хоёр анх 2018 оны сүүлээс харилцаж эхлээд 2019 оны 01-р сараас нэг гэрт орсон. Анх Төв аймагт байдаг гэрт нь очиж амьдарсан. Тухайн хэрэг гарах болсон шалтгаан нь хардалтаас болсон. Ганцхан намайг харддаг гэж ярьж байна. Өөрөө маш их хартай, ааш зан нь их эвдэрсэн хүн. Ажил дээрээ гаргадаг зангаа гэрт орж ирж гаргадаг. Намайг пизда, гичий, янхан, аятайхан харсангүй гэж элдэв янзаар хараадаг байсан. 4 дүгээр сарын 10-ны өдөр би ажлаасаа орой ирсэн. Тухайн өдөр Э амарч байсан. Намайг гаднаас орж ирэхэд архи уусан байсан. Ер нь их архи уудаг гаднаас орж ирэхдээ байнга 05 гр, 033 гр шилтэй архи авч орж ирээд уудаг байсан. Намайг тэр өдөр орж ирэхэд пизда минь чи ямар орой ирдэг юм бэ, хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ гээд намайг үсдээд том өрөө рүү оруулсан. Намайг ажил хийлгэхгүй, хардаж сэрддэг байсан. Тухайн өдөр орой 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэлдэж маргалдсан. Би яагаад энэ хүнийг хазсан, тэлээгээр ороолгосон бэ гэвэл. Э намайг буйдан дээр сууж байхад үснээс зулгааж, хана мөргүүлээд байхаар нь чи яагаад намайг дандаа ингэдэг юм бэ гэж хэлээд тэлээгээр зөөлхөн ороолгосон. Би хүчээр ороолгоогүй. Тэгээд намайг жижиг өрөө рүү чирч оруулаад миний хамрыг нэг гараараа чимхээд, нөгөө гараараа ам дараад нүүрэн дээр суусан учраас би амьсгалах боломжгүй болж өөрийнхөө амийг хамгаалах үүднээс гуяны дотор талаас хазсан нь үнэн” гэв.
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А “Бага насны хүүхэд тухайн мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэж миний хувьд дүгнэж байгаа. Бага насны хүүхэд мэдүүлгийг худлаа өгөх боломжгүй. Тухайн үед авсан мэдрэмжүүд, дотроо хураасан байдалтай байсан учраас мэдүүлгүүдийг үнэн зөв өгсөн гэж дүгнэж байгаа. Хуулийн хүрээнд ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү. Манай талаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.
- хохирогч ******* “У 4 дүгээр сарын 10-ны өдөр тэлээгээр цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Надад гомдол, санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.
- хохирогч Б.У “2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э намайг гэртээ байсан гэж мэдүүлэг өгсөн. Би 4 дүгээр сарын 10-ны орой 20 цагт ажлаа тараад түгжирч явсаар байгаад 09 цаг 30 минутад гэртээ орж ирсэн. Намайг орж ирэхэд Э гэртээ ганцаараа архи үнэртүүлсэн байдалтай, чи хаагуур яваад, хэнтэй заваарч яваад ирсэн бэ гэж хэлсэн. Энэ байдлаас болж бид хоёрын хооронд хэрүүл, маргаан үүссэн. Тэр үед миний үснээс зулгааж, хана мөргүүлэх, гал тогооны өрөөнөөс жижиг хутга авч над руу шидсэн. Э намайг У өөрөө үсээ зулгаадаг, өөрийгөө ална гэж хутга тулгадаг гэж байна. Энэ үйлдэл нь эсрэгээрээ өөрөө тийм үйлдэл гаргадаг. 2019 оны 01 дүгээр сард бид хоёр Төв аймагт хоёулхнаа амьдардаг байсан. Тэр үед нэг найз нь ирээд архи ууж байгаад явсан. Тэр өдөр ямар ч шалтгаангүйгээр над руу уурлаад, заазуур авч шидсэн асуудал байгаа. Э ямар ч шалтгаангүйгээр харддаг байсан. 2019 оны 04 сард би модны хоёрт байр түрээсэлж амьдардаг байсан. Тэр үед Э гадаа согтуу ирээд, чи намайг Төв аймаг руу хүргээд өг гээд байхаар нь би хүргэж өгч чадахгүй гэхэд намайг хүчээр Төв аймаг руу авч явсан асуудал байгаа. Сүүлийн үед би энэ хүний гарт үхэх юм шиг санагдаад гэрээсээ өөрөө гарсан” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч*******ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, өргөдөлд хавсаргаж ирүүлсэн *******ы бичиг, зурвас, зодуулсаны дараах гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 11 -25 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/, Хохирогч*******ийн мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 41 дүгээр хуудас/, Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг заалгаж мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч У.Дий мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, Гэрч Ү.Оийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Гэрч Б.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, Гэрч Н.Гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, Гэрч Б.Ггийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/, Гэрч М.Дуламхорлоогийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, Гэрч Э.Болортуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, Гэрч Я.Мөнхтулгын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/, Гэрч Б.Ангарагхүүгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, Гэрч А.Бадамсэдийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, Гэрч Д.Дгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4718 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 873 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 113 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2495, 2496 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар хуудас/, Дундговь аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 05 дугаар сарын 06-ны төрлийн 5 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас/, Гэрч Ү.Оээс ирүүлсэн*******ийн зодуулсан байдалтай авахуулсан 8 ширхэг гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2 дуудлага ирснийг бүртгэсэн тухай лавлагаа, уг 2 дуудлагыг материалжуулан шалгаад зөрчлийн шинжгүй үндэслэлээр хаасан баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 153, 159-194 дүгээр хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулгүйн зэргийн үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн аюуын зэргийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 186-204, 2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хохирогч*******ийнх гэх хүний үсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, яллагдагч *******ы мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Гэрч Б.Бгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогч У.Дий мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, Шинжээч мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-43 дугаар хуудас/, хохирогч*******ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/, Гэрч Ү.Оийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, Гэрч Н.Даваажавын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 850 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,шүүгдэгч *******ы хэрэглэж байсан албаны хэрэгцээнд зориулсан тэлээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, Дундговь аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/, хохирогч *******ы гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/, хохирогч *******ы мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4777 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтатс хэргийн 121 дүгээр хуудас/, шинжээч эмч*******ндармаагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч*******ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 207, 213 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 222 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дугаар тал/*******ийн Хаан банк дахь дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 94-120 дугаар тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “*******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нараас “Мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа хүсэлт гаргасныг прокуророос хангаж байгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээс гадна давхар ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, гэр бүлийн хүчирхийллийг байнга буюу 3 дээш үйлдсэн байхыг шаарддаг, *******г 5 удаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж, үүнээс 2 нь зөрчлийн хэрэг үүсгэн хаагдсан, мөрдөн байцаалтад буцаах саналтай, харилцан бие биеийнхээ биед гэмтэл учруулсан байхад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, зүйлчлүүлэх” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцэхгүй, манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээр маргахгүй байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулж, мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд,...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид,...ашигтайгаар шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч *******гийн доорх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүх дүгнэв.
Нэг. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******г “гэр бүлийн хамаарал бүхий эхнэр*******ийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан буюу
1. 2019 оны 01 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар багийн 19 дүгээр байрны 41 тоот гэртээ,
2. 2019 оны 07 дугаар сард наадмын өмнө,
3. 2019 оны 11 дүгээр сарын 02-нд,
4. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнө,
5. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараараа цохих хөлөөрөө өшиглөх, үсдэх, хоолой боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- Гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй дагавар хүүхэд У.Дийг байнга буюу 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод гараар цохих, хөлөөрөө өшиглөх, чихнээс нь зулгаах зэрэг байдлаар харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг “хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд,
- Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд “... ******* нь 2019 оны 01 дүгээр сарын дундуур Төв аймагт өөрийнхөө гэрт архи уусан байхдаа намайг “янхан, банзал, гичий” гэх зэрэг үгээр доромжлоод над руу аяга, шанагаа газар шидэж хагалаад хагархайг нь над руу шидсэн. Мөн заазуур авч шидсэн.
2/ 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот байранд ороод удаагүй байхад намайг гар хөлөөрөө цохиж зодоод, юм авч шидээд биеийг хөх няц болгож байсан.
3/ 2019 оны 11 дүгээр сарын 02-нд гэрт байхад намайг хардаад биеийн далд хэсэгт гараараа цохиж зодоод хөх няц болгоод хурууны хумсыг махтай хэсгээр нь хугалж өвтгөсөн. Өвдөөд уйлахаар хөнжлөөр ам дарж амьсгал боогдуулаад 9 давхраас шиднэ шүү ална шүү гэж дарамталсан. Шөнө 03 цаг хүртэл ингэж маргалдаж зовоож байгаад би 04 цагт ажилдаа явж байсан.
4/ 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гэрт байхад “хүү чинь намайг алах гэж байна үхээсээ гэж боддог” юм байна гэж уурлаад хүүхдийн утсыг над руу шидээд дух орчим цохиж хөрсөн.
5/ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ согтуу орж ирээд “хүний эхнэр шиг байж чадсангүй, өөдөөс инээсэнгүй” гэх зэргээр уурлаж хараагаад хоолой боож эрүүнээс чимхэж дээш татаад уруул бяцлаад биед хөх няц болтол гэмтэл учруулсан....” гэсэн мэдүүлэг/1хх38-40/,
- Насанд хүрээгүй хохирогч У.Д “...гэрт эмэгтэй хүн авчирсан гэж ээждээ хэлсэн гээд намайг чихнээс өргөөд хөндүүр болгосон. Э ах намайг хичээл хийлгэхдээ шанааны үснээс татах, хөлөөрөө өшиглөдөг, толгойноос дарж ширээ мөргүүлдэг, гартаа тааралдсан зүйлээ над руу шиддэг байсан. Нэг удаа хичээлээ тараад ирэхэд архи уучихсан чамайг цонхоор шиднэ гээд Содон хорооллын байрны цонхоор тонгойлгоод дарсан. Би айгаад хашхирахад гадуур явж байсан хүмүүс болиоч ээ гээд хашхирсан...манайхаас зайл гээд миний хувцастай чемоданыг үүд рүү шидээд би айгаад сургууль руугаа гүйгээд явсан. Ээжийг болохоор үсний үзүүрээс нь чирээд нөгөө жижиг өрөө рүү оруулдаг байсан. Анх миний гараас татдаг байж байгаад сүүлдээ миний шанааны үснээс зулгаадаг, чихнээс өргөдөг болсон. Намайг байнга зоддог байсан...” гэсэн мэдүүлэг /1хх58/, “...Э ахтай хоёр жилийн өмнөөс хамт амьдарч байгаа, хамт амьдарч байхад намайг загнадаггүй байсан. Ээжийг Содон хороололд байр авснаас хойш Э загнаж, зодож эхэлсэн. Яг хэзээ зодож байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хичээл хийлгэж байгаад баллаж сохлохоор монгол хэлний номоор толгой руу байнга цохидог, хичээл хийж байхад хөл рүү өшиглөдөг байсан...гэртээ архи ууж байгаад мөнгө өгөөд гадаа тогло гээд тоглож байгаад 1 цагийн дараа ирэхээр “чи яагаад гадаа тоглож байгаа юм” гээд миний гарыг мушгиж байсан...” гэсэн дахин мэдүүлэг /2хх41/,
- Гэрч Ү.Оийн “...Э, У нар Содон хороололд шинэ байранд орсноос хойш л миний охиныг зодож эхэлсэн юм билээ. Зодуулахаараа л над руу утасдаж уйлаад хэлдэг байсан. 2019 оны 11 дүгээр сарын эхээр Э намайг зодоод тарчлаагаад гэртээ ч очиж чадахгүй байна яах уу гэхээр нь гэртээ хүрээд ир гээд Дундговь аймагт ирэхээр нь би гар утсаараа зодуулаад хөхөрсөн зургийг нь авч байсан. 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр Э махчлаад намайг үсдэж зодоод хэцүү байна гэж утсаар ярьсан. 2020 оны 03 дугаар сарын дундуур над руу залгаад эмэгтэйчүүдийн Бр намайг зодсон гэж байсан. 2020 оны 04 дүгээр сард бас утасдаад байнга зодоод байхаар нь яахаас ч буцахгүй болчхоод хийсэн үйлдлийг дуурайдаг болчихлоо гэхээр нь гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Миний зээ Дийг эмээдээ хов ярих гэж байна гээд бид нартай утсаар яриулахгүй загнаад байдаг гэж хэлж байсан. Коронавирусээс болж 2020 оны 02 дугаар сараас хичээл нь амраад над дээр ирсэн. Мөн нэг удаа хөнжлөөр дараад ухаан алдуулж байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх60-61/,
- Гэрч Б.Бгийн “...миний дүү У нь өмнөх нөхрөөсөө 5 жилийн өмнө салсан, 10 настай нэг хүүтэй. 2018 оны сүүлээр нэг залуутай үерхээд байна гэж сонссон. Тухайн үед У хүүтэйгээ мөн дүү Г нарын хамт Модны 2-ын орчим байр түрээсэлж амьдардаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг хөдөө явж байхад Э над руу согтуу залгаад ханьтайгаа муудалцчихлаа гэж хэлсэн. 2 хоногийн дараа гэртээ ирэхэд У манайхаас явчихсан байсан. Эхнэрээс юу болсон талаар асуухад Уийн хөл нь хөхөрчихсөн үснээс нь зулгаасан Э нь эхнэрээ зодсон байна гэж мэдсэн. 2019 оны 09 билүү 10 дугаар сард У над руу залгаад Э намайг үсдээд ам дараад уруул язалсан, хамаг бие хөх няц болтол зодсон би гэртээ очиж чадахгүй байна хүүг маань дарамтлаад байгаа юм шиг байна, та хүүг миний очоод аваад өгөөч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх63-64/,
- Гэрч Б.Ггийн “...намайг хөдөө байхад эгч У нь 2019 оны 07 дугаар сард Эд зодуулаад наадмаар гэрээсээ гарч чадаагүй гэж ээжтэй утсаар ярьж байсан. Би 2019 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Э, У нартай хамт амьдарсан. Нэг удаа жижиг өрөөнд эгчийг дагуулж ороод татаж чангаагаад байгаа бололтой эгч “ёо ёо” гээд байхаар нь яваад ороход “том хүмүүс ярьж байна цаашаа бай” гэсэн. Тэгээд шөнө 03 цаг хүртэл загнаж байгаад унтсан. Хамт байх хугацаанд миний хажууд эгчийг зодож цохихгүй ч гэсэн эгч болон хүү Д нарыг дарамталсан харцаараа хөдөлгөсөн байдалтай харьцдаг байсан болохоор би хамт байж чадахгүй сургуулийнхаа байр руу оръё гэхэд эгч чамайг явчихвал намайг яаж ч магадгүй чи битгий яваач гэж гуйж байсан. Би амралтаараа Дундговь аймагт очсон байхад 2019 оны 11 дүгээр сард эгч Эд зодуулсан гээд хүүхэдтэй цуг ирж байсан. Тэгэхэд гар хөл нь хөхөрчихсөн ирж байсан. Орой бүр л хэрүүл хийдэг байсан захирсан тушаасан загнаж ярьдаг эгч өөдөөс нь юм ярьдаггүй ярих гэхээр салаавч гаргаад загнаад байдаг...Д 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт хөдөө явсан. Одоо ээж дээр хамт амьдарч байгаа...”гэсэн мэдүүлэг /1хх68-69/,
- Гэрч М.Дуламхорлоогийн “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны орой У манай гэрт ирж хонохдоо нөхөртөө байнга зодуулдаг гээд ар далныхаа хөхөрсөн газрыг надад харуулсан. Гоё сайхан мессеж бичиж байгаад гэртээ оруулсныхаа дараа зодож нүдээд хэцүү байдаг гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх71/,
- Гэрч Н.Гийн “...У эгч ажил дээрээ нөхөртэйгөө дүрсээ харж ярилцдаг байсан тэгэхэд нөхөр нь чанга дуугаар хараалын үг хэлж пизда минь утсаа ав, намайг сонс гээд дарамтлаад байдаг байсан. Нөхөр нь биеийн ил харагдах газарт цохиж зоддоггүй дандаа далд хэсэгт хөх няц болгож зоддог юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх66/,
- Гэрч Э.Болортуяагийн “...манай хажуу айлын залуу замын цагдаа юм шиг байна лээ. Тэгээд орой бүр л эхнэрээ загнаад л лалар минь гэх зэргээр харааж зүхээд байдаг. 2019 оны 08 дугаар сард хажуу айлд нөхөр нь эхнэрээ загнаад том дуугараад эхнэр нь ёо ёо гээд уйлаад түг түг гээд цохиод зодоод байх шиг байхаар нь би 102 руу утасдаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхэд хаалгаа тайлж өгөөгүй, явснаас нь хойш 2 цагийн дараа дахиад л нөхөр нь загнаад байсан. 2019 оны 11 дүгээр сард эхнэрээ зодоод эхнэр нь уйлаад ёо ёо гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд хаалга “тогшиход эхнэрээ дуугай бай гээд амыг нь бариад амьсгалж чадахгүй байгаа бололтой чимээ гараад байсан. Хүүхдээ ч гэсэн хичээл хийхгүй байна гэж орилж хашхираад зөв байна, буруу байна гэх зэргээр загнаад зодоод байгаа бололтой уйлуулаад байдаг. Нэг удаа хүүхдээ зодоод байгаа бололтой тэгсэн хүүхэд нь гараад гүйсэн эргээд чирээд орж байгаа бололтой чимээ гарч байсан. Хүүхдээ хүчээр л юм хийлгээд байх шиг байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх73/,
- Гэрч Я.Мөнхтулгын “...манай доод айлын хүмүүс байнга маргаантай нөхөр нь харааж зүхээд эхнэр нь бололтой эмэгтэй хүн болиоч ээ гээд уйлж байгаа сонсогддог. Хааяа хүүхэд нь ааваа болиоч ээ гэж байгаа нь сонсогддог. Том өрөөндөө асуудал үүсгэхгүй яг манай жижиг өрөөний харалдаа хэрүүл маргаан болдог. 10-14 хоног тутам хэрүүл маргаан болж 2-3 хоног дараалж хэрүүл зодоон болдог. Дандаа шөнө 23 цагаас эхлээд 03, 04 цаг хүртэл үргэлжилдэг. Манай эхнэр нэг удаа цагдаа дуудаад цагдаа ирээд явснаас хойш дахиад маргаан хэрүүл эхэлж байсан. 2020 оны 04 дүгээр сараас хойш тэр айлд хэрүүл маргаан гарахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх74-75/,
- Гэрч Б.Ангарагхүүгийн “...2 удаа дуудлагаар очиж байсан. Эхний дуудлагаар очиход хаалгаа тайлж өгөөгүй. Дараа нь 2019 оны өвөл нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу очиход нэлээн удаж байгаад нөхөр нь хаалгаа тайлсан. Гэр дотор бага насны нэг эрэгтэй хүүхэд байсан. Эхнэр нөхрийн хэн хэн нь зодоон цохион болоогүй гэж хэлж байсан. Эхнэрийг нь дуудаад худлаа яриад байгаа юм биш үү яагаад нуугаад байгаа юм гэхэд зодож цохисон асуудал болоогүй гэж хэлсэн. Мөн нөхөртэй нь ганцаарчлан уулзахад мөнгө төгрөгөөс болж хааяа маргаан гардаг юм сүртэй асуудал үүсээгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх79/,
- Гэрч А.Бадамсэдийн “...2 удаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагаар ирж байсан. Эхний дуудлагаар очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. Маргааш нь Э, У нартай уулзахад бид хоёр гэртээ байгаагүй хамаатны дүү нь гэрт ирж хоносон байна гэхээр нь зөрчлийн шинжгүй гээд дуудлагыг хааж байсан. 2 дахь дуудлагын дагуу Утэй уулзахад нөхөр нь зодож цохиогүй гэж хэлсэн. Дараа нь Уийн ээж нь гэх хүн манай хэлтэс рүү залгаад хүргэн охиныг маань зодоод байдаг юм шиг байна шалгаж өгөөрэй гэж хэлсэн байсан тул ээжтэй нь Уийн хажууд утсаар ярихад ээждээ Э бид хоёрын дунд хэрүүл маргаан байхгүй гэж хэлэхэд ээж нь чи өөрөө ингэж байгаа бол надад хэлэх үг алга гээд утсаа тасалсан. Мөн дуудлагыг хааж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх81/-ийг тус тус өгсөн байна.
Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт заасан гэмт хэрэгт холбогдуулан дээрх мэдүүлгийг үндэслэл болгон, яллах талын нотлох баримт гэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан.
Хохирогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх гаргасан нотлох баримт, өгсөн мэдүүлгийг шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болговол нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулах ба дан хохирогчийн мэдүүлгээр, тухайн хэрэгт сонирхол бүхий гэрч нарын мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал юм.
Нөгөөтээгүүр гэрч гэж “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, мөн Монгол хэлний журамласан тайлбар толь бичигт “гэрч” гэсэн үгийн утгыг “хэрэг явдлыг тодорхойлон батлахад холбогдох ямар нэгэн баримт гаргах этгээд, юм” гэж, гэрчийн хүн гэж “хэргийг үзсэн харсан хүн”, гэрчийн мэдүүлэг гэж “үзсэн харсан хүний өчиг” гэж тус тус тайлбарлажээ.
Дээрх гэрчийн мэдүүлгээс харахад тухайн гэмт хэрэг гарсан эсэхийг харсан хүн, батлах этгээд гэж үзэх боломжгүй, өөрт нь хэлсэн зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлгийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, тухайн үйл явдлыг шууд харсан гэрчийн этгээд гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар...эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.”, 3 дахь хэсэгт ”мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан бөгөөд хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд ******* нь хохирогч*******, насанд хүрээгүй хүүхэд У.Дийг байнга, зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотолсон “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” тогтоогдоогүй, гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.
Нөгөөтээгүүр Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ уг ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон; хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан; бусадтай харилцахыг хязгаарласан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн дөрвөн шинжийн аль нэг нь эсхүл хэд хэд нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Гэтэл Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн гурван шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаарддаг.
Хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын 102 дугаарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хоёр дуудлага ирснийг бүртгэсэн тухай лавлагаа, дуудлагыг шалгаад “зөрчлийн шинжгүй” үндэслэлээр хаасан баримтууд/1хх153,159-194/, гэрч Б.Ангарагхүүгийн “...эхний дуудлагаар очиход хаалгаа тайлж өгөөгүй. 2019 оны өвөл “нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход...эхнэр, нөхрийн хэн, хэн нь зодоон цохион болоогүй гэж хэлж байсан. Эхнэрийг нь дуудаад “худлаа яриад байгаа юм биш үү яагаад нуугаад байгаа юм” гэхэд “зодож цохисон асуудал болоогүй” гэж хэлсэн. Мөн нөхөртэй нь уулзахад “мөнгө төгрөгөөс болж хааяа маргаан гардаг, сүртэй асуудал үүсээгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх79/, гэрч А.Бадамсэдийн “...гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагаар очиж байсан. Э, У нартай уулзахад бид хоёр гэртээ байгаагүй хамаатны дүү нь гэрт ирж хоносон гэхээр нь зөрчлийн шинжгүй гээд дуудлагыг хаасан. Хоёр дахь дуудлагын дагуу Утэй уулзахад “нөхөр зодож цохиогүй” гэж хэлсэн. Дуудлагыг мөн хааж байсан...” гэх мэдүүлэг /1хх81/-ийг өгсөн байгаагаас үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу шалгасан боловч зөрчлийн шинжгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээгээгүй, прокуророос дээрх хоёр үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжид хамаатуулсан нь үндэслэлгүй, дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болдог.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл *******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, баримт цуглараагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасанчлан шүүгдэгчид ашигтай байдлаар дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр*******ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий нөхөр *******гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч *******гийн гэрчээр өгсөн “...би ажлаасаа орж ирсэн чинь У доошоо хараад зурагт үзээд суугаад байсан, “цай унд хийгээд өгчихгүй юм уу хайраа” гэсэн чинь дуртай дургүй хоол урд авч ирж тавьчхаад цаашаа явчихсан тэгэхээр нь би “чи юундаа уурлаад байгаа юм, хэн хэнийгээ өөрчилж сайхан амьдарна гэсэн хаана байгаа юм” гэхэд У “чи бид хоёр угаасаа бүтэхгүй ээ, чамаас би сална новш минь” гэсэн. Тэгэхээр нь би “чиний наад амнаас чинь дандаа сална гэх юм хаашаа янзын новш вэ чи” гэсэн чинь “чи муу ер нь юу юм, чи дандаа намайг дээрэлхэж байдаг гээд шууд хашхираад ”битгий хуц, пизда минь чиний энэ амбаараас чинь би зайлна за юу” гээд “чи амьдарч байгаа юм аа амбаар гэлээ” гэх зэргээр маргаан үүсэж эхэлсэн...У босож ирээд миний цээж орчим хумсаараа маажихаар нь цааш нь түлхсэн чинь эргэж ирээд миний баруун гуяны дотор хэсэгт хазсан. Тэгэхээр нь өвдөж байна пизда минь гээд цааш нь түлхсэн, тэгсэн чинь миний цагдаа тэлээг аваад намайг ороолгосон чинь миний толгойн ар хэсэгт оносон, дахиад ороолгосон чинь тэлээний арал миний хэвлийн зүүн хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /2хх93-94/, “...би гэрчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1хх97/
-*******ийн хохирогчоор “2020 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө гэрт байхад ялихгүй үйлдлээс болж пизда, янхан гичий гэх зэргээр харааж зүхээд гар хөл рүү цохиод намайг уйлаад буруу хараад сууж байхад зүүн талын дал руу маш хүчтэй цохихоор нь би босож ирээд цагдаа тэлээгээр мөр рүү нь ороолгосон. Тэгсэн чинь буйдан дээр хоолой боогоод дараа нь хана мөргүүлсэн. Жижиг өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлээд ам дараад хамар чимхээд амьсгал боогдуулахаар нь тэмцэлдэж байгаад салгахын тулд баруун гуяных нь дотор талаас нь хазсан. Тэгээд шөнийн 04 цаг хүртэл хэрүүл хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх38-40/,
- гэрч Н.Гийн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ нь гаргахгүй байна гэж надаар утасдуулаад гарч ирсэн. Өмнөх өдөр нь түлхэж, цохиж зодоод шөнийн 04 цаг хүртэл хэрүүл хийсэн гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээр нөхөр намайг зодсон чи утсан дээрээ миний зургийг авчих гэхээр нь бид хоёр хувцас солих өрөөнд ороод харахад хоолой нь хөхөрсөн, хамар нь хавдсан дээд уруулын дотор талд язарсан, нэг дал хэсэгт нь том хэмжээтэй хөхөрсөн, хоёр шилбэ нь хөхөрсөн байсныг нь би утсаараа зургийг авсан...” гэсэн мэдүүлэг /1хх66/,
- Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх26-29/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4718 дугаартай “Б.Уийн биед тархи доргилт, цээж, эрүү, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1хх100-101/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 873 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4718 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх111-113/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4777 дугаартай “*******гийн биед дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зулгаралт /хазагдсан шарх/, хэвлийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хазах, тэлээгээр ороолгох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх хэвлийн цус хуралтаас бусад гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэвлийн цус хуралт гэмтэл нь дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1хх120-121/,
- шинжээч эмч*******ндармаагийн “...*******гийн биед учирсан дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хэвлийн цус хуралт гэмтэл нь зурган дээр байгаа тэлээний аралтай болон аралгүй хэсгээр цохих, ороолгох үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх-78/,
- *******гийн албаны хэрэгцээнд хэрэглэж байсан тэлээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх84-85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.
*******,******* нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх206/, тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тус тус хуульчилжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл *******,******* нар хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа /хардалт/-ны улмаас маргалдаж, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх хуульд зааснаар шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр, харилцан нэг нэгнийхээ бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл *******,******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, хувийн таарамжгүй байдлын улмаас харилцан зодолдож, хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******,******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэн аль нь гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн.
Иймээс шүүгдэгч *******,******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ут 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нараас “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгчөөс “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөргүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг танилцуулсан болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар *******,******* нар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (1хх217,218) ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн маргааны улмаас маргалдан, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарт хөнгөн хохирол учирсан ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан/, шүүгдэгч нарын хувийн байдал /хийсэн үйлдлээ хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ут 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон, тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзсэн боловч Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн
- 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”,
- 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан,...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”,
- 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалт, шаардлагыг шүүгдэгч нарын хувьд хангасан буюу өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, дээрх хуулийн 4.1, 4.2-т заасан шаардлага, нөхцөлийг хангасан, бусдад төлөх төлбөргүй байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. Тодруулбал:
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг[1]т зааснаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн тохиолдолд холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008018241194 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ууттай “үс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч *******,******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******г Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Жадамбаа овогт Дгийн Э, Цагаан овогт Бын У тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
- шүүгдэгч *******д 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-*******т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн 2008018241194 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ууттай “Үс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
[1] Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.”