| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00395/и |
| Дугаар | 334 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 334
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00334 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Дөрөлтний-Ар гэх газар оршин суух Бааяа овгийн Цэдэндамбын Чойнпүрэвийн /РД:АЕ60021079/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэв, гэрч Х.Батсайхан, Ч.Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэв шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтыг үндэслэн 1984 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэв шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1978 оноос 1981 онд цэргийн алба хаасан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар Хайрхан баг, Бодонт баг гэсэн хоёр хэсэгт ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэв нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... П.Чойнпүрэв, ... нар эхээс 72,7-90,5 хувиар унага бойжуулсан тул тус бүр 150 төгрөгөөр бүгд 450 төгрөгөөр шагнасугай гэсэн Архангай аймгийн Өлзийт Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1986 оны 12 сарын 27-ны өдрийн 1 тоот тогтоол,
1.2. Тарианд малаа оруулж зохих хэмжээний хохирол учруулсан хүмүүст хавсралтанд зааснаар торгууль оногдуулсугай. Хавсралтанд: Цэдэндамба Чойнпүрэв, Хайрхан хэсэг, 600 төгрөг гэсэн “Төлбөр оногдуулах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоол,
1.3. Бодонт хэсгийн адуучин Цэдэндамбын Чойнпүрэвийн хулгайд алдагдсан нэгдлийн 3 морины хэрэг иргэний нэхэмжлэгчээр ерөнхий ня-бо Т.Гармааг томилсугай гэсэн “Иргэний нэхэмжлэгч томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 19 тоот тушаал,
1.4. 1988 оны жилийн эцэст сүлд модны наадмын ажиллагаанд оролцсон малчид тариаланчид 140 хүнд бэлэг дурсгалын зүйл олгохоор тогтоосныг хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Бэлэг авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Чойнпүрэв гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 03 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол,
2. Цэдэндамбын Чойнпүрэвийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Бодонт бригадад малчнаар 1984 онд ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 326 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Х.Батсайханы: “Ц.Чойнпүрэв бид хоёр багаасаа нэг голд өссөн. Ц.Чойнпүрэв нь 1982 оноос аавтайгаа хамт адуу маллаж байгаад 1989 он хүртэл тасралтгүй малласан. Аав нь улсын аварга адуучин Цэдэндамба гэдэг хүн байсан. Би Бодонт багт 1980 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Ц.Чойнпүрэв өөр суманд шилжин ажиллаж байгаагүй, бид нэг бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ч.Ерөөлтийн: “Намайг 1982 онд тооноор очиход Ц.Чойнпүрэв нь Өлзийт сумын Өрнөл нэгдэлд аавынхаа туслах адуучнаар ажиллаж байсан. Ц.Чойнпүрэв нь 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би Өлзийт сумын Өрнөл нэгдэлд нягтлан бодогчоор 1975 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэвийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Х.Батсайхан, Ч.Ерөөлт нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэвийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Өлзийт Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1986 оны 12 сарын 27-ны өдрийн 1 тоот тогтоол, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 сарын 05-ны өдрийн 50 тоот, 1989 оны 03 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 19 тоот тушаал, Цэдэндамбын Чойнпүрэвийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Бодонт бригадад малчнаар 1984 онд ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 326 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Х.Батсайхан, Ч.Ерөөлт нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэвийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаар бичгийн нотлох баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч Ц.Чойнпүрэвийн “би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан” гэх тайлбар, гэрч Х.Батсайханы “Ц.Чойнпүрэв нь 1982 оноос аавтайгаа хамт адуу маллаж байгаад 1989 он хүртэл тасралтгүй малласан. Ц.Чойнпүрэв өөр суманд шилжин ажиллаж байгаагүй, бид нэг бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ерөөлтийн “Намайг 1982 онд тооноор очиход Ц.Чойнпүрэв нь Өлзийт сумын Өрнөл нэгдэлд аавынхаа туслах адуучнаар ажиллаж байсан. Ц.Чойнпүрэв нь 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, Цэдэндамбын Чойнпүрэвийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Бодонт бригадад малчнаар 1984 оны 07 сараас эхлэн авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 326 тоот цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ц.Чойнпүрэвийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бааяа овгийн Цэдэндамбын Чойнпүрэвийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА