| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/1087/Э/220/2021/0876 |
| Дугаар | 2021/ШЦТ/1147 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1147
2021 11 16 2021/ШЦТ/1147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******олонго,
улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолт/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 210800000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монсо коллежид оюутан, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянгол 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Мгийн С /РД:**00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон дахь сагсны талбайд иргэн Б.Бтай “Бөмбөг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гайморын хөндийд дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын мэдүүлэг / хавтаст хэргийн 9-р хуудас/, гэрч Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/, гэрч М.Билгүүний мэдүүлэг / хавтаст хэргийн 15-р хуудас/, гэрч Б.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/, *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-р хуудас/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8488 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /хавтаст хэргийн 41-р хуудас/,
- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 56-60-р хуудас/, хохирлын тооцоо /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,
- шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлын 562.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, хорооны тодорхойлолтыг шинээр гаргаж өгөв,
- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, эд хөрөнгөтэй талаар лавлагаа /хавтаст хэргийн 37, 39 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах” тухай,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээж байгаа, маргах зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэх дүгнэлтийг тус тус гаргаж танилцуулсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон дахь сагсны талбайд иргэн Б.Бтай “бөмбөг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Б.Бын “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны сагсны шийдэн дээр найз Мөнх-Эрдэнэ, С нартай сагс тоглож байсан чинь Стой маргалдсан. Гэтэл миний нүүр рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон чинь хамраас их хэмжээгээр цус гарсан. Найз Билгүүнийг дуудаад Гэмтлийн эмнэлэг орсон чинь засах боломжгүй, хувийн эмнэлгээр явж мэс засалд орох хэрэгтэй гээд эмчилгээ хийлгээгүй. Би гэрийнхэндээ мэдэгдэхээс их айсан. Бас найзыгаа бодоод гэртээ хариагүй Билгүүний гэрт нь хэд хоносон. Тэгээд хувийн эмнэлгээр явж хамрынхаа зургийг авхуулсан чинь хагалгаанд орно гээд их мөнгө хэрэг болсон учраас гэртээ хариад гэрийнхэндээ мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-8/,
- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү Б нь найз Сийн хамт гэрээсээ гарсан байсан. Утсаа авахгүй байхаар нь найз Билгүүнтэй 96090380 дугаараар холбогдоод хүү Б, С нарыг асуусан чинь Быг ангийнхаа хүүхдүүдтэй явсан гэж хэлсэн. Сүүлдээ надад худлаа хэлээд хүүгийн хаана байгааг хэлэхгүй байхаар нь арга ядаад “цагдаа шүүхээр явна шүү” гэхэд хүү 08 дугаар сарын 29-ний өдөр над руу фейсбүүкийн мессенжерээр “ээж надад санаа зовох хэрэггүй шүү. Би хэд хоногоос гэртээ харина” гэсэн мессеж үлдээсэн байхаар нь тайвширсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Бтай яриад эмнэлэг дээр уулзсан чинь нүүр ам нь битүү хавдартай байсан...Хүүгээс юу болсныг асуухад “Сагс тоглож байгаад С нүүр рүү тохойлдсон” гэж хэлсэн. *******той уулзахад “Сагс тоглож байгаад маргалдаад тохойлдсон, эргэж хараад цохисон” гэж өөр өөрөөр яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-9/,
- гэрч Э.Мөнх-Эрдэнийн “...Хилчин хотхоны сагсны шийдэн дээр бид гурав тоглож байсан чинь С, Б нар хоорондоо заамдалцаад байхаар нь салгасан. Сийн өмсөж байсан футболкийг Бтай ноцолдож байхдаа урчихсан байсан. С футболкоо тайлаад сууж байхад нь Б очоод “чи хувцсаа тайлж яах гэж байгаа юм” гэсэн чинь С гараа зангидаж байгаад Бын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон чинь хамраас нь цус их хэмжээгээр гараад хавдсан...Б, Сийг огт цохиогүй. Харин үгээр идээд хоорондоо хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,
- гэрч М.Билгүүний “...найз С, Б, Мөнх-Эрдэнэ нар манай байрны сагсны шийдэн дээр тоглож байгаад намайг дуудсан. Би гараад очтол Бын хамраас нь их цус гараад байсан. Б бид хоёр Гэмтлийн эмнэлэг орсон чинь хамар нь хугарсан байна гэж хэлээд хувийн эмнэлэгт үзүүл манай дээр эмчлэх боломжгүй гэсэн. Юу болсон талаар асуухад сагс тоглож байгаад С, Б нар хоорондоо маргалдаад С, Быг нэг удаа цохисон гэж Мөнх-Эрдэнэ, Б, С нар хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-15/,
- *******ийн яллагдагчаар өгсөн “...Мөнх-Эрдэнийн хамт Хилчин хотхоны сагсны шийдэн дээр сагс тоглож байсан чинь Б, Мөнх-Эрдэнэ хоёр хоорондоо тоглоод надад бөмбөг өгөхгүй байхаар нь би “за энэ хоёр надад бөмбөг өгөхгүй байна” гээд хараад байж байсан чинь Б намайг чи тоглооч гээд байсан. Тэгэхээр нь би “надад бөмбөг өгөхгүй байна” гэсэн чинь чи өөрөө бөмбөгөө аваач гээд бид хоёр маргалдаад барьцалдаад заамдалцсан чинь Мөнх-Эрдэнэ дундуур орж салгахад нь Б миний футболкноос тавиагүй зулгаагаад урчихсан. Миний футболк урагдаад өмсөх аргагүй болсон болохоор тайлаад газар явган сууж байсан чинь Б над руу “чи яагаад футболкоо тайлж байгаа юм, би чамаас айхгүй шүү хөөе” гээд миний баруун талд тонгойгоод зогсохоор нь би уурандаа зүүн гараа зангидаж байгаад нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь хамраас нь цус гарсан. Б “чи миний хамрыг хугалчихлаа” гэсэн, найз Билгүүнийг дуудаж, Бтай хамт эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд өөр эмнэлэг рүү явах хэрэгтэй зургийг нь авхуул гэж хэлсэн гэсэн. Б ийм байдалтай гэртээ харих юм бол болохгүй гээд Билгүүний гэрт хэд хоносон. Б “тоглож байхдаа тохойлдоод уначихсан” гэж хэрээрэй гээд байсан болохоор би эхлээд Бын ээжид нь тэгж хэлээд дараа нь үнэнээ хэлж маргалдаад нэг цохисон гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-51/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8488 дугаартай “хэсэг газрын үзлэгээр зүүн нүдний доод зовхинд зурвас төдий бүдэг ягаан өнгийн шимэгдэж арилж буй цус хуралттай, хамрын нуруу зүүн тийш бага зэрэг мурий, хамар яс тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, биед өөр ил харагдах гэмтэлгүй, Хаппи веритас эмнэлгийн гавал тархины КТГ-т 2 талын ухархайн бүтэц хэвийн, зүүн талын гайморын хөндийн агааржилт буурсан, шингэн хуралдсан, зүүн гайморын хөндийн дээд хана хугарсан, 2 талын хамар ясны бүтэц алдагдсан, хугаралттай, хамрын таславч мурийлт зүүн тал руу 6 мм хэмжээтэй С хэлбэрээрээ үүссэн. ЭМЖЖ эмнэлгийн эмчийн үзлэгээр хамар ясны хугарал, таславч мурийх гэжээ.
Б.Бын биед зүүн гайморын хөндийн дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн турийлт, зүүн зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...” гэх дүгнэлт /хх-22-23/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /хх-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр иргэн Б.Бын эрүүл мэндэд халдаж /цохих/, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өөрөөр хэлбэл ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бын эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учирсан ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нийт 561.389 төгрөгийн баримт/хх56-60/-ыг хэрэгт гаргаж өгсөн, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Чаас “...эмчилгээний зардалд баримтаар 560.939 төгрөг зарцуулсан. Зарим эм тариа авахдаа баримтгүй газраас авсан. Хагалгаанд ороход танил хүнээрээ яриулж, төлбөргүй хагалгаанд хамрагдсан учраас эмч нарт 500.000 төгрөгийг өгсөн, замын зардал, хоол хүнсэнд 500.000 төгрөг, ажлаасаа чөлөө авсан нэг сарын цалин 850.000 төгрөг зэрэг нийт 2.550.000 төгрөгийн зардал гарсан байна. Энэ зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-9/-ийг мэдүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.М/шүүгдэгчийн ээж/ нь данс /Хаан банкны 5025382257 тоот/-нд 562.000 төгрөгийг “Бын эмчилгээний зардалд Соос” гэсэн утгатайгаар Хаан банкны мобайл гүйлгээгээр шилжүүлсэн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн байх тул хохирогч талын баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч ******* төлж барагдуулсанд тооцож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалтай холбоотой гэж тодорхойлсон хагалгаа хийсэн эмч нарт өгсөн 500.000 төгрөг, замын зардал, хоол хүнсэнд зарцуулсан 500.000 төгрөг, нэг сарын цалин 850.000 төгрөгийн талаарх баримтыг гаргаж өгөөгүйн улмаас гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч нь уг гэмт хэргийн улмаас Б.Бын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дээрх хохирол төлбөртэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар учирсан 562.000 төгрөгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 18 настай, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж, мэтгэлцсэн болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ийг эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй (хх-42), гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөхгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Монсо коллежид суралцдаг, эх, дүү нарын хамт амьдардаг/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотоос явахыг нэг сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирохоос гадна, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэхэд бодитой үр нөлөөтэй гэж үзсэн.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэж Шүүх дүгнэсэн.
Шүүгдэгч ******* нь 18 настай, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 23 дугаар гудамж 12Б тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-45/-оор, тэрээр хохирогчид учруулсан гэмтлийг нэг удаагийн үйлдлээр цохиж учруулсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тус тус тогтоогдсон, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэрэгт дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлээс гадна, шүүхээс гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх /гэм буруугийн зарчим/, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл буюу зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр ногдуулсан нь хуульд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон хүнд биш ял бөгөөд шүүгдэгчийн хүсэл зоригт нийцсэн байх, амьдралын нөхцөлд таарсан байх албагүй, эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх шаардлагагүй гэж Шүүх үзсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн, шударга ёсны зарчимд тулгуурлаж шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000001352 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Мгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотоос явахыг 1 (нэг) сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн 2108000001352 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын “эмч нарт өгсөн 500.000 төгрөг, замын зардал, хоол хүнсэнд зарцуулсан 500.000 төгрөг, нэг сарын цалин 850.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага”-ыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР