Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 10

 

2017 оны 6 сарын 05 өдөр Дугаар 226/МА2017/00010                                                        Хэрлэн сум 

Монголросцветмет ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт

  холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00010/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Б.Цэнд-Аюуш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаагийн даргалсан шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор Монголросцветмет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох “№2013/02 дугаартай ус ашиглуулах гэрээнд заасан усны төлбөрийн хэмжээ үндэслэлгүй болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Б.Цэнд-Аюуш нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет” ХХК-ний харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр  болон Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд байгуулсан №2013/02 тоот Ус ашиглуулах гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг тогтоолгож, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээг нийт 376 445 268 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Байгаль орчны газартай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №2013/02 тоот “Ус ашиглуулах гэрээ”-г байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу усны төлбөрт нийт 1 156 699 920 төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Дээрх 2013 оны 11 дүгээр сарын 15 өдрийн ус ашиглуулах тухай №2013/02 тоот гэрээний гол нөхцөл болох усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон заалт нь холбогдох эрх зүйн актыг буруу хэрэглэсэн, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа болно. Тодруулбал: Гэрээгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2013 оны      9 дүгээр сарын 21 өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.

Тогтоолын 3 дах заалтаар “Ус ашигласны хувь хэмжээг шинжлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоолыг 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрөөс хүчингүй болсонд тооцсон ба өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол батлагдан гарах хүртэл хугацаанд “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Иймд тус компанийн 2013 оны усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооход дээрх 2 тогтоол аль аль нь үйлчлэх бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоолын дагуу, 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуусталх хугацаанд Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор баталсан хувь хэмжээгээр тооцох ёстой байсан гэж үзэж байна. Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 08/6978 тоот албан бичгээр баталгаажуулсан болно. 

Хэнтий аймгийн Байгаль орчны газраас байгуулсан №2013/02 тоот Ус ашиглуулах гэрээний 2.7-д гэрээний бүгд үнийг 1 156 699 920 төгрөг байхаар тооцсон нь үндэслэлгүй энэ нь манай компанийг 780 254 652 төгрөгөөр хохирооход хүргэж байгаа болно. Манай компани шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаж шинжээчийн дүгнэлтээр Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд усны нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг Засгийн газрын 351 дүгээр тогтоолыг, 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс хойшхи хугацаанд Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолыг баримтлан тогтоосон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

“Монголросцветмет” ХХК-ний харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 оны ус ашиглуулах дүгнэлтийг Байгаль орчны яам 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07/1687 дугаартай дүгнэлт гаргасан. Хэнтий аймгийн Байгаль орчны газар нь “Монголросцветмет” ХХК-ний харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэртэй ус ашиглуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2013/02 гэрээг байгуулан ажилласан.

Байгаль орчны газраас гаргасан ус ашиглах дүгнэлтийн дагуу Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалын дагуу үнэлгээг тооцон гаргахад 2009 оны Засгийн газрын 351 дүгээр тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалыг итгэлцүүрээр бодох боломжгүй. Харин 2013 оны 326 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалыг итгэлцүүрээр бодохоор заасан байдаг.

2013 оны 327 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолоор батлагдсан “ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсан байдаг. Иймд Засгийн газрын 302, 326, 237 дугаар тогтоолын дагуу усны төлбөрийг тооцож гаргасан нь үндэслэлтэй. 

Засгийн газрын 326 дугаар тогтоол гарснаас хойш ус ашиглуулах тухай 2013/02 дугаартай гэрээг байгуулахдаа дээрх тогтоолтой нийцүүлж усны төлбөрийг тооцсон” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаар: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 193 дугаар зүйлийн 193.2-д  заасныг баримтлан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 15 өдөр байгуулагдсан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт 2013 онд ус ашиглуулах №2013/02 дугаартай гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ 376 445 268 төгрөг болохыг тус тус тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу 2013/02 дугаартай гэрээний 2.7-д зааснаас бусад хэсэг хүчин төгөлдөр хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 2 040 176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2 040 176 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Монголросцветмет ХХК олгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан гэх усны үнийн дүнг  нэхэмжлэгч  “Монголросцветмет” ХХК нь  376 445 268 төгрөгөөр,   мэргэжлийн хяналтын газрын ажилтан С.Амгаланбаатарын  дүгнэлтэнд 439 055 182 төгрөгөөр, Хэнтий аймгийн Байгаль  орчин, аялал жуулчлалын газар 479 817 290 төгрөгөөр тус тус тооцсон нь зөрүүтэй байх тул эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, бодит үнийн дүнг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт холбогдуулан Монголросцветмет ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт 2013 онд ус ашиглуулах № 2013/02 дугаартай гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг тогтоолгож, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ 376 445 268 төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь гэрээнд заасан  усны үнийг үндэслэлтэй  гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Б.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь  нар нь харилцан тохиролцож Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээг 400 000 000 төгрөгөөр тооцож, уг мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар  эвлэрлийн гэрээг байгуулсан нь  хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2040176 төгрөгийн 50 % болох 1020088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.4 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Монголросцветметийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2040176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчны газраас 1020088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-нд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Зохигчид хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДЭНСМАА 

 

             ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

                         Я.АЛТАННАВЧ