| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0133/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2016-07-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0133/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн***** холбогдох 201609000175 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *****, /регистрийн дугаар: /, Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт 1992 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн ***** суух, бүрэн дунд боловсролтой, дулааны зуухны оператор мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ Шүүгдэгч ***** нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *****, “Дархан-Их” дэлгүүрийн 3 давхрын эмэгтэй бэлэн хувцасны 324 дүгээр лангуунаас 2 ширхэг эмэгтэй хүний пальто хулгайлан авч иргэн*****т 200,000 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн орчим Дархан Их дэлгүүрийн “Ижии-1” хайпермаркет дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн хулгайлан авч 206,900 /хоёр зуун зургаан мянга, есөн зуу/ төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ***** багийн нутаг дэвсгэрт байрлах*****” зочид буудлын 202 тоот өрөөнд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн *****ийн өмчлөлийн “Самсунг галагкси жи-7” загварын гар утсыг хулгайлан авч 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийн, нийт 1,036,900 /нэг сая, гучин зургаан мянга, есөн зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *****ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байгаад өглөө 10 цагийн үед Дархан Их дэлгүүр орсон. Тэгээд 3 давхарт нь гараад явж байгаад нэг онгойгоогүй лангуу байхаар нь тухайн үед цахилгаан шат бас ажиллахгүй байсан. Тэгэхээр нь тэр лангууны шилэн хаалтны дээгүүр гараа оруулан цахилгаан шатан дээр зогсож байгаад 2 пальто авсан. Тэгээд шууд гараад зах ороод зарах гээд явсан боловч зарагдахгүй байхаар нь гэртээ авч ирээд маргааш нь зарах гээд зах дээр явж байтал миний пальто хулгайлсан лангууны эзэн нь зах дээр гоо сайхны лангуун дээр суудаг байж таараад тэгээд тэр эгчид баригдсан. Тэр эгч надаас хоёр пальтогоо авна гэхээр нь би нэгийг нь өмсчихсөн нөгөөг нь хүнд зарах гээд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгсэн өмссөн пальтоныхоо мөнгийг нь өгчих, хүнд зарах гээд өгсөн пальтогоо өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнд зарах гээд өгсөн байсан пальтогоо тэр эгчид өгөөд өөрөө өмссөн пальтоныхоо мөнгийг өгөхөөр болсон. 2016 оны 3 дугаар сарын дундуур мөнгө олдохгүй байсан учраас 30,000 төгрөгийг пальтоны эзэнд өгсөн. Пальтоны эзэнд үлдсэн мөнгөө өгөхгүй бол цагдаад хэлнэ гээд айлгаад байхаар нь “Дархан-Их” дэлгүүрийн нэг давхрын шилний лангуунаас нэг ширхэг эмэгтэй нүдний шил аваад тухайн үед худалдагч нь байхгүй байсан, тэгээд доошоо “Ижий” хайпермаркетаас 2 уут живх, тахианы гуя 10 ширхэг, хөлдүү загас 4 ширхэг тус бүрийг авсан. Тахианы гуя, загасны махыг хүн өгсөн гэж хэлээд гэртээ аваачиж идсэн, харин 2 уут живхийг нь зах дээр нийлүүлээд 70,000 төгрөгөөр соёлын барааны худалдагчид зарсан. 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хотод найзындаа 3 хоноод ирээд гэртээ 2-3 хонож байгаад цагдаад баригдсан. “...тэгээд 22 цагийн үед би буудлын өрөөнөөс гарахдаа*****ийн өрөөний өлгүүрт өлгөсөн байсан цүнхний урд талын цахилгаантай жижиг халааснаас түүний унтраагаад далд хийсэн гар утсыг аваад гарсан.*****бид хоёр Дархан буудлын харалдаа зам дээрээс таксинд сууж явсан. Таксинд явж байхдаа ***** би*****ийн гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн. Үүрээр 04:00 цагийн үед*****гийн утсаар найз *****тай утсаар яриад удалгүй өөрийн соната-5 маркийн автомашинтай намайг ирж авсан. Тэгээд***** бид хоёр шууд Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод 10 цагийн үед очоод шууд Теди төв уруу явсан.*****ийн гар утсыг аваад өгч Тедигийн гадна талд байдаг ченжид 90,000 төгрөгөөр зараад 40,000 төгрөгөөр хоол унд идээд дуусгасан, үлдсэн 50,000 төгрөгийг өрөндөө өгсөн. Би*****ийн шаргал өнгийн галакси жи-7 маркийн гар утсыг хулгайлсан.*****ийн гар утсыг аваад*****д өгч заруулсан болохоор ямар хүнд зарсныг мэдэхгүй байна,*****гаас асуухад ***** дугаарын утаснаас найз уруугаа ярьсан байсан. Мөрдөн байцаалтад хулгайн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд хохирлын 459,000 төгрөг төлөх ёстой байгаа. Би согтуудаа энэ гар утсыг хулгайлаад зарчих юм бол хохирлоо барагдуулна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дахь тал/, Би дахин хулгай хийхгүй, дээрх хулгайн хэргүүдийг үйлдсэндээ харамсаж байна.” гэх гэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахьтал/, Учруулсан хохирлоо бүгдийг нөхөн төлсөн, ахин хулгайн хэрэг хийхгүй байж чадна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн 1 давхрын нүдний шилний лангуунаас нүдний шил алдагдлаа гээд худалдагч нь орж ирээд хяналтын камер шүүлгэхэд 20-30 насны биеэрхүү эмэгтэй байсан бөгөөд толгойгоороо алчуур ороочихсон лангуунаас нүдний шил аваад гарч байсан. Тэгээд би аль хаалгаар гарахнуу гээд үргэлжлүүлэн камер шүүгээд байж байтал доошоо Ижии хайпермаркет уруу ороод хүүхдийн ахуй хэрэглээний тасгаас хүүхдийн живх болон тахианы мах зэргийг цүнхлээд хаалгаар буцаад гарахаар нь би цагдаад мэдэгдсэн. Хүүхдийн живх 80 ширхэгтэй 2 боодол нийт 169,500 төгрөг, харин загасны мах 2 кг 17,000 төгрөг, тахианы мах 3 кг 20,400 төгрөг, нийт 206,900 төгрөгийн хохирол учирсан. Намайг хяналтын ажилтан болохоор Дархан-Их дэлгүүрийн захиргаа миний цалингаас дээрх 206,900 төгрөгийг хассан учраас энэ хохирлоо гаргуулж авах шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, дахин байцаасан: “...Камерын бичлэг бүхий сидинд Дархан-Их дэлгүүрийн нарны шилний лангуунаас***** гэдэг хүүхний нарны шил хулгай хийж байгаа болон 3 давхрын эмэгтэй хувцасны лангуунаас 2 ширхэг пальто хулгай хийж байгаа бичлэгүүдийг харуулсан байгаа. Хохирлын 206,900 төгрөгийг***** бэлнээр төлсөн учир миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, Хохирогч*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би доошоо бууж Дархан-Их дэлгүүрийн хяналтын камерыг шүүлгэхэд залуу эмэгтэй хүн шатан дээр зогсож байгаад манай лангуунаас 2 ширхэг пальто хулгайлж авч байгаа бичлэг байсан. Бичлэгийг би төрсөн дүү*****т үзүүлтэл би наад эмэгтэйг чинь харсан юм байна гэж хэлэхээр нь би цагдаад хандаагүй. Тэгсэн манай дүү***** нилээд хэд хоногийн дараа надад таны лангуунаас пальто хулгай хийсэн хүүхэн манай лангууны ойролцоо явж байна гэж хэлсэн. Тэгээд зах дээр очоод миний барааг хулгай хийсэн***** гэдэг хүүхэнтэй уулзсан. Тэр хүүхэн манай лангуунаас 2 ширхэг пальто хулгай хийснээ хүлээн зөвшөөрөөд 2 пальтогоо манай дүү*****т өгсөн байсан. Ягаан өнгийн үсэрхэг материалтай пальто нь шинэ байсан учраас би эргүүлж авсан. Харин саарал өнгөтэй пальтог***** гэдэг нь өөрөө өмсөөд бага зэрэг хуучирсан байсан учраас би авахгүй гэж хэлээд буцааж өгсөн. Манай лангуунаас хулгай хийсэн***** гэж эмэгтэй би удахгүй нэг пальтоны мөнгийг чинь төлнө, та харин битгий цагдаад хэлээрэй гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлээгүй. Саарал пальтог 110,000 төгрөгөөр зарж байсан бөгөөд***** тэр пальтоны үнэ болох 110,000 төгрөгөөс 30,000 төгрөгийг нь нилээд хэд хоногийн дараа авчирч өгсөн. Үлдсэн 80,000 төгрөгийг өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, “... Миний бие***** нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *****оос хулгайлагдсан барааны үлдэгдэл мөнгөө авч, хохиролгүй болсон тул гомдолгүй болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 124 дэх тал/, Хохирогч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нилээн согтоод унтахаасаа өмнө самсунг галакси жи-7 маркийн гар утсаа унтраагаад өрөөний өлгүүрт байсан цүнхнийхээ цахилгаантай жижиг халаасанд хийсэн. Тэгээд 21 цаг 40 минутын үед унтсан. Нойрон дунд***** миний гар утсыг асуухаар нь би цүнхнийхээ урд талын жижиг халаасанд байгаа гэж хэлснээ санаж байгаа юм. Би унтаж байгаад шөнийн 03 цагийн үед сэрээд өрөөндөө ганцаараа байсан урчаас*****тай холбоо барих гээд утсаа авах гэсэн чинь цүнхний урд талын жижиг халаасанд миний гар утас байхгүй, цүнхний цахилгаан нь онгорхой байсан. Тэгээд буудлын ресепшин дээр очиж би өрөөнөөсөө утсаа алдчихлаа, маргааш ирж камерын бичлэгийг чинь үзье гэж хэлээд гарч явсан. Гэртээ 04:00 цаг болж байхад ороод эхнэрийнхээ утсаар*****тэй ярихад*****,*****хоёрыг өрөөнөөс гарсны дараа чиний утсыг хайгаад олоогүй. Цүнхний чинь халаас онгорхой байсан гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байхад***** дугаараа нууцалсан утаснаас надтай ярихдаа “миний жижиг цүнх байхгүй байна, дотор нь 20,000 төгрөг байсан” гэж хэлэхээр нь би чиний цүнх, мөнгийг чинь мэдэхгүй, миний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Шаргал өнгийн корпустай, галакси жи-7 маркийн гар утас байсан. 2016 оны 3 дугаар сард Дархан Их дэлгүүрийн гар утасныхаа лангуунаас 640,000 төгрөгөөр худалдаж авсан. Шинэ гар утас байгаа юм.*****,*****хоёрыг сэжиглэж байна. Гар утсаа авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, дахин байцаасан: “... энэ хэрэг явдал болсны дараа*****,*****хоёртой би хоёулантай нь хамт уулзахад*****миний дэргэд*****ыг чи*****ийн гар утсыг хулгайлсан ш дээ чамайг гар утсыг нь авсан байхад би болохгүй, хүнд нь эргүүлж өг гэхэд чи үгэнд ороогүй, бас*****ийн дугаарыг чамаас асуухад чи*****ийн дугаарыг хэлэхгүй байсан чинь үнэн биз дээ гэж хэлж байсан. Хохирол төлөгдөхгүй бол би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, “...*****овогтой***** би 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн *****оос хохирлоо барагдуулан оронд нь утас авсан нь үнэн болно. *****т дахин санал, гомдол байхгүй болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/, Иргэний нэхэмжлэгч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...лангууны маань үүдний хэсгийн арын тавиур дээр байсан эмэгтэй загварын хар өнгийн шар хүрээтэй нарны шил алдагдсан байсан. Тэгээд доошоо бууж камер шүүлгэхэд нэг үл таних эмэгтэй манай лангуу уруу ороод шил үзэж байгаа юм шиг байснаа тухайн шилийг зүүгээд гарч явж байсан. Тэр нүдний шилээ 45,000 төгрөгөөр худалдаалж байсан, хулгай хийсэн эмэгтэй нүдний шилээ буцааж өгөхөөр ирээд шилийг үзэхэд нүүрэн дээрээ нилээн олон зурагдсан байсан учраас шилийг эргүүлэн аваагүй. Хохирол төлөгдсөн тохиолдолд гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн гар утсыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, над дээр ирсэн залуу өөрийнхөө эд зүйлийг зарах гэж байгаа юм шиг байсан. Сүүлд над уруу нэг охин залгаад байхаар нь би чи 90,000 төгрөг олоод ир тэгээд би утсыг чинь олоод өгье гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, Гэрч*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Дархан буудлын урд талаас таксинд суусан чинь***** надад “би гар утсыг нь авчихлаа гээд цамцан дотроо боосон байсан гар утсыг харуулахаар нь чи юу яриад байгаа юм бэ цуг ууж, идчхээд болохгүй ш дээ буцаагаад хүнд нь өг гэж хэлсэн чинь би утсыг нь авах гэж орсон юм гэж хэлсэн. Маргааш үүрээр 04 цаг өнгөрч байхад***** миний утсаар нэг хүнтэй яриад нөгөө хүн нь саарал өнгийн соната-3 машинтай ирж авсан. Би*****г гараад явангуут нь***** уруу залгаад***** хүний гар утас хулгайлчихсан байна, би тэр гар утсыг нь өг гэсэн чинь өгөхгүй байсаар байгаад гараад явчихлаа гэж хэлсэн. Удалгүй***** нууцалсан дугаараас над уруу залгаад би Улаанбаатар хот уруу явж энэ гар утсыг зарлаа, Дарханд зарах юм бол баригдана гээд байсан. Таксинд харуулахад том дэлгэцтэй утас байсан. Буудлын өрөөнд*****ыг нилээд согтсон байх гэж бодсон чинь буудлын өрөөнөөс гарахдаа***** эрүүл шахуу гүйгээд гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, Гэрч *****ы мөрдөн байцаалтын шатан өгсөн: “... тэгээд***** унтлаа гээд унтахаасаа өмнө өөрийнхөө самсунг галакси жи-7 буюу алтлаг шар өнгийн гар утсаа унтраагаад өрөөний өлгүүрт өлгөөтэй байсан цүнхнийхээ халаасанд хийсэн. Энэ үед*****,*****нар харж байсан.*****,***** хоёртой хэсэг хугацаанд пиво ууж юм ярьж байгаад тэр хоёр харьлаа гээд явсан. Би гэр уруугаа ярих гээд*****ийн утсыг авах гэтэл гар утас нь цүнхэнд нь байхгүй байсан. Тэгэхээр нь би*****,***** нарыг*****ийн утсыг аваад явчихлаа гэдгийг мэдсэн. Тэгсэн нөгөөдөр***** намайг хүрээд ир гээд дуудаад байхаар нь яваад очтол*****,*****,***** хоёртой уулзаад цагдаа орно гээд цагдаа дээр ирсэн. Цагдаа*****ыг*****ийн утсыг хулгайлж Улаанбаатар хотод зарсныг мэдсэн байсан. Тэгээд**********ийн гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн.*****ч гэсэн тухайн үед*****ыг чи*****ийн утсыг аваа биз дээ, чамайг би оруулж өг гэж хэлсэн биз дээ гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сард байх, манай хяналтын камерын ажилтан***** надад Ижий хайпермаркетийн камерын бичлэгийг үзүүлээд энэ хүүхэн овоо муу гар юм аа, дэлгүүрээс юм хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн бичлэгийг нь үзэхэд манай салбар дэлгүүрт ажиллаж байсан ***** Өсөх супермаркетад худалдагч байсан/***** гээд хүүхэн байсан. Тэгээд би*****од энэ хүүхэн чинь манай салбарт ажиллаж байсан***** гэдэг хүүхэн байна гэж хэлж өгсөн.*****гийн дээрх хулгайлсан барааны үнэ болох 206,900 төгрөгийг*****ын цалин дээрээс захирал суутгаж авсан. Тиймээс хэрэв хохирол төлөгдөх тохиолдолд тухайн мөнгийг*****од төлөх нь зүйтэй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /хавтаст хэргийн 20, 24 дэх тал/, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрэл зургууд /хаватст хэргийн 23, 29 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 25-28 дахь тал/, хулгайд алдсан барааны зарлагын баримт /хавтаст хэргийн 35 дахь тал/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 37 дахь тал/, бэлэн мөнгөний баримт /хавтаст хэргийн 63 дахь тал/, “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 64 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 65 дахь тал/, гар утасны баталгааны хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/, ийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/, *****ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ***** нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, “Дархан-Их” дэлгүүрийн 3 давхрын эмэгтэй бэлэн хувцасны 324 дүгээр лангуунаас 2 ширхэг эмэгтэй хүний пальто хулгайлан авч иргэн*****т 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн орчим “Дархан-Их” дэлгүүрийн “Ижии-1” хайпермаркет дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн хулгайлан авч 206,900 /хоёр зуун зургаан мянга есөн зуу/ төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *****” зочид буудлын 202 тоот өрөөнд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн *****ийн өмчлөлийн “Самсунг галагкси жи-7” загварын гар утсыг хулгайлан авч 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийн хохирол, нийт 3 удаагийн давтан үйлдлээр 1,036,900 /нэг сая гучин зургаан мянга есөн зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч*****, *****, *****, гэрч *****,*****, *****, ***** нарын мэдүүлэг, шүүгдэгч *****ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч *****ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***** нь хохирогч *****, *****, иргэний нэхэмжлэгч ***** нарт учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр, хохирогч*****т пальтог биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр тус тус төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв. Шүүгдэгч ***** нь “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэсэн түүний мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч *****т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. ***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пальто 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, мөн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*****ын*****ыг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч*****ын*****т эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн пальто 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****т буцаан олгож, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан *****ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *****т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД