Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 533

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н Т” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Д

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0066758 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагадаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Д нь 2019 оны 6-р сарын 27-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “Н Т” ХХК-г хадгалах хугацаа нь дууссан РGtips нэрийн байхуу цайг хадгалсан, худалдсан тухай зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

“Н Т” ХХК нь тухайн шийтгэлийг ногдуулах үндэслэл бүхий үйлдэл гаргаагүй бөгөөд тухайн PGtips байхуу цайг өөрсдийн хэрэглээнд хэрэглэж байсан ч худалдан борлуулах ажлыг хийгээгүй удаж байгаа билээ.

Манай компанийн оффис Акума төвийн 3 давхарт байрладаг байсан болохоор бид оффисын байранд тухайн байхуу цайг хадгалж байсан. PGtips байхуу цайнд хийсэн хоёр удаагийн лабораторын шинжилгээгээр хүний биед сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд мөн хохирогч гэх А.Т-д учирсан хор хохирол байхгүй байгаа юм.

“Н Т” ХХК нь РGtips байхуу цайг худалдан борлуулаагүй, худалдан борлуулах зорилгоор хадгалаагүй учраас шийтгэлийн хуудсанд заасан 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь компанийн санхүүд ноцтой хохирол учруулж байгаа үйлдэл болж байна.  

Иймд Мэргэжлийн хяналтын газраас тухайн хугацаа нь дууссан байхуу цайг хураан авч устгалд оруулах арга хэмжээ авах нь зүй ёсны байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Д-гийн 2019 оны 6-р сарын 27-ны өдрийн №0066758 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот шуурхай утсанд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн А.Т-аас ирүүлсэн “Баянгол дүүрэг, гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах Акума төвийн өөрсдийн оруулж ирдэг ПиЖи нэртэй цай нь хугацааны бичиггүй зарагдаж байна. Шалгаж өгнө үү.” гэх гомдол мэдээлэлтэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц*******гийн хамт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ажилчны гудамж, Акума төв, “Н Т” ХХК-ийн 3 дугаар давхарт байрлах ресторанд Ерөнхий захирал Б.О*******ийг байлцуулан хяналт шалгалт хийхэд 2014 оны 03 дугаар сарын 07 өдөр импортолж оруулж ирсэн, 2015 оны 11 сард хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн Их Британи улсад үйлдвэрлэсэн PGtips нэрийн байхуу цайг хадгалсан, худалдсан, 2015 оны 11 сард хэрэглэж дуусах хугацаа нь дууссан уг байхуу цайны хаяг шошгын мэдээллийг 2018 оны 11 сард дуусах болгон засварласан зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Дээрх илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу /хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүун үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн/ “Н Т” ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1905000961 дугаартай Зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогч А.Т-аас мэдүүлэг авсан уг мэдүүлэг болон хохирогчийн гаргасан тайлбарт тухайн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн цайг гэр бүлийнхэн нь хэрэглэснээр эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илэрсэн гэж үзэж байгаа тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг удирдах албан тушаалтны тогтоолоор хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Д болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулж, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тус цайны дээжийг шинжилгээнд хамруулж, 19-2368 тоот сорилын дүнгээр тухайн цай нь стандартын шаардлага хангасан хариу гарсан тул хохирогч А.Т-ын нэхэмжилсэн 8 сая төгрөгийг гаргуулж өгөх боломжгүй гэж үзсэн.

Холбогдогч хүндэтгэх шалтгааны улмаас ирж мэдүүлэг өгөх боломжгүй болон лабораторийн сорилын дүн хүлээгдэж байгаа зэрэг шалтгаанаар 1905000961 дугаартай зөрчлийн хэргийн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 12 өдөр тус тус сунгасан.

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.У-аас гэрчээр “Н Т” ХХК-ийн ерөнхий захирал Б.О-г байлцуулан мэдүүлэг авсан. Тухайн холбогдогчийн мэдүүлэгт “2018 оны 11 дүгээр сард хугацаа нь дууссан шүү гэж хэлээд, хямдралтай үнээр худалдсан удаа бий” гэж мэдүүлсэн байдаг.

Хяналт шалгалтын үед Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ажилчны гудамж, Акума төв, “Н Т” ХХК-ийн 3 дугаар давхарт байрлах ресторанд хадгалагдаж байсан 1 нэр төрлийн 33681 төгрөгийн үнэ бүхий Их Британи улсаас импортлон оруулж ирсэн PGtips нэрийн байхуу цайг Хүнсний бүтээгдэхүүн хураах устгах тухай 02-02-169/16 дугаартай улсын байцаагчийн акт үйлдэж албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгө, орлого эд зүйл хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хуулъ тогтоомжийн дагуу зохион байгуулж шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн.

Хяналт шалгалтын явц, холбогдогчийн мэдүүлэг болон фото зураг зэрэг нотлох баримтаар “Н Т” ХХК нь хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн PGtips нэрийн байхуу цайг хадгалсан, худалдсан нь нотлогдон тогтоогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу /хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бутээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн/ 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулж 0066758 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж “Н Т” ХХК-ийн ерөнхий захирал Б.О, гүйцэтгэх захирал С.У нарт танилцуулахад тухайн шийтгэлийн хуудасны хувийг гардаж авсан болно.

2019 оны 07 дугаар сарын 01 өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н 1905000961 дугаартай “Н Т” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийн материалыг хянасан байдаг.

Иймд “Н Т” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Н Т” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0066758 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт цугларсан баримтын хүрээнд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэн А.Т-аас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Баянгол дүүрэг, гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах Акума төвийн өөрсдийн оруулж ирдэг ПиЖи нэртэй цай нь хугацааны бичиггүй зарагдаж байна” гэх гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаас шалгалт хийхэд Их Британи улсад үйлдвэрлэгдсэн “PG tips” нэрийн цайг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр импортлон оруулж ирсэн 2015 оны 11 дүгээр сард хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн байхад хадгалсан, бусдад худалдсан, мөн 2015 оны 11 дүгээр сард хэрэглэж дуусах хугацаа нь дууссан дээрх цайны шошгоны мэдээллийг 2018 оны 11 дүгээр сард дуусах болгон засварласан зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.У*******гийн “...би ч 2018 оны 11 дүгээр сард хугацаа нь дууссан шүү гэж хэлээд, хямдралтай үнээр худалдсан удаа бий” гэх мэдүүлэг[1], хохирогч А.Т-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг[2] , “PG tips” нэрийн цайны хадгалах хугацааг харуулсан гэрэл зургууд[3], “PG tips” нэрийн цайг бусдад худалдах зорилготойгоор савласан гэрэл зургууд[4]  зэрэг нотлох баримтуудаар “Н Т” ХХК нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн “PG tips” нэрийн цайг хадгалсан, худалдсан нь тогтоогдож байх тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан “ ... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, үйлчилсэн” үндэслэлээр 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0066758 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Мөн “PG tips” нэрийн цайнд лабораторын шинжилгээг хийж хүний биед сөрөг нөлөөгүй болох нь “Н” ХХК-ийн 1023 дугаартай Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилгын дүнгээр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторын 19-2368 дугаартай шинжилгээний дүнгээр тус тус тогтоогдсон хэдий ч энэ нь дээрх зөрчлийн хэргийг үгүйсгэх шалтгаан нөхцөл болохгүй юм.

Ийнхүү Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн хийсэн хяналт, шалгалтаар “Н Т” ХХК нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн “PG tips” нэрийн цайг хадгалсан, худалдсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул уг зөрчилд хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн  2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0066758 дугаартай шийтгэлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0066758 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Н Т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА


[1] хх-ийн 34-р хуудас

[2] хх-ийн 28-29-р хуудас

[3] хх-ийн 43-44-р хуудас

[4] хх-ийн 45-46-р хуудас