Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

      2017 оны 06 сарын 16 өдөр          Дугаар 129/ШШ2017/00339                    Өлзийт сум                                    

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, хувийн малаа малладаг,  Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдам гэх газар оршин суух Боржигон овгийн Ядамын Нацагдоржийн /РД:АЯ57042075/ хүсэлттэй 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Далайцэцэг, гэрч  Л.Цэрэндолгор, Б.Хоролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Я.Нацагдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1978 оны 06-р сарын 30-наас 1984 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл, 1984 оны 10-р сарын 02-ны өдрөөс 1988 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Тунгалаг тамир хоршоололд хужирын цехэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Далайцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Я.Нацагдорж нь 1975 оноос 1978 оны 06 сарын хооронд Эрдэнэтийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Я.Нацагдоржийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал нь бичигдээгүй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Я.Нацагдоржийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 07 сараас 1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, Тунгалаг тамир хоршооллын хужирын цехэд ажилчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.Нацагдорж нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 07 сараас 1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, Тунгалаг тамир хоршоололд Хужирын цехийн ажилчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Ямаат бригадын суурь, фермийн эрхлэгч, туслах ажилчдыг томилон ажиллуулсугай. Хавсралтанд: Туслах малчнаар: Я.Нацагдорж гэсэн “Ямаат бригадын суурийн ажилчдыг шинэчлэн тогтоох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1980 оны 02 сарын 02-ны өдрийн 04 тоот тушаал, 

1.2. 1982 оны улсын төвлөрсөн мал тууврын ажилд амжилт гаргаж үйлдвэрлэлийн даалгавраас 2.9 тн мах давуулсан нэр бүхий тууварч малчдыг нэгдлийн зөвлөлийн баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Я.Нацагдорж, юуны учир-2.9 тн мах давсан, олгох шагнал-80 гэсэн “Тууварч малчдыг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 06 сарын 11-ний өдрийн 47 тоот тогтоол, 

1.3. Ядам овогтой Нацагдоржийг 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хужирын цехийн ажилчнаар томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргын 1984 оны 10 сарын 02-ны өдрийн 64 тоот тушаал, 

2. Ядам овогтой Нацагдоржийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1979 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 89 тоот цалингийн тодорхойлолт,

3. 1984 оны 07 сарын 01-ний өдөр Тунгалаг тамир хоршооллын Хужирын цехэд ажиллуулав, даргын 1984 оны 10 сарын 02-ны өдрийн 64-р тушаалаар; 1989 оны 01 сарын 01-ний өдөр ХБНХ трестийн харьяа ... худалдааны салбарын мэдэлд шилжүүлэв, даргын 1989 оны 01 сарын 17-ны өдрийн 01-р тушаалаар, 1991 оны 06 сарын 24-ний өдөр шилжих болсон учир өөрийн хүсэлтээр нь манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв, ХБНХ трестийн даргын 1991 оны 06 сарын 25-ны өдрийн 137-р тушаалаар гэсэн бичилт байгууллагын тамга бүхий Я.Нацагдоржийн хөдөлмөрийн дэвтэр,

4. Гэрч Л.Цэрэндолгорын: “Я.Нацагдорж 1984 онд Тунгалаг тамир хоршоололд хужирын цехэд ажилд орж 1991 он хүртэл ажиллаж байсан. Би Тунгалагтамир хоршоололд гэрлийн байцаагчаар 1983 оноос 1992 он хүртэл ажилласан. Я.Нацагдорж нь 1984 онд Өлзийт сумын хужирын цехэд ажиллаж байгаад 1986 оны үед Тунгалагтамир хоршооллын хужирын цехэд шилжин очиж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Б.Хоролмаагийн: “Би Я.Нацагдоржийг 1978 оноос Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ямаат багт 1984 он хүртэл мал маллаж байсныг мэднэ. Би 1978 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд мухлагийн худалдагч байсан” гэх мэдүүлэг зэрэг болно. 

 

Шүүх хүсэлт гаргагч Я.Нацагдоржийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар сайн мэдэх Л.Цэрэндолгор, Б.Хоролмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  

Хүсэлт гаргагч Я.Нацагдоржийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Ядам овогтой Нацагдоржийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1979 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 89 тоот цалингийн тодорхойлолт “Ямаат бригадын суурийн ажилчдыг шинэчлэн тогтоох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1980 оны 02 сарын 02-ны өдрийн 04 тоот тушаал,  “Тууварч малчдыг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 06 сарын 11-ний өдрийн 47 тоот тогтоол, гэрч Л.Цэрэндолгор, Б.Хоролмаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар,

Тунгалаг тамир хоршоололд Хужирын цехийн ажилчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Ядам овогтой Нацагдоржийг 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хужирын цехийн ажилчнаар томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршооллын даргын 1984 оны 10 сарын 02-ны өдрийн 64 тоот тушаал, гэрч Л.Цэрэндолгор, Б.Хоролмаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байна. 

Хэрэгт хүсэлт гаргагч Я.Нацагдоржийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаар бичгийн нотлох баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Далайцэцэгийн “Я.Нацагдорж нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл, Тунгалаг тамир хоршооллын хужирын цехэд ажилчнаар 1984 оноос 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч Л.Цэрэндолгорын “Я.Нацагдорж 1984 онд Тунгалаг тамир хоршоололд хужирын цехэд ажилд орж 1991 он хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Хоролмаагийн “Би Я.Нацагдоржийг 1978 оноос Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ямаат багт 1984 он хүртэл мал маллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 07 сараас 1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Я.Нацагдоржийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 07 сараас 1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд Хужирын цехийн ажилчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Ядамын Нацагдоржийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 07 сараас 1984 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд Хужирын цехийн ажилчнаар 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА