Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч Б.Цэвэгсүрэн,

хохирогчийн өмгөөлөгч Г.Батболд /ШТЭҮД:2106/,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /ШТЭҮД:2601/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ө.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00257 0559 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "................" ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... дүүргийн .............. дугаар хороо, ......... дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2980 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Ө.Бын эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн сулласан байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Ш овогт Өын Б /РД:................./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, .................................. тоотод оршин суух иргэн Д.Дашнямын гэрт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн С.Мтэй маргалдаж, улмаар түүний баруун чамархайн тус газарт галын дэгээ төмрөөр цохиж баруун чамархай ясны ил цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд гэмтлийг галын дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, хохирлын баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ө.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.Мийн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Ж.Дашнямын хамт байж байсан чинь 16 цагийн үед найз Отгонцэцэг, Өлзийсүрэн, нөхөр Б, Отгончимэг нарын хамт ирсэн юм. ...Б нь манай нөхөртэй маргалдаад ална гээд байхаар нь боль гэж хэлээд гэрээс яв гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би 102 дугаар руу цагдаа дуудсан. ...би дуудлагаар ирсэн цагдаад Быг зугтаасан гэж хэлээд явуулчхаад Быг гэрээс яв гэхэд над руу нулимсан. Тэгээд би нойлын цаасаар шүлсийг арчих гэтэл миний баруун талын чихний дээд хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа Б нь цохиж гэмтэл учруулсан. Тэгээд дахиж цагдаа дуудаад байж байсан чинь Б нь зугтаасан. Тэгээд 103 дуудаад би чамархайн хэсэгтээ оёдол тавиулсан. ...Намайг цохисон галын дэгээ төмөр байгаа. ...Манай гэрт агсам тавиад байхаар нь би гэрээсээ хөөсөн чинь намайг галын дэгээ төмрөөр цохисон. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх15-19/,

2. Гэрч А.Өлзийсүрэнгийн “...нөхөр Б, эгч Наранчимэг, Отгонцэцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, .................................. тоотод очиход Мийн гэрт М, нөхрийнхөө хамт байсан юм. ...М надад танай нөхөр Б агсам тавиад байна би цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаагийн алба хаагч ирээд М дуудлагаар ирсэн цагдаад Быг зугтаагаад явсан гэж хэлээд буцаагаад явуулсан. ...М манай нөхөр Быг “би луусанд олон жил хийсэн чам шиг муу гөлөг миний өөдөөс томрохгүй” гээд манай нөхөр Бын нүүр рүү цохисон. ...Быг авч явах гээд баруун талын гараас нь хөтлөөд гарах гэтэл М Бын араас ална гээд ирэхээр нь манай нөхөр Б одоо битгий давраад байгаарай гээд доош тонгойгоод галын төмөр зуухны хажууд байсан галын дэгээ төмрөөр Мийн баруун чамархайн хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх27/,

3. Гэрч Ж.Дашнямын “...Тэгээд манай эхнэр М Быг гэрээс яв гэж хэлэхэд нүүр рүү нь нулимаад байсан. Манай эхнэр шүлсийг нь нойлын цаасаар арчаад буцаад харсан чинь Б галын дэгээ төмөр аваад манай эхнэрийн баруун тал руу нь цохисон. Ингээд эхнэрийн баруун чамархайнаас цус гараад 102, 103 дуудаж үзүүлсэн юм. Дахиж цагдаа ирэхэд Б зугтаагаад явсан. Эхнэрийн толгойг эмч үзээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх29-31/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1106 дугаар “...С.Мийн биед баруун чамархай ясны ил цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх40-41/,

5. Шүүгдэгч Ө.Бын сэжигтнээр өгсөн “...Би Мийн биед чамархай ясны ил цөмөрсөн хугарлыг галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж учруулсан. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх24-25/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ө.Б:

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэл дээр гэм буруугийн талаар маргахгүй, харин галын дэгээ төмрийг зэвсгийн чанартай тусгайлан бэлтгэсэн зүйл биш гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцэж оролцсон болно.

Хохирогчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар тусгайлсан дүгнэлт хийгээгүй болно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ө.Бын хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй үзсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:

Хохирогч С.М, шүүгдэгч Ө.Б, гэрч Ж.Дашням, О.Наранчимэг, П.Отгонцэцэг, А.Өлзийсүрэн  нар нь Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, .................................. тоотод 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ө.Б, хохирогч С.М нар нь хороондоо маргалдсан. Улмаар шүүгдэгч Ө.Б нь хохирогч С.Мийн баруун чамархай хэсэгт нь галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Мийн “...Быг гэрээс яв гэхэд над руу нулимсан. Тэгээд би нойлын цаасаар шүлсийг арчих гэтэл миний баруун талын чихний дээд хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа Б нь цохиж гэмтэл учруулсан....” гэсэн мэдүүлэг, гэрч А.Өлзийсүрэнгийн “...М манай нөхөр Быг “би луусанд олон жил хийсэн чам шиг муу гөлөг миний өөдөөс томрохгүй” гээд манай нөхөр Бын нүүр рүү цохисон. ...Быг авч явах гээд баруун талын гараас нь хөтлөөд гарах гэтэл М Бын араас ална гээд ирэхээр нь манай нөхөр Б одоо битгий давраад байгаарай гээд доош тонгойгоод галын төмөр зуухны хажууд байсан галын дэгээ төмрөөр Мийн баруун чамархайн хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ж.Дашням, О.Наранчимэг, П.Отгонцэцэг нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1106 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг төмрөөр цохиж байгаагаа мэдэж, үйлдлээ хүсэж үйлдсэн байх тул хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Бын хохирогчийн толгойд цохисон үйлдлийн улмаас хохирогч С.Мийн биед “...баруун чамархай ясны ил цөмөрсөн хугарал гэмтэл...” бүхий гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 1106 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хууль тогтоогчийн тайлбарт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Прокуророос шүүгдэгчийг галын дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн бөгөөд галын дэгээ төмөр нь хуулийн дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нь дэгээ төмрийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдаас төлөвлөн бэлтгэж авч очоогүй, мөн засаж тохируулаагүй, тухайн нөхцөл байдалд газраас аван хохирогчийг цохиж гэмтээсэн гэж үзэхээр байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч С.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ө.Баас 3.000.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, харин хохирогч С.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан дүгнэлт хэлээгүй болохыг дурдаж байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Ө.Бын хувьд ".................................." ХХК-д мужаан ажилтай, сарын 1.650.000 төгрөгийн цалинтай, энэ цалингийн тодорхойлолтоор харагдаж байгаа, ам бүл 6 зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинж байдал, хор уршиг арилсан буюу шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ

Шүүгдэгч Ө.Бын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 27 өдөр гэмт хэрэг хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан ...2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэсэн хуулийн хязгаарлалтад шүүгдэгч нь хамаарахгүй байна.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан шүүгдэгч Х.Мөнхдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулах, ийнхүү оногдуулахдаа хувийн байдлын хувьд урьд 3 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байсан, мөн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан хуульд 10 сая төгрөгөөс 40 сая төгрөгөөр торгох гэж зааснаас 18.950.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд ялаас өршөөн хасах тухай заасан ба 6.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна.

Мөн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж заасан.

Иймд дээр дурдсанаар 2 жилийн хорих ялыг торгох ялд дүйцүүлэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялыг хасаж өршөөлд хамруулах нь зөв байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд 18.950.000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас /2 жил-730 хоног-1 хоног 15 нэгж-10.950.000 төгрөг/-ийг хасаж тооцон гүйцэтгэх торгох ялын хэмжээг 8.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ө.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Өын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Бд 18.950.000 /арван найм сая, есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 6.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 18.950.000 төгрөгийн торгох ялаас 10.950.000 төгрөгийг өршөөлд хамруулан хасаж, шүүгдэгч Ө.Бын биелүүлэх торгох ялын хэмжээг 8.000.000 /найман сая/ төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хохирогч С.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР

 

                                     ШҮҮГЧИД                                   Г.ГАНБААТАР

 

                                                                                         Б.БАТАА