Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 455

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г. С

Нэхэмжлэгч: С.Т

 Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дахь Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, гуравдагч этгээд Б******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д/х Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Г.С миний бие нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б******* дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* ******* дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 208 м.кв газрыг өмчилсөн. Тухайн үед миний аав Г нь Б******* дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 9 дүгээр хороо нь замын гэрэлтүүлэг байхгүй, харанхуй, мөн цагдаагийн пост байхгүйгээс маш их хэрэг төвөг гардаг байснаас шалтгаалан миний газар дээр цагдаагийн пост түр ажиллуулахаар болсон байдаг.

Гэтэл Б******* дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* дугаар гудамж ******* тоот хаяг нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 48 дугаар тогтоолоор 9 дүгээр хорооноос хуваагдан Б******* дүүргийн 21 дүгээр хороо ******* ******* дугаар гудамж ******* тоот болж өөрчлөгдөж, тус хаягт байрлах обьект нь Б******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мэдэлд байж байгаад Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдэлд шилжсэн байна. Өмчлөлийн хашаандаа амьдрах зайлшгүй шаардлагатай болж Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийг объектоо буулгаж ав гэж олон удаа шаардсан.    

Ингээд нэхэмжлэгч Г.С нь Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б******* дүүргийн 21 дүгээр хороо ******* *******-******* тоот хаягнаас Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн агуулах объектийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын *******-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “... Б******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн 2 дугаар хэсгийн байр байрлах 99 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаар захирамжаар тус хэлтэст хугацаагүйгээр эзэмшүүлсэн.” талаар дурьдаж 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгсний нэхэмжлэгч Г.С нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцсанаар мэдсэн байна.

Ингээд Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 706 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай гэж үзээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны даргад удаа дараа “ ... Сарангэрэлийн өмчлөлийн газартай Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон газар давхцаж байгаа талаар гомдол хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй удаашруулж, “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь “ ... Г.С нь газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн.” гэх өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл хүсэлт гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг  өгөөд байсан. Улмаар Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс  Г.С-д холбогдуулан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэх гомдолтой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар мэдэж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг дарга, Газрын албаны даргад дахин гомдол гаргаж 2018 оны 9 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүл” гэсэн хариуг авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаар захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Г.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: “Нэхэмжлэгч Г.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 296 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар өөрчилж байна.  

Нэхэмжлэгч талаас Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “албадан чөлүүлүүлэх” нэхэмжлэл гаргахад хариуцагч талаас гаргасан хариу тайлбарт ...Б******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байр байрлах 99 м.кв газрыг 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 296 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус хэлтэст хугацаагүйгээр эзэмшүүлсэн... талаар дурьдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 296 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 99 м.кв газрыг олгосон байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч С.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Г.Т нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 насанд хүрсэн бөгөөд нэхэмжлэгч болох Г.С-д Б******* дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоот газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Г.Т-тэй хамтран өмчлүүлсэн юм. Б******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” ******* дүгээр захирамжаар Нийслэлийн цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих барилгын байршлыг тогтоож тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* гудамжинд баршуулан 0,008 га газрыг олгож, Нийслэлийн засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү газар нь Б******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байр байрлах 99 м.кв газрыг 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 296 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар тус хэлтэст хугацаагүйгээр эзэмшүүлсэн нь Г.С, Г.Т нарт хамтран өмчүүлсэн 2003 оны ******* дүгээр захирамжаар олгосон 208 м.кв газартай давхцаж байгаа бөгөөд Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Г.С, Г.Т нарын өмчлөлийн газрын кадастрын зургийг огт бүртгээгүйгээс давхцал үүссэн нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Б******* дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Г.С, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулахдаа: “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дугаарт Б******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж ******* гудамжинд байршуулсан 0,008 га газрыг Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон газар нь нэхэмжлэгч Г.С-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны ******* дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 208 м.кв газартай давхцаж байх тул энэхүү давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны ******* дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  Б******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 208 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Тухайн үед Г.С-ийн аав н.Г Б******* дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга байсан бөгөөд тус хороонд замын гэрэлтүүлэг, цагдаагийн пост байхгүй байсан тул маш их хэмжээний зөрчил илэрдэг байсан тул охиныхоо газарт түр хугацаагаар Цагдаагийн пост бариулан ажиллуулж байсан.  Г.С-д олгосон газар нь Б******* дүүргийн 9 дүгээр хорооны ******* *******-******* дугаар тоот хаягт байрлах 208 м.кв газар байсан. Энэхүү газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 48 дугаар тогтоолоор 9 дүгээр хороо нь Б******* дүүргийн 21 дүгээр хороо ******* *******-1075 тоот болон өөрчлөгдөж тус хаягт байрлах объект нь Б******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн харьяалагддаг байсан бөгөөд Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжсэн.

Г.Сийн ээж Б******* дүүргийн Цагдаагийн хэлтэст удаа дараа очиж охиныхоо газрыг авахаар хандахад шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед давхардан захирамж гарсныг мэдээгүй байсны улмаас Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр хандаж Иргэний хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс нь “Г.С-д өмчлүүлсэн газрын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн” гэх гомдол гаргаж Прокурорын байгууллагаас гомдлыг буцаан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дахь хэсэгт Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эзэмшүүлсэн газар нь иргэн Г.С-ийн газартай давхцуулсан байна. Иймд тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Өмчлөлийн газарт цагдаагийн пост байрлуулахдаа тухайн байгууллагатай гэрээ хийгээгүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Тухайн үед нэхэмжлэгч Г.С-ийн ээж иргэдийн Төлөөлөгчдийн хуралд манай газар дээр цагдаагийн пост бариулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбар байдаг. Цагдаагийн пост баригдсантай холбоотойгоор тухайн үед маргаагүй. Аав н.Г нь нас барж түүний дараагаар Г.С болон түүний ээж газраа чөлөөлж авахаар бичиг баримтыг н.Ггийн цүнхнээс олж удаа дараа Цагдаагийн хэлтэст очин хандахад  тус байгууллага хүлээж аваагүй  айгаа юм. Газар ашиглуулах хугацаа тогтоож, үнэ төлбөртэйгөөр ашиглуулах гэрээ хийсэн баримт байхгүй. Аав н.Г нь өөрөө тухайн үед тус хорооны Засаг дарга байсан бөгөөд иргэдийнхээ төлөө хийсэн ажил нь юм. Учир нь тухайн үед цагдаагийн пост байхгүйгээс үүдэж зөрчил их гарч байсан тул өөрсдийн газар дээрээ пост бариулахыг зөвшөөрсөн байдаг. Маргаан бүхий өмчлөлийн газарт өөрсдөө амьдарч байгаагүй. Өөр газар амьдардаг байсан. Гэхдээ тус хороонд бүртгэлтэй байсан. Газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тухайн үед н.Г буюу аав нь энэ талаарх асуудлыг хариуцдаг байсан. Аавыгаа нас барсны дараагаас л өмчлөлийн газрыг бүртгүүлээгүй талаар мэдсэн байдаг. Маргаан бүхий газарт 2006 онд барилга барьж байхад нь цагдаагийн сендвичин барилга барьж байгаа гэж тайлбарлаж байсан. Дараа нь очиж үзэхэд цементэн суурьтай барилга баригдсаныг мэдсэн. Нэхэмжлэгч нарын амьдралын орчин нь маш их хэцүү. Г.С нь ээж, ах, хүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Өөрийн гэсэн газар өмчлөх эрхээ эдэлж цагдаагийн постыг буулгаснаар тухайн газарт амьдрах хүсэл зоригтой байгаа.

Хугацааны хувьд бид Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өмнө Газрын алба болон холбогдох байгууллагад хандан газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 2006 онд программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор манай кадастрын зураг устаж Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн кадастрын зураг орсон байсан. Газрын албаны хариуцлагагүй байдал болон техник хэрэгслээс болж өмнө нь кадастрын зураг авагдсан газар дээр дахин кадастрын зураг авагдсан нь бидний буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 109 дүгээр захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* тоотод амины хашааны зориулалтаар 208 м.кв газрыг иргэн Г.Сд эзэмшүүлжээ. Улмаар иргэний эзэмшиж буй газраа өмчилж авахаар хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2003 оны ******* дүгээр захирамжаар тус газрыг иргэн Г.С болон С.Т нарт хамтран өмчлүүлсэн байна.

Б******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” ******* дүгээр захирамжаар нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих барилгын байршлыг тогтоож, тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согогийн кпиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, ******* гудамжинд байршуулан 0,008 га газрыг олгож, нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн газрын кадастрын мэдээлийн санд иргэн Г.С-ийн өмчийн газрын кадастрын зургийг огт бүртгээгүйн улмаас дээрх давхцал үүссэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх хэмжээ олгогдоогүй, мөн энэхүү нэхэмжпэлийн улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна..” гэжээ.

 

Гуравдагч этгээд Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ иргэн Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус хэлтэст цагдаагийн байр барихад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар Б******* дүүргийн 21 дүгээр хороо, хуучнаар 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 99 м.кв газрыг эмэшүүлэхээр төрийн байгууллагын газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгосны дагуу уг газар дээр цагдаагийн 1 давхар байшин барьж уг газрыг хууль ёсны дагуу эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд Г.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст харьяалалд байсан газрыг хуваахад Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст харьялагдах болсон. Тухайн үед бидний зүгээс холбогдох материалыг Газрын албанд хүргүүлснээр тус газрын гэрчилгээ гарч 40 сая төгрөгөөр цагдаагийн бичил байрыг барьсан. Энэ нь Цагдаагийн байгууллага иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой. Уг асуудал нь 15 жилийн хугацаанд нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол гаргаагүй. 2018 оноос эхлэн тус маргаан яригдаж эхэлсэн байгаа. Үүний дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж маргаантай асуудал биш гэж үзсэн байдаг. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн хэлтсийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байгаа, газар эзэмших эрхийн хугацаа сунгах асуудлаар холбогдох байгууллагад хандахад шүүхэд маргаантай байх тул “хугацаа сунгах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байгаа. Тухайн  газарт хөдөлгөөнт эргүүлийн пост ажиллуулж байгаад төсөв бүтцээс хамаарч одоогоор цагдаагийн хэсэг байрлахгүй байгаа. Постын барилга  нь  цагдаагийн  байгууллагын  үндсэн   хөрөнгөнд бүртгэлгүй, төрийн өмчид бүртгүүлэх гэхээр бүртгэж өгдөггүй. Төрийн байгууллагын өмчийг бүртгэх шаардлагагүй гэдэг. Цагдаагийн байгууллагын зүгээс засвар үйлчилгээ хийж дуусаад цаашид үйл ажиллагаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тухайн Цагдаагийн байгууллагаас газрын гэрчилгээ гаргуулахаар бичиг баримт бүрдүүлж байхад уг газар нь давхацсан байсан бол олгохгүй байсан байх. Улсаас 40 сая төгрөгийн зардал гаргаж барилга барьсан байгаа. Энэ нь Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаар захирамжийн Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар[1]  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8-д заасан Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар[2] өөрчилж, мөн нэхэмжлэгч Г.С, түүний хүү С.Т нараас итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дахь  Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”[3] хэмээн тодорхойлсон байна.

Шүүх нэхэмжлэгч Г.Сийн эхний нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 18 насанд хүрсэн түүний хүү С.Т-г эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байна үзээд гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд ийнхүү нэхэмжлэгчтэй хамт нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирүүлсэн, нэхэмжлэгчтэй нэг хүсэл зоригоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа үндэслэлээр түүнийг гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээр оролцуулсан болно.    

Нэхэмжлэгч Г.С, С.Т нараас итгэмжлэлээр эрх олгогдсон төлөөлөгч нараас тодорхойлсон “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дахь Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн шүүх дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 109 дүгээр захирамжаар[4] “иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор газар эзэмших гэрчилгээ аваагүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг дүүргийн Газрын албанд даалгаж, уг захирамжийг үндэслэн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* дугаар гудамж ******* тоот газрыг хашааны зориулалтаар иргэн Г.Сд эзэмшүүлж[5], хэмжилтийн актад газрын хэмжээг 208 м.кв гэж тэмдэглэсэн[6] ба нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар[7] иргэн Г.С болон С.Т нарт дээрх хаягт байрлах 208 м.кв газрыг хамтран өмчлүүлсэн байна.

Г.Сд газар эзэмшүүлэх захирамж тусгайлан гараагүйн дээр эзэмшиж буй газрын хэмжээ, байршлыг харуулсан кадастрын зураг үйлдэгдээгүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнд эзэмшүүлсэн газрын хэмжээ байршлыг тодорхойлох боломжгүй, харин Г.Сийн өмчилж буй газрын кадастрын зургийг 2004 оны 3 дугаар сарын 20-ны өдөр газрын мэдээллийн санд нэгж талбарын 186383129*******236 дугаартайгаар 5 эргэлтийн цэгтэйгээр 135.89 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн[8] байна.  /Уг кадастрын зурагт байршлын “*******-*******” тоот хаягийг тухайн газрын зүүн талд залгаа орших 4 эргэлтийн цэгтэй газар мэтээр тэмдэглэсэн нь эндүүрэл үүсгэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй./[9]

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тоотод тайлбарласнаар Г.С, С.Т нарын өмчилсөн газрын кадастрын зураг дээрх нэгж талбарын 186383129*******236 дугаартайгаар 5 эргэлтийн цэгтэйгээр 135.89 м.кв хэмжээгээр тухайн үед хэрэглэгдэж байсан Автокад программд 2004 онд бүртгэгдсэн ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/1040 тоотод дурдсанаар нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2019 оны архивын зурган мэдээлэлд бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл кадастрын мэдээллийн санг шинэчлэн бүртгэхэд бүртгэгдээгүй байна.

Мөн Б******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар[10] нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих байршлыг тогтоосны дотор, захирамжийн 8 дахь заалтаар “тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согогийн кпиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, ******* гудамжинд байршуулан 0,008 га газар”-ыг эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаар захирамжаар[11] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа 2008 оны 296 дугаар захирамжийн хавсралтын 48-д 9 дүгээр хороонд байрлах цагдаагийн 48 дугаар хэсгийн байрны газрын хэмжээг “99 м.кв” гэж, мөн хавсралтын 50-д 11 дүгээр хороонд байрлах цагдаагийн 49 дүгээр хэсгийн байрны газрын хэмжээг “574 м.кв” гэж газрын хэмжээ болон цагдаагийн хэсгийн дугаарыг сольж бичсэн, энэ шийдвэрийг үндэслэн “Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 48 дугаар хэсэгт 9 дүгээр хороонд 99 м.кв газар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх”-ээр 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрийн байгууллагад газар эзэмшүүлэх гэрчилгээг[12] олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүйг, 99 м.кв талбай бүхий цагдаагийн хэсгийн байр нь тус дүүргийн 23 дугаар /хуучнаар 11 дүгээр хороо/ хороонд байрлалтай болох нь шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэл болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/587 тоотоор ирүүлсэн тайлбар, түүний 7 дугаар хавсралтад авагдсан архивын зурган мэдээллээс тодорхой[13] байгааг дурьдах нь зүйтэй.   

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тоотоор ирүүлсэн зургаар нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн гэх мэдээллийн сангийн нэгж талбарын 186383129*******236 дугаартай 135.89 м.кв газартай нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эзэмшүүлсэн мэдээллийн санд 2008 онд нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 573,7 м.кв газар болон уг газрын хэмжээг багасган 2011 онд нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн 331.57 м.кв газар бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож[14] байна.

Маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар эрх бүхий Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар уг шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас олгоно, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг ийнхүү өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 –т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 109 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.С-д эзэмшүүлсэн тус дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* тоотод амины хашааны зориулалттай 208 м.кв газрыг Г.С болон түүний хүү С.Т нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлж, Засаг даргаас газар өмчлүүлэх шийдвэр гаргасан ч, нэхэмжлэгч Г.С нар нь газар өмчлөх эрхээ ийнхүү хуульд заасны дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулаагүй, энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7/1424 тоотоор ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож[15] байх тул тэдгээрт дээрх газрыг өмчлөх эрх үүсээгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаж[16] тайлбарласанчлан “нэхэмжлэгч Г.Сийн аав н.Г тухайн хороо нь замын гэрэлтүүлэг байхгүй, харанхуй, мөн цагдаагийн пост байхгүйгээс маш их хэрэг төвөг гардаг шалтгаанаар уг газар дээр цагдаагийн пост ажиллуулахаар зөвшөөрсөн” гэх үйл баримт байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл Г.С, С.Т нарт эрх бүхий Засаг даргын шийдвэрээр өмчлүүлсэн ч өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу газар өмчлөх эрх үүсээгүй, бодитоор ашиглаагүй тухайн газар дээр давхцуулан төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хууль бусаар зөрчиж гарсан гэж, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2005 оны агаарын зургаар маргаан бүхий газарт цагдаагийн хэсгийн байр баригдсан байсан,  энэ талаар тухайн үед нэхэмжлэгч маргаагүй нь уг газар дээр цагдаагийн пост ажиллуулахаар зөвшөөрсөн дээрх үйл баримттай хамааралтай байх хэдий ч газар эзэмшүүлсэн шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргахаар бол хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох учиртай.

Харин эзэмшиж, өмчилж байсан газартаа барилга барихыг зөвшөөрсөн бол үүний үр дагаврын талаарх маргааныг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зохистой. 

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01-04/2863 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарт дурдсанчлан маргаан бүхий газарт буюу “Б******* дүүргийн 21 дүгээр хороо, /хуучнаар 9 дүгээр хороо/-нд байрлах тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст цагдаагийн хэсгийн байрны зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 296 дугаар захирамжаар сунгаснаас хойш дахин шийдвэр гаргаж сунгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан”, тухайн байранд цагдаагийн хэсэг үйл ажиллагаа явуулдаггүй байх тул нэхэмжлэгч нар нь дүүрэг, нийслэлийн Газрын албанд эзэмших, өмчлөх хүсэлтийг дахин гаргаж шийдвэрлүүлэхэд шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2004 оны ******* дүгээр захирамжаар төрийн байгууллагад газар эзэмшүүлэхдээ иргэний өмчилсөн гэх газарт давхцуулан олгосон нь хууль, болоод нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, ******* дугаар зүйлийн *******.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр захирамжийн 8 дахь Б******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Г.С, С.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Сээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Т улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын *******-26, 1-2 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 162 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 36 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 174 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 50 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 51 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 104, 111 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 44 дүгээр хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 9, 11, 12, 15 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 102 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 99, 101 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 144 дүгээр хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 185, 193, 195-199 дүгээр хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 11-15 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 91 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын *******-26 дугаар хуудас