Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 110/2023/0005/З |
Дугаар | 221/МА2023/0604 |
Огноо | 2023-09-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0604
Б.З-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.К-“Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Т-эзэмшүүлсэн хэсгийг, Х.К-0066044 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0032 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Н.Е, гуравдагч этгээд Х.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 110/2023/0005/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.К-“Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Т-эзэмшүүлсэн хэсгийг, Х.К-0066044 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1, 38.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Х.З-ын “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.К-“Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Т-эзэмшүүлсэн хэсгийг, Х.К-0066044 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасан “Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” байгуулаагүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, өргөдөл Х.К-гаргаагүй, мөн хуулийн 38.2.2-д заасан газар эзэмших эрх шилжүүлэн авагч Х.Т-нь газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт гаргаагүй, эрх үүрэг зөвшөөрсөн баримт бичиг үйлдэж, баримт бичиг үйлдээгүй хуулийн 38.2.3-д заасан “албан татвар, хураамж төлсөн баримт байхгүй байхад, өөрөөр хэлбэл урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад Засаг дарга шийдвэр гаргасан байна.
3.2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаар захирамж гаргаж иргэн Х.К-газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мөртөө Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэл зохих баримт бичгийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу 3 сарын дараа нөхөн бүрдүүлж, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байна.
3.3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан “Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”-г батлахдаа нотариатын үүрэг гүйцэтгэгч А.Конторбай нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн, нотариатын үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон байна.
3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 20 дахь заалтад “... иргэн Х.К-нь монгол хэл мэдэхгүй тул эрх шилжүүлэн авагч Х.Т-бичүүлсэн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу дүгнэсэн үйлдэл болно.
Тухайлбал, Х.К-нь монгол хэл мэдэхгүй бол Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Монгол хэл мэдэхгүй үйлчлүүлэгчийг хууль ёсны төлөөлөгч болон орчуулагч томилон нотариатын үйлдэл хийх боломжоор хангах” үүргийг нотариатын үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй байна. Энэ нь ноцтой зөрчил бөгөөд орчуулагчийг өөрөө сонгох эрхтэй байна.
3.5. Үйлчлүүлэгч Х.К-нь монгол хэл мэдэхгүй бол орчуулагч оролцуулах эрхээр хангах үүрэгтэй. Харин хувийн ашиг сонирхол бүхий Х.К-эзэмшил газрыг шилжүүлэн авах, бусад үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэн авч байгаа гэх Х.Т-өргөдөл бичүүлж байгаа явдал нь хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.
Хувийн сонирхолтой Х.Т-нь өргөдөл, гэрээг өөрөө бичсэн, Х.К-монгол хэл мэдэхгүй гэж хэлсэн нь тухайн баримт бичгийг Х.Т-өөртөө ашигтай байдлаар бичиж, иргэн Х.К-д худал орчуулж өгсөн байхыг тааварлах боломжгүй байна.
3.6. Засаг даргын захирамж, түүний үндэслэх баримт бичгүүд нь бүгд хуурамч, иргэн Х.К-ямар ч баримт бичиг үйлдээгүй болох нь нотлогдсон байна. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нотлоогүй гэж гомдол гаргаж байна. Иймд “Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээд Х.Т-нь давж заалдах гомдлын шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа:
4.1. Би 1996 оноос одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Хонгор өлөн” 3 дугаар багт өөрийн хадмуудын хамт мал маллан амьдарч байсан ба 2013 оны 05 дугаар сард тус багийн иргэн Х.К-гэх хүний “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний хашаа, хороо, байшингийн доорх газрыг 3 сая төгрөгөөр үнэлэн худалдаж авсан ба харин газар эзэмшигч Х.К-нь аймгийн төв рүү нүүгээд явсан. Бид төрөл садангийн холбоотой хүмүүс учир бие биедээ итгэсэн учраас хашааны үнийг хоёр хувааж төлөхөөр тохирч төлсөн ба мөнгө төгрөг төлж өгсөн талаар ямар нэг баримт үйлдэж байгаагүй болно. Харин газрын эзэмших эрхийг шилжүүлэх үед Х.К-гэдэг хүн өөрөө бүх бичиг баримтаа авчраад нотариатаар гэрээ хийж, гарын үсэг зурцгааж, би газар эзэмших эрхээ шилжүүлэн авсан юм.
4.2. 2014 оны 06 дугаар сард талийгаач Х.К-нь өөрийн гараар казак хэлээр “хашаа хороо, хадлангаа худалдав” гэсэн утга бүхий гар баримт бичиж өгсөн, одоо газрын хувийн хэрэгт хадгалагдаж байгаа юм байна. Мөн сумын газрын даамлаас Х.К-бид хоёрт “...та хоёр тус тусдаа өргөдөл бичээд нотариатаар батлуулаад аваад ир” гэсний дагуу би өөрийн өргөдлөө гараар бичсэн ба дараа нь Х.К-гуай “...би монголоор сайн бичиж чадахгүй, чи биччихээрэй” гэхэд нь түүний өргөдлийг мөн бичээд өгсөн, тэгээд хоёулаа иргэний үнэмлэхээ аваад сумын ЗДТГ-ын дарга дээр очоод батлуулаад эргээд, газрын даамалд авчирч өгсөн. Харин Х.К-нь монголоор уншиж ойлгодог хүн байсан ба бичихэд алдаатай бичдэг гэж надаар бичүүлж байсан.
Гэтэл талийгаач Х.К-эхнэр Б.З- нь гэнэт 9 жил өнгөрсний дараа 2022 оны 09 дүгээр сард намайг албадан нүүлгэх талаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт нотлох баримтууд цуглараад хэрэг хэлэлцэх болоход шүүхэд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг шүүхээс буцаасан юм. Тэгээд удалгүй Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
4.3. Учир нь Х.Т-миний бие дээрх өвөлжөөний газрыг хууль ёсоор өөртөө шилжүүлэн авсан, газрын эрхийн гэрчилгээгээ шинэчлэн гаргуулж, баталгаажуулж авсан, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэх асуудал тогтоогдоогүй. Тухайн үед сумын Засаг дарга, газрын даамал, нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болон багийн Засаг даргаар ажиллаж байсан зэрэг албаны хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар өвөлжөөний газар дахь өвлийн сууц, махны амбаар, малын хашаа хороог Х.К-гаас надад шилжүүлж өгсөн нь нотлогдсоныг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс надаас удаа дараа их хэмжээний мөнгө шаардсан ба хамгийн сүүлд 10 сая өгөх юм бол нэхэмжлэлээ татаж авна гэдгийг хэлж байсан.
Иймд “Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хуулийн зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.З- Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/32 дугаартай захирамжийн Х.К-Хавтгай улаан гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Т-эзэмшүүлсэн хэсэг, Х.К-0066044 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Миний нөхөр Х.К-нь өвчний улмаас 2019 оны 03 дугаар сард нас барсан. 2014 онд бид Толбо сумаас нүүж, Баян-Өлгий аймгийн төвийн Өлгий суманд орших суухаар болж, Х.Т-50 тооны бог малаа маллуулахаар үлдээсэн ба өвөлжөөний газар дахь өвлийн сууц, махны амбаар, малын саравчтай болон задгай хашаа хороог үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар хоорондоо тохирсон байсан ... өвөлжөөний сууц, хашаа хороогоо Х.Т-худалдаагүй ... уг өвөлжөөний газрын эзэмших эрхийн гэрчилгээг Толбо сумын Засаг даргаас Х.Т-шилжүүлснийг би мэдээгүй ...” гэж тайлбарлажээ.
2. Гуравдагч этгээд Х.Т-“... Би 1996 оноос хойш Толбо сумын 3 дугаар багт хадмуудын хамт мал маллаж амьдарч байсан. Х.К-болон миний эхнэр н.Мунылаг нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд, ... 2013 онд Х.К-надад хандаж “ганц охин маань нөхөрт гарсан. Цаашид мал маллахаас залхаж байгаа тул манайх аймгийн төв рүү нүүхээр болсон. Өвөлжөөгөө 3 сая төгрөгөөр зарна, чи аваарай” гэж санал болгосон. Хоорондоо тохиролцож Х.К-өвөлжөөний модон сууц, амбаар, малын хашаа хорооны үнэ 3 сая төгрөгийг би нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохирсон. ... Х.К-нь надад 50 тооны бог малаа маллуулахаар үлдээж, бусад малаа зарж, 2013 оны 6 сарын эхээр нүүснээс хойш одоо хүртэл тус газарт амьдарч байна. Өвөлжөөг Х.К-гаас авснаас хойш нэг жилийн дотор хашаа, байшингийн үнийг хоёр хувааж бэлнээр төлсөн тул 2014 оны 8 дугаар сард Х.К-хамт сумын газрын даамалтай уулзаж, Х.К-бид газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, сумын Засаг даргад өргөдөл бичсэн, Х.К-нь өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, өвөлжөөгөө худалдсан тухай гараар үйлдсэн баримт зэрэг бичиг баримтуудаа газрын даамалд бүрдүүлж өгсөн, ... Көнекбай нь “монголоор бичиж чадахгүй тул миний нэрийн өмнөөс Толбо сумын Засаг даргад газар шилжүүлэх тухай өргөдлийг бичиж өгөөрэй” гэж хүссэнээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Толбо сумын Засаг даргад хаяглаж газар эзэмшүүлэх асуудлаар Х.К-болон өөрийн өргөдлийг би бичсэн ... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний маягтын нөхөх хэсгийг газрын даамал бичиж өгч, Х.К-бид хоёр өөр өөрсдөө гэрээнд гарын үсэг зурж, нотариатч гэрээг баталсан ... би 2015 онд тус өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээг авсан ... хамаатан хүмүүс тул Х.К-д өвөлжөөний үнийг бэлнээр төлөхдөө түүнээс энэ талаар баримт бичүүлж аваагүй” гэж тайлбарлажээ
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.З-ийн нөхөр Х.К-нь /агсан/ 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 352 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Толбо сумын 3 дугаар багт байршилтай Хавтгай улаан гэх газраас 360 м2 газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшсэн, 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, 0066044 дугаартай гэрчилгээ олгосон, шинээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээг 23 м2-аар нэмэгдүүлж 383 м2 газар эзэмшүүлсэн, Х.К-нь тус газрыг 1996 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, эхнэр Б.З- болон хүүхдийн хамтаар ам бүл гурвуулаа амьдарч байгаад 2014 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу нүүсэн, мөн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/32 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр Х.К-эзэмшлийн өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Х.Т-шилжүүлэн эзэмшүүлж, Х.К-тус газрыг эзэмших эрхийн 2006 оны 0066044 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон, мөн Засаг даргын А/32 дугаартай захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Х.Т-газрын хэмжээг 317 м2-аар нэмэгдүүлэн тухайн байршилд нийт 700 м2 газрыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0005598415 дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, гуравдагч этгээд Х.Табысын /маргаан бүхий/ газар эзэмших эрхийн гэрчилгээг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шинэчилж, тухайн газарт нэгж талбарын 8308000964 дугаар олгож, уг газрыг эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-0210000163 дугаарт бүртгэж, 000127290 дугаартай гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”; 38.2.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
5. Мөн 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын “Нэг”-ийн 1.3.1-д нэгж талбарын хувийн хэрэг гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбогдон үүссэн хууль зүйн нотлох баримтуудын нийлбэр цогцыг ойлгохоор, Гурвын 3.1-д Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: 3.1.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх; 3.4-т Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд: 3.4.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд: 3.4.2.1. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/; 3.4.2.2. газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/; 3.4.2.3. кадастрын зураг /эх хувиар/; 3.4.2.4; газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/, 3.4.2.5; газрын төлбөр төлсөн тухай баримт, 3.4.2.6; талуудын иргэний үнэмлэх/ улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, 3.4.2.7; газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг гэрээнд тусгасан байна/, 3.2.4.8; хэрэв хамтран эзэмшигчид байгаа бол тэдгээрийн иргэний үнэмлэх/ улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, 3.4.2.9; хэрэв эзэмшиж буй газраа бусдад хэсэгчлэн шилжүүлж байгаа бол кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээг тавьсан тойм зураг гэж заасан.
6. Хэрэгт Х.К-маргаан бүхий газрыг эзэмших эрхийн 1996 оны 352 дугаартай, 2006 оны 0066044 дугаартай гэрчилгээнүүдийн эх хувь, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Х.К-үйлдсэн гэх Би сайн дурын үндсэн дээр өөрийн өвөлжөө, хороо болон хадлангийн талбайгаа Табыст худалдсан” гэсэн агуулга бүхий гараар бичсэн баримтын эх хувь, Х.К-болон Х.Т-нарын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай Х.К-, Х.Т-нараас Толбо сумын Засаг даргад гаргасан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийн эх хувь, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар хувь, Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамжийн хуулбар хувь, гуравдагч этгээд Х.Табысын 2015 оны 000598415 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, шинэчилж олгосон 0000127290 дугаар гэрчилгээний хуулбар хувь, эрх бүхий этгээд Х.Т-нарын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээ зэрэг газрын нэгж талбарын хувийн хэрэг авагдсан байна.
7. Мөн хэрэгт авагдсан “нэгж талбарын хувийн хэрэгт “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний эх хувь, газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар Х.К-, Х.Т-нараас Толбо сумын Засаг даргад гаргасан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийн эх хувь, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нотариатын үүрэг гүйцэтгэгч Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэрчилж, нотариатын үйлдэл хийсэн байх бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Толбо сумын 3 дугаар багийн иргэд Х.К-, Х.Т-нарын хооронд байгуулагдсан, мөн Х.К-гаас тус сумын 3 дугаар багийн Хавтгай улаан гэх газарт байршилтай өвөлжөөний хашаа, хорооны доорх 700 м2 газрыг өөрийн хүсэлтээр харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэн Х.Т-шилжүүлсэн агуулгатай, эрх шилжүүлэгч хэсэгт Х.К-гэж, эрх шилжүүлэн авагч хэсэгт Х.Т-нарын гарын үсэг зурагдсан, мөн газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл зэрэг баримтууд хавсаргагдсан байна.
Анхан шатны шүүх газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, мөн газар эзэмших эрх хэрхэн шилжих болсон үндэслэлийн талаар гэрч А.К, Х.М, А.Х, Т.Ж нарын гэрчийн мэдүүлэгт үндэслэн “... 2014 онд өвөлжөөний газар дахь өвлийн сууц, махны амбаар, малын хашаа хороог хоорондоо тохирч үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар Х.Т-үлдээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж, мөн “... өвөлжөөний газар дахь дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Х.К-нь гуравдагч этгээд Х.Т-худалдаж, тухайн газраас 2014 онд нүүсэн, Х.К-нь маргаан бүхий газрын эрхийн гэрчилгээг Х.Т-шилжүүлэх асуудлаар Толбо сумын газрын даамал болон Засаг даргад хандсан, гуравдагч этгээд Х.Т-маргаан бүхий газрыг эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон” гэж хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.
8. Мөн нэхэмжлэгчээс “... газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн сумын Засаг даргад газрын асуудлаар гаргасан өргөдлийг Х.К-бичээгүй байхад өргөдлийг нотариат гэрчилсэн нь хууль бус ... Х.К-, Х.Т-нарын Засаг даргад гаргасан өргөдөл, ... гэрээг баталсан нотариатын үйлдлийн талаарх бүртгэл хийгээгүй, нотариатч үйлдлээ он, сар, өдрийн дарааллаар бичээгүй, бүртгэлийн дэвтэрт Х.К-, Х.Т-нарын гарын үсэг зурагдаагүй, Х.К-, Х.Т-нарын гарын үсгийн үнэн зөвийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрчилсэн атлаа 148, 97 гэж өөр бүртгэлийн дугаар олгосон нь хууль бус” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
9. Хэрэгт авагдсан газрын хувийн хэрэгт хавсаргагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд тухайн үед Х.К-нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа газрын даамалд бүрдүүлж өгсөн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, өөрийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлаар газрын даамал, Засаг дарга, нотариатчид тус тус хандсан зэргээс үзэхэд “өвөлжөөний газраа Х.Т-шилжүүлэх хүсэл зоригтой байсан” гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн 2019 онд нас барах хүртлээ өөрийн өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Х.Табысаас чөлөөлүүлэхээр гомдол нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх энэ талаар “... өргөдлийг ... нотариатчийн үүрэг гүйцэтгэгч ... 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байх ба уг өргөдлийг Х.К-бичээгүй байхад Х.К-гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь хууль бус, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасан “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах” үүргээ нотариатч зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн маргасан нь үндэслэлтэй байх боловч тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэгч Х.К-нь уг өргөдлийг монгол хэл мэдэхгүй гэх шалтгаанаар гуравдагч этгээд Х.Т-бичүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ... Х.К-нэрийн өмнөөс Толбо сумын Засаг даргад гаргасан өргөдлийг Х.Т-бичсэн гэх нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж зөв дүгнэсэн байна.
10. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг маргааны үйл баримтуудаас үзэхэд Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаартай захирамжийн Хавтгай улаан гэх газрыг Х.Т-эзэмшүүлсэн хэсэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ