Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

      2017 оны 06 сарын 06 өдөр        Дугаар 129/ШШ2017/00300          Эрдэнэбулган сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, малчин, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Боржигон овгийн Самбуугийн Батбаярын /РД:АЖ60053111/ хүсэлттэй 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 1 сараас 1989 оны 12 сар хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 оны 1 сараас 1989 оны 12 сар хүртэл Туяа нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1981 оны 06 сард цэргээс халагдаж ирээд нэгдэлд ажилласан учир 1982 оны 1 сараас 1989 оны 12 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 3 жил цэргийн алба хаасан. Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан. “Туяа” нэгдлийн Тоглох, Бэлх бригадуудад ажиллаж байсан. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Тэмээ, эм хонь, төлөг маллаж байсан. Өгийнуур сумаас өөр газар шилжиж ажиллаж, амьдарч байгаагүй. Иймд миний дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Батбаяр нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1982 оны 1-р сарын 11-ний өдрийн хурлаар баталсан “Дундаас тэргүүнд” социалист уралдааны болзлын 1, 2, 3-р үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн 71 малчдыг бүгд 8150 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: С.Батбаяр, туслах малчин, олгох шагнал-150 төгрөг гэсэн “Болзол дүгнэж шагнах тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 8 тоот тогтоол,

1.2. Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан болзол биелүүлсэн ажилчдыг шагнасан “Болзол дүгнэж шагнах тухай” Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 01 сарын 26-ны өдрийн 12 тоот тогтоолын хавсралтанд: С.Батбаяр, эрхэлсэн ажил-гар хадуурчин, үнэмлэх-1, олгох шагнал төгрөгөөр-35 гэжээ,

1.3. 1986 онд мал аж ахуй газар тариалангийн ажилд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий 105 малчид ажилчдыг бүгд 8892 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: С.Батбаяр, Тоглох бригад хоньчин, хүндэт үнэмлэх-1, олгох шагнал-140, бүгд төгрөг-140 гэсэн “Шагнах тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоол, 

1.4. Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 12-р сарын 29-ний өдрийн 70-р тогтоолоор батлагдсан “Тэмээний уралдаан” болзол биелүүлсэн Бэлх хэсгийн хамт олныг “Гэрчилгээ” 150 төгрөгөөр, 11 малчинг 380 төгрөг, бүгд 530 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: С.Батбаяр, Бэлх хэсэг, олгох төгрөг-10 гэсэн “Болзол дүгнэж шагнах тухай”  Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 31-ний өдрийн 23 тоот тогтоол,

1.5. Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 2-р сарын 27-ны өдрийн 11-р тогтоолоор батлагдсан “Их бүтээлийн дуудлага” сэдэвт болзлын 1, 3, 6, 7, 11-р заалтуудыг биелүүлсэн малчдыг хавсралт 1-5-аар баярын бичиг, 15866 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: С.Батбаяр, Бэлх хэсэг, оны эхний мал-503, хорогдол-=, онд оролтын хувь-100, олгох шагнал-100 төгрөг, малын төрөл-эм хонь гэсэн “Болзол дүгнэж шагнах тухай” Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 23-ны өдрийн 34 тоот тогтоол, 

2. С.Батбаярын хөдөлмөрийн дэвтэр,

3. С.Батбаярын 1978 оны 06 сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1981 оны 06 сарын 09-ний өдөр хугацаа дууссаныг тэмдэглэсэн С.Батбаярын цэргийн батлах,

4. Гэрч В.Түмэнжаргалын: “Би бага байхаасаа С.Батбаяртай хамт нэг сум, бригадад айл саахалт байж, нэг сургуульд сурдаг байсан. Би 1980 онд цэрэгт явж, 1983 онд цэргээс халагдаж ирээд 1984 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар ажилд ороход С.Батбаяр нь тус нэгдэлд мал малладаг байсан. С.Батбаяр нь цэргээс халагдаж ирээд Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар орж ажилласан гэж би бодож байна, надаас өмнө л нэгдэлд ажиллаж байсан. С.Батбаяр нь 1978, 1979 оны үед цэрэгт явж байсан. Би С.Батбаяртай Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1984 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан. Би С.Батбаяртай айл саахалт байж, нэг нэгдэлд хамт мал маллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

5. Гэрч Н.Оюунчимэгийн: “Би Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд саальчнаар ажиллаж байгаад 1983 оны 09 сараас Өгийнуур сумын Туяа нэгдэлд саальчнаар ажиллахад С.Батбаяр нь тус нэгдэлд мал маллаж байсан. Тэр үеэс эхлэн би С.Батбаяртай Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд сааль сааж, С.Батбаяр мал малладаг байсан. С.Батбаярын эхнэр Баасанцэрэн нь мөн манай суурьт төлчин, саальчнаар ажиллаж байсан. Би С.Батбаяртай нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүнтэй хамт ажиллаж байсан хугацаанд буюу 1983 оны 09 сараас нэгдлийг хувьчлагдах хүртэл С.Батбаярыг малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ж.Наранчимэгийн: “Би С.Батбаяртай бага байхаасаа айл саахалт байж, нэг нутагт өссөн. Би 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1985 оноос Туяа нэгдлийг хувьчлагдах хүртэл ГАЗ-53 маркийн машин барьсан. С.Батбаяр нь намайг нэгдэлд анх орох үед цэрэгт явж, 1981 онд цэргээс халагдаж ирж байсан. С.Батбаяр цэргээс халагдаж ирээд Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар орж тус нэгдлийг хувьчлагдах хүртэл мал малласан. Би С.Батбаяртай айл саахалт байж, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүнийг Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1981 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажиллаж байсныг мэднэ. С.Батбаяр нь Өгийнуур сумын Туяа нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй л малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Н.Оюунчимэгийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсныг тогтоосон Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 558 тоот шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 

8. Гэрч В.Түмэнжаргалын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч С.Батбаярын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан В.Түмэнжаргал, Ж.Наранчимэг, Н.Оюунчимэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Батбаярын Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан нь Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 8 тоот, 1986 оны 01 сарын 26-ны өдрийн 12 тоот, 1987 оны 01 сарын 26-ны өдрийн 06 тоот, 1988 оны 03 сарын 31-ний өдрийн 23 тоот, 1989 оны 06 сарын 23-ны өдрийн 34 тоот тогтоол, хөдөлмөрийн дэвтэр, гэрч В.Түмэнжаргал, Ж.Наранчимэг, Н.Оюунчимэг нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 

Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч С.Батбаярын Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь түүний “би Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч В.Түмэнжаргалын: “Намайг 1984 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар ажилд ороход С.Батбаяр нь тус нэгдэлд мал малладаг байсан. С.Батбаяр нь цэргээс халагдаж ирээд Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар орж ажилласан гэж би бодож байна, надаас өмнө л нэгдэлд ажиллаж байсан. Би С.Батбаяртай Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1984 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Оюунчимэгийн: “1983 оны 09 сараас Өгийнуур сумын Туяа нэгдэлд саальчнаар ажиллахад С.Батбаяр нь тус нэгдэлд мал маллаж байсан. Тэр үеэс эхлэн би С.Батбаяртай Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Наранчимэгийн: “С.Батбаяр нь 1981 онд цэргээс халагдаж ирээд Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар орж тус нэгдлийг хувьчлагдах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,  Өгийнуур сумын Туяа” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 23-ны өдрийн 34 тоот тогтоол зэргээр тогтоогдож байх тул С.Батбаярыг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд С.Батбаярын Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Самбуугийн Батбаярыг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд малчнаар 1982 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА