| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00350/и |
| Дугаар | 373 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 373
2017 оны 07 сарын 18 өдөр Дугаар 129/ШШ2017/00373 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэгч ажилтай, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Дэлгэр-Өндөрийн 03-04 тоотод оршин суух Шавь овгийн Сумаадайгийн Отгонбаярын /РД:АД66042103/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд 1984 оны 10 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдаад шууд Өндөр-Улаан сумынхаа эрүүл мэндийн төвд асрагчаар орж одоог хүртэл ажиллаж байгаа. Миний эмнэлэгт ажиллаж байсан жил ажилд томилсон тушаал болон нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдчихсон. Харин эмийн санд ажиллаж байсан жил тогтоогдохгүй байгаа. Ажилд орсон, ажлаас гарсан тушаал заавал хэрэгтэй гэсэн боловч архиваас тушаалуудаа шүүлгэхэд олдохгүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Отгонбаяр нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Сумаадайгийн Отгонбаярын 1985 оны 6 сараас 1989 оны 12 сарыг дуустал сарын цалингаасаа тасралтгүй татвар төлж байсныг тэмдэглэсэн 633285 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
2. 1984 оны 10 сарын 01-ний өдөр Өндөр-Улаан сумын эмийн сангийн үйлчлэгчээр авч ажиллуулав, Өндөр-Улаан сумын эмийн сангийн эрхлэгчийн 35-р захирамжаар; 1992 оны 01 сарын 12-ны өдөр үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул Өндөр-Улаан сумын эмийн сангийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлж Өндөр-Улаан сумын хүний их эмчийн салбарын мэдэлд шилжүүлэв, Өндөр-Улаан сумын эмийн сангийн эрхлэгчийн 1992 оны 01 сарын 12-ны өдрийн 01 тоот захирамжаар; 1992 оны 01 сарын 12-ны өдөр Өндөр-Улаан сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллуулав, 1992 оны 01 сарын 12-ны өдрийн хүн эмнэлэгийн эрхлэгчийн 01 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий Сумаадайгийн Отгонбаярын 1984 оны 10 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,
3. Гэрч Ж.Батцэцэгийн: “Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харьяа Өндөр-Улаан сумын эмийн санд эм найруулагчаар ажилд ороход С.Отгонбаяр нь тус эмийн санд үйлчлэгчээр ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Өндөр-Улаан сумын эмийн санд С.Отгонбаяртай 1992 он хүртэл хамт ажиллаад С.Отгонбаяр нь орон тооны цомхотголоор ажлаасаа гарч байсан. Би одоог хүртэл ажлаа хийж байгаа. Тухайн үед Өндөр-Улаан сумын эмийн сангийн эрхлэгчээр Долгорсүрэн гэдэг хүн ажилладаг байсан. Эмийн сангийн үйлчлэгчийг тухайн эмийн сангийн эрхлэгч томилон ажиллуудаг байсан байх, бусад мэргэжлийн ажилчдыг Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын тушаалаар томилдог байсан. Өндөр-Улаан сумын эмийн сан нь 1997 он хүртэл Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харьяанд ажиллаж байгаад нэг хэсэг сумын эмнэлэгт харьяалагдаж байсан. Одоо Өндөр-Улаан сумын эмийн сан нь бие даасан аж ахуйн нэгж болон ажиллаж байдаг. Би 1985 онд Өндөр-Улаан сумын эмийн санд эм найруулагчаар ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. С.Отгонбаяр намайг эмийн санд ажиллаж эхэлсэн 1985 оноос хойш 1992 онд орон тооны цомхотголоор гарах хүртлээ тасралтгүй манай эмийн санд ажиллаж байсан. Энэ хугацаанд Өндөр-Улаан сум нь нэг л эмийн сантай байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Т.Лутбатын: “Би 1988 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторт карт хөтлөгчөөр ажиллаж байгаад 1988 оны 10 сард цэрэгт явж, 1990 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. 1991 оны 01 сараас Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харьяа Өндөр-Улаан сумын эмийн санд эм түгээгчээр ажиллаж эхлэхэд С.Отгонбаяр нь тус эмийн санд үйлчлэгчээр ажилладаг байсан. 1991 оны 01 сараас эхлэн би С.Отгонбаяртай хамт Өндөр-Улаан сумын эмийн санд жил гаран ажиллаад С.Отгонбаяр нь ажлаасаа гарч байсан. Би С.Отгонбаярын дараахан 1993 онд орон тооны цомхотголоор Өндөр-Улаан сумын эмийн сангаас гарсан. Би 1991 оны 01 сараас 1993 он хүртэл С.Отгонбаярыг Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр ажиллаж байсныг түүнтэй нэг газар хамт ажиллаж байсан учир сайн мэднэ” гэх мэдүүлэг,
5. Гэрч Ж.Батцэцэг, Т.Лутбат нарын ажиллаж байсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Тус архивын сан хөмрөгт Өндөр-Улаан сумын Эмийн сангийн материал шилжиж ирээгүй тул Сумаадай овогтой Отгонбаярт холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 365 тоот тодорхойлолт,
7. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Эмийн сангуудын удирдах конторын 1984-1992 оны баримтыг шүүн үзэхэд Сумаадайн Отгонбаярын ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 244 тоот тодорхойлолт,
8. Өндөр-Улаан сумын Ар-Алтангагнуур эмийн сангийн эрхлэгчийн С.Отгонбаярын Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр ажиллаж байсан талаарх тодорхойлолт зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч С.Отгонбаярын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Батцэцэг, Т.Лутбат нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан, гэрч Ж.Батцэцэг, Т.Лутбат нарын Өндөр-Улаан сумын эмийн санд ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үзлээ.
Хэрэгт эх хувиараа авагдсан нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч С.Отгонбаярын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архангай аймгийн Архивын тасгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 365 тоот, 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 244 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч С.Отгонбаярын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Отгонбаярын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь түүний 1985 оны 6 сараас 1989 оны 12 сарыг дуустал сарын цалингаасаа тасралтгүй татвар төлж байсныг тэмдэглэсэн 633285 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1984 оны 10 сарын 01-ний өдөр Өндөр-Улаан сумын эмийн сангийн үйлчлэгчээр авч ажиллуулав, Өндөр-Улаан сумын эмийн сангийн эрхлэгчийн 35-р захирамжаар; 1992 оны 01 сарын 12-ны өдөр үйлчлэгчийн орон тоо хасагдсан тул Өндөр-Улаан сумын эмийн сангийн үйлчлэгийн ажлаас чөлөөлж Өндөр-Улаан сумын хүний их эмчийн салбарын мэдэлд шилжүүлэв, Өндөр-Улаан сумын эмийн сангийн эрхлэгчийн 1992 оны 01 сарын 12-ны өдрийн 01 тоот захирамжаар; 1992 оны 01 сарын 12-ны өдөр Өндөр-Улаан сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллуулав, 1992 оны 01 сарын 12-ны өдрийн хүн эмнэлэгийн эрхлэгчийн 01 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий Сумаадайгийн Отгонбаярын 1984 оны 10 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ж.Батцэцэгийн “Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харьяа Өндөр-Улаан сумын эмийн санд эм найруулагчаар ажилд ороход С.Отгонбаяр нь тус эмийн санд үйлчлэгчээр ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Өндөр-Улаан сумын эмийн санд С.Отгонбаяртай 1992 он хүртэл хамт ажиллаад С.Отгонбаяр нь орон тооны цомхотголоор ажлаасаа гарч байсан. С.Отгонбаяр намайг эмийн санд ажиллаж эхэлсэн 1985 оноос хойш 1992 онд орон тооны цомхотголоор гарах хүртлээ тасралтгүй манай эмийн санд ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Лутбатын “Би 1991 оны 01 сараас Архангай аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харьяа Өндөр-Улаан сумын эмийн санд эм түгээгчээр ажиллаж эхлэхэд С.Отгонбаяр нь тус эмийн санд үйлчлэгчээр ажилладаг байсан. 1991 оны 01 сараас эхлэн би С.Отгонбаяртай хамт Өндөр-Улаан сумын эмийн санд жил гаран ажиллаад С.Отгонбаяр нь ажлаасаа гарч байсан. Би 1991 оны 01 сараас 1993 он хүртэл С.Отгонбаярыг Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр ажиллаж байсныг түүнтэй нэг газар хамт ажиллаж байсан учир сайн мэднэ” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд С.Отгонбаярын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавь овгийн Сумаадайгийн Отгонбаярын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмийн санд үйлчлэгчээр 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА