| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00377/и |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 369
2017 оны 07 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00369 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1968 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 36-16 тоотод оршин суух Борожгон овгийн Пүрэвжавын Амармаагийн /РД:АБ68062205/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Амармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Амармаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд намайг 1984-1990 он хүртэл хугацаанд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч П.Амармаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1984 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд илгээлтээр гарч 2000 он хүртэл ногоочноор ажилласан. Би ногоочноос өөр ажил хийж байгаагүй. Ногоочин нь төмс, манжин, лууван гэх зэргийн ногоо тарьдаг байсан. Миний дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Би 1990 оноос хойш улсад ажилласан 10 жилийн хугацааг нөхөн тооцуулсан. Иймд миний Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ногоочноор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Амармаа нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ЕБСургуулийн 8-р анги төгсөж мал аж ахуйд гарч ажиллаж байгаа ... П.Амармаа ... нарт тус бүр бор эсгий нэгийг олгох нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн “Тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 05-ны өдрийн 24 тоот тогтоол,
1.2. Нэгдлийн ажилчин, албан хаагч 80, малчин 240, барилгачин 28, ногоочин 30, бүгд 373 хүний 1989 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурдсаны дагуу баталсугай. Хавсралтанд: П.Амармаа, амрах хугацаа-15/X гэсэн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоол,
2. Гэрч Ж.Батсайханы: “Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд Баянбулаг бригадад 1979 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг Булган сумын Пионерийн зам нэгдэлд ажиллаж байхад П.Амармаа нь илгээлтээр тус нэгдэлд ногоочноор ирж байсан. Тэр үеэс эхлэн би П.Амармаатай Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тус нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан. П.Амармаа нь Пионерийн зам нэгдэлд нарийн ногоо тариалдаг байсан. Би ургац хураалтанд байнга явдаг байсан учир П.Амармаагийн ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
3. Гэрч М.Лхагвасүрэнгийн: “Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд Баянбулаг бригадад 1979 оноос 1990 он хүртэл малчин, ногоочноор ажиллаж байсан. Би П.Амармааг бага байхаас нь мэднэ. П.Амармаа нь 8-р ангиа төгсөөд Булган сумын Пионерийн зам нэгдэлд илгээлтээр гарч ногоочноор ажиллаж эхэлсэн. Тухайн үед П.Амармаагийн аав, ээж нь Тариа бригадад ногооны сахиулаар ажилладаг байсан. П.Амармаа нь ногоо бригадад голчлон ажиллаж байсан. Бид өвөл малаа маллаж, малаа оторт явчихаар хавар, зун, намар ногоон дээр ажилладаг байсан. Би П.Амармааг илгээлтээр ирж ажилласнаас хойш 1990 он хүртэл Булган сумын Пионерийн зам нэгдэлд хамт ажилласан. П.Амармаа нь Булган сумын Пионерийн зам нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй л Пионерийн зам нэгдэлд ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч П.Амармаагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Батсайхан, М.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч П.Амармаагийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ажиллаж байсан нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 05-ны өдрийн 24 тоот, 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоол, гэрч Ж.Батсайхан, М.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч П.Амармаагийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ажиллаж байсан нь түүний “Би 1984 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд илгээлтээр гарч 2000 он хүртэл ногоочноор ажилласан. Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ногоочноор ажиллаж байснаа тогтоолгоно” гэх тайлбар, гэрч Ж.Батсайханы “Намайг Булган сумын Пионерийн зам нэгдэлд ажиллаж байхад П.Амармаа нь илгээлтээр тус нэгдэлд ногоочноор ирж байсан. Тэр үеэс эхлэн би П.Амармаатай Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тус нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч М.Лхагвасүрэнгийн “П.Амармаа нь 8-р ангиа төгсөөд Булган сумын Пионерийн зам нэгдэлд илгээлтээр гарч ногоочноор ажиллаж эхэлсэн. Би П.Амармааг илгээлтээр ирж ажилласнаас хойш 1990 он хүртэл Булган сумын Пионерийн зам нэгдэлд хамт ажилласан. П.Амармаа нь Булган сумын Пионерийн зам нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй л Пионерийн зам нэгдэлд ажилласан” гэх мэдүүлэг, ЕБСургуулийн 8-р анги төгсөж мал аж ахуйд гарч ажиллаж байгаа ... П.Амармаа ... нарт тус бүр бор эсгий нэгийг олгох нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн “Тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 05-ны өдрийн 24 тоот тогтоол зэргээр тогтоогдож байх тул П.Амармаагийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борожгон овгийн Пүрэвжавын Амармааг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ногоочноор 1984 оны 06 сараас 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА