| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 226/2017/00013/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 12
2017 оны 7 сарын 20 өдөр Дугаар 226/МА2017/000012 Хэрлэн сум
Г.Гансувдын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цэцэрлэгт
холбогдох иргэний хэргийн талаар
226/2017/00013/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
Нэхэмжлэгч: Г.Гансувд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баярмагнай
Өмгөөлөгч: Ч.Жадамба нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатарын даргалсан шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдах гомдлоор Г.Гансувдын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Цэцэрлэгт холбогдох “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Гансувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай эрхлэгчийн тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Халсан тушаалын агуулга нь эцэг эхтэй буруу харьцаж харилцааны доголдол, ёс зүйн доголдол удаа дараалан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2. 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Урьд гаргасан зөрчил буюу Э.Соёлмааг түлсэн асуудал дээр Өнөржаргал, Ц.Саранчимэг нарын хамт хуульд зааснаар тодорхой шийтгэл хүлээсэн учир уг зөрчлийг шүүх хуралдаан дээр дахин ярьж, ажлаас халах үндэслэлийн нэг болгож байгаа нь огт байж болохгүй зүйл юм. Үүнээс хойш ажлаас халагдах хүртэл ямар ч алдаа дутагдал хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн. Намайг халахдаа хамт олны хурлаар хэлэлцэхгүй шууд ажлаас халсан. Ц.Баярмагнай нь намайг зөрчил дутагдал гаргасан гэж үзэж байгаа бол түүнд хамт олны тушаал шийдвэр, хурлаар хэлэлцсэн протокол зэрэг байхгүй. Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Г.Гансувдын хариуцсан ангийн хүүхэд Соёлмаа нь халуун цайнд түлэгдэж түүний эцэг, эхийн зүгээс цэцэрлэгийн удирдлага болон Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан комисс тус цэцэрлэгт ажиллаж хэд хэдэн зөрчлийг илрүүлж залруулах талаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 59 тоот албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт мэргэшлийн болон багшлах эрхтэй багшийг ажиллуулах, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хүүхдийг хайрладаг сэтгэлтэй болгох талаар зөвлөмж хүргүүлсэн бөгөөд багш Г.Гансувдын мэргэжил ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болохыг тогтоосон. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цэцэрлэгийн эрхлэгчийн Б/01 тоот тушаалаар ... багш Г.Гансувд, туслах багш Л.Өнөржаргал нарт 3 сарын хугацаагаар цалингийн 20%-иар бууруулах, тогооч Ц.Саранчимэгт сануулах арга хэмжээг тус тус авсан. Гэтэл энэ хугацаанд Гансувдад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ангийнхаа хүүхдийн түвшингийн судалгаа өг гэсэн үүрэг даалгаврыг өгөхөд биелүүлээгүй зөрчил гаргасан. Дээрх үүрэг даалгаврыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин өгөхөд биелүүлээгүй бөгөөд удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, “...чи намайг ажлаас хал, би чамтай хамт ажлаас халагдах болно...” гэсэн тайлбарыг гаргасан. Мөн 2016 оны үр дүнгийн тайланг гаргаж өгөөгүй. Гансувд нь дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 тоот Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Мөн уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбогдуулан эс зөвшөөрч хуулийн байгууллагад болон цэцэрлэгийн удирдлагад гомдол гаргаагүй болно. Иймд Г.Гансувдын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гансувдын Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Гансувдыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Гансувд нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Би өөрийн гаргасан нэхэмжлэлинй шаардлагаа нотлож тайлбар өгсөн боловч шүүгч энэ талаар зохих дүгнэлт хийгээгүй. Баярмагнай одоо тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаагүй учраас байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд намайг огт тайлан өгөөгүй гэж гүтгэж намайг хохироож байна. Мөн түүнчлэн гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс Баярмагнайгийн шууд удирдлаган доор ажиллаж байсан тул түүний нөлөөнд автаж мэдүүлэг өгсөн байх бүрэн боломжтой. Иймд дээрх байдлуудыг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласнаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Гансувд нь Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 сарын 20 ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 сарын 20 ны өдрийн Б/05 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 заасныг үндэслэн “ өөрийн бүлгийн хүүхдийг дур мэдэн авахгүй эцэг эхтэй нь буруу харьцах, өөрийнхөө хүүхдийг бүлэгтээ авсан зэрэг гомдол эцэг эхээс гарсан, удирдлагын зүгээс албан ёсны шаардлага тавихад бүдүүлэг үг хэллэгээр доромжлох зэрэг ёс зүйн харьцааны доголдол удаа дараалан гаргасан” гэж үзэж Г.Гансувдыг ажлаас халжээ.
Ажил олгогч тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа: Г.Гансувд нь 2011 онд Дорнод дээд сургуульд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр эчнээгээр сурч төгссөн гэсэн боловч сургуулиа төгсөөгүй мэргэжлийн бус багшаар 4 жил ажиллаж байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана” гэсэн шаардлагыг хангаагүй, тус цэцэрлэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгалт хийж “мэргэжлийн болон багшлах эрхтэй багшийг ажиллуулахыг зөвлөсөн тул Г.Гансувдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн, мөн хөдөлмөрийн 2017 оны 01 сарын 03 ны өдрийн Б/01 тоот тушаалаар 3 сарын хугацаагаар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, хүүхдийн түвшингийн судалгаа болон 2016 оны үр дүнгийн тайлан өгөх үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзжээ.
Тушаалд багш Г.Гансувдыг сургуулийн өмнөх боловсролын бакалаврын зэрэггүй гэж буруутгасан талаар Г.Гансувд нь Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгт 2013 оны 09 сарын 09 ний өдрийн 24 дүгээр тушаалаар багшаар орж ажиллахдаа сургуулийн өмнөх боловсролын бакалаврын зэрэггүй байсан боловч ажиллах хугацаандаа эчнээгээр Дорнод дээд сургуульд суралцаж байсан нь /хх-117-118/ , 4 жил тус цэцэрлэгт багшаар ажиллах хугацаанд түүнийг “мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй” гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Харин ажил олгогчийн үндэслэл болгож байгаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зөвлөмж нь тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаанд өгсөн дүгнэлт болохоос ажилтан Г.Гансувдыг “мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй” гэсэн дүгнэлт биш болох нь /хх29-31,114/ нотлогдсон мөн багш Г.Гансувдыг сургуулийн өмнөх боловсролын үнэмлэхгүй гэдгийг ажил олгогч мэдсээр байж ажилд авсанд ажилтанг буруутгах боломжгүй юм.
Ажил олгогч нь ажилтан Г.Гансувдыг мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хариуцагч нь ажилтан Г.Гансувдыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ёс зүйн харьцааны доголдол удаа дараалан гаргасан, эцэг эхээс гомдол ирсэн, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг нэрлэн зааж шүүхэд тайлбарлажээ.
Эцэг эхээс ирүүлсэн гомдлын талаар. Э.Соёлмаагийн ээж Г.Оюунцэцэгээс цэцэрлэгийн захиргаанд 2017 оны 02 сарын 20, 01 сарын 03-ны өдөр охиноо халуун цайнд түлэгдсэн талаар гомдол ирүүлсний дагуу 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар дунд бүлгийн багш Г.Гансувд, туслах багш Л.Өнөржаргал нар нь ажлын хариуцлага алдсанаас цалингийн 20 хувиар 3 сар суутгуулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Энэ тушаалд багш Г.Гансувд гомдол гаргаагүй сахилгын шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон.
Ёс зүйн харьцааны доголдол удаа дараа гаргасан талаар. Багш Г.Гансувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.8-д “ажил мэргэжлийн зөв шаардлагыг мушгин гуйвуулах, хүлээж авахгүй хэл амаар доромжилж зүй бусаар харьцахыг” ёс зүйн зөрчилд тооцохоор” заажээ. Ажил олгогчоос ажилтны гаргасан ёс зүйн зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг шалган тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтны гаргасан гэх сахилгын зөрчлийг шалган тогтоосны эцэст ажлаас халах тушаалынхаа үндэслэл болгох ёстой юм.
Г.Гансувдын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажилтныг ажлаас халах тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.
Ажил олгогчийн Б/5 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилтан Г.Гансувдыг ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл бий болж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Гансувдын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу түүний ажилласан хугацааны сүүлийн 3 сар буюу 2016 оны 12 сараас 2017 оны 1, 2 дугаар саруудад авсан нийт / 870060+551345+ 518681/ 1940086 төгрөгийн цалин хөлснөөс нэг сарын дундаж цалин 646695 төгрөг, нэг өдрийн цалин 30078 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл буюу 2017 оны 07 сарын 20-ны өдөр хүртэлх /109 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3278502 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд 67406 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 294 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож дор дурдсан өөрчлөлтүүдийг оруулсугай.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гансувдыг Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 3 278 502 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгч Г.Гансувдад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл,хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгээс 3278502 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 67406 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Гурав. Нэхэмжлэгч Г.Гансувд нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Я.АЛТАННАВЧ