| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 185/2018/0144/э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 439
А.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
Хохирогч Ч.Бын өмгөөлөгч Г.Амгалансуурь,
Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.От холбогдох эрүүгийн 201725020142 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хар соён овогт Аюурзанын А.О, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 40 дүгээр байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 101 дүгээр байрны 103 тоотод түр оршин суудаг,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дахан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлж,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сар 3 хоног хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, /РД:ТЗ83112570/.
А.О нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караоке бааран дотор иргэн В.Доржжамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монтел худалдааны төвийн гадаа Ч.Бтай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хар Соён овогт Аюурзаны А.Оыг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын урьд цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оаас 1.300.814 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ...” гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хохирогч Ч.Бтай холбогдох үйлдлийн хувьд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үүссэн шалтгаан нөхцөлийг хуульд заасны дагуу тал бүрээс нь шинжлэн судалж, зөв дүгнэлгүй хэт нэг талыг барьсан. Гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл нь миний буруутай үйлдлээс бус хохирогчийн согтуугаар зүй бус авирласнаас, улмаар утас засварчдын хэрэглэдэг “Пенецевт” гэх ир үзүүртэй багажаар миний толгой руу цохиж хатгаснаас болж зэвсэг барьсан согтуу хүнээс өөрийгөө хамгаалах үйлдэл хийснээс хохирогч Ч.Б гэмтэл авсан байдаг. ... Хохирогч Ч.Бд хуулийн зохих заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгалгүй зөвхөн хохирогч гэдэг үүднээс нэг талыг баримтлан мөрдөх ажиллагаа явуулснаас миний эрх зүйн байдал дордож, хуулийн хүнд зүйл, хэсгээр ял шийтгэгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Мэс барьж довтолсон согтуу этгээдийн эсрэг хийсэн биеэ хамгаалах үйлдэлдээ хуулийн хүнд зүйл, хэсгээр яллагдсандаа маш их харамсаж, хуулийн зөв зүйл, заалтаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг шударга шүүхээс хүсч байна.
... Миний бие гэмт хэргийн улмаас хохирогч В.Доржжамбад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хэдийгээр надаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үүссэн ч гэсэн тодорхой хэмжээнд найз нөхөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг бүрдүүлсэн баримтынх нь дагуу төлж барагдуулсан байгаа. ...Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, хуулийн шударга, эрх тэгш байх зарчмыг баримтлан ... шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд “хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хохирогч нарын зохих буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл мөн” гэж дүгнэжээ. Гэрч Ц.Отгонжаргал “Ч.Б согтуу, уучихсан байсан. Тэгээд хоорондоо маргалдсан. Ч.Б Түгээмэл рүү ороод пенцевт аваад А.Оыг цохихоор нь А.О баруун гараараа эрүү рүү нь цохисон. Тэгээд босохгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Очирбатын “...А.О гадаа зогсож байхад Ч.Б ирээд агсараад байсан. Тэгээд маргалдаж байгаад пенцевт авч ирээд А.Оын толгой руу хатгахаар нь А.О цохиод унагаасан” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, болсон хэрэг үйл явдлын талаар тодорхой мэдүүлж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хэрхэн, яаж гэмтэл авсан талаар мэддэггүй юм. Иймд шүүгдэгч А.О нь хохирогч Ч.Бын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.Очирбат, Ц.Отгонжаргал нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зүйл, заалтад хамаарахгүй юм. Харин хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар мөрдөгч болон прокуророос мөрдөх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт хэт нэг талын, яллах талын нотлох баримтыг цуглуулж, түүнийг шүүх мөн яллах болон хүндрүүлэх талыг барьж үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл, заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч А.О нь хохирогч Ч.Бын эрх чөлөөнд халдах үед санаа сэтгэлийн хувьд хэвийн байсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчжээ. Иймд шүүгдэгч А.От холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүхийн тогтоолд заасан хохирогч Ч.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болохыг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Хохирогч Ч.Бын өмгөөлөгч Г.Амгалансуурь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.О нь хохирогч Ч.Быг санаатайгаар цохиж, түүний биед хүнд гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Гомдолд дурдахдаа зүйлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа юм шиг, эсхүл гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа юм шиг хоёрдмол утгатай давж заалдах гомдол гаргасан байсан. Мөн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөхдөө ямар зүйл болгох нь тодорхойгүй байгаагаас үзэхэд өөрчлүүлэх хууль зүйн үндэслэл олж чадахгүй учраас бичээгүй байх гэж харагдаж байна. Хохирогч Ч.Б шүүгдэгч А.Оын толгой руу пенцевтээр хатгасан үйлдэл гараагүй юм байна гэж хавтаст хэрэгтэй танилцаад дүгнэсэн. Мөн хохирогч Ч.Б шүүгдэгч А.Оын толгой руу пенцевтээр цохисон гэсэн нотлох баримт байхгүй. Хохирогч Ч.Б архи уусан, маргаан үүсгэж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн байхыг үгүйсгэхээргүй нотлох баримтууд хавтаст хэргээс харагдаж байсан. Хохирогч Ч.Б шүүгдэгч А.Оын толгой руу пенцевтээр цохиод түүнээс болж сэтгэл санаа цочирдсон, аргагүй байдлаас болж шүүгдэгч А.О хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй.
Хавтаст хэргийн 160 дугаар хуудаст, гэрч Мөнгөнбилэг буюу хохирогчийн эхнэрт “чи өргөдлөө авчих, урьд нь хэрэгт холбогдчихсон юмаа, намайг авраач” гэж гуйсан гэсэн мэдүүлгүүдтэй уялдуулаад үзэхэд гэрч Ц.Отгонжаргал, Б.Очирбат нарын мэдүүлэг бол гуйлтад орсон байхыг үгүйсгэхээргүй харагдаж байна. Мөн гэрч Ц.Отгонжаргал, Б.Очирбат нараас хэрэг гарснаас хойш 2 сарын дараа буюу 10, 11 дүгээр сард гэрчээр мэдүүлэг авсан байсан. Үүнийг цаг хугацааны хувьд уялдуулаад үзэхэд нотлох баримтын шаардлага хангахааргүй харагдаж байна. Хохирогч Ч.Б шүүгдэгч А.Оын толгой руу пенцевтээр хатгасан үйлдэл болсон юм бол тухайн үед шүүгдэгч А.О сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай асуудлаа хэлээд шалгуулж, хохирол учирсныг үзүүлж нотлох баримтыг бэхжүүлж болох байсан боловч ийм ажиллагаанууд огт хийгдээгүй байгаагаас үзэхэд ийм үйлдэл огт болоогүй, нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч А.О 2 хүний биед үхлийн гэмтэл учруулсан байсан. Хохирогч нар эмчийн ач буянаар амьд гарсан болохоос биш хүн амины хэргүүдэд ийм гэмтэл учраад хүмүүс нас барж, шийтгүүлж байгаа. Хоёр хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс оногдуулсан ял хүнд биш санагдаж байна. Хохирогчийн тухайд өөрөө “шүүх хуралд гомдолгүй, гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбаргүй” гэж уламжилсан. ... Хохирогч Ч.Б “цаашид гомдолгүй, энэ хүнээс юуг нь авах вэ” гэсэн байдлаар хандаж байгаа. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Оын хувьд хоёр удаагийн үйлдлээр 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Шүүгдэгч А.Оын хувьд хохирогч В.Доржжамбын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй. Энэ талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байна. Тухайн үйлдэслэлтэй холбоотойгоор прокурорын хувьд хэлэх зүйл байхгүй. Харин хохирогч Ч.Бын хувьд учирсан гэмтэл дээр санаатай учруулаагүй, өөрийгөө хамгаалах, гарцаагүй байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан гээд хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Маргааныг гомдолдоо дурдаж ирүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр дуудагдан ирсэн Ц.Отгонжаргал, Б.Очирбат нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт зэргүүдээр уг гэмтэл нэг удаагийн цохилтоор үүснэ. Мөн хэрэг болсон цаг хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монтел төвийн гадаа хохирогч Ч.Бын зүй бус авир, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянаагүй, тухайн төвөөр үйлчлүүлэгч нар болон ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж, улмаар шүүгдэгч А.О дээр очиж маргаан үүсгэж, биед нь ойртож ирэх үед шүүгдэгч А.О таслан зогсоохын тулд хүч хэрэглэж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэлд дурдагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч А.О энэ үйлдлийг хүсч үйлдсэн үү, эсхүл гарцаагүй байдалд өөрийгөө хамгаалж тухайн цохилтыг хийсэн үү гэдэгт хохирогч Ч.Бын хувьд зүй бус авир гаргаж, шүүгдэгч А.Оын биед ойртсон үйлдэлд хариу үйлдлийг шүүгдэгч А.О заавал нүүрэн тус газар цохиж, үйлдлийг таслан зогсоох биш өөр байдлаар зогсоох боломж байсаар байтал нүүрэн тус газарт цохисны улмаас хохирогч Ч.Бын биед ямар нэгэн байдлаар хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж санаатайгаар, зориуд хүргэсэн үйлдэл нь санаатай гэж дүгнэх үндэслэл болж байна. Аргагүй хамгаалалтын нөхцөлд хэрвээ үйлдсэн гэж үзэх юм бол довтолгоон нөгөө талаас зайлшгүй үйлдсэн байх ёстой. Довтолгооныг зайлшгүй хор уршиг учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан байхыг шаардана. Гэтэл заавал хохирогч Ч.Бын зүй бус үйлдлийг нүүрэн тус газарт цохиж зогсоох бодит шаардлага нөхцөл байдалд байгаагүй. Гэтэл зориуд хохирогчийн эсрэг шүүгдэгч А.О хүч хэрэглэж гэмтэл учруулж байгаа үйлдэлдээ тодорхой санаатай хандсаныг харуулж байгаа юм. Тэгэхээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Оыг хоёр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх А.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.
А.О нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караоке бааран дотор иргэн В.Доржжамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монтел худалдааны төвийн гадаа Ч.Бтай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай тус тус учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч В.Доржжамбын “...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой ... 2 пиво, 200 грамм архи аваад уугаад дуулаад сууж байсан чинь өөр ширээнээс үл таних залуу ирж “Манай захиалсан дуу байна” гээд микрафон булааж авсан. Тухайн үед тэр хүн согтуу байсан болохоор арга эвээр хэлээд ширээ рүү нь буцааж явуулсан. Бид хоёр захиалсан дараагийн дуугаа дуулах болсон. Тэгсэн чинь тэр залуу дахин бид хоёр луу уурлаж дайрсан. Тэгэхээр нь бид 2 “согтуу хүнтэй юу ярихав, төвөг” гэж бодоод уг баарнаас гарахаар текэн дээр очоод тооцоогоо хийх гээд явж байсан чинь текний хажуугийн ширээнд сууж байсан тэр залуу босч ирээд үгийн зөрүүгүй, эхлээд гараараа баруун чихний дээд хэсэгт 1 удаа цохисон, тэр үед нь би манараад унасан. Намайг шалан дээр унахад толгой руу өшиглөсөн. Тэгээд би юу ч мэдэхгүй болсон. ...” /1 дүгээр хавтас, 16-17 дугаар хуудас/,
Гэрч Л.Отгонхайчийн “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... 18 цагийн үед манай караокед байнга үйлчлүүлдэг Убаанаа гэж дууддаг /А.О/ нь үл таних 3 залуугийн хамт орж ирээд нийтийн зааланд суугаад 0,75 литрийн архи 1 шилийг авсан. Тухайн зааланд 25 гаруй насны 2 залуу тооцоогоо хийхээр ирсэн. Тэгтэл А.О нь нөгөө залууд хандан “ахаараа битгий оролдоорой” гэж хэлсэн чинь нөгөө залуу "би таниар оролдоогүй" гэж хэлсэн. ... Убаанаа нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь тохойгоороо тохойлдсон чинь нөгөө залуу арагшаагаа саваад газар унасан. Тэгээд нөгөө залуугийн чихнээс нь цус гараад 20 гаруй минут болсон. …” /1 дүгээр хавтас, 18-19 дүгээр хуудас/,
А.Оын яллагдагчаар өгсөн “...Намайг Доржжамбын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...” /1 дүгээр хавтас, 218-219 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн №726 дугаартай “...В.Доржжамбын биед тархины дунд зэргийн няцрал, гавлын суурь ясны далд хугарал, тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “... А.О ирж яваа Доржжамба руу толгойгоо зүүн тийш хагас эргүүлэн харснаа зүүн гарынхаа тохойгоор хойшоогоо нэг удаа хүчтэй цохиход Доржжамбын нүүрний зүүн хэсэгт онож, Доржжамба ар дагзаараа шалан дээр хүчтэй унав. ...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Бын “...Нэг мэдэхэд Убанаатай муудалцаад зогсож байсан. Намайг урдаас цохиж байсан. Би болсон асуудлыг ерөөсөө санахгүй байна. Дараа нь Убанаа надтай ирж уулзахдаа “чи согтуу, гадаа муудалцаад буцаж гарч ирээд пенцевтээр хатгах гээд байхаар нь цохисон” гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, 148-151 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Отгонжаргалын “...А.Оыг эхлээд Ч.Б толгой хавьцаа нь цохих шиг болсон. Тэгсэн чинь А.О баруун гараараа далайлгаж айлгаж байгаад зүүн гараараа нэг цохиж унагаасан. ...” /1 дүгээр хавтас, 161 дүгээр хуудас/,
Гэрч Б.Очирбатын “... 2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд зам дагуу зогсож байхад Убаанаа буюу А.Оыг Ч.Б архи уучихсан байх үедээ элдвээр хэлээд өдөөд байсан. Тэгээд хоорондоо маргалдаад зууралдаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Гэтэл Ч.Б нь гүйж яваад пенцевт буюу нарийн үзүүртэй чимхүүр авч гарч ирээд А.Оын толгой руу шууд хатгах шиг болсон. Тэр үед А.О нь Ч.Бын нүүрэнд нь гараараа цохиход Ч.Б Убаанааг налаад газар унасан. ...” /1 дүгээр хавтас, 162-163 дугаар хуудас/,
А.Оын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...” /1 дүгээр хавтас, 223-224 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №12154 дугаартай “...Ч.Бын биед зүүн дагз яс, чамархай суурь, суурийн хөндий ясны үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, зөөлөн эдийн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 166 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
А.О нь В.Доржжамбын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин Ч.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ аргагүй хамгаалалтын шинжтэй гэжээ.
Гэрч Ц.Отгонжаргалын “...А.Оыг эхлээд Ч.Б толгой хавьцаа нь цохих шиг болсон. Тэгсэн чинь А.О баруун гараараа далайлгаж айлгаж байгаад зүүн гараараа нэг цохиж унагаасан. ...” /1 дүгээр хавтас, 161 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээс үзэхэд, А.О нь Ч.Бын довтолгоо төгссөн хойно түүний нүүрэн тус газар цохиж унагаан гэмтэл учруулсан байх бөгөөд хохирогч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Отай таарамжгүй харилцаа үүсгэсэн, улмаар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна.
Иймд, А.Оын Ч.Бын нүүрэн тус газар гараараа цохиж, гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
А.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, А.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, түүний хувийн байдалд нь тохируулан түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд хуулийн зүйл, хэсэг, заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг” гэж бичвэрийн хувьд буруу бичсэн байгаа нь хууль хэрэглээний болон утга, агуулгын хувьд зөрчилтэй байдал үүсгэхгүй боловч давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” гэж,
мөн анхан шатны шүүх А.Оын цагдан хоригдсон хоногийг “79” гэж буруу тоолсныг “81 хоног” гэж тус тус зөвтгөв.
Иймд шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулав.
А.О нь анхан шатны шүүх хуралдааны дараа буюу шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Ч.Бд 1.301.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон өгсөн байгааг дурдаж байна.