Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 85

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У овогтой Ү-ийн С

Хариуцагч: УБЕГ ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “ “Ж*******” ХХК нь 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн, захирлаар Ү.Ж бүртгэгдсэн байсан. “Ж*******” ХХК нь одоо улсын бүртгэлд 3 хувьцаа эзэмшигчтэй ба 34 хувийн хувьцааг Ү.Ж, 33 хувийн хувьцааг Ү.С миний бие, 33 хувийн хувьцааг М.Б эзэмшдэг. Тус компанийн захирал Үржингийн Жаргалсайхан нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан ба одоог хүртэл түүний оронд өөр захирал томилоогүй. Улсын бүртгэлд “Ж*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлагаар одоог хүртэл талийгаач Ү.Ж бүртгэлтэй байдаг. “Ж*******” ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү.Ж 2012 онд нас барснаас хойш компани тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд компанийн үйл ажиллагааг явуулах, тогтвортой ажиллуулах үүднээс тус компанийн 33 хувийн хувьцаа М.Бын санал шаардлага, шийдвэрийн дагуу хуульд заасан журмын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдаж, талийгаач Ү.Жг чөлөөлж, компанийн захирлаар Ү.С намайг томилсон.

2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа ззэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу Улсын буртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохих материалыг бүрдүүлж “Ж*******” ХХК-ийн захирлыг өөрчлөн бүртгүүлэх хүсэлт гаргасныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүлээн авсан. Уг мэдэгдэлд хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ “Ж*******” ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн Ү.Ж 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нас барсан ба түүний хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, хуралд оролцуулан Ү.Жг захирлаас чөлөөлөх, Ү.Сыг захирлаар томилох санал өгөх эрхтэй юм. Иймд хууль ёсны өв залгамжлагчийг хуралд оролцуулах, хуралд оролцох боломжгүй бол хурлын зарыг хүргүүлэх бичгээр авах шаардлагатай юм. Иймд Иргэний хуулийн 515.1-д "Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.”, 552.1-д “Өвлөх харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна" гэж тус тус заасны дагуу хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлсэн материалын хамт ирүүлсэн тохиолдолд бүртгэлийг хийх боломжтой болно.” гэжээ. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хувьцаа ззэмшигчдийн ээлжит бус хурлыг хүралдуулах шаардлагыг 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Б нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 "саналын эрх бүхий хүвьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан" гэсэн заалтын дагуу гаргасан байдаг. 2012 оны 3 дугаар сард “Ж*******” ХХК-ийн захирал Ү.Ж нас барсан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг хүргүүлэх, уг шаардлагыг хүлээн авах захирал байхгүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7. заасан " Энэ хуулийн 61.4-т ззасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуүлийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно" 62.2 “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.2.2 “гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох”, 62.2.3 “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, 62.2.4 “гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох” гэсэн хуулийн заалтыг баримтлан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргасан байдаг. Уг шаардлага, шийдвэр, хурлаар хэлэлцэх асуудлын төсөл, хурлын зарыг М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсад ирэхдээ хувьцаа эзэмшигч Ү.С надад албан ёсоор өгсөн. “Ж*******” XXК-ийн улсын бүртгэлд талийгаач Ү.Ж нь 34 хувийн хувьцаа эзэмшигчээр одоог хүртэл бүртгэлтэй. Түүний хувьцааг хууль ёсны өвлөгч нь хүлээн авах өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй байдаг.

Мөн талийгаачийн гэр бүл хууль ёсны өвлөгч нартай ямар нэг холбоогүй тул өдөр тутмын сонинд “Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурал хуралдах өдөр цаг хугацаа, болох газрыг мэдэгдэн, талийгаачийн үр хүүхэд эхнэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн хуралд оролцоно уу гэсэн зар өгсөн байдаг. “Ж*******” ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Ү.Жы хууль ёсны өвлөгч нар талийгаачийн хувьцааг өвлөн авах эрхээ хэрэгжүүлэх, эсхүл өв хүлээн авахаас татгалзах эсэх нь тухайн хууль ёсны өвлөгчийн эрх, үүрэг бөгөөд компанийн бусад хувьцаа эзэмшигч Ү.С, М.Б бид нар улсын бүртгэгчийн бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдэлд зааснаар талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлэх үүрэггүй болно. Хуульд зааснаар хууль ёсны өвлөгч нь өв хүлээн авах, өв залгамжлалын гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг өөрчлүүлэх эсэх асуудал нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус Ү.С болон М.Б бидэнд үүрэг болгоогүй. Харин талийгаач Ү.Жы хууль ёсны өвлөгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, улсын бүртгэлд бүртгүүлэх эсэх нь тэдний хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл идэвхи санаачилгаас хамааралтай юм. Хэдий тийм боловч М.Б нь тэдэнд хурал болж байгааг мэдэгдэж өдөр тутмын сонинд зар өгсөн байдаг. Түүнээс биш Ү.С, М.Б бид өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй, өв хүлээн аваагүй асуудал байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хууль ёсны өвлөгч нь өвөө хүлээн авч, өвлөх гэрчилгээ аван хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй байхад улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртэгдээгүй, хэн аль ямар хэмжээгээр өвлөх эсэхийг ч мэдэхгүй байж хувьцаа эзэмшигчийн хурлын зарыг хүргүүлэх үүрэг байхгүй. Харин хууль ёсны өвлөгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд талийгаачийн хувьцааг өвлөсөн байхад түүнд мэдэгдээгүйгээр хурал хуралдах ёсгүй юм. Хуульд заасан журмын хүрээнд хурал зарлан хуралдаж дийлэнх олонхийн шийдвэрээр гарсан байхад шийдвэрийг хуульд заагаагүй, талийгаачаас бусад хувьцаа эзэмшигч бидэнд хуулиар хүлээлгээгүй үүргийг гүйцэтгүүлэхийг шаардаж байгаа нь “Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Б Ү.С бидний эрх ашгийг ноцтой хохироож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түхай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.1 "Улсын бүртгэлд бүрдүүлэхээр ирүүлсэн баримтын бүрдэл дутуу" гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.1.1.нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт;

23.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

23.1.4. үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

23.1.5. шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

23.1.6. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэгч Д. Г*******гийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай "хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг биелүүлж, компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГ т даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ү.Сын нэхэмжлэлтэй, УБЕГ т холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Тус компани нь анх 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М.Б 33%, Д.Д******* 33%, Ү.Ж 34%-ийн хувьцаа эзэмшигчээр, Ү.Жыг компанийн гүйцэтгэх удирдлагаар тус тус бүртгүүлсэн байдаг. Үүний дараа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М.Б 33%, Ү.С 33%, Ү.Ж 34%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн, Ү.Жыг компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлсэн бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.

Нэхэмжлэгч Ү.С нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Ж*******” ХХК нь компанийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр гүйцэтгэх захирал томилуулах материал ирүүлсэн. Гэтэл “Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ү.С, М.Б нар компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх тухай бүртгэлд бүртгүүлэх материалыг ирүүлсэн бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх хүртэл хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан харилцааг Хууль зүйн сайдын А/39 дугаар Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журмыг баримтладаг байсан бөгөөд тус журмын 4.1 “Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 4.1.5 “гүйцэтгэх удирдлага”, 4.2-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 4.2.4 “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ” гэж заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийг бүрдүүлсэн материалд хавсаргаж ирүүлээгүй буюу нэхэмжлэгч өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлж ирүүлээгүй атлаа хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2016он/ 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасны дагуу бүртгэлд мэдүүлэгчийн ирүүлсэн баримтыг нэг бүрчлэн нягталж, шалгасны үндсэн дээр бүртгэх эсэхийг шийдэх үүрэгтэй бөгөөд бид хуульд заасан журмыг баримталж бүртгэл хийх чиг үүрэг бүхий байгууллага юм. Мөн дээрх журмын зохицуулалтыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дүгээр зүйлд шинээр нэмж зохицуулсан бөгөөд хуулийн 22.3 “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.3.4 “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан болно.

Иймээс нэхэмжлэгч нар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бүрдүүлбэл зохих баримтыг бүрдүүлж ирүүлээгүй өөрийн буруутай үйлдэлдээ хариуцагчийг буруутгаж, хууль зөрчсөн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг шүүхэд гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурьдсаны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага Ү.Ж нас барсантай холбоотойгоор компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т заасны дагуу хууль ёсны өв залгамжлагчид шилжих ёстой бөгөөд ийнхүү хууль ёсны дагуу, баримт бичгийн дагуу хуульд заасан шаардлагын дагуу,  бүртгэл үнэн зөв нотлох баримтад үндэслэх зарчмын дагуу бүртгэл хийгдэх хуулиар тогтоосон журамтай. Ингэснээр Ү.Жы эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрх нь хангагдах боломжтой болно.

Иймд “Ж*******” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын тогтоол /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3/ нь хуулийн шаардлага хангахгүй байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох байх тул Захиргааны ерөнхий хуулийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." гэж заасны дагуу УБЕГ т хандах ёстой тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх  боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.С нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд “Ж*******” ХХК-ийг 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн иргэн М.Б 33 хувь, Д.Д******* 33 хувь, Ү.Ж 34 хувийн эзэмшлээр үүсгэн байгуулж, Ү.Жыг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Д өөрийн эзэмшлийн 33 хувийг Ү.Ст шилжүүлснээр М.Б 33 хувь, Үржингийн Сүхбаатар 33 хувь, Үржингийн Жаргалсайхан 34 хувийг эзэмшиж, компанийн мэдээлэлд орсон энэ өөрчлөлтийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаар шийдвэрийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ.

Тус компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Ү.Ж нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч М.Бын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шаардлага, 2018 оны 8 дугаар сарын 15-ны шийдвэрээр гүйцэтгэх удирдлагыг томилох асуудлыг шийдвэрлэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов зарлагдаж, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, компанийн гүйцэтгэх удирдлага Ү.Ж нас барсан үндэслэлээр түүнийг чөлөөлж, Ү.Сыг гүйцэтгэх удирдлагаар томилж, компанийн мэдээлэлд орсон энэ өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргажээ.

2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохих материалыг бүрдүүлж “Ж*******” ХХК-ийн захирлыг өөрчлөн бүртгүүлэх өргөдөл гаргасныг улсын бүртгэгч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаар  мэдэгдлээр “Ү.Жы хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлсэн материалын хамт ирүүлэх”-ийг шаардаж  бүртгэхээс татгалзсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ... итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн аль нэг нь гаргаж болох тул тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар томилогдсон Ү.С нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргах эрхтэйн дээр мөн энэ талаар нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд байна.

Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн лавлагаагаар “Ү.Жы өмчлөлийн ... “Ж*******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрх, ... Д.А, Ж.М, Ж.Т нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч А.Б 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гарын үсгийн ... дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл ... нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл Ж*******” ХХК-ийн хувьцааны эрхийг өвлөх эрхийн гэрчилгээг өв хүлээн авах хүсэлт гаргасан этгээдүүд аваагүй байна.

Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг заасан ба “23.1-д зааснаас өөр баримт бичгийг шаардахгүй” гэж 23.2-т заажээ.

“Ж*******” ХХК-иас хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг буюу гүйцэтгэх удирдлагыг өөрчлөлтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит бус хурлын “гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, томилсон” тухай тогтоол, тухайн хуралдааны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчид хүргүүлсэн ээлжит бус хурлын зар, компанийн дүрэм, ээлжит бус хурлыг хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчийн шаардлага, шийдвэр, өдөр тутмын сонинд ээлжит бус хурлын зарыг нийтлүүлсэн баримт, хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хуралд төлөөлөгчөө оролцуулах итгэмжлэл, гүйцэтгэх удирдлагын гэрээ, хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг хавсаргасан, өөрөөр хэлбэл  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж хавсаргажээ.

Гэтэл улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд орсон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг “Ү.Жы хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээг бүрдүүлсэн материалын хамт ирүүлэх”-ийг шаардаж  бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй, дээрх хуулийн заалтад нийцэхгүй, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас өөр баримт шаардаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.

Нөгөөтэйгүүр “Ж*******” ХХК-ийн бүртгүүлэхийг хүссэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт нь Ү.Ж-ы эзэмшлийн хувьтай хамааралгүй, өөрөөр хэлбэл түүний эзэмшилд байх компанийн хувь хэмжээ, эзэмших эрхэд хамааралгүйн дээр улсын бүртгэгч бусад хувьцаа эзэмшигчид нас барсан хувьцаа эзэмшигчийн өв залгамжлагчийг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээг олгуулах үүрэг хүлээлгэсэн нь хууль ёсны шаардлага биш юм.

Ү.Жы хууль ёсны өв залгамжлагчийг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээг авах нь бусад хувьцаа эзэмшигчдийн үүрэг биш, хууль ёсны өв залгамжлах эрхтэй этгээдийн эрх байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлосон шийдвэр болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй эсэхэд улсын бүртгэлийн байгууллага дүгнэлт хийх үүрэггүй, учир нь бүртгэлийн байгууллага нь эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ бүхий үүсгэн байгуулах баримт бичгээр хуулийн этгээд шинээр байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэй бүртгэлийн байгууллага юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлосон шийдвэр болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн талаар маргаагүйн дээр хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд захиргааны хэргийн шүүх харьяалал зөрчин дүгнэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-т зааснаар “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г бүрдүүлэх байсан” гэж дурдсан ч энэ хууль нь улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай мэдэгдлээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дээр энэ заалт нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд хамааралтай, өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд хамааралгүй байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэх үед буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг заасан, тухайлбал 22.1.2 “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.4 “үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлт, ... ” гэж заасан байна.

Иймд улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож “Ж*******” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авч, шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заагаад ийнхүү улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өргөдөл гаргагч шүүхэд гомдол гаргаж болохоор тусгайлан заасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шүүхэд шууд хандсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой, мэдээллийн нэгдсэн сантай тул хэдийгээр бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг улсын бүртгэгч гаргасан ч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж, хариуцагч нь тухайн улсын бүртгэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг дурьдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/02 дугаартай “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу компанийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлаар Ү.С томилогдсон мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГ т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА