Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

     2017 оны 07 сарын 20 өдөр      Дугаар 129/ШШ2017/00380         Эрдэнэбулган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумн Азарга багт оршин суух Пүрэвжав овгийн Пагвадоржийн Пүрэвийн /РД:АД60060417/ хүсэлттэй 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Пүрэв шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд Пагвадоржийн Пүрэв намайг эдгээр баримт материалаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч П.Пүрэв улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. П.Пүрэв 1960 онд төрсөн, одоо 57 настай. П.Пүрэв нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Эхлээд хонь маллаж байгаад дараа нь адуу маллаж байсан. П.Пүрэвийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа учраас ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм байна лээ. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж П.Пүрэвийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Пүрэв нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Мал аж ахуйн бригадуудад ажиллах суурийн ахлагч нарыг хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Азарга бригад Пүрэв, адуу гэсэн “Суурийн ахлагч нарыг батлах тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1981 оны 03 сарын 25-ны өдрийн 14 тоот тушаал,

1.2. “Тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн 89 тоот тогтоол, 

1.3. Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 39-р тогтоолын хавсралт №2, Адуучдын зөвлөгөөнд оролцсон адуучдад бэлэг дурсгал болгож олгосон зүйлийн жагсаалтанд: Пүрэв, хувин 6 төг-1ш, будаа-7.5, тэмдэглэлийн дэвтэр 3 төг-1ш, энгэрийн тэмдэг 4-30-1ш гэжээ,

1.4. Өөрийн хариуцлагагүйгээс нийгмийн малын арчилгаа маллагааны технологи алдагдуулж үхүүлэх, чононд идүүлэх, ор сураггүй алга болгох зэргээр дутагдуулсан 209 толгой малыг хавсралтанд зааснаар 28 хүнд төлбөр болгон төллүүлж нийгмийг хохиролгүй болгохоор тогтоож, хавсралтыг баталсугай. Хавсралтанд: Пүрэв, шүдлэн-5, даага-2, дүн-7 бүгд төлбөр-3050 гэсэн “Нийгмийн мал дутагдуулсан зарим малчдад төлбөр оногдуулах тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 сарын 06-ны өдрийн 44 тоот тогтоол, 

1.5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 1993 оны өмч хувьчлалын материалд: Пүрвээ, авсан хөрөнгийн хэмжээ-6.0, үүнээс мал толгой-22, мян.төг-4.2 гэжээ,

2. Гэрч З.Гантулгын: “Би 1981 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд 1981 оны 08 дугаар сард хурга ялгах үед отор дээрээс хурга авч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд төлөг хариулж эхэлсэн. Тухайн үед П.Пүрэв нь цэргээс халагдаад ирчихсэн гээд мөн адил төлөг авч хариулж байсан. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1 дүгээр бригадад 1981 оны 08 сараас 1984 он хүртэл П.Пүрэвтэй хамт мал маллаж байгаад, 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 онд цэргээс халагдаж ирээд Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад үргэлжлүүлэн П.Пүрэвтэй хамт мал маллаж, тус нэгдлийг тарах хүртэл хамт ажилласан. Би 1984 оноос 1987 он хүртэл цэргийн алба хааснаас бусад хугацаанд П.Пүрэвтэй Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тасралтгүй хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

3. Гэрч Ц.Лхамхүүгийн: “Би 1976 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд эм хонь маллаж, уг ажлаа 1992 онд Бадрал нэгдлийг тарах хүртэл хийсэн. Би 1992 онд улсын аварга малчин болж байсан. Намайг Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд мал маллаж байхад П.Пүрэв нь 1981 онд цэргээс халагдаж ирээд надтай хамт эм хонь малласан. Тэр үеэс эхлэн би П.Пүрэвтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тус нэгдлийг тарах хүртэл тасралтгүй хамт мал малласан. П.Пүрэв нь манай сайн малчдын нэг байсан, гэр бүлийн хүн Болормаа нь ч мөн адил Бадрал нэгдлийн сайн төлчдийн нэг байсан. Би П.Пүрэвтэй нэг нэгдэлд нэг дор хамт ажиллаж байсан учир түүнийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

4 Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр-Улаан сумын 1982, 1983, 1985, 1987, 1989, 1990 оны баримтыг шүүн үзэхэд Пагвадоржийн Пүрэвийн ажил төрөлтэй холбоотой материал гаргаагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 250 тоот тодорхойлолт,

5. П.Пүрэвийн хөдөлмөрийн дэвтэр,

6. П.Пүрэвийн цэргийн батлах зэрэг болно. 

 

 Шүүх хүсэлт гаргагч П.Пүрэвийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Лхамхүү, З.Гантулга нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч П.Пүрэвийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 39-р тогтоолын хавсралт, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 сарын 06-ны өдрийн 44 тоот тогтоол, гэрч З.Гантулгын “Би 1981 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд 1981 оны 08 дугаар сард хурга ялгах үед отор дээрээс хурга авч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд төлөг хариулж эхэлсэн. Тухайн үед П.Пүрэв нь цэргээс халагдаад ирчихсэн гээд мөн адил төлөг авч хариулж байсан. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1 дүгээр бригадад 1981 оны 08 сараас 1984 он хүртэл П.Пүрэвтэй хамт мал маллаж байгаад, 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 онд цэргээс халагдаж ирээд Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад үргэлжлүүлэн П.Пүрэвтэй хамт мал маллаж, тус нэгдлийг тарах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Лхамхүүгийн “Намайг Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд мал маллаж байхад П.Пүрэв нь 1981 онд цэргээс халагдаж ирээд надтай хамт эм хонь малласан. Тэр үеэс эхлэн би П.Пүрэвтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тус нэгдлийг тарах хүртэл тасралтгүй хамт мал малласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч П.Пүрэвийн “би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан” гэх нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаагийн “П.Пүрэв нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч П.Пүрэвийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна. 

П.Пүрэвийн хүсэлт гаргахдаа хавсаргасан “Тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн 89 тоот тогтоолд П.Пүрэвт холбогдох заалт байхгүй мөн П.Пүрэв нь 1981 оны 08 сард цэргээс халагдаж ирээд мал малласан гэж хүсэлт гаргагчийн төлөөлөгч тайлбарладаг тул Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 03 сарын 25-ны өдрийн 14 тоот, 1984 оны 12 сарын 12-ны өдрийн 89 тоот тогтоолыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пүрэвжав овгийн Пагвадоржийн Пүрэвийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА