| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00409/и |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 346
2017 оны 06 сарын 27 өдөр Дугаар 129/ШШ2017/00346 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1977 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, Сээрийн ар гэх газар оршин суух Монгол овгийн Тогоогийн Байгалмаагийн /РД:АР77011601/ хүсэлттэй
Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монгол овогт Тогоогийн Байгалмаа би Монгол овогт Гандолгорын Амартүвшинтэй 1998 онд танилцаж улмаар дотносож 1999 оны 08 сарын 14-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 1999 оны 10 сарын 30-ны өдөр охин А.Мөнхболор, 2002 оны 07 сарын 17-ны өдөр хүү А.Цэрэнпил төрсөн. Бид 4 өнгөрсөн хугацаанд эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч нөхөр Амартүвшин нь 2009 оноос ааш зан нь хувирч өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа зохиох болсон ба 2016 оны 04 сарын 30-ны өдөр гэрээсээ яваад хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй сар гаран болоод ирсэн. Тэгээд гэртээ тогтож байгаад уг оныхоо 8 сарын 09-ний өдөр ах, дүү нартайгаа утсаар яриад төрлийнх нь залуу болох Хүрэлбаатар манай гэрт ирээд Г.Амартүвшинг аваад Эрдэнэмандал сумын төв рүү явсан. Хамтран амьдрах хугацаанд Г.Амартүвшин бид хоорондоо маргалдсан асуудал байхгүй. Хаяадаа Г.Амартүвшнийн утсанд ирсэн дуудлага, мессежнээс болж ганц нэг удаа маргалдаж байсан. Бидний байнгын оршин суудаг хаяг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг, Сээрийн ар гэх газар юм. Г.Амартүвшин нь 2016 оны 8 сараас хойш гэртээ нэг ч удаа ирээгүй, надтай болон хүүхдүүдтэйгээ холбоо бариагүй, одоо хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй ба түүний талаар сураг сонсоход өөр орон нутагт, хүнтэй гэр бүл зохиосон сурагтай байна. Цаашид би Г.Амартүвшинтэй хамтран амьдрах боломжгүй тул шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин А.Мөнхболор, хүү А.Цэрэнпил нарыг өөрийн асрамжиндаа авч, хуульд зааснаар тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон охин, хүү нарт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч Г.Амартүвшингийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул шүүхэд хандаж чадахгүйд хүрээд байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол овогт Гандолгорын Амартүвшин /РД:АЯ77100730/-гийн одоо оршин сууж байгаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Байгалмаа нь Г.Амартүвшинтэй 1998 онд танилцаж, 1999 оны 12 сарын 30 өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 1999 охин А.Мөнхболор, 2000 онд хүү А.Цэрэнпил нар төрсөн. Г.Амартүвшин нь 2009 оноос эхлэн зан ааш нь хувирч, өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон байдаг. Тухайн үед хоорондоо ярилцаж, эргэн хамтран амьдарч байгаад Г.Амартүвшин нь 2016 оны 04 сараас эхлэн гэр бүлээс гадуур харилцаа тогтоож улмаар 2016 оны 08 сард өөрийн төрлийн хүмүүстэйгээ утсаар ярьж, самарт явна гээд өөрийн албан ёсны хаяг болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Сээрийн ар гэх газраас хамаатны залуу болох Хүрэлбаатар гэх хүнтэй хамт явсан байдаг. Энэ хугацаанаас хойш эхнэр Т.Байгалмаа болон хүүхдүүдтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй. Ах дүү хамаатан садангаас нь Г.Амартүвшингийн талаар асуухад өөр орон нутагт гэр бүлтэй болсон гээд оршин суугаа хаягийг нь огт хэлдэггүй. Хүсэлт гаргагч Т.Байгалмаа нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдэдээ тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэхээр хариуцагчийн хаяг тодорхой бус байгаа учир иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох АЯ77100730 регистрийн дугаартай Монгол овогт Гандолгорын Амартүвшинг эрэн сурвалжилж өгнө үү. Г.Амартүвшин хамгийн сүүлд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Сээрийн ар гэх газар оршин суудаг байсан. Албан ёсоор шилжилт хөдөлгөөн хийлгээгүй. Тухайн хаягт амьдрахгүй, оршин суухгүй байгаа талаарх багийн засаг даргын тодорхойлолтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Байгалмаа нь хариуцагч Г.Амартүвшинг эрэн сурвалжлахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
- Тус багийн иргэн Гандолгор овогтой Амартүвшин нь Сээрийн ар гэх газар оршин суудаг бөгөөд багаас шилжих хөдөлгөөн хийгдээгүй нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 2/205 тоот тодорхойлолт,
- Тус багийн иргэн Гандолгор овогтой Амартүвшин нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй бөгөөд одоо тус хаягандаа амьдраагүй нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 2/208 тоот тодорхойлолт зэрэг болно:
Хүсэлт гаргагч Т.Байгалмаа нь Г.Амартүвшинд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа боловч Г.Амартүвшингийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь түүний “Г.Амартүвшин нь 2016 оны 8 сараас хойш гэртээ нэг ч удаа ирээгүй, надтай болон хүүхдүүдтэйгээ холбоо бариагүй, одоо хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй ба түүний талаар сураг сонсоход өөр орон нутагт, хүнтэй гэр бүл зохиосон сурагтай байна. Цаашид би Г.Амартүвшинтэй хамтран амьдрах боломжгүй тул шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, охин А.Мөнхболор, хүү А.Цэрэнпил нарыг өөрийн асрамжиндаа авч, хуульд зааснаар тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон охин, хүү нарт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч Г.Амартүвшингийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна” гэсэн нэхэмжлэл болон “Гандолгор овогтой Амартүвшин нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн харьяат иргэн бөгөөд уг хаягаасаа ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, одоо уг хаягтаа оршин суухгүй байгаа нь үнэн болно” гэсэн Г.Амартүвшингийн урьд оршин сууж байсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Засаг даргын 2/205, 2/208 дугаар тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол овгийн Гандолгорын Амартүвшинг /РД:АЯ77011601/ эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Амартүвшинг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар Монгол овгийн Гандолгорын Амартүвшинг /РД:АЯ77100730/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.Амартүвшинг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
4. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА