Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 299

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С овогтой Л-н П

Хариуцагч: УБЕГ,

Гуравдагч этгээд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: Ү-2206049413 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн утга: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар Д.Пыг 2014 оноос ажиллаж байх үед эрх бүхий этгээдтэй байгуулсан контрактын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 тоотод байрлах 370 кв.м талбай бүхий орон сууцыг эзэмшүүлсэн. Төрийн өмчийн хороо ба Замын дарга Д.П нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контракт, “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны дарга М.Н.М болон Замын дарга Д.П нарын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактуудад тус орон сууцыг Д.П нь эзэмшиж, контракт дуусгавар болоход өмчлөхөөр тус тус заасан байсан.

Гэтэл уг орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг өмчлөгчөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-2206049413 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон байна. Уг бүртгэл хийгдсэнээр “Улаанбаатар төмөр зам” ХНН нь өмчлөх, эзэмших эрхтэй болж, контракт гэрээний дагуу тухайн хөрөнгийг шилжүүлэхгүй байх, шилжүүлэхээс татгалзах олон үндэслэл үүсч энэ нь тухайн байгууллагад эрх зүйн давуу байдлыг бий болгож, ингэснээр өмчлөх эрх үүсэх байсан Д.Пын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн юм.

Бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу энэхүү хөрөнгө бүртгэгдэх эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг ч нягтлалгүйгээр бүртгэснээр холбогдох хуулийн заалтын зөрчжээ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэнэ” гэж заасан байгаа нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийх үйл ажиллагааны ерөнхий зохицуулалт болж байна. Дээрх хөрөнгийн эрхийн бүртгэл 2016 онд хийгдсэн учраас 2009 онд батлагдан үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баримталсан болно.

Хэдийгээр энэхүү дээрх хуульд өмчийн хэлбэр харгалзахгүй эд хөрөнгийн эрхийг бүртгэхээр тусгахдаа ...хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа... гэж тусгайлан тодруулсан нь бүртгэлийн ерөнхий хуулиар үндсийг нь зохицуулсан бүртгэлийн үйл ажиллагаа цаашид нарийвчлагдан, эд хөрөнгийн гэх зэргээр бүртгэхдээ ...хуульд зааснаар... бүртгэхийг зааж, зохицуулжээ. Нарийвчилсан зохицуулалттай, улсын бүртгэлийн дотроос эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг тусгайлан зохицуулсан хууль бол Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны хууль) болно. Тэгвэл энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхгүй” гэж заасан бол 3.4-т “төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой энэ хуулийн 3.2.1, 3.2.4-д заасан эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Үүнээс дүгнэвэл төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхгүй гэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.5 дахь заалтыг илүү тодруулсан, төрийн өмчийн эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг хэрхэн бүртгэхийг хуулиар зохицуулсан байна. Монгол Зөвлөлтийн Засгийн газрууд хоорондын 1949 оны хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан, “Улаанбаатар төмөр зам“ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь дүрмийнхээ 2.6-д “үйлдвэрийн газрууд, байшин барилгуудыг хувьдаа буй болгох, түрээслэн авах ба өгөх, шилжүүлэх...” эрхтэй байх ба хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгө гэдэг нь дүрмийн 6 дугаар зүйлд зааснаар 1 000 000 төгрөгний номинал үнэ бүхий 2264 акцад хуваагдах хөрөнгө болох төдийгүй Улаанбаатар төмөр замын бүхий л хөрөнгө болох бүх акцууд хоёр талд тэгшээр хуваагдахаар зохицуулсан байгаагаас харвал:

Нэгд. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгийг хувь нийлүүлэгчдийн нэг тал нь болох дан ганцхан Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн бүртгэх эрх зүйн үндэслэлгүй байгааг харуулна.

Хоёрт. Өмчийн олон хэлбэр байна. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна, 99.3 Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байхаар зохицуулжээ.

Энэ олон өмчийн хэлбэрээс, онцлон төрийн өмчийн хувьд тусгайлан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгээр зохицуулсан байтал түүнийг зөрчин дээрх хөрөнгийг бүртгэсэн нь хууль зөрчсөн бүртгэл болсон. Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Замын даргыг үр дүнтэй ажилласны үр дагавар болж өмчлөлд нь шилжих байсан хөрөнгийг урьдчилан улсын бүртгэлд бүртгүүлэн, өмчлөх эрхийг олж авснаар бусдын эрхийг зөрчих үндэслэл нь болоод байгаа юм. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно...” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэл хууль бус эсэхийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд тогтоох байх. Миний хувьд маш ихээр хуурагдсан. Монгол Улсын Засгийн газраас 357 дугаар тогтоолоор “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам”-ийн даргаар намайг томилсон. Төрийн өмчийн хороотой 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан контрактын гэрээний 5.7-д нийгэмлэг өөрийн хөрөнгөөр Улаанбаатар төмөр замын даргад хувийн котеж авч өгөхөөр тохирсон.

Нийгэмлэгийн Орос дахь талын дарга, ерөнхий нягтлан бодогч надад тус орон сууцыг хүлээлгэн өгч, байрны урсгал зардлыг өөрөө төлж яваарай. Энэ байрыг таны мэдэлд, хувьд нь авч өгч байгаа гэсэн. Байрны ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн, одоо ч тус орон сууцандаа амьдарсаар байгаа. Миний ажил үүргийн хувьд тус байгууллагыг ашигтай ажиллуулах байсан. Байгууллагын зүгээс намайг шударгаар ажиллах, хууль бусаар хөрөнгөжих үйлдлийг гаргахгүйн тулд хувийн котежээр урамшуулсан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө 23 дансанд нийт 111 тэрбум төгрөгийг хамт хүлээлгэн өгсөн. Би үүрэгт ажлаа хийж байх хугацаандаа албан байгууллагын мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө авч шамшигдуулаагүй.

Орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхийн тулд эхлээд байгууллагын данснаас орон сууцыг хасуулах шаардлагатай байсан. Тиймээс Ерөнхий хороо буюу нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөл рүү орон сууцыг байгууллагын данснаас хасуулах тухай албан бичгийг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш долоо хоногийн дараа явуулсан.

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Өнөр девелопмент” ХХК-ийн барьсан орон сууцыг Д.Пын нэр дээр шилжсэн болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн тодорхойлолтыг тус байгууллагын Монгол талын төлөөлөгч Д.Жигжиднямаа албажуулахаар бэлтгэсэн байсан.

Ерөнхий хороонд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг хүлээж байх хугацаанд “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам”-аас орон сууцыг байгууллагын нэр дээр бүртгүүлэхээр орон сууцны төлбөр төлсөн баримтыг хавсарган мэдүүлэг гаргасан байсан.

 “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам”-ийн Ерөнхий хороотой 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан контрактын гэрээний 5.9-д зааснаар өөрийн өмчлөлд авах байсан орон сууцыг аваагүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд “хариуцагч Д.П нь 5.9-д заасан орон сууцыг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой” гэж дурдсан байдаг.

Төрийн өмчийн хорооны даргатай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч миний бие хувийн ашиг сонирхлын үүднээс байгуулаагүй, харин Улаанбаатар төмөр замын дарга байгуулсан. Энэ гэрээг Монгол Улсын Засгийн газар, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн төлөөллүүд байгуулсан тул гэрээ байгуулах эрхгүй субьектууд гэж үзэхгүй байна.

Нийгэмлэгийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авах эрхийг “Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам”-ийн 1968 оны дүрмийн 22-т “төрөл бүрийн хөрөнгийг худалдан авах буюу түрээсэлнэ, тэгэхдээ хөрөнгөөс хасах болвол Ерөнхий хороогоор шийдвэрлүүлнэ” гэж заасан. 

Санхүүгийн албаны дарга, Орос дахь талын дарга нар котеж гэдэг нэр томьёог судлаад бие даасан том байр гэж тайлбарласан. Орос дахь талын захирлууд Улаанбаатар төмөр замын дарга нь захирлуудаас ч дутахааргүй орон сууцанд амьдрах эрхтэй гэж үзсэн нь И.А.Домбровскийн албан бичгээс харагдаж байна.  

Байрны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар улсын бүртгэлд очиход “Өнөр девелопмент” ХХК-ийн тодорхойлолт, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан бичиг шаардлагатай болсон. Энэ хооронд Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь мөнгө төлсөн баримтаа улсын бүртгэлд өгч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан. Тухайн үед нийгэмлэгийн хөрөнгөд авах эсэх талаар Ерөнхий хороо шийдвэр гаргаагүй байсан.

Иргэний шүүхэд гаргасан маргаан дээр Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь тэдний талд шийдвэр гаргах үндэслэл болсон. Контрактын 5.9-д заасан байраа нэхэмжлэхэд гурван шатны шүүхийн шийдвэр саад болохгүй гэж Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолд дурдсан байсан. Миний хувьд хоёр дахь байраа авах эрх үүссэн ч улсын хөрөнгөөр хоёр байр авах шаардлагагүй учир эхний байраа авахаар маргаж байна.

Төрийн өмчийн хорооны даргын үүргийг гүйцэтгэгчтэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контрактын 5.7-д зааснаар замын дарга нь өмч хөрөнгийг захиран зарцуулах, өмч хөрөнгө худалдан авах, түрээслэх эрхтэй. Энэ өмчийг замын даргын өмчлөлд нийгэмлэгийн хөрөнгөөр авахаар тогтоосон. Тус гэрээнд нэхэмжлэгч Д.Пын хувь хүнд биш харин Улаанбаатар төмөр замын даргад авч өгөхөөр тохиролцсон. Монгол, Орос хоёр талын дарга нараас тус орон сууцыг надад олгохыг зөвшөөрсөн байхад миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаагүй. Аливаа орон сууц нь байгууллагын эд хөрөнгө гэхээсээ илүүтэйгээр тухайн орон сууцанд оршин сууж байгаа этгээдийн эрх ашиг сонирхол явагдаж байдгийг мэдэрч тус орон сууцанд одоо хэн амьдарч байгааг тодруулах шаардлагатай байсан. Хамтарсан нийгэмлэгийн өмчийг бүртгэхдээ Монгол, Орос дахь талуудын даргын албан бичгийг шаардах шаардлагатай байсан. Хэрвээ ерөнхий хороонд гаргасан өмчөөс хасуулах тухай албан хүсэлтийг шийдвэрлэсэн байсан бол өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарах боломжтой байсан.

Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас хоёр дахь удаа гаргасан мэдүүлэгт анхны мэдүүлэг буцаасантай адил шаардлагыг хариуцагч тавих ёстой байсан. Улсын бүртгэлийн байгууллага нь яагаад хувь хүн амьдран суудаг орон сууцыг нийгэмлэгийн нэр дээр бүртгэсэн болохыг мэдэхгүй байна. Энэ орон сууцыг нийгэмлэгийн өмч хөрөнгөд бүртгүүлэх тухай Төрийн өмчийн хорооны тогтоол, шийдвэрт үндэслэж бүртгэх шаардлагатай байсан.” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ маргаан нь Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” болон нэхэмжлэгч Д.П нарын хооронд байгуулсан контрактын орон сууцны асуудлыг зохицуулснаас үүдэлтэй. Энэ орон сууцтай холбоотой маргаан иргэний хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Миний хувьд Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь нэхэмжлэгчтэй гэрээгээр тохиролцсон байрыг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүйг ойлгохгүй байгаа. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь үе үеийн дарга нартаа орон сууцыг урамшуулал болгон өгдөг. Энэ байгууллага нь Орос, Монгол хоёр улсын 50, 50 хувийн хувь нийлүүлсэн төрийн байгууллага болохын хувьд байгууллагын өмч хөрөнгийг бүртгэх бүртгэхгүйн асуудалд тэгш эрхтэй оролцоно. Орос улсын талаас нэхэмжлэгчийг ажлаа өгөхөд тус орон сууцыг өгөх боломжтой гэж байсан.

Нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэрээний асуудлаа шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан нь буруу. Хэрвээ нэхэмжлэгчийг зохих үр дүнд хүртэл ажиллаж чадаагүй гэж үзсэн бол орон сууцыг авах боломжгүй гэж шийдвэр гаргах ёстой байсан. Тэр хуралдаан болсноос хойш хоёр сарын дараа тус орон сууцны талаар нийгэмлэг маргаж эхэлсэн байдаг.

Орон сууцыг нийгэмлэгийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь орон сууцыг бүртгэх боломжгүй гэж мэдүүлгийг буцааж байсан боловч дахин хоёр дахь удаа хандахад нь бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан байсан.

Өнөөдөр бид энэ орон сууцны Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийн талаар маргаагүй, харин улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар маргаж байгаа. Эхлээд ямар шалтгааны улмаас бүртгээгүй байсан бэ, сүүлд яагаад хууль зөрчиж бүртгэсэн бэ гэдэг нь маргааны гол зүйл. Улсын бүртгэлийн тухай хуулийг харахад бүртгэлийн байгууллага нь бүртгэх ёсгүй хөрөнгийг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэдгийг харуулж байна.

Хэрэв нэхэмжлэгчийг үр дүнтэй ажиллаагүй гэж үзэж байсан бол Ерөнхий хорооны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр гэрээг дүгнэхдээ тодорхой дүгнэх шаардлагатай байсан. Улсын бүртгэлийн байгууллага нь хувь хүний орон сууцыг нийгэмлэгийн нэр дээр бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байгаа.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхон /17020/, Зайсангийн тойруу гудамж 41/5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Дашхүү мэдүүлэг гаргасан байна.

Мэдүүлэгт хавсаргаж өгсөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан бичиг /Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай/, Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 тоот тогтоолын хуулбар, компанийн өр төлбөрөө бүрэн барагдуулсан тухай албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, захиалгын гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зураг, итгэмжлэл зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000576230 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13 5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасан тул 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна. Мэдүүлэгт хавсаргаж өгсөн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г нэг талаас захиалагч “Өнөр девелопмент” ХХК-ийг төлөөлж “Өнөр пропертиз” ХХК болон нөгөө талаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлж замын дарга Д.П нар байгуулсан байна.

Нэхэмжпэлд дурдсан Төрийн өмчийн хороо ба Замын дарга Д.П нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн контракт, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийлэмлэгийн Ерөнхий хорооны дарга М.Н.Морозов болон Замын дарга Д.П нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн контрактын заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэн Д.Пт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оын 7/195 тоот албан бичгээр хариу өгч байсан байна.” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар зохицуулсан байдаг тул Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас орон сууцыг бүртгүүлэхээр гаргасан  мэдүүлгийг буцаасан.

Тухайн үед ажиллаж байсан манай байгууллагын дарга нар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийг бүртгэх талаар чиглэл авахад “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баримтлан бүртгэх боломжтой” гэсний дагуу сүүлд мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн.

Манай байгууллагын хувьд Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоол, захиалгын гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримтад үндэслэн орон сууцыг гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэсэн. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, мөн дээд байгууллагаас чиглэл авсны дагуу бүртгэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зохицуулалт болон мэдүүлэгт хавсаргасан материалыг харахад бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байгаагүй учраас бүртгэсэн. Иргэн хоорондын маргаанаа Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой.” гэв.

Гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Паас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 м.кв талбай бүхий, Ү-2206049413 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байх бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” дээрх орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авч, хуулийн дагуу өмчилж байгаа бөгөөд иргэн Д.П тус нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа уг орон сууцанд амьдарч байсан болно.

Улмаар 2016 онд Д.П ажлаас чөлөөлөгдөж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 мкв талбай бүхий, Ү-2206049413 бүртгэлийн дугаартай өөрийн өмчлөлийн орон сууцыг иргэн Д.Пын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, харин иргэн Д.П дээрх орон сууцны өмлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг “Улаанбаатар төмөр зам”-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Пын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 885 тоот магадлалаар “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00072 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Пын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 001/ХТ2018/01274 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Өөрөөр хэлбэл Давж заалдах болон Хяналтын шатны шүүх дээрх хаусыг Улаанбаатар төмөр замын өмч бөгөөд Д.П гэдэг хүн хууль бусаар эзэмшиж байгааг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32018/14175 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх, энэ ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан.

Нэгэнт гурван шатны шүүхээр дээрх орон сууцыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч болохыг, мөн иргэн Д.П уг орон сууцыг хууль бусаар ззэмшиж байгааг нэгэнт тогтоож, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад ийнхүү дахин нэхэмжлэл гаргасан байдал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэсэн үйлдэл гэж ойлгогдож байна.

Нөгөө талаар өөрөө хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцныхаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хэргийг удаашруулах сонирхлын зөрчилтэй байдлыг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл хууль бусаар эзэмшигч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээд өөрийн хууль бусаар эзэмшиж байгаа бусдын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргах зүйд нийцэхгүй, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол огт хөндөгдөөгүй учир хуулиар энэ хүнд ийм нэхэмжлэл гаргах эрх байхгүй болно. Иймд Д.Пын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл нь Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн 1.4 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа.

 Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгааг харахад улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар тайлбарласангүй, харин контрактын гэрээгээр надад өгсөн орон сууцыг гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэсэн талаар тайлбарыг хийлээ.

Нэхэмжлэгчийн дурдсан эхний контрактыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөвлөлт- Монгол хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийг төлөөлж Төрийн өмчийн хорооны даргын үүргийг гүйцэтгэгч н.Цогтбаатартай байгуулсан. Нийгэмлэгийн дарга томилогдоод шууд ажлаа хүлээн авдаггүй, заавал Ерөнхий хороо буюу ажил олгогчтой контракт байгуулдаг. Зөвлөлт- Монгол хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн дүрмийн дагуу тус нийгэмлэгийн Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулах байсан. Гэтэл Төрийн өмчийн хорооны даргын үүргийг гүйцэтгэгчтэй буюу контракт байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан. Тус гэрээнд 2 орон сууцны талаар зохицуулсан байгаа. Үүнд:

5.7-т “Нийгэмлэгийн хөрөнгөөр замын даргын өмчлөлд хувийн котеж худалдан авч өгөх”

5.9-т “Энэхүү гэрээгээр нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт замын даргыг тохилог орон сууцаар хангах” гэсэн хоёр зохицуулалт оруулсан. Төрийн өмчийн хорооны даргын үүргийг гүйцэтгэгч н.Ц нь Монгол Зөвлөлтийн  хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийг төлөөлж гэрээ байгуулах, нийгэмлэгийн хөрөнгийг нийгэмлэгийн нэрийн өмнөөс захиран зарцуулах эрхийг Д.П-т олгох эрхгүй этгээд юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь компанийн болон ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан заалтыг зөрчсөн, хууль бус гэрээ гэсэн шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгчид тус гэрээний дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь орон сууц шилжүүлэх ямар ч үүрэг хүлээхгүй, энэ талаар маргах боломжгүй.

Нэхэмжлэгчээс тайлбарлаж буй хоёр дахь гэрээ болох 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Контрактын гэрээний хувьд: Контракт байгуулах эрхтэй субъект болох Зөвлөлт- Монгол хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн Ерөнхий хороо буюу Төлөөлөн удирдах зөвлөл нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй контракт байгуулсан. Энэ гэрээний 5.9-т өмнөх гэрээний 5.7-т заасан адил асуудлыг зохицуулсан бөгөөд 5.9-т “Энэхүү контрактаар ажиллах хугацаанд замын даргыг албаны сууцаар хангах ба /нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газарт амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн/ контрактын хугацаа дуусгавар болоход замын даргад үнэ төлбөргүй шилжүүлэх” гэж заасан. Тус гэрээний хугацаа 3 жил бөгөөд гэрээний 6.5-д “нийгэмлэг нь замын даргатай байгуулсан контрактыг ямар ч үед хугацаанаас өмнө Ерөнхий хорооны шийдвэрээр цуцалж болно. Тус гэрээний 6.6-д хэрвээ контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд 5.9 д заасан орон сууцыг буцаан шилжүүлнэ гэдгийг тодорхой заасан.

Энэ контрактаар Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн үе үеийн дарга нарын амьдарч байсан, Баянгол дүүрэг дэх орон сууцны талаар зохицуулсан. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан контрактыг тус гэрээний 6.5-д заасныг баримтлан хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн  буруутай үйл ажиллагаа байсан учраас  тус гэрээний 6.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болгосон. Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш үр дүнтэй гурван жил ажилласан тохиолдолд түр эзэмшүүлж байсан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхийг алдаж, харин нэхэмжлэгчид түр эзэмшүүлсэн орон сууцыг нийгэмлэгт буцаан шилжүүлэх үр дагавар үүсч байна.

Нэхэмжлэгч контрактыг дуусгавар болгох тухай тушаалтай маргах эрхтэй байсан бөгөөд энэ тушаалтай маргаагүй.

Иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн одоо амьдарч буй орон сууц нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан контрактын гэрээнд тусгагдсан орон сууц биш байна, харин Төрийн өмчийн хорооны даргын үүргийг гүйцэтгэгчтэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан котеж, өндөр үнэ бүхий хаус гэж үзэн Д.П нь одоо амьдарч буй орон сууцаа шаардах эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Иймд энэ талаар маргахгүй байх.

Нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын даргын албан тушаалд томилогдоод, эрхгүй этгээд буюу Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй гэрээ байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр “Ө” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, орон сууцны үнэ болох 1,468,000,000 төгрөгийг нийгэмлэгээс хоёр хувааж төлсөн.

Нэхэмжлэгчээс нийгэмлэгийн Орос дахь талын орлогч дарга И.А.Домбровскийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12/45 дугаар албан бичгийг тайлбарлаж байна. Тус албан бичгийн агуулга нь нэхэмжлэгчийн өмчлөх гээд байгаа орон сууц нь нийгэмлэгийн өмч биш гэдгийг хэлсэн. Улаанбаатар төмөр замын даргын байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь Компанийн тухай хууль, Авилгын тухай хуулийг зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ. Үндсэн ажил олгогчтой орон сууц захиалан бариулах тухай тохиролцоогүй.

Нэхэмжлэгчийг зөрчлийн улмаас ажлаас халсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хорооны даргын /Ц.Нанзаддоржоос/ 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/812 дугаар Зээлийн тухай “...улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан тул байгууллагадаа худалдан авсан хөрөнгүүдийг зах зээлийн үнээр зохих журмын дагуу худалдан борлуулна уу...” гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлж байсан. Контрактын 6.5-д заасан гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцлүүдийг нэр бүрчлэн заасан. Д.Пын орон сууц, авто машин худалдан авсан үйлдэл нь гэрээ хэлэлцээр байгуулахдаа хувийн ашиг сонирхлоор хандсан зөрчил гэж үзсэн.

 Түүнчлэн тус орон сууцыг урамшуулал гэж нэхэмжлэгчээс тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар урамшууллыг хөдөлмөрийн гэрээ болон контрактаар зохицуулдаг. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу орон сууцыг худалдан авах үед контракт байгуулаагүй байсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан контрактад бас энэ талаар зохицуулаагүй.

Маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийг төлөөлөн Д.П байгуулсан бөгөөд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн дүрмийн 15 дугаар зүйлд зааснаар Ерөнхий хороо нь нийгэмлэгийн дансанд өмч хөрөнгө бүртгэх, хасах эрхийг эдэлдэг. Тиймээс орон сууц худалдан авах асуудал нь Улаанбаатар төмөр замын дарга, Оросын талын нэгдүгээр орлогч И.А.Домбровский нарын бүрэн эрхэд хамаарахгүй. Нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралдаанаар тус орон сууцыг худалдан борлуулж, ажилтнуудад орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь 16000 гаруй ажилтантай. Нэг жилд 20 ажилтанд 4.000.000 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт үзүүлдэг. Д.П нь замын даргаар томилогдоод сар болоогүй байж 1.5 тэрбумын үнэ бүхий орон сууц авах нь нэхэмжлэгчийн хэлж байгаа шударга ёсонд нийцэж байгаа юм уу.

Д.П нь Ерөнхий хорооны хурлын тэмдэглэлүүдийг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн тогтоолд “маргаж байгаа орон сууцыг Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь өөрийн өмч хөрөнгөөр худалдаж авсан эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй, хууль ёсны өмчлөгч өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн. Бүртгэлийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд орон сууцыг бүртгэсэн.

Нийгэмлэгийн дүрмийн 8-д заасан удирдах байгууллагад Төрийн өмчийн хороо хамааралгүй юм. Харин өөрийн өмчтэй холбоотой асуудлаар чиглэл зөвлөмж өгөх эрх, үүрэгтэй.

Дүрмийн 22-т “Улаанбаатар төмөр зам”-ын бүрэн эрхийнхээ хүрээнд орон сууц захиалан бариулах эрхтэй гэж нэхэмжлэгчээс тайлбарладаг боловч хөрөнгө худалдах, худалдан авах, данснаас хасах эрх нь Ерөнхий хорооны бүрэн эрхэд хамаардаг. Иймээс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан контрактын дагуу, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэг нь үүгээр тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгчээс Орос, Монгол дахь талын дарга нар орон сууцыг өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг боловч Орос, Монгол дахь талын дарга нар дангаараа нийгэмлэгийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эдлэхгүй.

Контрактыг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тушаалын тухайд: Аливаа эрх зүйн акт нь тухайн тушаалыг гаргах албан тушаалтны бүрэн эрхийг удирдлага болгож, акт гаргах үндэслэл болсон эрх зүйн зохицуулалтыг үндэслэж гардаг. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн дүрмийн 17 дугаар зүйлийн “и”-д заасан Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн даргын бүрэн эрхээ иш татаж, контрактыг дуусгавар болгох үндэслэл болсон контрактын 6.5 дахь заалтад заасан буруутай үйлдлийг тусгасан. Энэ тушаалыг эс зөвшөөрч байвал маргах эрхтэй байсан, маргаагүй. Тиймээс одоо энэ шүүх хуралдаан дээр энэ талаар маргах шаардлага байхгүй.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 мкв талбай бүхий орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын өмчлөлд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.П нь уг бүртгэлийг болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь “ ... контрактын гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байсан, контрактын гэрээ дуусгавар болоход өмчлөлдөө шилжүүлэх байсан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх ... -ийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхгүй” гэснийг зөрчиж Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд бүртгэснээр контрактын гэрээний дагуу өмчлөлд шилжүүлэхээс татгалзах үндэслэл үүсч, энэ нь тухайн байгууллагад эрх зүйн давуу байдлыг бий болгож, ингэснээр өмчлөх эрх үүсэх байсан Д.Пын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэж маргаж, хариуцагч нь “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй” гэж, гуравдагч этгээд нь “Д.Пын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй учир өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг[1] гаргаж, мэдүүлэгтээ “орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай” замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34/1670 тоот албан бичгээр гаргасан хүсэлт, Төрийн өмчийн хорооны “санхүүгийн тайландаа бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд зөвшөөрсөн” 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоол, барилгын гүйцэтгэгч  Өнөр девелопмент ХХК-ийн “... орон сууцны захиалагч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг гэрээний дагуух төлбөрөө бүрэн барагдуулсан” тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3-103 тоот албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйцэтгэгч Өнөр девелопмент ХХК болон захиалагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” хооронд 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах TST05 дугаартай гэрээ, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дүрэм, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршлын кадастрын зураг, барилгын эскиз зураг, фото зураг хавсаргаж[2] ирүүлсэн байна.

Мэдүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, эрхийн улсын бүртгэлийг мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийсэн байх тул ийнхүү мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шүүх дүгнэнэ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “хуулийн этгээд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болох”-оор заасны дагуу Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/1552 тоотоор олгосон итгэмжлэлээр тус нийгэмлэгийн Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн инженер Б.Дашхүү мэдүүлгийг гаргасан байдаг.

Мэдүүлэгт хавсаргаж өгсөн дээрх баримтуудыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын мэдүүлгийг хүлээн авч уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл дээрх заалтууд болон мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж ...” гэж заасантай нийцэж байна.

Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тэрээр  шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д зааснаар мэдүүлэгч хуулийн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримтуудыг хавсарган мэдүүлэх ёстой бөгөөд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” орон сууцыг захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлсөн баримт, тухайн үл хөдлөх хөрөнгө шинээр бий болж олгогдсон төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн хаягийг хавсаргасан байна.

Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хуульд бүртгэхээр заасан, тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй ба ийнхүү бүртгэхдээ мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн баримтыг хуульд заасан шаардлагуудыг хангасан эсэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж мэдүүлгийг хүлээн авч бүртгэх эсэхийг шийдвэрлэхээс бус хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах эрхгүй юм.

Эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн тухайд мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлох учиртай бөгөөд баримтыг мэдүүлэгт хавсаргах үүрэгтэй, хуулийн энэ шаардлагын дагуу мэдүүлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан баримт болох гэрээ, төлбөр төлсөн баримт, гүйцэтгэгч компанийн тодорхойлолтыг хавсарган мэдүүлсэн байх бөгөөд бүртгэлийн байгууллага үүнээс өөр баримт шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч “контрактын гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авах байсан” гэж маргаж, энэ үндэслэлээр захиргааны хэргийн шүүх түүнийг “өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй байна” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд тухайн контрактын гэрээг үндэслэл болгон маргасан түүний “уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,  үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж[3], уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандахад эрхийн улсын бүртгэгч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасанчлан төрийн өмчийн нэр дээр өмчлөх эрх бүртгэхгүй байгаа” үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж[4] байсан хэдий ч тухайн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтаар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг нь бүртгэсэн байдаг ба энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх ... -ийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхгүй” гэсэн зохицуулалт нь “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх эрх нь баталгаажих” хуулиар тогтоосон шаардлага төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хамааралгүй, өөрөөр хэлбэл төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг заавал бүртгүүлэх шаардлагагүй гэж тайлбарлагдахаас бус төрийн өөрийн өмчид эд хөрөнгө олж авахыг хязгаарласан зохицуулалт биш юм.

Тэгээд ч нэхэмжлэгч иргэн Д.Пын хувьд энэ үндэслэлээр буюу “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн үндэслэлээр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй юм. Энэ нь түүний хууль ёсны субьектив эрхэд хамаарахгүй үндэслэл байна.

Өөрөөр хэлбэл Монгол, Орос хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлтэй холбоотойгоор хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүд нэхэмжлэл гаргах эрхтэй ба, нэхэмжлэгч иргэн Д.Пын тухайд зөвхөн өөрийн субьектив эрхийн хүрээнд л маргах боломжтой.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж шийдвэрлэгдсэн асуудлаар болон контрактын гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний заалт зөрчигдсөн эсэх, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 41/5 тоотод байрлах 370 мкв талбай бүхий орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын өмчлөлд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны)-ийн 4 дүгээр зүйлийн 4.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Паас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000576230 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 22 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 23-47 дугаар хуудас

[3] Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 885 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1274 дүгээр тогтоол. Хэргийн 1 дүгээр хавтсын 91-119 дүгээр хуудас 

[4]  Хэргийн 1 дүгээр хавтсын 201 дүгээр хуудас