Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0162/З |
Дугаар | 221/МА2023/0615 |
Огноо | 2023-09-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0615
А.Т-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч А.Т-
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0547 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Т-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0162/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0547 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.10, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Т-гийн “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч А.Т- нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу миний бие хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн Г.А болон Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.У нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өндөр анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4811 дүгээр захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа, хуульд заасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй учраас асуух зүйлээ асууж тодруулан мэтгэлцэх боломжтой хэмээн хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох эрхэд бүдүүлгээр халдсан.
3.2 Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/2519 дугаар албан бичгээр шүүхэд хариу өгөхдөө “А.Т-г гадаад улсад томилолтоор ажиллуулах тухай тушаалын төсөл, томилолтоор ажиллах ажлын удирдамж албан ёсоор боловсруулагдаагүй тул манай байгууллагын бичиг хэргийн архив сан хөмрөгт байхгүй байна” гэсэн хариуг үндэслэн миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Миний бие хүсэлт болон түүний дагуу ямар баримтууд ирэх талаар өөрт байгаа хуулбар баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудыг би хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй. Үүнийг шүүхээс анхаарч үзээгүй, хэрэв эдгээр баримтуудыг гаргаж өгсөн, мөн үзлэг хийсэн бол Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбар болон маргаж буй шийдвэр нь хуульд нийцээгүй гэдгийг нотлох боломжтой байсан. Хэрэв эдгээр баримтууд, мөн үзлэг хийсэн бол Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбар болон маргаж буй шийдвэр нь хуульд нийцээгүй гэдгийг нотлох бүрэн боломжтой байсан. Мэдээж хариуцагч талаас энэ баримтуудыг гарган өгөхгүй байх нь ашигтай гэдэг нь нэгэнт ойлгомжтой байхад шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр анхнаасаа л миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санаа зорилготой байсан гэдэг нь тодорхой боллоо. Хэрэв шүүх миний хүсэлтүүдийг хангаад зохих ажиллагааг хийсэн бол талуудын мэтгэлцэх эрх бүрэн хангагдах байжээ. Иймд дээрх нөхцөл байдлуудаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0547 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.10-т “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасныг үндэслэн Хайгуул, ашиглалтын газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн Хар, өнгөт, үнэт металлын ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Т-д 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
3. Нэхэмжлэгч А.Т- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... Чех улсад 2022 оны 10 дугаар сарын 03-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг Техникийн хамтын ажиллагааны ... төслийн хүрээнд “Ураны геологи, хайгуул, ураны үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлт ба цацрагийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтад Монгол улсыг төлөөлөн оролцсон ... энэ сургалтад оролцохоор 2021 онд цахимаар бүртгүүлсэн байсан ... улмаар 2022 он болгож хойшлуулсан талаар захидал ирсэн ... 2022 онд сургалтын урилга ирэхэд хэлтсийн даргад танилцуулсан хэлтсийн дарга Ашигт малтмал газрын тосны газрын даргад танилцуулахаар болсон ... газрын дарга С.Э тушаалын төсөл бэлтгэж оруул гэсэн чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнаар төсөл боловсруулагдаж, хэлтсийн дарга нарт танилцуулагдаж, агентлагийн даргад танилцуулагдаж, шийдвэрлүүлэхээр шилжсэн боловч тушаал гарахгүй байсан ... би өөрөө уулзах гэсэн боловч хүлээн аваагүй ... холбогдох албан тушаалтнуудаас сургалтын хугацаа урт байна 7-10 хоног явуулах боломжтой гэсэн мэдээлэл авсан ... улмаар томилолт тушаал гарна гэсэн итгэлтэйгээр хугацаа тулсан тул сургалтад явсан ... оролцож ирсний дараа гадаад томилолтоор ажилласан талаарх илтгэх хуудас, саналаа хүргүүлсэн ... гэтэл олон улсын байгууллагын сургалтад байгууллага, улс орноо төлөөлөн оролцсон маань ажлаас халах шалтгаан болсон ... тушаалд дурдсан зөрчил гаргасан гэж үзэхгүй ... надаас ямар нэгэн тайлбар гаргуулаагүй, нотлох баримт гаргуулаагүй, шалгаж тогтоогоогүй байж халсан нь миний нэр төр, сэтгэл санаа, санхүүгийн хохирол учруулсан ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
4. Хариуцагчаас “... шийдвэр гаргахтай холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А.Т-д утсаар мэдэгдсэн, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ... ахлах мэргэжилтэн С.М хамт ... газрын 309 тоот өрөөнд сонсох ажиллагааг хийж нэмэлт тайлбарыг авахад ахлах мэргэжилтэн байсан А.Т- нь гадаад томилолтын тушаал нөхөн гаргуулах, 10 дугаар сарын цалин нөхөж авах хүсэлт гаргасан ... Тухайн үеийн ... салбар хариуцсан даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т ... нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/3451 албан бичгээр танай ирүүлсэн сургалтад цацраг идэвхт Ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн н.М оролцуулъя гэж нэрийг нь хүргүүлсэн байсан ... Агентлагийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ... газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4814 дугаартай албан бичгээр Г.М даргад “бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон, сургалтад оролцох боломжгүй гэсэн албан тоотыг хүргүүлсэн ... төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой ... Сургалтад явуулах тухай тушаал шийдвэр гараагүй ... нэгж газрын дарга магадгүй зөвшөөрсөн байж болно. Агентлагийн дарга бүтэц зохион байгуулалт өөрчлөлттэй холбоотойгоор энэ тушаалыг батлаагүй, гаргаагүй ... Дотоод болон гадаад томилолтоор явахад байгууллагын дотоод хөдөлмөрийн журмууд мөрдөгддөг ... Агентлагийн даргын томилолтоор ажиллуулах удирдамж батлагдаагүй, шийдвэр гараагүй байхад явах эрхгүй атал нэхэмжлэгч А.Т- нь “бүртгүүлсэн гэсэн шалтгаанаар чөлөө зөвшөөрөлгүйгээр гадаад сургалтад оролцсон ... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл ажил тасалсан ... сургалтад оролцуулах боломжгүй байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг дур мэдэн зөрчиж ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан ... ” гэж маргажээ.
5. Маргаан бүхий захиргааны шийдвэрээр “байгууллагын дотоод журамд заасны дагуу эрх бүхий этгээдээс албан ёсоор чөлөө олгоогүй байхад гадаад улсад 25 хоног сургалтад оролцож, ажил тасалсан нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг тус тус үндэслэн “Ашигт малтмал, газрын тосны газрын хөдөлмөрийн дотоод журам”-ыг, мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр тушаалаар “Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдын албан томилолтоор ажиллах үед дагаж мөрдөх журам”-ыг тус тус баталжээ.
7. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7.4-т “Албан хаагч өөрөө өвчлөх, хөдөлмөрийн чадваргүй болон хүнд өвчтэй гэр бүлийн гишүүн, үр хүүхдээ эмнэлэгт яаралтай үзүүлэх, хорио цээрийн дэглэмд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авсан авч чадахгүйгээр ажлаас хожимдох, таслахад хүрвэл газар, хэлтэс, нэгжийн даргад утсаар нэн даруй мэдэгдэнэ", 5.7.5-д "Албан хаагч томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон энэ журмын 5.7.4-д заасны дагуу мэдэгдэлгүйгээр ажилдаа ирээгүй, түүнчлэн бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно", 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан” гэж, “Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдын албан томилолтоор ажиллах үед дагаж мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т "Гадаадад томилолтоор ажиллуулахдаа тухайн хэлтсийн дарга газрын даргад танилцуулан, тушаалаар томилж ажиллуулна.Тушаалд томилолтын зорилго, хугацаа, зардлыг тодорхой заана” гэж журамлажээ.
8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... хариуцсан нэгжийн даргын зөвшөөрсний дагуу сургалтад оролцогчийг бүртгэх ОУАЭА-ийн цахим системд бүртгүүлсэн, улмаар түүнийг оролцохыг зөвшөөрсөн хариу ирсэн, Олон Улсын Атомын Энергийн газраас зохион байгуулж буй FS-INT2022-2205217-Ураны геологи, хайгуул, үйлдвэрлэл, цацрагийн хамгаалал болон байгаль орчны нөхөн сэргээлт сургалтад оролцуулах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаагаар албан томилолтоор ажиллуулахаар тушаалын төсөл боловсруулагдаж, хэлтсийн дарга нараар гарын үсэг зурагдсан байсан ...” гэх зэрэг тайлбарыг гаргасан, энэ талаарх баримтууд хэрэгт хавсаргагдсан байх боловч энэ нь Ашигт малтмал газрын тосны газрын дотооддоо мөрдөж буй дээр дурдсан журмын дагуу эрх бүхий этгээдээс түүнийг 25 хоногийн хугацаагаар гадаад сургалтад оролцуулахаар албан ёсоор чөлөө, томилолт олгогдсон байсныг нотлохгүй, мөн нэхэмжлэгчийн “... урилга ирсэн ... сургалтад нэрээ бүртгүүлсэн байсан ... Олон улсын ураны гишүүн ...” гэх зэрэг тайлбар үндэслэл нь “гадаад улсад 25 хоног сургалтад оролцож ажил тасалсан” гэж үзсэн хариуцагчийн тушаалыг үгүйсгэх үндэслэл болохгүй буюу түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий тушаалын Төрийн албаны тухай хуулийн 7.1.8, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.10 дахь заалтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохооргүй байна.
9. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Цөмийн энергийн комиссын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/658 дугаар албан бичгээр тус сургалтад албан хаагч оролцуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газарт ирсний дагуу тус газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/3451 дүгээр албан бичгээр сургалтад Ашигт малтмалын зах зээлийн судалгаа, цацраг идэвхт ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнгөнхүүг оролцуулах тухай хариу хүргүүлсэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4814 дүгээр албан бичгээр “бүтцийн өөрчлөлт, ажил үүргийн шинэчлэгдсэн хуваарилалтын улмаас сургалтад албан хаагч оролцуулах боломжгүй” талаар мэдэгдсэнээс үзвэл Ашигт малтмал газрын тосны газраас нэхэмжлэгч А.Т-г Бүгд найрамдах Чех улсад 2022 оны 10 дугаар сарын 03-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан гэх “Ураны геологи, хайгуул, ураны үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлт ба цацрагийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтад Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар Ашигт малтмал газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрч, төлөвлөж байсан, уг сургалтад оролцуулахаар эрх бүхий этгээдээс албан ёсны шийдвэр гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Мөн шүүх нэхэмжлэгчийн “... Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Б.Т намайг албан өрөөндөө дуудаад Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас сургалтад нэр дэвшүүлэх тухай албан бичиг ирсэн байна. Энэхүү сургалт ураны геологи, хайгуулын чиглэлээр Бүгд Найрамдах Чех улсад 2021 оны 11-р сарын 01-26-ны өдрүүдэд явагдах юм байна, чи Чехэд сурч байсан англи, чех хэлтэй, цацраг идэвхт ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн тул энэ сургалтад оролц гэж үүрэг өгсөн. Уг сургалтын материалыг судлахад бүртгэлийн эцсийн хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ОУАЭА-ийн цахим системд бүртгүүлнэ" гэсэн тул хугацаа хэтэрсэн байсан ч тэр өдөрт нь бүртгэлийн хуудсыг цахимаар бөглөөд илгээсэн, тус цахим системд бүртгэгдсэн бүртгэлтэй байсан учраас хугацаа хоцорч бүртгүүлсэн ч миний бүртгэл баталгаажсан, ... Ингээд миний бие томилолтын тушаал гарна гэсэн итгэлтэйгээр нэгэнт хугацаа тулсан тул сурталтандаа явсан …” гэх зэрэг тайлбар, уг тайлбартай хамаатай баримт нотолгоо нь эрх бүхий албан тушаалтны албан ёсны чөлөө олгосон хүчин төгөлдөр шийдвэрийг илэрхийлэхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ