Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 13

 

2017 оны 7 сарын 20 өдөр Дугаар 226/МА2017/000013                                                        Хэрлэн сум 

“Монгол-Эмимпекс” концерны харъяа

Хэнтий-Эм хангамж компанийн нэхэмжлэлтэй, 

М.Нарангэрэлд  холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00012/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Анхмаа,

Хариуцагч: М.Нарангэрэл,

Өмгөөлөгч Ч.Жадамба, Ц.Эрдэнэчулуун нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндуламын  даргалсан шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 292 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанийн нэхэмжлэлтэй, М.Нарангэрэлд  холбогдох “эм бараа дутагдуулсны төлбөр, холбогдох зардлын 58319667 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Нарангэрэл нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн мөрдөж ажиллагаагүйгээс 58 319 667 төгрөгийн хохирол учруулсан. Дутагдлын  42 005 609 төгрөг нь аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа ба 10 300 000 төгрөгийг аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсөнд, 1 833 616 төгрөгийн уг дутагдлыг  Монгол эмимпекс концерн ХХК-ийн эрх хэмжээнд шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт гаргасан зардал юм. М.Нарангэрэл нь өөрөө төлбөрийн зарим хэсгийг төлөх талаар бидэнд хэлж байснаас гадна эрүүгийн хэрэгт энэ талаар мөн мэдүүлсэн байна. Иймд хариуцагч М.Нарангэрэлээс тус компанид 58 319 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол эмимпекс концерн нь Нарангэрэлээс 58 319 667 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үүнээс 42 005 609 төгрөг нь аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр батлагдсан дутагдал, тооцооны зөрүү,  10 300 000 төгрөг нь аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсөнд төлсөн. 1 833 616 төгрөгт уг дутагдлыг шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж, шалгалтаар ирж, буцсан хүмүүсийн унаа, хоол унд, буудлын зардлууд зэрэг багтсан. 4 180 442 төгрөг нь бусад байгууллагаас авах ёстой дүн ба тэр байгууллагууд нь М.Нарангэрэлээс эм, бараа зээлдэж аваагүй гэж хэлсэн учраас М.Нарангэрэлээс авах ёстой мөнгөн дүн юм.  Нийт 58 319 667 төгрөг болж байна. 42 005 609 төгрөг нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийсэн тооллогоор гарсан дүн бөгөөд энэ мөнгийг М.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Би хууль, журамд заасны дагуу ажиллаж эмийн хугацаа дуусах болоход урьдчилан төв рүү удаа дараа мэдэгдэж дууссан тохиолдолд буцаалт хийх талаар мэдэгдэж байсан боловч төв байгууллагын ажилтнууд шаардлагатай арга хэмжээг авдаггүй, цааш танилцуулна гээд хариу өгөхгүй уддаг, боловсон хүчнүүд ойр ойрхон олон удаа солигдох зэргээр төв байгууллагын ажилтнуудын ажлын уялдаа холбоо муу, дотоод зохион байгуулалтгүй, удирдлагуудын шаардлага хяналт сул байдлаас шалтгаалан эмийн хугацаа дуусах, буцаан татан авалт хийхгүй, өр авлага, агуулахын үлдэгдэл үүсгэх байдлууд гардаг байсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг тухай бүр авдаг байсан. Гэнэтийн шалгалт хийж тоолохдоо эмийн нэрээ ч ялгаж танихгүй, мэргэжлийн бус, ажилд ороод удаагүй хүмүүс тоолж эм дутагдуулсан гэж тогтоосон тул ямар ч үндэслэлгүй юм. Мөн хугацаа дууссан эм буцаан авч явахдаа тоолоогүй, надтай баримтаар хүлээлцээгүй, замбараагүй ачиж явснаас хэдийн хэрийн эм тариа авч явсан нь тодорхойгүй. Намайг цагдаа шүүхэд хандах гэх мэтчилэн ярьж төөрөгдүүлэн, би өөрөө олон жил ажилласан байгууллагаасаа их эм, бараа дутагдуулсан хүн болох нь уу дээ гэж гайхаж, нэрэлхэх зэрэгцэн танилцсан гэдэг агуулгаар гарын үсэг зурах болсон болохоос дутагдуулснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй юм. Аудитын дүгнэлт дээр тус байгууллагын нягтлан санхүүгийн программ дээр буруу ажилладаг, орлого, зарлагыг хүчээр тулгаж бариулдаг гэх мэт алдаатай зөрчилтэй үйлдлүүд хийдэг байсан талаар, мөн удирдах төв байгууллагын хяналт, бүртгэлийн тогтолцоо муу, үйл ажиллагаа нь доголдолтой зэргээс болж алдаа зөрчил гардаг байж гэж дүгнэсэн байдаг. Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж алдагдал дутагдалд орсныгоо над руу тохсон. ...Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Нарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компаниас надтай  тооллого тооцоог 2012 оноос хойш нэг ч хийгээгүй. 2014 оны 8 сард Монгол Эм Импексээс хүмүүс ирж тооллого хийсэн. Энэ үед байрны хойд талд өргөтгөл барих тул засвар хийнэ гээд бид нарыг нүүж гар гэсэн. Тэгээд би агуулахаа нүүлгэж эхэлсэн. Надад агуулахыг нүүлгээд, байрлуулах газар олдоогүй. Складаа нүүлгэж байтал комиссын шалгалт ирсэн. Их эмх замбараагүй байдалд тооллого хийж байтал эмийн санг нүүлгэх болж, эмийн сангийн барааг тоолохоор болсон. Дараагийн 3 дахь өдөр тооллогыг үргэлжлүүлэн тоолоход Пүрэвхүү, Сарантуяа нар өдөр 1 цагт ирээд хугацаа дууссан эмийг авч явна гээд машиндаа ачаад, багтахгүй юм байна араас явуулаарай гээд тооллого дууссан маягтайгаар бид хэд өндөрлөсөн. Тэд нар мэргэжлийн биш хүмүүс учраас эмийн нэрийг бичихдээ буруу бичиж орхисон, хугацааг харж тоолоогүй, маш яаруу сандруу замбараагүй тооллого хийсэн. Хугацаа дууссан эмийг авч явахдаа гарын үсэг зурж баримт үйлдэхгүйгээр авч явсан. Тооллого хийсэн комисс тоолж дуусаад, тооллогын бүртгэлээ зочид буудлын нэг өрөөнд нягтланг аваачиж байгаад компьютер руу тооллогыг шивсэн. Энэ явцад тооллогын гар бүртэл дээр байсан зүйл маш их хаягдсан. Хугацаа дууссан эмнүүдийг байгаа бараан  дээр нэмж бичсэн байсан. Зарим тооллогын комиссийн гишүүд хугацаа дууссан эмийг тооллогонд оруулаагүй. Би ийм дутагдалтай гарах ёсгүй дахин тоолж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 11 сард эргээд байрандаа нүүж ороод 3 хонож байхад дахин тооллого хийхээр тамгын газрын хүний нөөцийн дарга Мөнгөнбөгж, орон нутаг хариуцсан менежер Батболд, ня-бо Сарантуяа нар ирж тооллого хийсэн. Ингээд дахин тооллого хийхэд 8 сард тоолсон тооллогоос орхигдсон эм 6,9 сая төгрөгийн эмийг эргүүлж орлого авсан. Хугацаа дууссан гэж хот авч явсан эмүүд нь дутагдал болж 14 орчим сая төгрөгийн эмийг дутсан гэсэн ба миний нийт дутагдал 41 сая төгрөг боллоо гэсэн тооцооны акт гаргасан. Би тэр актыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн чинь таны энэ хугацаа дууссан эмийг чинь очоод акталж устгуулах арга хэмжээ авна, Дундговь аймагт 17 сая төгрөгийн эмийг нь хасч өгсөн тэдниийх одоо цэвэрхэн болсон тийм болохоор та  айлтгүй ээ, тэтгэвэртээ гарсан таниар ийм мөнгө юу гэж төлүүлэх юм бэ гэж хэлээд хурдан гарын үсгээ зурчих, маргааш  Даваа гарагийн өглөө хуралтай болохоор одоо яараад байна, эртхэн явахгүй бол болохгүй гээд байсан. Би гарын үсгээ зурахгүй, цаг гаруй байж байгаад гарын үсгээ зурсан. Би энэ дутагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 2010 оны 3 сараас Анхмаа нягтлан бодогч болсон. Анхмаа 4 жил надтай хамт ажилласан. 2014 оны 2 сараас Анхмаа хүүхэд гаргаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд Анхмаа 7 сарын сүүлээр ажилдаа орсон. Шинэ нягтлан орлого зарлагыг оруулахдаа буруу зөрүү хийх, падаан хийхгүй орхих, орлого давхардуулж авсан зэргээс макс программд орлого авсан эм нь үлдэгдэл болж байгаад тооллогоор дутагдал болсон байна. 2008 онд 253.000 төгрөгийн, 2009 онд 263.000 төгрөг гээд нийт 600.000 төгрөгийн л хугацаа дууссан эмтэй байсан байна. Хугацаа дууссан эмийг тухайн үед байгууллага акталж устгаж өгдөг байсан. Монгол эмимпекс концерн  2007 онд хувьчлагдаж “Бишрэлт холдинг” ХК худалдан авч ажиллуулсан. Тэгээд 2010 онд 20 нэрийн 1.870.000 төгрөгийн эмийн хугацаа дууссан. 2011 онд  1.400.000 төгрөгийн, 2012 онд 2.700.000 төгрөгийн, 2013 онд 8.800.000 төгрөгийн, 2014 онд 11 сая, 2015 онд 5.400.000 гээд миний тооцож үзсэнээр нийт хугацаа дууссан эм 28 900 000 төгрөгийн хугацаа дууссан эм байгаа. Гэтэл энэ замбараагүй тооллогын үеэр 14 сая төгрөгийн эм, бараа хугацаа дууссан гэж гаргасан. Аудитын хүмүүс 2010 оноос хойш тооллого хийж байгаагүй учраас эхний үлдэгдлийг яаж тооцохоо мэдэхгүй гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3-т зааснаар хариуцагч М.Нарангэрэлээс 42 405 609 (дөчин хоёр сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15 941 058 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 449 549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нарангэрэлээс 369 978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Нарангэрэл нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр уг нэхэмжлэлийг нотлогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий –Эм хангамж” ХХК нь хариуцагч М.Нарангэрэлээс захирал эд хариуцагчаар ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан эм барааны төлбөрт 42 000 609 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсаны хөлс 9900000 төгрөг, шинжээчийн хөлс 400000 төгрөг, зээлээр өгсөн барааны үнэ 4 180 442, өмгөөлөгчийн хөлс 490 516, томилолтын зардал 1 143 100 бүгд 58 319 667 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч М.Нарангэрэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Мишээл-Од аудитын дүгнэлтээр тавигдсан  42 000 609 төгрөгийн эм барааны  дутагдлыг төлөхгүй гэж  маргажээ.

 Нэхэмжлэгчийн 2016 оны 02 сарын 24, 09 сарын 07 ны өдөр нотлох баримт гаргуулах тухай  хүсэлтүүдийг анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 25 ны өдрийн 468,  мөн 2017 оны 05 сарын 22 ны өдрийн 924 дугаартай шүүгчийн захрамжаар хангахаас тус тус татгалзжээ.

Хэргийн оролцогчид  “өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй” байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зарим ажиллагааг хэргийн оролцогч өөрөө гүйцэтгэх боломжгүй, хуулиар түүнд ийм эрх хэмжээ олгогдоогүй ба зөвхөн шүүхээр гүйцэтгүүлэх шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд удаа дараа  хүсэлт гаргаад байхад  хүсэлтийг хангахгүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн төдийгүй шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 

Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хирнээ хариуцагчийг  өөрөө татгалзлаа нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 292 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369979 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  5 дугаар сарын 22-ны өдрийн 292 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар М.Нарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369979 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА 

 

             ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

 

                        Я.АЛТАННАВЧ