Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 725

 

Н.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Р.Батнасан,

            Нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 908 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Н.Ад холбогдох эрүүгийн 201525021346 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.А нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 9-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Н.А нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслан дахь “Макс” группийн ажилчдын зуслангийн байшингаас хохирогч Туулын хүүхдийн унадаг дугуйг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол,

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Рашааны 15-754 тоотод оршин суух хохирогч Алтантуяагийн гэрээс бэлэн мөнгө хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол,  

2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29-460 тоотод оршин суух Э.Одгэрэлийн гэрээс Могул загварын 42 инчийн зурагт хулгайлж, 656.000 төгрөгийн хохирол,

2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах иргэн Д.Түмэнбаярын зуслангийн байшингийн гаднаас 3 ширхэг унадаг дугуй хулгайлж, 925.000 төгрөгийн хохирол,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-72 тоотод оршин суух иргэн Т.Амгаланбаярын гэрт орж 32 инчийн Тошиба загварын зурагт хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 15-767 тоотод оршин суух иргэн Ц.Энхмандахын гэрээс хүүхдийн унадаг дугуй хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 15-754 тоотод оршин суух иргэн Ц.Мандахын хашаанаас немц үүлдрийн овчарк нохой хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол,

2011 оны өвөл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15-317 тоотод оршин суух Д.Од-Эрдэний гэрээс эд зүйл хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол, 8 удаагийн давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтрэн хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 4.161.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1.  Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон хэргийн
агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг бүрэн
дурдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж, агуулгыг
нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
7.3 дугаар зүйлд заасан "Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх" эрхийг зөрчсөнөөс
гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх,
өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь
буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах
ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж
мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа
хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг
яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд
заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах
болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг
хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

2. Яллагдагч Н.А нь нийт 8 удаагийн үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн
багаж хэрэгсэл ашиглан, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө
хулгайлан бусдад 4.161.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан
гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр
зүйлийн 1-ийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар
зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой тогтоогдоогүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3-д зааснаар яллах дүгнэлтийн хавсралтад хор уршгийн талаарх мэдээллийг тусгахаар хуульчилсан байна. Гэтэл дээрх хавсралтад хохирогч Од-Эрдэнэд хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэдэн төгрөгийн хохирол үлдсэн эсэх талаар огт бичээгүй, хохирогч Ц.Энхмандахад 100.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй гэсэн атлаа төлөх хохирол нь 280.000 төгрөг гэж бичсэн. Хохирогч Ц.Энхмандахын /1 дүгээр хавтас, 166 дугаар хуудас/ хохирогчийн эд зүйлийг 280.000 төгрөгөөр үнэлсэн боловч дээрх баримт нь засвартай, засварласан гэж үзвэл тамга тэмдгээ дарж баталгаажуулаагүй нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь хохирогч өөрийн эд зүйлээ 250.000 төгрөгөөр үнэлсэн /1 дүгээр хавтас, 164-165 дугаар хуудас/ байна.

3. Хэргийг мөрдөн шалгуулахаар прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагчийн хувийн байдлыг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байна. Үүнд: Яллагдагч нь 7 настай охиныхоо хамт амьдардаг /2 дугаар хавтас, 50 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн , яллах дүгнэлтэд түүнийг ам бүл 4, охин, эх, дүү нарын хамт амьдардаг гэжээ. Гэтэл хавтас хэрэгт үүнийг тодруулаагүй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтод /2 дугаар хавтас, 229 дүгээр хуудас/ дээрх хаягт оршин суудаг гэснээс өөр баримт байхгүй байна. Үүнийг тодруулж, шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэх. Яллагдагч нь “Шинэ төмөр хийц” ХХК-д гагнуурчин ажилтай, ээждээ цалингаа өгчихсөн байгаа. Хохирогч нарын хохирлыг төлж эхэлнэ гэж яллагдагчаар дахин байцаагдахдаа мэдүүлсэн /1 дүгээр хавтас, 11 дүгээр хуудас/. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлөөгүй тул үүнийг тодруулах шаардлагатай байна. Эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д заасан техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. ...” гэжээ.

 

            Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Н.Ад холбогдох хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 908 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчийн ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зохицуулсан байна. Түүнээс яллах дүгнэлтээр ямар гэмт хэрэгт яллагдаж байгааг тодорхойлсон зохицуулалт байхгүй, яллах дүгнэлтэд тавих шаардлагын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зохицуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дурдахаар заасан бөгөөд зайлшгүй шаардлагатай гэдгийг прокурор өөрийн дотоод итгэлээр үнэлж тусгах зохицуулалт юм. Мөн яллагдагч оргон зайлсан буюу хаана байгаа нь тодорхойгүй тохиолдолд шүүгч 32.1-д зааснаар хэргийг түдгэлзүүлэх ёстой байтал яллагдагчийг байхгүйд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын яллах дүгнэлтэд дурдсан тооцооны алдааг залруулж болохоор заасан байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй болно. Яллагдагч Н.А нь 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, нийт 4.161.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт, мэдүүлэг шалгасан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, яллагдагч Н.А нь хэрэгт авагдсан хорооны тодорхойлолтод, ам бүл 2 ээжийн хамт амьдардаг гэсэн. Хэрэгт яллагдагч Н.А мэдүүлэхдээ “би 7 настай охинтой, эхнэрээсээ салсан. Охин маань ээжээрээ овоглодог. Бид гэр бүлийн баталгаагүй. Надаар овоглодоггүй юм. Одоо ээжтэйгээ байдаг” гэж мэдүүлсэн тул энэ талаар шалгах ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Иймд яллагдагч Н.Ад холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 908 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүхээс буцсан байдаг. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хохирлын талаар тусгахаар хуульчилсан. Хяналтын прокурор П.Даваасүрэнгийн яллагдагч Н.Агийн холбогдсон хэрэгт үйлдсэн яллах дүгнэлтээс хархад тухайлбал, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 29-ийн 460 тоотод оршин суух Одгэрэлийн сууцнаас Могул маркийн 42 инчийн телевизор хулгайлж, 656,000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэтээр үйлдэгдсэн гэмт хэргийн товч агуулга болон хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, хохирлын талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгах шаардлагатай зүйлсийг тусгасан байна гэж үзэж байгаа. Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгахаар хуульчилсан. Түүнээс биш яллах дүгнэлтэнд тусгасан нотлох баримтын агуулгыг дэлгэрэнгүй тусгах талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Шүүх эх сурвалжийг жагсааж бичсэн байна гэж үзээд байгаа. Эх сурвалжийг жагсааж бичиж болохгүй, нотлох баримтын агуулгыг ямар үндэслэлээр яллаж байгааг дэлгэрэнгүй бичих талаар хуулийн зохицуулалт байхгүй учраас яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, хэт ерөнхий товч байдлаар бичигдсэн, яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтуудын эх сурвалжуудыг жагсаан бичсэн нь буруу байна гэж үзэх боломжгүй. Мөн яллах дүгнэлтийн хавсралтанд хохирогч нарт учирсан хохирлын талаар тодорхойлох ёстой байтал тодорхойлоогүй байна гэж шүүх үзсэн. Яллах дүгнэлтийн хавсралтаас хархад хохирогч нарт 4,161,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирол төлөгдөөгүй талаар хавсралтанд тусгасан учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар яллах дүгнэлтийн хавсралтанд тодорхойлсон байна гэж үзэж байна. Мөн хохирогч Ц.Энх-Мандахад учирсан хохирлыг 208,000 төгрөгөөр үнэлсэн боловч дээрх баримтыг засварласан гэж үзэх юм бол тамга тэмдгээ дарж баталгаажуулаагүй нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна гэсэн үндэслэлийг зааж өгсөн. 1 дүгээр хавтасны 166 дугаар хуудсанд, хохирогч Ц.Энхмандахын хулгайд алдагдсан эд хөрөнгийг 280,000 төгрөгөөр үнэлсэн талаарх баримт байдаг. Энэ баримтан дээр комиссын гишүүд нь гарын үсгээ зураад, тэмдгээ дараад баталгаажуулсан байдаг учраас энэ баримтыг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Прокурор яллах дүгнэлтэндээ, хохирогч Ц.Энхмандахад 280,000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байдаг. Энд Од-Эрдэнэд хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэдэн төгрөг үлдсэн гэдгийг огт бичээгүй талаар дурдсан байсан. Прокурор яллах дүгнэлтийн хавсралтанд хохирогч нарт нийт учирсан хохирлын хэмжээг тодорхойлоод, хохирол огт төлөгдөөгүй талаар тэмдэглэсэн байдаг. Энэ талаар мөн яллагдагч Н.А хохирогч нарын хохирлыг төлөөгүй, төлөх талаар арга хэмжээ авна гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт байдаг учраас хохирогч нарын хохирол төлөгдсөн эсэх талаар шалгах шаардлагагүй. Хэргийн материалд ямар нэгэн хохирол төлөгдсөн талаар баримт байхгүй, яллагдагч хохирлоо төлөөгүй талаар өөрөө мэдүүлсэн. Прокурор нотлох баримтанд үндэслээд хохирол төлөгдөөгүй талаар яллах дүгнэлтийн хавсралтанд дурдаж өгсөн. Яллах дүгнэлтийн агуулга хэт товч бичигдсэн, нотлох баримтын эх сурвалжийг нь заагаад агуулгыг нь тодорхой заагаагүй шалтгаанаар яллагдагчийн хуульд заасан эрхийг хязгаарласан. Мөн хэргийн оролцогч нарын мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж шүүх үзсэн. Яллах дүгнэлтэд заасан хэргийн товч агуулга болон нотлох баримтын эх сурвалжийн талаар дүгнэсэн зүйлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Мөн яллагдагч Н.А эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад тогтоолын дагуу байцаалт өгч байгаа. Хэргийн материалтай танилцаад гэм буруугийн талаар мэтгэлцэх, хуульд заасан эрхээ эдлэх боломж нь байгаа гэж үзэж байна. Ийм шалтгаанаар шүүхээс хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дугаар хэсэг болон 33.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх яллагдагчийг байхгүйд урдьчилсан хэлэлцүүлэг зарлаад хэргийг прокурорт буцаасан нь буруу гэж үзэж байна. Урдьчилсан хэлэлцүүлгээр хэрвээ яллагдагч байхгүй бол хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах ёстой. Яллагдагч Н.Агийн эх Мягмар гэх хүн мэдүүлэг өгсөн байдаг. Охиныг төрсөн цагаас эхлээд өөрөө асран хамгаалж хүмүүжүүлж байгаа. Н.Агийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирэхгүй, олон хоногоор алга болдог учраас ямар нэгэн байдлаар яллагдагч Н.Агийн 7 настай охины асран хамгааллын талаар яллагдагчтай холбогдуулан шийдвэрлэх шаардлагагүй. Мөн прокурорын эсэргүүцэлд энэ талаар мэдүүлсэн байдаг учраас асран хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Н.Ад холбогдох хэргийг прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Н.Ад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Прокурор яллах дүгнэлтдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримтын агуулгыг дурьдалгүйгээр, хэт ерөнхий байдлаар нотлох баримтын эх сурвалжийг түүж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэхдээ, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй баримтуудыг тодорхой тусгаж, уг байдал нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой.

 

Харин прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтын эх сурвалжийг түүж бичсэн нь Н.Агийн хувьд ямар үндэслэлээр яллагдаж байгаагаа мэдэх боломж хязгаарлагдах бөгөөд тэрээр ямар үйлдэлд ямар үндэслэлээр буруутгагдаж байгаагаа мэдсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-т заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” эрхүүдээ эдлэх боломж бүрдэнэ.

 

Н.А нь хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 4.161.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчийн эд зүйлээ үнэлсэн хэмжээнээс илүү үнэлсэн гэж шүүх үзвэл түүний үнэлсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцож шийдвэрлэх боломжтой байна.

 

Н.Агийн хувийн байдлын талаар гэрч Д.Отгонцэцэгийн “...2007 онд гэр бүл болж дундаасаа Намуун-Эрдэнэ гэж охинтой болсон. ...Н.Агээс салаад 2 жил болж байна. ...” /1хх-ийн 89/,

 

Гэрч Д.Мягмарын “...Н.Агийн төрсөн охин болох 10 настай Намуун-Эрдэнэ нь надтай цуг амьдардаг. Харин эхнэр нь Н.Агээс ерөнхийдөө салчихсан. ...” /1хх-ийн 90-91/,

Мөн түүний “...19 настайдаа хүнтэй суугаад дундаас нь 1 хүүхэд гарсан. ...Тэр хүүхэд нь над дээр өсөж хүмүүждэг юм. ...Н.А нь мэргэжилгүй, боловсролгүй тул хар ажил хийсээр яваад архинд орсон байх. Н.Аг архи уугаад алга болсон хойно нь эхнэр  нь их хайж гүйсэн. Тэгээд тэсэхээ байгаад салсан. ...” /1хх-ийн 92/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Н.А нь эх, охины хамт амьдардаг болох нь тогтоогдож байна.

 

Н.А нь мөрдөн шалгах явцад “Би “Шинэ төмөр хийц” ХХК-д ажилладаг, ээждээ цалингаа өгсөн” гэж мэдүүлсэн байх боловч тус мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, Н.Агийн эх Д.Мягмар нь түүнийг тодорхой ажил эрхэлдэггүй талаар /1хх-ийн 90-91 дүгээр хуудас/ мэдүүлсэн байна.

 

Иймд шүүгчийн захирамжид заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоолгох болон Н.Агийн хувийн байдлын талаар тодруулах ажиллагааг хийх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах. ...” -аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 908 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийн 2, 3 дахь үндэслэлийг хүлээн авч, 1 дэх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.