| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-/цахимаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Шүүгдэгч Ж.П-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Пт холбогдох эрүүгийн 2022002160034 тоот хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, Н овогт Ж ын П-/РД:ЦЗ/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.П-нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, 2020 оны 07 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн 7-р багийн нутаг дэвсгэр дэх “А” зочид буудлын зүүн урд байрлах замын хойд хэсэгт бохирын шуудуу ухах ажилд, туслах ажилтнаар ажиллаж байсан Ш.Х- нь шороонд дарагдаж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүгдэгч Ж.П-шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
-Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Манай “О-Г-О” ХХК-ний ажилчид 2020 оны 07 сарын 31-ний өдөр, өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа гарцгаасан байсан. Би 10 цаг 20 минутын үед ажилчдадаа амаар заавар зөвлөгөө өгсөн. Экскаваторын жолооч О нүхийг заавал налуутай ухна шүү гээд хэлээд явсан. Тэгээд би өөрөө нөгөө талбай дээр очоод худаг тавих ажлыг хийж байтал 12 цагийн үед осол гарлаа, хүн шороонд дарагдлаа гэж Н- дуудсан. Тэгээд осол гарсан газарт ирсэн чинь талийгаач Х- шороонд дарагдаад харагдахгүй байсан. Онцгой байдлын албан хаагчдыг дуудаад албан хаагчид нь талийгаачийг шороон доороос гаргаж ирэх үед нас барсан байдалтай байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгдөг байсан. Сургалтад хамрагдаж байгаагүй. Туслах ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ хийдэг байсан. Шинээр ирсэн ажилтантай 15 хоног ажилласны дараа гэрээ хийдэг байсан. Талийгаачтай гэрээ хийгээгүй байсан. Манайд ажилд ороод 11 хонож байсан юм. Аюулгүй ажиллагааны зааварчилгаанд өглөө болгон гарын үсэг зуруулаад гаргадаг байсан юм. Тухайн өдөр зааварчилгаа дээр гарын үсэг зуруулаагүй. Талийгаач ямар учиртай шуудуу руу орсон талаар мэдэхгүй байна. Нүх рүү орж ажилла гэсэн зааварчилгааг хэн ч өгөөгүй байсан. Миний бие 37.500.000 төгрөгийг дансаар өгсөн, оршуулгын зардал гэж 14.000.000 төгрөг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй, гэнэтийн осол болсныг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх117-118/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 7 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт байх О-Г-О ХХК-ийн талбайд миний ах шороонд дарагдаж нас барж манай гэр бүлд маш том гарз тохиосон. Миний ах Улаанбаатар хотод ээж, охин, хамтран амьдрагчтайгаа ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Миний ах ганцаараа ажил хөдөлмөр хийж, тэр хүмүүсийг тэжээдэг байсан юм. Энэ хүний буруутай үйлдлээс болоод хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг баримтлаагүйгээс миний ахын алтан амь хохирсонд харамсалтай байна. Миний ээж 70 гарсан настай 100 хувь хараагүй, байнгын асаргаатай хүн байдаг. Талийгаачийн охин аавыгаа нас барах үед нь 2 нас 6 сартай байсан. Энэ 2 хүн хохирч байна. Бидний хохирлыг гаргуулж, үнэн зөв шийдэж, энэ хүнд арга хэмжээг нь авч өгнө үү. Талийгаачийн ажил явдлын үеэр манай гэр бүл болон над руу нэг ч удаа эмгэнэл илэрхийлж яриагүй. Уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч талийгаачийг нүх рүү ор гэж хэлээгүй гэж байна. Энэ хүмүүс ороод ажил хий гэж хэлдэг, би өмнө нь ажиллаж байсан хүний хувьд мэднэ. Хохирлын нэхэмжлэлийг гаргуулж өгнө үү. Ээж маань миний асрамжид байгаа, амь хохирогчийн 3 настай охиныг бүгдээрээ дэм дэмэндээ харж байгаа. П-надтай яриад ахынх нь буруу бүх хохирлыг барагдуулна гээд уулзсан. Тэр үедээ ахад нь 80 сая төгрөг байна, мэргэжлийн хяналтын актыг оролцуулаад 80 сая төгрөг өгье гэж хэлсэн. Би гэр бүлийнхэнтэйгээ болон хамтран амьдрагчтай нь ярилцсан. Тэгэхэд бидний зүгээс талийгаачийн амь насыг шууд мөнгөөр үнэлж байгаа нь бидний хувьд маш буруу санагдсан. 2021 оны 01 сард П-над руу мэргэжлийн хяналтын актын мөнгө 37.440.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хохирол барагдуулсан гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү. Дараа нь П-надтай яриад мэргэжлийн хяналтын актын төлбөрийг оролцуулаад 100.000.000 төгрөгөөр тохиръё гэсэн. Манай ээж өөрийнхөө хайртай хүүхдийг бусдын буруутай үйлдлээс алдчихаад буруутай үйлдэл хийсэн хүнийг нь хөөрхий минь гэж хөөрхийлж байсан гээд бод доо. Тэгэхэд манай ээж рүү нэг ч удаа яриагүй. 100.000.000 төгрөг өгөхөөр зөвшөөрөөд 2 талаасаа ярилцаж тохирсон боловч наад хүн чинь сүүлдээ над руу ярихаа байсан. Би итгэхээ байгаад хоёулаа нотариат орж батлуулъя баталгаатай нь дээр юм гэсэн чинь тэгье гээд алга болсон. Хохирлын тооцоо хийвэл 3 настай охин Х.Э-гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 18 нас хүртэл, өндөр настай ээжийн сэтгэл санааны төлбөр 62.500.000 төгрөгөөс илүү гарч байгаа. Ж.П-гэх хүн ах нь та нарт 100.000.000 төгрөг өгье гэж хэлж байсан учраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нөхөн төлбөрийн актаар төлсөн мөнгийг бодолцоод 62.500.000 төгрөгийг 3 настай охины тэжээгчээ алдсаны төлбөр, өндөр настай ээжийнхээ сэтгэл санааны төлбөрт нэхэмжилж байсан. Талийгаачийн цалин хөлсийг 1.200.000 төгрөг гэж тооцоод баримт нотолгоотойгоор анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу гэм хор учруулсны төлбөр 74.720.000 төгрөгийг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна, хүний амь нас хохирсон байгаа нь баримт биш үү, өөрсдөө хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй буруу зүйл хийчихээд хүний амь насыг үнэгүйдүүлээд байгаа юм биш үү” гэх мэдүүлэг
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-: “Талийгаач 2020 оны 07 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймагт сан техникийн туслах ажилтнаар ажиллахаар “С-к” ХХК-д ирсэн. Тэгээд 2020 оны 07 сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотод ажлаа хийж байхад талийгаачтай хамт нэг газар ажиллаж байсан манай төрсөн ах Ө над руу залгаад Хатнаа ах чинь нүхэнд шороонд дарагдчихлаа, одоо яах вэ? гээд яриад байсан. Хэсэг хугацааны дараа би өөрөө залгасан чинь Ө ах Онцгой байдлын албан хаагчид, цагдаа нар ирчихсэн хайгаад байна, ойртуулахгүй байна гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа над руу Ө ах залгаад Хатнаа ахыг бурхан болчихсон байна гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “Нөхөн төлбөр төлөх тухай” актаар нийтдээ 37.500.000 төгрөгийн хохирол гарсныг талийгаачийн ажиллаж байсан компаний болох “О-Г-О” ХХК төлж барагдуулсан. Тухайн О-Г-О компаний төлсөн төлбөр нь талийгаачийн ажиллах үеийн төлбөр гэж ойлгож байна. Харин хохирлыг барагдуулсан гэсэн үг биш учраас бид нар үүнээс гадна хохирлоо 62.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 27,31 /
-Гэрч А.З-гийн: “Би өглөө шатахуун түгээх станцад түлшний карт өгөөд 09 цаг өнгөрөөгөөд талбай дээрээ очсон. Намайг очиход ажилчид бүгд хүрз, хамгаалалтын хувцас бээлийгээ авсан. Би барилгын яамнаас сайд ирж үзнэ гэж байсан болохоор бэлтгэл ажлыг хийж байсан. 11 цаг 30 минут болж байхад манай захирал Б төв орно гээд явсан. Нэг их удалгүй осол болчихлоо очоорой гэж хэлсэн. Тэгэхэд Онцгой байдал, цагдаа, эмч нар ирчихсэн нүхэнд шороо ухаж байсан. Тэгээд шорооноос талийгаач Х-ыг гаргасны дараа Мэргэжлийн хяналтын газар очиж бүртгүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж заавар зөвлөгөө өгөх албан тушаалтан нь П-гэх хүн байгаа юм. Ажил эхэлснээс хойш өдөр болгон ерөнхий зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Өнөөдөр өглөө зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж чадаагүй. П-гарын үсэг зуруулж надад өгөх ёстой байдаг. Би өдөр тутамд биш хяналт тавьж явах ёстой байдаг. Би “С-к” ХХК-д 2016 онд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ХАБЭ-н /хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер/ ХАБЭ-н бодлого, дүрэм журам батлуулж мөрдүүлэх, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн хэрэгслийн аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Харин өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг бригадын дарга, ажил хуваарилж байгаа талбайн инженер өгөх ёстой. Энэ талаар хууль болон манай компанитай хийсэн ХАБЭ-н талуудын хариуцлагын гэрээнд зааж өгсөн байдаг. Манай “С-к” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ хийсэн “О-Г-О” ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.П-нь албан тушаалын хувьд амь хохирогчийн шууд удирдлага, амь хохирогч Х-ыг шууд харьцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэрээ хийсэн, хуулиараа ч бас зааж өгсөн байдаг. Талийгаач 2020 оны 07 сарын 19-ний өдрөөс туслах ажилтнаар ажилладаг гэж байсан. “О-Г-О” ХХК-ийн ажилтан байгаа юм. Манай компани улирлын чанартай ажилладаг болохоор 04 дүгээр сараас эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа энэ жил сургалт явуулж, шалгалт аваагүй. “О-Г-О” ХХК ажилчдадаа сургалт орсон гэдэг талаар мэдэхгүй байна. Би П-т гарын авлага хийж өгсөн. Ажилчдадаа танилцуулж байгаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 32/
-Гэрч Б.Н-ийн “... Би “Сайн кансртракшн” ХХК-д төв цэвэрлэх байгууламжийн шугамын ажилд туслан гүйцэтгэгчээр хамтарч ажиллаж байгаа юм. Уг цэвэрлэх байгууламжийн шугамын ажилд О-, О, /экске барьдаг залуу/, Д, талийгаач Х- тэгээд би, бид 5 хүн ажиллаж байгаа юм. Би энэ хэсгийн хүмүүсээ ахалдаг юм. Бид бүгд энэ энэ байгууллагын үндсэн ажилчид биш уг компанитай туслан гүйцэтгэгчээр гэрээ хийсэн “О-Г-О” ХХК-ийн ажилчид юм. 2020 оны 07 сарын 31-ний өдөр, өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа гарсан тэгээд би Дтай хамт дээр байж байсан. Экскаватор буюу газар шороо ухагч механизмыг О бариад шороогоо ухаад дээш нь гаргаж хаядаг, уг ухсан нүх буюу шугаман дотор экскений ухсан газрыг тэгшилж, О-, талийгаач Х- 2 ажиллаж байсан. Тэгээд би ухсан шугамын урд талд нь гаазын баллон угсраад зогсож байгаад харахын завдалгүй шороо нурчихсан байсан. Очоод хартал талийгаач Х- шороонд даруулсан, юу ч харагдахгүй байсан наана нь буюу баруун талд нь О- зогсож байсан. Харин ч шороонд даруулаагүй байсан. Тэгээд л шууд О онцгой байдлын газар дуудлага өгсөн. Дарга нартаа мэдэгдээд хүрзээр би шорооных нь дээд хэсгээс жаахан самардсан. Тэгээд биднийг хариуцаж ажилладаг “ О-Г-О” ХХК-ний захирал сантехникийн инженер Ж.П, “С-к” ХХК-ийн сантехникийн инженер Б гэх 2 дарга маань ирсэн. Онцгой байдлын албаныхан ирж Х-ыг шороон доороос гаргасан боловч нас барсан байсан. Шугамын ажил, экскаватор газраа ухна, ухаад 3 метр яваад зогсдог, О- уг ухсан газарт тэмдэг тавиад Д дурандаж яг нэг шугамаар явж байгаа эсэхийг дурангаараа шалгаад нүхэнд ажиллаж байгаа О- талийгаач Х- нарт хэлж өгнө. Намхан байна уу, өндөр байна уу гээд хэмжээ алдсан хэсгийг экскаватороор засахыг нь засаад гараар тэгшилж болохоор байвал Отгоо талийгаач Х- нар хүрзээрээ тэгшилдэг байсан юм. Уг дурандах болон гараар тэгшлэх үед экскаватор нь ажиллахгүй зогсож байдаг юм. Осол болох үед экскаватор газраа ухаж байсан нилээн наана буюу баруун талд нь О-, талийгаач Х- нар экскаватор ухаж дуусахыг нь хүлээгээд зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 36/
-Гэрч Б.О-“...Би “С-к” ХХК-ний хүсэлтээр Дагвадоржийн экскаваторыг жолоодож, 5 сарын дунд үеэс ажиллаж байна. Өнөөдөр “Ган илч” ХХК-ний нүүрсний агуулахын ард засмал замын хойд талд зам дагуу бохирын шугамны нүх ухаж байсан. Ойролцоогоор 6 метр урттай, 4 метрийн гүнтэй, доод хэсгээрээ экскаваторын шанаганы өргөн 1.20 метр орчим, дээд хэсгээрээ 2 метр гаран нүх ухсан, би нүх ухах ажиллагаагаа үргэлжлүүлээд 12 цагийн үед нүхнээс шороо гаргах явцад шуудууны хоёр хана хагарч харагдсан тэгэхээр нь би “холдоорой шороо нурж байна” гэж орилтол нүхэн дотор байсан “С-к” ХХК-ний 2 ажилтан баруун тийш гүйх шиг болсон. Тэгээд шороо нураад надад харагдаагүй, шороо нурж дуусаад харсан чинь 1 хүн нь шороонд дарагдчихсан байсан, тэгээд би онцгой байдалд дуудлага өгсөн. Нурсан шороон дотроос дарагдсан хүнийг гаргахад нас барчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 37/
- Гэрч Г.Б-“ ..10 цагийн үед осол болдог талбай дээр ирэхэд Ж.П-надтай таарсан, тухайн хэсгийн нүхийг хагас ухчихсан, шугам хоолойгүй болчихсон, хэд хоног зогсчихсон байсан газар байгаа юм. Тухайн газар ажиллаж байгаа хүмүүст авто замын хажуугаар явж байгаа юм чинь зөөврийн /сул/ хөрстэй байгаа шүү гэж хэлээд болгоомжтой ажиллах талаар хэлсэн. Ж.П-экскаваторын жолооч О гэх залууд газраа налуулж ухаарай гээд хэлж байсан. Би буцаад био цөөрөм ухаж байгаа талбай дээр очоод сумын орой хэсгээс явж байгаа талбай юу болж байна гэж Ж.П оос асуухад худаг угсарч эхэлж байна гэж хэлсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад осол болдог талбайгаар дайраагүй, гэрээр ороод цай уучихаад, Ж.П ын байгаа газар очсон. Би машинаасаа бууж амжаагүй байхад Ж.П-утсаар яриад машиндаа сууж байхад нь юу болсон талаар асуухад “хүн дарагдчихлаа” гэж хэлээд хөдлөөд явчихсан тэгээд би араас нь дагаад очсон.” гэх мэдүүлэг /хх 38 /
-Гэрч Д гийн “Би “С-к” ХХК-д төв цэвэрлэх байгууламжийн шугамын ажилд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байгаа “О-Г-О” ХХК-аас цалин аваад танил ах Н-ийн ажилд тусладаг юм. Яг албан ёсоор гэрээ хийгээгүй. Уг цэвэрлэх байгууламжийн шугамын ажилд О-, О, ах Н-, талийгаач Х- тэгээд би, бид 5 ажиллаж байгаа юм. Бид ерөнхийдөө ажиллахдаа экскаватор газраа ухна, ухаад 3 метр яваад О- ах уг ухсан газарт тэмдэг тавиад, метр бариад надаар дурандуулж ухсан түвшин нь жигд байгаа эсэхийг шалгуулна, би засах зүйл байвал нүхэнд ажиллаж байгаа О- ах талийгаач Х- нарт хэлж өгнө. Намхан байна уу? өндөр байна уу? гээд хэмжээ алдсан хэсгийг экскаватороор засахыг нь засаад гараар тэгшилж болохоор байвал О-, талийгч Х- нар хүрзээрээ тэгшилдэг байсан. Уг дурандах болон гараар тэгшлэх үед экскаватор нь ажиллахгүй зогсож байдаг юм. О- ах, талийгаач Х- ах нар байнга доор байгаад байдаггүй. Дээгүүр туслах ажил байвал хийдэг байсан. 2020 оны 07 сарын 31-ний өдөр өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан, тэгээд би Н- ахтай хамт дээр байж байсан. Экскаватор буюу газар шороо ухагч механизмыг О бариад шороогоо ухаад дээш нь гаргаж хаядаг, уг нухсан нүх буюу шугаман дотор ухаад явахыг нь хүлээгээд О- ах талийгаач Х- ах нар зогсож байсан. Экскаваторын жолооч О ах шороо нурлаа шүү гээд хашгиртал харахын завдалгүй шороо нурчихсан байсан. Очоод хартал нүхэнд нилээн их шороо нурж орсон байдалтай талийгаач Х-ын хаана байгаа нь харагдах боломгүй байсан. Баруун тал нь О- ах зогсож байсан. Тэгээд шууд Н- ах О ахыг онцгой байдлын газар дууд гэж хэлсэн. Н- ах дарга нартаа мэдэгдсэн. Ер нь бол өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой заавар зөвлөмжийг өгдөг. Хамгийн сүүлд өчигдөр хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулсан. Өнөөдөр өглөө бол уг заавар зөвлөмжийг өгөөд гарын үсэг зуруулаагүй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь ямар хүн байдгийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 41 /
- Гэрч Г.Б- : “О-Г-О” ХХК-ний захирал Ж.П той 2020 оны 03 сарын 30-ны өдөр 03 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээнд туслан гүйцэтгэгч нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, барилгын норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх ёстой, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний 4.3 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тусгаж өгсөн. Мөн ажил гүйцэтгэх 03 тоот гэрээний хавсралтад ХАБЭА тухай хуулийг баримтлах, хүлээх үүрэг хариуцлагыг дурдаж, “О-Г-О” ХХК-тай баталсан. Ж.П-гэх хүнтэй манай компани арваад жил хамтран ажиллаж байгаа, хамтран ажиллах хугацаанд хууль дүрмээ баримтлан ажилладаг байсан. Энэ удаа санамсаргүй осол гарч харамсалтай явдал болсон байна” гэх мэдүүлэг /хх 42/
-Гэрч Ж.О-ын “... Би 2020 оны 07 сарын 31-ний өглөө 09 цагт ажилдаа гарсан. Ажлын талбай дээрээ очоод хамгаалалтын туузаа авсан. Тэгээд экскаватороо байрлуулахад бэлдээд, би ухаж байсан нүх рүүгээ шатаа байрлуулсан, багажаа аваад шатаараа ухсан нүх рүүгээ буусан. Шороо нурчихсан байхаар нь тэрийг тэгшилсэн. Экскаваторын жолооч газраа ухаж эхэлсэн. Би ганцаараа араас нь тэгшлээд очсон. Хэсэг экскаватор нүхээ ухаж дуустал хүрзээ бариад байж байтал, талийгаач Х- надад туслах гээд нүх рүү орж ирсэн. Экскаватор газраа ухаад 3-4 метр яваад өгчихсөн байсан. Хэсэг шороог овоолоод үлдээчихсэн байсан. Тэр шороог талийгаач бид хоёр ээлжилж тэгшилсэн, бид хоёр 3 метр газар тэгшилчихээд газраа дурандуулсан, тэгээд дурандсан хүн болсон гэж хэлсэн. Тэгээд жоохон шороо үлдчихсэн байсныг талийгаач тэгшлэх гэж очоод би араас нь хүрзээ авч очсон чинь дээрээс экскаваторын жолооч О шороо нурлаа гээд орилсон. Тэгэхээр нь талийгаач бид хоёр эргэж хараад хүрзээ хаяад баруун тийш гүйсэн чинь талийгаач шороонд дарагдчихсан байсан. Би эргэж хараад 3-4 алхах үед гутлын өсгийн дээр шороо буусан. Тэгээд шороо нурсан тал руу харсан чинь талийгаач харагдаагүй. Миний биед гэмтэл учраагүй. Тэгээд хэсэг шоконд орчихсон. О хаана дарагдчихваа гээд хашгирсан. Би талийгаачийг хаана дарагдсаныг хараагүй. Талийгаачийг миний араас гараад ирчихсэн байх гэж бодсон чинь шороонд дарагдчихсан байсан. Шугам тавих нүх 3-4 метр ухаад араас нь ухсан нүхийг нь би хүрзээр тэгшлээд, талийгаач болохоор хоолой булах ажил хийдэг байсан, талийгаач нүх рүү ордоггүй, 10 хоног ажиллах хугацаанд нүх рүү орж байгаагүй, нас бардаг өдрөө хэсэг газар шороо овоорчихсон байхаар нь надад туслах гээд нүх рүү орж ирсэн байсан юм. Ажиллах хугацаанд байнга хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөөг Ж.П-ах болон ХАБЭА-н инженер хоёр өгч гарын үсэг зуруулдаг байсан. 2020 оны 07 сарын 31-ний өглөө ХАБЭА-н инженер Барилга хот байгуулалтын сайд ирсэн, ажилтай байна гээд бид нарт хөдөлмөр аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөө өгөөгүй, бид нар өөрсдөө ажилдаа гарсан. 10 цагийн үед Ж.П-ах амаараа бид нарт болгоомжтой ажиллаарай гэх хэлээд, өөр ажлын хэсэг рүү ажлаа шалгах гээд явсан байх үеэр осол гарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 43-44/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 42 дугаартай “Цогцост хийсэн” шинжээчийн:
1. Талийгч Ш.Х-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун 2-10-р хавирга, зүүн 7-10-р хавирганы нэг шугамаарх хугарал, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 9,10-р нугаламын шахагдаж бяцарсан, бүсэлхий 3-р нугаламын их биеийн хугарал, нугасны бяцрал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун хөмсөг, хацар, дээд уруул, зүүн бугалганд шарх, баруун хацар уруул, эрүү, баруун хөх, баруун бугалга, баруун шуу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ.
4. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун 2-10-р хавирга, зүүн 7-10-р хавирганы нэг шугамаарх хугарал, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 9,10-р нугалам, бүсэлхий 3-р нугаламын шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 54-57/
- Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Н-2020 оны 10 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 91-93 /
- Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Н-2021 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 99-102/
- Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх174-175/
-Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллахад талуудын хооронд хүлээх үүрэг хариуцлагын гэрээ /хх 237-239/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6 /
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-21/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- “Талийгаач 2020 оны 07 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймагт сан техникийн туслах ажилтнаар ажиллахаар “С-к” ХХК-д ирсэн. Тэгээд 2020 оны 07 сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотод ажлаа хийж байхад талийгаачтай хамт нэг газар ажиллаж байсан манай төрсөн ах Ө над руу залгаад Хатнаа ах чинь нүхэнд шороонд дарагдчихлаа, одоо яах вэ? гээд яриад байсан. Хэсэг хугацааны дараа би өөрөө залгасан чинь Ө ах Онцгой байдлын албан хаагчид, цагдаа нар ирчихсэн хайгаад байна, ойртуулахгүй байна гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа над руу Ө ах залгаад Хатнаа ахыг бурхан болчихсон байна гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг, гэрч А.З-гийн ... “ Манай “С-к” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ хийсэн “О-Г-О” ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.П-нь албан тушаалын хувьд амь хохирогчийн шууд удирдлага, амь хохирогч Х-ыг шууд харьцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэрээ хийсэн, хуулиараа ч бас зааж өгсөн байдаг. Талийгаач 2020 оны 07 сарын 19-ний өдрөөс туслах ажилтнаар ажилладаг гэж байсан. “О-Г-О” ХХК-ийн ажилтан байгаа юм.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-ийн “2020 оны 07 сарын 31-ний өдөр, өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа гарсан тэгээд би Дтай хамт дээр байж байсан. Экскаватор буюу газар шороо ухагч механизмыг О бариад шороогоо ухаад дээш нь гаргаж хаядаг, уг ухсан нүх буюу шугаман дотор экскений ухсан газрыг тэгшилж, О-, талийгаач Х- 2 ажиллаж байсан. Тэгээд би ухсан шугамын урд талд нь гаазын баллон угсраад зогсож байгаад харахын завдалгүй шороо нурчихсан байсан. Очоод хартал талийгаач Х- шороонд даруулсан, юу ч харагдахгүй байсан наана нь буюу баруун талд нь О- зогсож байсан. Харин ч шороонд даруулаагүй байсан. Тэгээд л шууд О онцгой байдлын газар дуудлага өгсөн. Дарга нартаа мэдэгдээд хүрзээр би шорооных нь дээд хэсгээс жаахан самардсан. Тэгээд биднийг хариуцаж ажилладаг “ О-Г-О” ХХК-ний захирал сантехникийн инженер Ж.П, “С-к” ХХК-ийн сантехникийн инженер Б гэх 2 дарга маань ирсэн. Онцгой байдлын албаныхан ирж Х-ыг шороон доороос гаргасан боловч нас барсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-“2020 оны 07 сарын 31-ний өдөр өглөө 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан, тэгээд би Н- ахтай хамт дээр байж байсан. Экскаватор буюу газар шороо ухагч механизмыг О бариад шороогоо ухаад дээш нь гаргаж хаядаг, уг нухсан нүх буюу шугаман дотор ухаад явахыг нь хүлээгээд О- ах талийгаач Х- ах нар зогсож байсан. Экскаваторын жолооч О ах шороо нурлаа шүү гээд хашгиртал харахын завдалгүй шороо нурчихсан байсан. Очоод хартал нүхэнд нилээн их шороо нурж орсон байдалтай талийгаач Х-ын хаана байгаа нь харагдах боломгүй байсан. Баруун тал нь О- ах зогсож байсан. Тэгээд шууд Н- ах О ахыг онцгой байдлын газар дууд гэж хэлсэн. Н- ах дарга нартаа мэдэгдсэн. Ер нь бол өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой заавар зөвлөмжийг өгдөг. Хамгийн сүүлд өчигдөр хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулсан. Өнөөдөр өглөө бол уг заавар зөвлөмжийг өгөөд гарын үсэг зуруулаагүй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь ямар хүн байдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-“О-Г-О” ХХК-ний захирал Ж.П той 2020 оны 03 сарын 30-ны өдөр 03 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээнд туслан гүйцэтгэгч нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, барилгын норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх ёстой, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний 4.3 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тусгаж өгсөн. Мөн ажил гүйцэтгэх 03 тоот гэрээний хавсралтад ХАБЭА тухай хуулийг баримтлах, хүлээх үүрэг хариуцлагыг дурьдаж, “О-Г-О” ХХК-тай баталсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.О-ын “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөөг П-ах болон ХАБЭА-н инженер 2 өгч гарын үсэг зуруулдаг байсан. 2020 оны 07 сарын 31-ний өглөө ХАБЭА-н инженер Барилга хот байгуулалтын сайд ирсэн ажилтай гээд бид нар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх заавар зөвлөгөө өгөөгүй, бид нар өөрсдөө ажилдаа гарсан” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, талийгаач нь цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун 2-10-р хавирга, зүүн 7-10-р хавирганы нэг шугамаарх хугарал, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 9,10-р нугалам, бүсэлхий 3-р нугаламын шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, уушигний эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтлийн улмаас нас барсан тухай Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.П-нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 27.2, 27.3.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй асуудал хариуцсан ажилтан авч ажиллуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай дүрэм журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4, дэх хэсэгт заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.6 дахь хэсэгт заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” 28.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 07 сарын 31-ний өдөр бохирын шуудуу ухах ажилд, туслах ажилтнаар ажиллаж байсан Ш.Х- нь шороонд дарагдаж нас барсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцахаар заасан ба мөн С-к ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр О-Г-О ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг өөрийн ажилтнууддаа бүрэн танилцуулж дагаж мөрдүүлэх үүрэг хүлээжээ. Тэгэхээр О-Г-О ХХК-ийн үйлдвэрлэлийн бүх процессын аюулгүй ажиллагаа тус компаны захирал Ж.П ын хяналтанд явагдана гэж ойлгогдохоор байна.
Шүүгдэгч Ж.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.П-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.П-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас актаар тогтоосон нөхөн төлбөр болон оршуулгын зардлыг төлсөн, талийгаачийн 3 настай охин Х.Э-тэй холбогдон гарч байгаа зардлыг төлнө, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадваргүй эхнэрээ хардаг, хохирол нөхөн төлбөрийг иргэний шүүхээр нэхэмжилсэн хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч Ж.П-нь ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, өөрийн үйлдэл эс үйлдэхүйн эцэст гарч болох хор уршгийг урьдчилан тооцохгүйгээр ажилдаа хайнга хандсан үйлдэл нь хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- “...хүний амь нас хохирсон байгаа нь баримт биш үү, өөрсдөө хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй буруу зүйл хийчихээд хүний амь насыг үнэгүйдүүлээд байгаа юм биш үү...Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг үндэстэй байх тул шүүх шүүгдэгч Ж.П-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хоригдвол хохирогчийн нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг гаргаж өгч чадахгүй тул хорихгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:
Шүүгдэгч Ж.П ын үйлдсэн гэмт хэргийн улмаас талийгаач Ш.Х- нь шороонд дарагдаж, цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун 2-10-р хавирга, зүүн 7-10-р хавирганы нэг шугамаарх хугарал, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 9,10-р нугалам, бүсэлхий 3-р нугаламын шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, уушигны эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-54-57 / шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508.1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ж.П-нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-нь гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-шүүхэд ирүүлсэн гэм хорын нэхэмжлэлдээ: Талийгаачийн охин Х.Э-г 18 нас хүртэл 15 жил 5 сар буюу 185 сар х 112.000=20.720.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, хөдөлмөрийн чадваргүй эх Б.Цэцгээд 1 сарын тэтгэмжийг 300.000 төгрөгөөр тооцож, 15 жил буюу 180 сар х 300.000= 54.000.000 төгрөг, нийт 74.720.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэж байх боловч амь хохирогч хэдэн төгрөгийн цалин авч байсан, амь хохирогчийн 3 настай охин Х.Э- тэжээгчээ алдсаны тэтгэвэр хэдэн төгрөг авдаг, амь хохирогчийн эх Б.Ц нь хэний асрамжид байдаг талаарх баримтууд хэрэгт авагдаагүй учир дээрх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-шүүгдэгчээс бэлнээр 500.000 төгрөг, оршуулгын зардал 13.500.000 төгрөг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн нөхөн төлбөр төлөх тухай актаар тогтоосон 37.440.000 төгрөгийг тус тус хүлээн авсан тухай талууд маргахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Пын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтээ: Талийгаачийн цалин 1.200.000 төгрөг байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талийгаачийн охин Х.Э-гийн төрсний гэрчилгээний хуулбар хавтаст хэрэгт авагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамтын амьдралтай байсныг тогтоосон тухай шийдвэр, мөн 188.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа, талийгаач нь ам бүл дөрвүүлээ амьдардаг эх Б.Ц хамгаалж байсан гэдэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд хууль сануулж өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжтой гэж мэтгэлцэж байх боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалдаг тул дан ганц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт үндэслэн гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-т шүүгдэгчээс бэлнээр 500.000 төгрөг, оршуулгын зардал 13.500.000 төгрөг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн нөхөн төлбөр төлөх тухай актаар тогтоосон 37.440.000 төгрөгийг төлснийг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь цус мэт зүйл болж хугарсан хүрз, цогцост гадны үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан шаргал өнгийн хамгаалалтын каск, хар саарал өнгийн саравчтай малгай, шаргал улаан өнгийн алгатай бээлий/1 хос/, улбар шаргал өнгийн хантааз, хар өнгийн майк, цэнхэр өнгийн ажлын өмд, бор өнгийн тэлий, ногоон саарал өнгийн дотоож, цэнхэр өнгийн оймс /1 хос/, хар өнгийн ажлын мэт гутал, цэнхэр өнгийн өмдний халааснаас 2 хос ажлын бээлий, LD гэсэн бичигтэй дотроо 15 ширхэгтэй тамхи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгч Н овогт Жын П-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Жын П-т2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- амь хохирогчийн охин Х.Э-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, амь хохирогчийн асрамжид байсан эх Б.Ц асрахтай холбоотой гэм хор учруулсны төлбөр 74.720.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-т шүүгдэгчээс бэлнээр 500.000 төгрөг, оршуулгын зардал 13.500.000 төгрөг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын болон Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн нөхөн төлбөр төлөх тухай актаар тогтоосон 37.440.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь цус мэт зүйл болж хугарсан хүрз, цогцост гадны үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан шаргал өнгийн хамгаалалтын каск, хар саарал өнгийн саравчтай малгай, шаргал улаан өнгийн алгатай бээлий 1 хос, улбар шаргал өнгийн хантааз, хар өнгийн майк, цэнхэр өнгийн ажлын өмд, бор өнгийн тэлээ, ногоон саарал өнгийн дотоож, цэнхэр өнгийн оймс 1 хос, хар өнгийн ажлын мэт гутал 1 хос, цэнхэр өнгийн өмдний халааснаас 2 хос ажлын бээлий, LD гэсэн бичигтэй дотроо 15 ширхэгтэй тамхи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР