| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00331/и |
| Дугаар | 375 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 375
2017 оны 07 сарын 19 өдөр Дугаар 129/ШШ2017/00375 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1968 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Ханх гэх газар оршин суугч Бүдүүн ёндон овгийн Гэлэгээгийн Энхтуяагийн /РД:АД68101200/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би сургуульд суугаагүй, нэгдүгээр анги төгсөөд мал дээр гарч аав, ээждээ туслаж байсан. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Дашням гэдэг хүний ферм дээр 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагч зөрчилтэй гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Би 4 хүүхэдтэй одоо тэтгэвэрт орох болоод байна. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би Бадрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Энхтуяа нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Нэг наст мал онд оруулах талаар зарласан социалист уралдааны болзлыг биелүүлсэн адуун суурь 1, ферм 2, төлөг борлонгийн суурь 13, саальчид 96-г хавсралтын дагуу шалгаруулж заасан хэмжээний шагнал олгоход 12028 төгрөгийн үнэ бүхий зүйл зарцуулахаар тогтоож хавсралтыг баталсугай. Үүнд: Мөнгөн шагналаар Энхтуяа, 150 төгрөг гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн 61 тоот тогтоол,
1.2. Доорхи зүйлийг зарлага болгохоор тогтоосугай. 1. Баярын бичиг-22 ш, 2. Энгэрийн тэмдэг-92 ш, 3. Танилцуулга-20 ш, 4. Саальчдын өдөрлөгөөс 12 саальчинг шагнасан 115 төгрөг, 20 мөнгөний үнэ бүхий зүйл /жагсаалтыг хавсаргав/ Хавсралтанд: Энхтуяа, гарын алчуур тоо-1, үнэ 5=60, шаазан аяга тоо-1, үнэ-4=60, бүгд 9=60 гэсэн “Хөрөнгө зарцуулах тухай” Архангай аймгийн Өндөр-Улаан Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 сарын 12-ны өдрийн 81 тоот тогтоол,
1.3. Өндөр-Улаан сумын 1993 оны өмч хувьчлалын материалд: Г.Энхтуяа, ХОЭБ-ийн сери-01, дугаар-052785, нэрлэсэн үнэ-7.0, ХОЭБ-ээр баталгаажсан хөрөнгийн хэмжээ мал-Ь,Ь, байшин барилга-03, машин техник-02, бусад хөрөнгө-03, мөнгөн хөрөнгө-05, бусад-09, авлага-1.2, олгосон мал хөрөнгийн үнэ-9.9, ХОЭБ-ийн нэрлэсэн үнээс илүү-2.9 гэжээ,
2. Гэрч М.Дашнямын: “Г.Энхтуяа нь бага байхаасаа эхлэн мал малласан. Г.Энхтуяа 1980 оноос эхлэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Азарга бригадад Хайнаг фермд саальчнаар ажилласан. Тухайн үед би Г.Энхтуяагийн ажиллаж байсан хайнаг фермийн эрхлэгч нь байсан. Г.Энхтуяа нь 1980 оноос эхлэн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй манай фермд надтай хамт ажилласан. Манай хайнаг фермд сүүлдээ сарлаг ферм болоход Г.Энхтуяа нь сарлаг фермд саальчнаар ажиллаж байсан. Би Г.Энхтуяатай нэг нэгдэлд нэг ферм хамт ажиллаж байсан учир түүнийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар 1980 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
3. Гэрч Н.Энхмандахын: “Би 1979 онд илгээлтээр гарч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Азарга бригадад Дашням эрхлэгчтэй Хайнаг фермд саальчнаар ажилласан эхэлсэн. Намайг Бадрал нэгдэлд саальчнаар ажилладаг байхад Г.Энхтуяа нь 1980 онд тус нэгдэлд миний ажиллаж байсан Хайнаг фермд саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн би Г.Энхтуяатай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан. Г.Энхтуяа нь тухайн үедээ бага хүүхэд саальчнаар ирж байсан, сургууль соёлд сураагүй бага байхаасаа л мал малласан” гэх мэдүүлэг,
4. Өндөр-Улаан сумын нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:20 цагт цахилгааны утасны гэмтлээс болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 17/263 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Г.Энхтуяагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан М.Дашням, Н.Энхмандах нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Г.Энхтуяагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан нь Архангай аймгийн Өндөр-Улаан Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 09-ний 61 тоот, 1989 оны 12 сарын 12-ны өдрийн 81 тоот тогтоол, гэрч М.Дашням, Н.Энхмандах нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч Г.Энхтуяагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь түүний “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Дашням гэдэг хүний ферм дээр 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч М.Дашнямын “Г.Энхтуяа нь бага байхаасаа эхлэн мал малласан. Г.Энхтуяа нь 1980 оноос эхлэн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй манай фермд надтай хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Н.Энхмандахын “Намайг Бадрал нэгдэлд саальчнаар ажилладаг байхад Г.Энхтуяа нь 1980 онд тус нэгдэлд миний ажиллаж байсан Хайнаг фермд саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн би Г.Энхтуяатай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Г.Энхтуяагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бүдүүн ёндон овгийн Гэлэгээгийн Энхтуяагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчин, саальчнаар 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА