Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базарсадын Нацагдорж |
Хэргийн индекс | 148/2016/0069/Э |
Дугаар | 73 |
Огноо | 2016-06-03 |
Зүйл хэсэг | 198.2., |
Улсын яллагч | Б.Долгион |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 73
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд
Улсын яллагч Б.Долгион
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан Хууль бусаар эм импортлох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 201618000060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын харъяат, 1968 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 48 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Мөнгөн хөөс авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт *******-Уул аймаг ******* сум, 3 дугаар баг, Октябрийн 11 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* *******. РД *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь ******* хилийн боомтоор Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг эм, Виферон нэртэй 18 хайрцаг эм, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг эм, Тержинан нэртэй 3 хайрцаг лаа зэрэг 220.444 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлийг улсын хилээр хууль бусаар импортлох гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
1.Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ОХУ-ын эмийн сангаас гэр бүлийн хэрэгцээндээ зориулж авсан. ******* хилийн боомтоор нэвтрэхдээ гаалийн улсын байцаагчид би өөрөө ийм эм байгаа гэж харуулсан гэв.
2.Хохирогч Б.*******ын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* боомтоор зорчин явсан Монгол Улсын иргэн Б.******* нь гар цүнхэндээ Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг эмнүүдийг оруулж ирснийг гаалийн хяналт шалгалтаар манай улсын байцаагч ******* илрүүлэн саатуулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсад бүртгэлтэй, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлд заагдсан нэр төрөл, тоо ширхэг, тун хэмжээгээр оруулж ирэх ёстой. Түүнээс иргэн хүн Монгол улсын хилээр эм эмийн бүтээгдэхүүн оруулж ирэхийг хатуу хориглосон. Б.*******ийн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.....гэх мэдүүлэг
/ хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
3.Гэрч Ш.*******ын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ******* боомт дээр үүрэг гүйцэтгэж ОХУ-аас Монгол улс руу орох чиглэлд суудлын машин хариуцан хяналт шалгалт хийж байсан. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл, зорчигч нарыг үзэж шалгах Сүхбаатар Хиагт чиглэлийн автобусанд зорчин явсан Монгол улсын иргэн Б.******* өөрийн гар тээш болох цүнхэндээ Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг эмнүүд авч явсныг саатуулсан...гэх мэдүүлэг
/ хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
4.Шүүгдэгч Б.*******ийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн..Би *******-Уул аймгаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 07 цаг 30 минутанд ОХУ-ын Хиагт хот руу замын автобусаар ганцаараа зорчин яваад 10 цагт очсон. Хиагт хотод очиход төлөвлөсөн ажил бол хүнс, гэр ахуйн хэрэгцээнийхээ эд зүйлсийг авах бодолтой байсан. Хиагтын төв эмийн сангаас Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг зэрэг 5 төрлийн эмийг ойролцоогоор монгол мөнгөөр 230.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан санхүүгийн бичиг баримт байхгүй. Худалдан авсан эмийг өөрийнхөө гар цүнхэнд хийгээд ******* боомт дээр гаалийн байцаагчид цүнхээ үзүүлэхэд хурааж авсан. Миний хувьд эмийг Монгол улсын хилээр оруулж болох, болохгүй мэдэхгүй. Эмийг нууж хаасан, ямар нэгэн байдлаар биеийнхээ аль нэг хэсэгт далд хийсэн зүйл байхгүй. Цүнхэнд байсан эмнүүдийг тоо ширхэгээр гаалийн улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Эмнүүдийг надад захисан хүн байхгүй. Монголд зарагдах үнээс хямд болохоор нь худалдаж авсан. Худалдаж авсан эмнүүдийг хувийн хэрэгцээнд хэрэглэх бодол байсан....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
5.Шүүгдэгч Б.*******ийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ мэдүүлэг,
6.Гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тухай акт, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/
7.Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/
8.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
9.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан тоот /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
10.Ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
11.Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын лавлагаа /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүх
дараахи дүгнэлт хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* дахь хилийн боомтоор Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг лаа зэрэг 5 төрлийн 71 хайрцаг буюу 977 ширхэг, 220.444 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлийг хууль бусаар импортлох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахи нотлох баримтуудыг үндэслэн Прокурорын үйлдэж шүүхэд шилжүүлсэн дээрхи яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ээс холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, гэрч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Энхномингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Гаалийн улсын байцаагчийн үзлэг хийсэн тухай акт, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан тоот /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дээр дурьдсан баримт сэлтүүдийг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа шүүхийн хэлэлцүүлгийн шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Б.*******ийн холбогдсон гэмт хэрэг буюу гэмт үйлдэл нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байгаа тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6 дахь хэсэгт зааснаар захиргааны арга хэмжээ авч торгууль ногдуулах боломжтой гэж үзэж байгаа ба Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв.
Харин улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус... гэж тооцон хохиролын хэмжээг тодорхойлно гэжээ. Шүүгдэгч ******* нь 220.444 төгрөийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг хууль бусаар импортлосон. Иймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Өмгөөлөгчийн санал нь хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй тохиолдолд ярих учраас энэ хэрэгт хамааралгүй гэж үзнэ гэсэн тайлбар хийв.
Шүүх эдгээр байдлуудаас дүгнээд Б.*******ийн үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг мөн гэж үзлээ. Учир нь Өмгөөлөгчийн шүүхэд тавьж буй саналд өгсөн улсын яллагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна мөрдөн байцаалтын шатанд цуглуулж бэхжүүлж авсан баримтууд хуулийн шаардлага хангасан, гэмт хэргийн болон гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдол өгөхөөр байна.
Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг, цуглуулж бэхжүүлж авсан эд мөрийн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон эд зүйлд үзлэг хийсэн акт, тэмдэглэл зэргийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Иймээс шүүгдэгч Б.*******ийг Шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* дахь хилийн боомтоор Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг лаа зэрэг 5 төрлийн 71 хайрцаг буюу 977 ширхэг, 220.444 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлийг хууль бусаар импортлох гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*******т хуулинд заасан ялаас хорих ялыг сонгон ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол төлбөр байхгүй зэрэг байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг лаа зэрэг 220.444 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар ******* овогт ******* *******ийг мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм, эмийн зүйлийг импортлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн Ципрофлоксацин нэртэй 10 хайрцаг, Виферон нэртэй 18 хайрцаг, Виферон /мазь/ нэртэй 7 ширхэг түрхлэг, Эуфиллин нэртэй 33 хайрцаг, Тержинан нэртэй 3 хайрцаг лаа зэрэг эм, эмийн зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг *******-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн шүүгч, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурьдсугай.
9.Ялтан Б.*******т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ