Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 14

 

2017 оны 7 сарын 20 өдөр Дугаар 226/МА2017/000014                                                        Хэрлэн сум 

“Капитал банк” ХХК-ний нэхэмжлэлтэй, 

М.Энхчимэгт холбогдох иргэний

 хэргийн талаар

 

226/2017/00014/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

    Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Идэрчулуун,

    Хариуцагч: М.Энхчимэг нарыг оролцуулан

    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаагийн  даргалсан шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ариунболдын давж заалдах гомдлоор “Капитал банк” ХХК-ний нэхэмжлэлтэй, М.Энхчимэгт холбогдох  “зээлийн гэрээний үүрэг 77116659 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгч  “Капитал банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхчимэг нь 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус банкнаас №2021000931 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 48600000 зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэй авсан юм. ... Уг гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж, төлөгдөөгүй зээлийн дүн болох 48600000 төгрөгөөр 2015 оны 01 сарын 20-ны өдөр хугацаа сунгах гэрээ байгуулж, 2015 оны 01 сарын 20-ноос 3 сарын 20-ныг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй байна. Иймд түүнээс үндсэн зээл 48020079 төгрөг, зээлийн үндсэн хүү 24247149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4849429.88 төгрөг нийт 77116659 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэг анх  48 600 000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлнээс нийт 9 сая төгрөг төлсөн. Банкнаас шинээр ашиглалтанд орсон байр хүлээлгэн өгсөн. Хариуцагч одоо  байрандаа амьдарч байгаа. Өнөөдрийн зах зээлийн ханшаар байр нь хариуцагчаас нэхэмжилж байгаа 77 116 659,09  төгрөгтөө хүрэхгүй юм. Тийм учраас хариуцагчийн зүгээс банкны зээлээ төлж барагдуулж чадахгүй барьцаа хөрөнгөө өгнө гэж байгаа бол  шүүх барьцаа хөрөнгөө дуудлага худалдаагаар заруулж, нийт өгөх ёстой үнийн дүнгээс барьцаа хөрөнгийн үнийг хасч үлдэгдэл мөнгөнд нь хариуцагчийн бусад хөрөнийг гаргуулах ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.  Иймд шүүхэд гаргасан нэхэжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч М.Энхчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 2013 онд Хүн ам хөгжлийн яамны сайдын А/26 дугаартай тушаалаар Багануур дахь банкны салбарт гэрээ байгуулж, анх 38,15 м2 2 өрөө байрыг 49 595 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан.  Капитал банкнаас Ипотек рүү шилжих болсон иймд урьдчилгаагаа төлж барагдуул гэсэн. Би цалингийн зээлтэй мөнгөгүй байсан учраас урьдчилгаа төлбөрийг нь төлж  чадаагүй. Өөрийн орлогоо тооцож зээл хийгээгүй сэтгэлийн хөөрлөөр хандсан. Төрийн байгууллагад 30 жил ажилласных байртай болчихьё гэж бодсон юм. Гэсэн ч мөнгийг нь төлж барагдуулж чадахгүй байгаа учраас байраа өгөхөд надад гомдол байхгүй. Төлөхгүй гэсэн сэтгэлээр хандаагүй. Би энэ байрны мөнгийг төлж чадахгүй байгаа талаараа Капитал банканд 2 удаа хүсэлт өгч үнэхээр төлж чадахгүй байна. Байраа буцаая гэж хэлж байсан.  Мөн шүүхэд  2015 оны 12 сард би шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан удаа байгаа. Надад төлөх боломж үнэхээр байхгүй байгаа учраас барьцаа хөрөнгөө өгөөд цаана нь үлдэгдэл үлдвэл төлж барагдуулна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Энхчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 77 116 659 төгрөг гаргуулах тухай Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 543 534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Капитал банк”  ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ариунболд давж заалдах гомдолдоо: Хариуцагч М.Энхчимэгээс 2014 оны 9 сарын 20-ны өдрийн №2021000931 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 48080079 төгрөг, үндсэн хүүнд 24247149 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4849429 төгрөг нийт 77116659 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл болгосон гэрээнээс өөр гэрээг буюу 2013 оны 11 сарын 14-ний өдрийн №2021000844 дугаар зээлийн гэрээнд “10 сарын хугацаанд сарын 0,67 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, хариуцагч Энхчимэгийн эрх зүйн байдлыг “Капитал банк” ХХК нь илт дордуулж, сарын 1.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээг 2014 оны 9 сарын 20-ны өдөр Энхчимэгтэй дахин байгуулсан нь №2021000931  тоот зээлийн гэрээгээр нотлогдож байх ба энэхүү гэрээг байгуулахад талуудын тэгш эрхийн болон гэрээний чөлөөт байдлын зарчим хангагдсан гэж үзэх боломжгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн Энхчимэгтэй дахин байгуулсан №2021000931 тоот зээлийн гэрээнд үндэслэн шаардаж байх боловч энэ гэрээний 3.9-т заасан “зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ хэрхэн яаж биелүүлсэн болохоо нэхэмжлэгч нотлож чадаагүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Зээл авсан, өгсөн баримт хэрэгт хангалттай цугларсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан болох өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хэргийн материалыг танилцуулж, хэргийг хянан хэлэлцсэн нь шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг нь зөрчиж, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсан байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч М.Энхчимэгээс үндсэн зээл 48 020 079,39 төгрөг, үндсэн хүү 24 247 149,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 849 429,88 төгрөг, бүгд 77 116 659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Энхчимэг барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах хүсэлтэй гэжээ.

“Капитал  банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн  № 2021000931 дугаартай зээлийн гэрээг үндэслэн  зээлийн төлбөр 77 116 659 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

Хариуцагч М.Энхчимэг нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр № 2021000844 дугаартай зээлийн гэрээг “Капитал банк” ХХК-тай  байгуулж орон сууц худалдан авах зориулалтаар 49 595 000 төгрөгийн зээлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувьтай 10 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9  дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болжээ.

Зээлийн гэрээний талууд хүсэл зоригийнхоо үндсэн дээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө  зээлийн гэрээгээ   сунгах байтал   “Капитал банк” ХХК нь  № 2021000844 дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч М.Энхчимэгтэй 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  № 2021000931 дугаартай зээлийн  гэрээ байгуулсныг өмнөх гэрээг сунгасан гэж үзэхгүй бөгөөд энэ үйл баримтанд  анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Ариунболд давж заалдах гомдолдоо М.Энхчимэг нь № 2021000931 дугаартай зээлийн гэрээгээр 48 020 079 төгрөгийг хариуцагч авсан, нэхэмжлэгч өгсөн талаар хэн ч маргаагүй тул зээлийг авсан өгсөн үйл баримт хангалттай нотлогдсон гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. 

Хуулийн агуулгаас үзэхэд зээлдүүлэгч “Капитал банк” ХХК  нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрг ийн биелэлтийг нөгөө талаас шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

          Анхан шатны шүүхээс “Капитал банк” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгсөд 2017 оны 6  дугаар сарын 13-ны өдөр,  М.Эрдэнэцэцэгт  2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалыг тус тус танилцуулсан,   итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  анхан шатны шүүх хуралдаан дээр эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй болно..

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 543534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 341 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 543534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА 

 

             ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

 

                        Я.АЛТАННАВЧ