Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142

 

Б.Даваадорж С.Анхзаяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар магадлалтай 201626022107 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Анхзаяа, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Поолуу овогт Батсүхийн Даваадорж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Цагаан ээж овогт Сайнхүүгийн Анхзаяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад зааснаар тус бүр 5 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Даваадорж, С.Анхзаяа нарын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх, Л.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Анхзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...намайг “өмгөөлөгчгүй байцаалт өгөх үү” гэж асуугаад мөрдөн байцаалтын шатанд болон хэргийн материалтай танилцуулахдаа өмгөөлөгч оролцуулалгүй эрхийг минь зөрчиж, хохироосон байна. Төлбөрийн чадваргүй бол улсын өмгөөлөгчөөр хангаж өгөх тухай үүргээ байцаагч биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн намайг “найзыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу” гэхлээр нь би “өшиглөсөн гээд биччих” гэж хэлж, хилс хэрэг хүлээсэн. Шүүх хуралдаанд прокурор “төлбөрийн чадваргүй бол улсын өмгөөлөгч ав гэж байцаалт бүрд хэлсэн, өмгөөлөгч аваагүй” гэж намайг гүтгэсэн. Байцаалтад прокурор оролцож байгаагүй. Хорих 461 дүгээр ангийн нийгмийн ажилтанд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бичгээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичиж өгсөн. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй учир шүүх хурал хэзээ болсныг мэдээгүй, хуралд  оролцох боломжоор хангаагүй явдалд гомдолтой байна. Иймд хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“Зүүн нүдний ухархайн дээд хананы духны хөндийн өмнөд болон дотор ханыг дайрсан шугаман гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж 1426 дугаар шинжээчийн дүгнэлтэд заажээ. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т “харин нүүр, духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй” гэж заасан байхад шүүх 1426 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны нотлох баримт гэж үзсэн нь эргэлзээтэй байна. Түүнчлэн хохирогч Ц.Ариунхишигийн биед учирсан гэмтэл болох духны хөндийн өмнөд ханыг дайрсан хугарлыг Б.Даваадорж учруулаагүй нь шинжээчийн дүгнэлт болон хэрэг болсон нөхцөл байдал, хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Тухайлбал бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээрт “духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд хэсэгт хүч үйлчилснээс үүснэ” гэж дүгнэсэн болон хохирогч 179 см өндөр, шүүгдэгч Б.Даваадорж 172 см өндөртэй байхад нүдний дээд хэсэгт мөргөх боломжгүй юм.

Мөн нэг цаг хугацаанд нэг обьектэд зэрэг халдсан гэж үзэж Б.Даваадоржийг бусадтай бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Хэргийн нөхцөл байдалд Б.Даваадорж бусдын биед гэмтэл учруулах санаа бодолгүй буюу Ц.Ариунхишиг, С.Анхзаяа нарыг маргалдаж байхад нь салгасан, Ц.Ариунхишигийг “яв” гэж явуулсан бөгөөд С.Анхзаяа Ц.Ариунхишигийг өшиглөснийг мэдээгүй байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зоригоор үйлдэл хийсэн байдаг бөгөөд С.Анхзаяа нь Ц.Ариунхишигийг нүүрэн тус газарт нь цохихыг Б.Даваадорж мэдээгүй, хүсээгүй бөгөөд С.Анхзаяа нь хохирогч Ц.Ариунхишигийг зодох гэж байхад нь болиулсан байдаг. Иймд Б.Даваадоржийг бүлэглэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Анхзаяагийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...С.Анхзаяаг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгч авч мэдүүлэг өгөх бололцоогоор хангаагүй, мөрдөн байцаагч, прокурор нар хөтөлж, тулгаж байцаах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах зэргээр байцаалтыг явуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн. Улсын өмгөөлөгч оролцуулж байцаалт явуулах талаар үүргээ биелүүлээгүй, боломжийг нь тайлбарлаж өгөөгүй. Мөрдөн байцаагч болон хяналтын прокурор нарыг техникийн алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх бодитой биш хийсвэр дүгнэлт хийснийг хүлээн авах үндэслэлгүй. Эрүүгийн 2016260221007 гэсэн дугаартай хэргийн 100 дугаар хуудас хүртэл танилцуулж ялласан, ял өөрчлөн сонсгоод нэмж хийсэн ажиллагаануудын талаар танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэрэгт өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

Эрүүгийн 2016260221007 дугаартай хавтаст хэрэг байгаа эсэхэд тооллого явуулж, үнэн эсэхийг тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнийг арилгуулах шаардлагатай байна. Мөн шүүгдэгч С.Анхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох талаар хорих байгууллагын удирдлагаар дамжуулан бичгээр гаргасан хүсэлтийг баталгаажуулан 1/321 албан бичиг явуулсан гэх боловч хариуцлагагүй этгээдийн буруугаас болж шүүх хүлээж аваагүй, түүний эрх ашиг зөрчигдсөн байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хулийг ноцтойгоор зөрчсөн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...С.Анхзаяа нь бичиг үсгийн чадвар сайтай бөгөөд түүнийг сэжигтнээр татаж, тайлбар, мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж байцаалт авсан байдаг. Энэ ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Б.Даваадорж, С.Анхзаяа нарын үйлдсэн хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь тохирсон бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч С.Анхзаяа, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нар бүлэглэн хохирогч Ц.Ариунхишигийг зодож, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нар нь Ц.Ариунхишигтэй танил, найз бөгөөд хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн шинж бүхий шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар Б.Даваадорж, С.Анхзаяа нар нь Ц.Ариунхишигийг зодож зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийг гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүх Б.Даваадорж, С.Анхзаяа нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Даваадорж, С.Анхзаяа нарын дээрх үйлдэлд хэрэг үүсгэсэн эрүүгийн хэргийн бүртгэлийн дугаар нь 201626022107 байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хэргийн дугаарыг 2016260221007 гэж “0”-ын тоо илүү бичсэн нь техникийн шинжтэй буюу бичвэрийн алдаа гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Анхзаяа, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх нарын “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Анхзаяа, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Даваадоржийн өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН