Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0219

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.*******-*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******-Эрдэнэ, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 онд рестораны зөвшөөрлөө сунгуулахаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст очиход рестораны гадуур хашаа барьсны дараа сунгана гэсэн. Үүний дагуу хашаагаа бариад дахин очтол энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард хүрээд ир, зөвшөөрлийг чинь ямар ч асуудалгүй сунгаад өгнө, тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн. Энэ хугацаанд хууль тогтоомжид заасан ямар ч зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагааг явуулж байсан болно.

Ингээд 2014 оны 4 дүгээр сард зөвшөөрлөө сунгуулахаар очтол танайх зөвшөөрлөө хугацаанд нь сунгуулаагүй тул газар дээр нь үзэж, танилцаж байж зөвшөөрөл олгоно гэсэн. Дээрх болсон явдлыг тайлбарлан хэлж, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд 2013 онд манай ресторантай танилцаад өгсөн бичгийг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн Б.*******аа даргад өгсөн. Үүнээс хойш намайг тус хэлтэст очиж, зөвшөөрлөө сунгуулах талаар уулзах бүрд очиж, үзэж танилцаж байж зөвшөөрөл олгоно гээд буцаадаг бөгөөд хэд хэдэн удаа ирж танилцсан боловч, ирэх бүрдээ өөр өөр шаардлага тавьж байв.

Тухайлбал тогооч бармен гадаад хэлтэй байх, амралтын цагаараа хэвтэж амардаг ортой байх, ажилчдын хувцасны өлгүүртэй байх, хаягаа товгор үсэгтэй болгох, гутлын цахилгаан тоос арчигчтай байх гэх мэт.

Манай компани дээрх шаардлагуудыг болон бусад рестораны үйл ажиллагаа явуулахад тавигддаг шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал зэрэглэлийн МNS 4946:2005 стандартын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.*******аа болон мэргэжилтэн Ч.Октябр нартай очиж уулзахад амаараа янз бүрийн зүйл шаарддаг. Хэд хоногийн дараа манайхаас юу шаардсаныг тодруулахаар эргүүлээд асуухад түүнийгээ санадаггүй, мэддэггүй. Хугацаатай албан шаардлага, албан бичиг зэргээр манайхтай огт харилцдаггүй байсан.

Б.*******аа даргад хэлж, асуудлыг шуурхай шийдэж өгөхийг хүстэл асуудал бүр эсрэгээрээ эргэж, манайхыг зүгээр цайны газраар ажилла, спиртийн сул найрлагатай ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл өгөхгүй гэж дарамтлах болсон.

2014 оны эцэс болж, Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавих шаардлага улам хатуурч, ресторандаа их засвар хий гэх болсон. Зөвхөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх эсэхээс хамааран манай компани дампуурахад тулж, их хэмжээгээр хохирч байгаагаа хэлээд хуулийн байгууллагад хандахаа хэлэхэд манай рестораны архиар үйлчлэх зөвшөөрлийг хасаж, зөвхөн пиво, вино зарах эрхтэй кафегаар ажилла гэсэн.

Манай компанийг анх хүсэлтээ гаргаж байх үед хууль, журамд заасан хугацаанд нь цайны газраас бусад хэлбэрээр буюу баар, кафе, рестораны аль ч хэлбэрээр зөвшөөрөл өгсөн бол манайх хүлээн зөвшөөрөх байсан боловч ингээд жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хачин гэрээг өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс утсаар ярьж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг манайд мэдэгдсэн. Тус компани нь 2011 онд 41 сая, 2012 онд 63,3 сая, 2013 онд 65,7 сая, 2014 оны 1 дүгээр улиралд 9,5 сая, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5,1 сая, 2015 оны 1 дүгээр улиралд 0 төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам-ын 4.3-т зааснаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан талаар эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд дүгнэлт гаргуулж, дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлтэй үйл ажиллагааны гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлсний дараа худалдаа,үйлчилгээ эрхэлж, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно, 16.2.5-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шалгаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэн, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг болон дээрх тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгодог.

Тус компанийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийн дагуу Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 2.2 дахь заалтад Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс хүсэлт хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор энэхүү журмын дагуу ажлын хэсгээр шалгуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн материалыг бүрдүүлж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах ахлагч П.Ганбаяр нар *******ба зоогийн газарт Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын шаардлагыг хангасан эсэхэд аттестатчиллын шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар стандартын доорх заалтуудыг зөрчсөн байсан тул үүрэг даалгаврыг өгсөн.

Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл MNS 4946:2005 стандартын дагуу нийт 93 үзүүлэлтээр 93 оноо авахаас 51 үзүүлэлтийг хангаж 51 оноо буюу 54,8%-тай хангалтгүй оноогоор дүгнэгдэж Нэгдүгээр зэрэглэлийн ресторан-ны шаардлагыг хангаагүй бөгөөд авсан үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан.

Аттестатчиллын шалгалтаар стандартад заагдсан шаардлагуудын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дахин ажлын байраа үзүүлээгүй, мөн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй.

Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартыг хангасан гэсний дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.*******аа, Нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь нар дахин ажлын байрыг үзэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг зөрчсөн байсан.

Тус компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгааг харгалзан үзэж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд уламжилж өгөх хүсэлт тавьсны дагуу дэмжлэг үзүүлэн Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох саналыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/153 албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд уламжилсны дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар 04/0069 дугаартай спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл гарсан боловч хугацаандаа авалгүй 3 сарын хугацаа өнгөрсөн.

Иймд нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга сунгаагүй гэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс Аттестатчиллын дүн мэдээ хүргүүлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/153 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг ******* ******* ХХК-д Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг кафены төрлөөр шинээр олгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн.

Дүүргийн саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар ******* ******* ХХК-д шинээр кафе ажиллуулах тусгай зөвшөөрлийг олгосон.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн г батлах тухай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/190 дүгээр тушаалын дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан зарцуулж ирсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн олголт, үнэт цаасны ашиглалтад хяналт тавих дотоод журмын 4 дүгээр хэсгийн 4.3-т заасан Бичигдсэн тусгай зөвшөөрлийг хариуцсан мэргэжилтнүүд Хотын ерөнхий менежерийн тушаал гарсан өдрөөс эхлэн 1 сарын дотор аж ахуйн нэгжүүдэд тарааж дуусган улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор нягтлан бодогчтой тооцоо хийж тайлагнана гэж заасны дагуу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөө авахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч ******* ******* ХХК-ийн захирал С.*******-******* тусгай зөвшөөрлийг авахгүй гэж мэдэгдсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын 3 дугаар хэсгийн 3.6-д заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/76 дугаар тушаалаар ******* ******* ХХК-д олгосон 04/0069 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудалд тус албаны буруутай үйл ажиллагаа байхгүй тул хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсье” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шалгаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэн, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй болон үйл ажиллагаа явуулах үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг болон дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3. "Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.", 12.1. “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ."-д заасныг баримталсан. Өргөдөл хэзээ өгсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбогдохгүй асуудалд дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, "Мөн хариуцагч дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан засвартай 0002178 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээг олгосон байх бөгөөд засвартай гэрээг нотариат батлахгүй байсан учраас мэргэжлийн хяналтын дүгнэлт зэрэг үйл ажиллагаа явуулахад шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй тул ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна" гэжээ. Ийнхүү дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй зүйлд дүгнэлт хийжээ. Учир нь нэхэмжлэлийн шаардлага рестораны согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шалгаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэн, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүйг тогтоох гэж гарсан. Нэхэмжлэгчийн тайлбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон гэж дурдсан байхад шүүх зөвшөөрөл олгоогүй гэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй атлаа нэхэмжлэгчийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ талаар шалгаагүй, захиргааны хэргийн шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, олгосон зөвшөөрлөөс болж үйл ажиллагаа явуулж чадаагүй гэдэг нь нотлогдохгүй байхад шууд дүгнэлт хийсэн байна.

Үндэслэх хэсэгт "Учир нь нэхэмжлэгч тал 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тусгай зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг бүрдүүлэх материалын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус дүүргийн санхүүгийн хэлтсээс төлбөрийн шүүлт хийхэд ******* ******* ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрчилгээний үнэ 5000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрчилгээний үнэ 10000 төгрөг төлсөн болох нь захирал Ц.*******-******* хүсэлтэд хавсаргаж өгсөн баримтуудаа 2014 оны 3, 4 дүгээр сард бүрдүүлж байсан нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай авсан байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан байдаг. Нэхэмжлэгч 2013 оны 4 сард тусгай зөвшөөрлийг сунгуулахаар худалдаа үйлчилгээний хэлтэст очиход 2014 оны 04 сард ир гэсэн гэж тайлбарладаг. Гэрч М.Сувдаагийн "2013 онд хүсэлтээ бичгээр өгсөн зүйл байхгүй, 2014 оны 04 сард ир гэж хэлээгүй" гэсэн мэдүүлэг байдаг. Гэрчийн мэдүүлэг, 2013, 2015 онд гэрчилгээний үнэ төлсөн баримт байгаад 2014 онд төлсөн баримт байхгүй байхад 2014 онд өргөдөл гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүх хуралд нотлох баримтын шаардлага хангахгүй 2014 оны 04 сард гаргасан өргөдөл гэж цаас харуулж байсан ба тэр нь нотариатаар баталгаажуулаагүй, хэзээ ч бичиж болох боломжтой өргөдөл байсан. Нэхэмжлэгч штрихтэй үйл ажиллагаа эрхлэх боломжгүй зөвшөөрөл олгосон гэж гомдсон бол энэ тухайгаа худалдаа үйлчилгээний хэлтэст хандан солиулах боломж байсан. 2014 оны 04 дүгээр сард ******* ******* ХХК-иас бичгээр өргөдөл хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийг өргөдөл гаргасан гэж үзэж, өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2013 онд хугацаа нь дууссан тусгай зөвшөөрөлд 2014 онд гаргасан сунгуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж хүчингүй болсон байхад түүнийг Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эсвэл нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын тусгай зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байх тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон “спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрөлтэйгөөр рестораны үйл ажиллагаа явуулж байгаад тусгай зөвшөөрлийн 2 жилийн хугацаа дуусахад хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасныг хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд шалгаж тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-д “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг баримтална.”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.”, 6.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... сунгуулах өргөдөл хэзээ өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байхад нотлох баримтыг буруу үнэлсэн ...” гэжээ.

Хариуцагчийн баримталсан гэх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д тусгай зөвшөөрлийг анх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих талаар зохицуулсан байх бөгөөд харин тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгуулах, сунгуулах хүсэлтэд ямар баримт бичгийг хавсаргах, хүсэлтийг хүлээн авсан Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс ямар хугацаанд хэрхэн шалгаж эрх бүхий этгээдэд болон хүсэлт гаргагчид хэзээ мэдэгдэх талаар зохицуулаагүйгээс гадна хариуцагч нь уг хүсэлтийг 2013, 2014 онуудад огт бүртгэдэггүй байсан байх тул нэхэмжлэгчийг зохих журмын дагуу хүсэлтээ гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчаас тайлбартаа Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 2.1-д зааснаар гаргасан хүсэлтийг хүлээн авч тус журмын 2.2-т зааснаар шийдвэрлэдэг гэжээ.

Журмын 2.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмаар баталсан шаардлагыг хангаж, хүсэлтээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст албан бичгээр болон онлайн үйлчилгээгээр дараах баримт бичгийн хамт ирүүлнэ.”, бүрдүүлэх баримт бичигт “тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт, улсын стандартын шаардлагыг хангаж дүгнүүлсэн стандартын хуудас, бусад тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан зөвшөөрөл” гэж заасан нь тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримтууд байх ба ажлын байр, үйл ажиллагааны чиглэл зэргийг өөрчлөөгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд сунгуулах хүсэлт гаргахад дахин дээрх баримтуудыг бүгдийг бүрдүүлэх ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 

Хэрэгт авагдсан гэрч М.Сувдаагийн “... С.*******-******* хандсан... Тухайн үед 2013 оны 4 дүгээр сард атестатчилал явагдаж байсан... Гаднаа хогийн сав байрлуулаад хог тээвэрлэлтийн гэрээ хийгээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1], нэхэмжлэгчээс 2013 оны 06 дугаар сарын 20-нд гэрчилгээний үнэ төрийн сангийн дансанд тушаасан төлбөрийн баримт, мөн нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн өргөдөлд урьд нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хандаж байсан, санхүүгийн хүнд нөхцөлд орсон зэргээ дурдаж тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүсэхэд нь Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс Улаанбаатар хотын менежерт уламжилж 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа /шар айраг, дарс/-аар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг олгуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар удаа дараа хандаж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч нь “спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа /шар айраг, дарс/-аар үйлчлэх” тусгай зөвшөөрөл авахыг хүсэж өргөдөл гаргасан гэж үзэхээргүй байх тул хариуцагч нарын дээрх үйлдлийг нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Мөн хариуцагчаас стандартын шаардлага хангаагүй байсан гэж тайлбарлах боловч 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гэхээс өөр энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Стандартын шаардлага хангаагүй гэж тухайн үедээ үзсэн бол энэ талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэх, шаардлага хангасан бол хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах талаарх саналаа Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст хүргүүлэх байжээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан өргөдөл хүсэлтийг тодорхой бус шалтгаанаар хуулийн хугацаанд хянан шалгаж, үндэслэл бүхий хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг даалгасан нь үндэслэлтэй. Харин Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх хууль тогтоомжоор олгоогүй байхад шүүх тусгай зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, олгохыг даалгасан нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн “... спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай “******* *******” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль, журамд заасан хугацаанд шалгаж Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хэргийн 89 дэх тал