Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

     2017 оны 07 сарын 25 өдөр                 Дугаар 129/ШШ2017/00393             Эрдэнэбулган сум

 

     Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод орших Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 07-12 тоотод оршин суух Монгол овгийн Чулуунбаатарын Батчимэгт /РД:АЭ74052766/ холбогдох 65.870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ч.Батчимэг нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид хөдөлгөөнт интернетийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98230620 интернет дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2012 оны 3, 4 дүгээр саруудын интернетийн төлбөр болох 43.913 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч Ч.Батчимэгээс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул интернетийн төлбөр 43.913 төгрөг, гэрээний 5.14-т заасны дагуу 1724 хоногийн алданги 21.957 төгрөг, нийт 65.870 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК нь хариуцагч Ч.Батчимэгээс 65.870 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 65.870 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг, нийт 68.145 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Ч.Батчимэгт холбогдуулж 2012 оны 3, 4 дүгээр саруудын интернетийн төлбөр 43.913 төгрөг, алданги 21.957 төгрөг, нийт 65.870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Амаржаргал нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Батчимэг нь нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д улсын тэмдэгтийн хураамж болох 2.275 төгрөг төлсөн байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 2.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох шаардлагагүйг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ий нэхэмжлэлтэй, Ч.Батчимэгт холбогдох 65.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгож, хариуцагч Ч.Батчимэг нь 2.275 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг дурдсугай.

 3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.БАЙГАЛМАА