Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0141

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг 6-8 тоотод оршин суух иргэн Боржигон овогт Нацагдоржийн Нямжавын /РД:МФ70062806/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг 6-8 тоотод оршин суух иргэн  Монгол овогт Бадамхандын Мандахгэрэлд /РД:МЙ70040211/ холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нямжав, хариуцагч Б.Мандахгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарантуяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Мандахгэрэлтэй 2006 онд гэр бүл болж батлуулсан. Энэ хугацаанд 2000 оны 10 дугаар сарын 26-нд охин Солонго төрсөн. Одоо ЕББДС-ийн 12-р анги төгсөж байна. Нөхөр болох Б.Мандахгэрэл нь архи уудаг байсан сүүлийн 5 жилд зан ааш нь маш ихээр эвдэрч охин бид 2-г гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж сэтгэл санааны хүнд байдалд байлгах болсон. Түүний энэ байдал нь засрахгүй улам даамжирч хэцүү байдалтай байх болсоны улмаас би хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад хандан арга хэмжээ авхуулж байсан юм. 2017 оны 04 сарын сүүлчээр нэг удаа орой орж ирээд агсан согтуу тавьж, дараа нь дүү рүүгээ намайг ирээд ав гэж утасдаад дүү нь ирээд бичиг, баримт, хувцас юмыг нь аваад ахыгаа дагуулж явсан. үүнээс хойш одоо тусдаа амьдарч байгаа. Б.Мандахгэрэл нь архи уухаараа маш догшин агсан зантай бөгөөд сүүлийн үед ганц охиноо хүртэл айлгаж байсан. Одоо Амгаланбаатар боон Мандахгэрэл нар нь өдөр болгон утасаар дарамтлаж мессеж бичиж тайван амгалан байх боломжийг алдагдуулж байна. Түүгэр зогсохгүй дүү Амгаланбаатар нь ажлын байранд ирж дарамт шахалт үзүүлж хүний нэр хүндэд халдсан, цаашид ийм байдлаар амьдрах ямар ч нөхцөлгүй болоод байна. 1995 онд Б.Мандахгэрэлтэй суухаас өмнө 15-р байрны 13-н тоотод 1 өрөө байранд амьдарч байсан. Энэ байрыг надад миний аав ээж худалдаж авч өгсөн. 1999 онд миний аав, ээж хоёр надад мөнгө төгрөгийн туслалцаа дэмжлэг өгч 1 өрөө байрыг минь 2 өрөө байр болгон томруулж өгсөн. Миний нэр дээр гэрчилгээтэй байр байдаг. Надад мөн аав ээжээс зүсэлж өгсөн 39-н тооны бог бод нийлсэн мал байдаг. Үүнийг эцэг эх хоёр малладаг энэ малыг маллаж өгөхөөр Мандахгэрэлийг ойролцоо бага зэрэг байсан. Гэтэл Мандахгэрэл болон түүний дүү Амгаланбаатар нар нь 2 өрөө байрыг нэг 1 өрөө болгож нэг байрыг авна гэж надад хууль бус шаардлага тавьж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мандахгэрэл нь 2016 оны 6 сард өмнө авч байсан цалингийн зээл дээр нэмж зээл авч дүү нартай өгсөн байсан. Энэ зээлэнд би хамтран зээлдэгчээр ороогүй хэдийч зээлийг нь би 2016 оны 06 сараас эхлэн 2017 оны 04 сар хүртэл сар бүр төлж байсан. Би хаан банк, хас банк, худалдаа хөгжлийн банкнаас хадгаламжийн зээл авсан үүнийгээ өөрөө төлж байгаа учир түүний өөрийн нь авсан зээлийг төлөх боломжгүй багаа болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 16 нас 6 сартай охин Солонгыг 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Н.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Мандахгэрэлтэй үл ойлголцол гараад шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 28-нд болох шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж Б.Мандахгэрэлтэй эвлэрэх саналтай байна. Б.Мандахгэрэл нь өөрийн буруугаа ойлгож надаас удаа дараа уучлалт гуйж байсан болно гэжээ.

Хариуцагч Б.Мандахгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мандахгэрэл нь эхнэр Н.Нямжавтай үл ойлголцол гарсан нь үнэн. Энэ өдрөөс хойш хэрүүл маргаан хэл ам хийхийг зогсоож сайхан амьдарна. Би хоёр эвлэрэх саналтай байна гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн  Н.Нямжав  нь гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг  шүүхэд  гаргасан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгсэд  эвлэрсэн байна. Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул  зохигч талуудыг эвлэрсэн гэж үзэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  зохигчдын эвлэрлийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Нямжавын  нэхэмжлэлтэй Б.Мандахгэрэлд холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Нямжавын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА