Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 15

 

2017 оны  7  сарын 27  өдөр Дугаар 226/МА2017/00015                                                        Хэрлэн сум 

Г.Ёндонгийн нэхэмжлэлтэй, “Монголросцветмет” ХХК-ийн харъяа

 “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох 

иргэний хэргийн талаар

226/2017/00015/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,  

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг, 

   Нэхэмжлэгч: Г.Ёндон, 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Баасан,

   Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Түвшинбат 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган нарыг  оролцуулан,

   Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00093 дугаар шийдвэртэй, Г.Ёндонгийн нэхэмжлэлтэй Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 49949965 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, дэвтэрч бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлоор 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Ёндон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 8 сарын 25-ны өдөр тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир 880к тушаал гарган намайг Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр ажиллуулах шийдвэр гаргасан. Уг тушаалаар миний ажлын байрны нөхцөл, цалин зэргийг дордуулсан. Үндсэн цалин 440000 төгрөгөөр, ур чадварын нэмэлт цалин 775 ам.доллараар буураад байна. “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны 23к тушаалын заалтаар тус үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн осолд намайг буруутгах байдал ажиглагддаг. Намайг Монголросцветмет ХХК-ийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж уг захирлын тушаалаар ажилд авсан байхад намайг анх ажилд авах тушаал гаргаагүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир тушаал гаргаж одоо хүчин төгөлдөр үйлчилж буй миний хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль зөрчиж байна. Надтай зөвшилцөхгүйгээр ахлах инженерийн ажилд тохоон томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн. Тушаал гарснаас хойш миний бие хөдөлмөрийн нөхцлийг хэтэрхий дордуулсаныг  2016.08.19, 2016.08.29-ний өдрүүдэд бичгээр мэдэгдсэн боловч надтай уулзах, зөвшилцөхийн оронд цехийн даргын ажлаас халж, хяналтын ахлах инженерээр томилсон. Миний хувьд удирдлагаа хүндэтгэх, хувийн амьдралаа зохицуулахын тулд хууль бусаар шилжүүлсэн ажилд очиж ажиллаж байна. Энэ нь миний болон байгууллагын аль алинд нь хохиролтой зүйл болно. 880к тоот тушаалд миний ажлыг өгч авалцах асуудлыг орхигдуулсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас намайг яаравчлан зайлуулах бодлого явагдсан байна. Иймд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, “Бор-Өндөр”-ийн УБҮ-ийн Баргилт цехийн даргаар эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 25-наас хойш шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалингийн зөрүүг  хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ёндон нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 880к тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр ажлаас халсан. 880к тушаал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Монголросцветмет ХХК-ний Ерөнхий захирлын 23к тушаал зэргээс гадуурх, ажлаас халах үндэслэлээс хамааралгүй хэм хэмжээг үндэслэсэн. Монголросцветмет ХХК-ний Ерөнхий захирлын 5 сарын 26-ны өдрийн 23к тушаалаар 5 сарын 19-ний өдөр гарсан үйлдвэрийн ослоор буруутгадаг. Уг ослын мөрөөр гарсан хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Цэцэгдэлгэрийн баталгаажуулсан албан ёсны акт байгаа. Би осол гарсан өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн конторт үйлдвэрийн захирал Ичинноров, компаний үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Югав бид нар Хятадын компанитай хэлэлцээр хийж сууж байхад осол гарсан. Тэгтэл намайг ослын гол буруутан болгосон. Танай цехэд гарсан чи буруутай гэсэн. Миний буруугийн хэм хэмжээг тогтоосон акт шийдвэр байхгүй байхад цөөхөн хэдэн хүний үзэмжээр хандаад хөдөлмөрийн гол нөхцлийг бууруулаад өөр ажилд шилжүүлсэн.  ...Ерөнхий захирал Бор-Өндөр үйлдвэрийн захиралд 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд зөвхөн нэг хоногийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ цуцлах болон сунгах итгэмжлэл өгсөн. Тэгэхэд 2 сарын дараа эрхийг олгосон захирал Ичинноров биш түүний үүргийг түр хавсаран гүйцэтгэж байсан Ган-Очир 880к тушаалыг гаргасан. Надтай зөвшилцөхгүй ахлах инженерийн ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил хийхийг шаардаж болохгүй гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаалыг л хүчингүй болгочихвол хуучин ажилдаа буцаж орж болдог юм байна гэж буруу бодсон байна. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хүчингүй болгуулж, хуучин ажилдаа эгүүлэн  томилуулан, цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны мөнгөө нэмж олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэх  хүсэлтэй байна гэв.

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ий харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баргилт цехэд 5 сарын 19-ны өдөр осол гарсан. Тэр өдөр Ёндон бид хоёр нэг өрөөнд сууж байсан нь үнэн. Ослын акт бол осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тогтоодог. Инженер техникийн мастер Эрдэнэчулуун өөрийн буруугаар осолд орсон, ажил үүргийн зааврыг биелүүлээгүй. Тэрнээс Ичинноров, Ёндон нарын буруутай үйлдлийн талаар байхгүй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зөрчлийг цехийн дарга хариуцна. Тэр хүн зөвөлгөөн дээр байна уу, гэртээ байна уу, гадаадад томилолтой байна уу, ажил дээрээ байна уу хамаагүй. Тэрний төлөө цалин авч байгаа. Тэгээд техникийн зөвлөлийн хурлаар Баргилтын цехийн дарга Ёндон, цахилгаан хариуцсан инженжер Намжилням нарын ажлыг өөрчилсөн. Манайх Оростой хамтарсан үйлдвэр. ... 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цалингийн зөрүү өгч боломжтой. Инженерийн ажил дээр акттай байсан. Тэр акт байгаа бол санхүүгийн талаасаа ярьж байгаад баримтыг нь бүрдүүлээд нийгмийн даатгалаас өвчтэй байсан хүнийхээ мөнгийг авч болно. Ёндонг цомхотголд орох хүртэл цалингийн зөрүүг уламжилж хэлье. Түүнээс огт ажлаагүй учраас надад мэдэл хүрэхгүй. Би компаний захирал биш цехийн дарга хүн...” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00093 дугаартай шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хариад овогт Гэлэнгийн Ёндонг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 49.949.965 төгрөгийг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулан нэхэмжлэгч Г.Ёндонд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Ёндонгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрээс   49.044.564 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407.700 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн өмгөөлөгч Р.Түвшинбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Ёндонг хөдөлмөрийн тухай хуулийн 32-34-р зүйлд заасан өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан зүйл маргаанд огт яригдаагүй. Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн контракт гэрээний хугацаа дууссан, дахин сунгахгүй болсон учраас ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Түүний олон жил үйлдвэрт ажилласан туршлагатай зэргийг нь харгалзан харилцан тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлсэн. Мөн шүүхээс хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах талаар санал тавиагүй бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хугацаатай гэрээ дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавьсан байгаа тохиолдолд ажилтан үүргээ гүйцэтгэсээр байгаа нь тухайн гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй. Компанийн зүгээс нэг сарын өмнө гэрээг цуцлах тухай саналаа Ёндонд мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөлгүйгээр ээлжийн амралтаа авсан. Ингээд түүнийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тушаалд  заагаагүй гэж маргадаг. Гэтэл энэ нь зөвхөн ажилтан юм уу, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой зохицуулалт юм. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ “Г.Ёндонг үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 880к тушаал, зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 Нэхэмжлэгч Г.Ёндонг “Баргилт” цехийн даргаар 2015 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс ажиллаж байхад Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаал гарч үүрэгт ажлаас нь  чөлөөлж, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ “Монголросцветмет” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ерөнхий захирлын дэргэдэх техникийн зөвлөлийн 34 дүгээр хурлын тэмдэглэлийн 2 дахь хэсэг, ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 23к тушаалын 3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 2,8 дахь заалтын “а”,”в”,хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,10,12 дахь заалт, Г.Ёндонгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хувийн зөвшөөрлийг үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч нь Г.Ёндонтой 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан байна.

 

Ажил олгогчоос Г.Ёндонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй талаар гэрээний хугацааг дуусахаас өмнө мэдэгдсэн боловч гэрээг цуцалсан талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан зэрэг нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна. Энэ нь “ ..Баргилт цехийн даргын албан тушаалаас чөлөөлж, ...2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хүчингүйд тооцож” гэсэн ажил олгогчийн 2016 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалаар нотлогдож байна.

 

Г.Ёндонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхад хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрыг өөрчлөхдөө ажилтантай тохиролцолгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг дордуулж өөр ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Г.Ёндон нь ажил олгогчоос 2016 оны 8 дугаар сарын 15-нд ирүүлсэн ажлын саналыг мөн өдөр цахилгаан шуудангаар хүлээн авч хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй талаарх хүсэлтээ  2016 оны 8 дугаар сарын 19-нд ерөнхий захирал Д.Ганболдод хүргүүлсэн байна. /хх-5х/

Ажил олгогчийн 880к тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Г.Ёндонг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан анхан шатны шүүх эрх зүйн талаас үндэслэлтэй дүгнэлт хийж Г.Ёндонг  “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн Баргилт цехийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, суутгалуудыг тооцохыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭНСМАА 

 

             ШҮҮГЧИД                                             З.ЭНХЦЭЦЭГ

 

                      Я.АЛТАННАВЧ