Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 659

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Д.О,

          Хариуцагч: НЗД, БЗДЗД

          Гуравдагч этгээд: Д.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗДын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Д.Оын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, цэргийн хотхон 191а тоот хаягтай 539 м.кв талбайтай нэгж талбарын 18645313809081 дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрилгээ олгохыг БЗДЗДд даалгуулах, НЗД-ын 2016 оны 06 дугаар  сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд тухайн газрыг “Т” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан юм. Газрыг барьцаанд байх хооронд би газрын мөнгийг төлөөд сунгуулах гэхэд банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэсэн бичиг авч ир гээд  сунгаж өгөхгүй байсан юм. Би 3 өдөр газрын албан дээр очсон. Намайг очсон эхний өдөр манай кадастрын зураг байсан. 3 дахь өдрөө бичгээ аваад яваад очиход Д.Г, Д.Ггэх 2 хүн “ энд хүн амьдардаггүй юм. Энэ манай газар” гэсэн хүсэлт өгөөд миний газрыг хүчингүй болгуулаад авчихсан байсан. Манай дээд талд 200А Д.Га, 200Б Д.А гэдэг хүний газар байсан. Д.Га, Д.А нар нь хашаагаа кадастрын зураг дээр заасан газрын хэмжээнээс илүү гаргаж барьсан байсан. Би газрын албанаас хүн авч ирээд бодит байдлыг харуулахад энэ айлуудын хашааг дээш нь татуулаад хашаа барих боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Гатай уулзах гэхэд надтай уулзахгүй байхаар нь түүний хүү н.Мтай уулзсан, Д.Атай утсаар ярьсан. Би н.Мөнхбаяртай уулзаад газраа чөлөөлөөд өг гэж хэлэхэд та Д.А багшид хэлээд газрыг нь татуулчих тэгвэл би татна гэсэн... Би Д.Гад зөндөө олон тайлбарлаж хэлсэн, холбогдох хүмүүсээр  нь шаардлага хүртэл хүргүүлж байхад миний газрыг хууль бусаар авчихаад байгаад гомдолтой байгаа юм...” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-ын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар иргэн Д.Га, Д.Гнарт газар өмчлүүлсэн байдаг. НЗД-ын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар Д.Га нь хамтын өмчлөгчөөс хасагдаж Д.Гнь тухайн газрыг өмчлөх эрхтэй болсон байдаг. БЗДЗДын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар захирамжаар иргэн н.Түвшинбаярт тухайн газрыг эзэмшүүлсэн байдаг. 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу уг газрыг Д.Од шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг. Уг газрыг н.Түвшинбаярт болон Д.Од эзэмшүүлснээс хойш Д.Гэрэлсүрэнгийн болон өөр бусад газруудтай давхцаагүй байсан гэдэг нь дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн захирамжууд болон кадастрын зургуудаар нотлогдсон байдаг. Баянзүрх дүүргийн 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн А/96 дугаар захирамжаар Д.Оыг тухайн газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн үндэслэлээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцалсан байдаг. Д.Оын хувьд газар эзэмших эрхээ эдлэх гээд 2018 оноос хойш дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хандаж “миний газрыг бүхэлд нь хашсан байна” гэж хэлж Д.Га, Д.Гнарт тухайн газрыг чөлөөл гэсэн утга бүхий шаардах хуудсыг эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулж, тэдэнд хүргүүлж байсан. Газрын алба болон дүүргийн Засаг даргын хувьд Д.Оыг тухайн газрыг ашиглах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан атлаа түүнийг газар эзэмших эрхээ 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Д.Оын газар эзэмших эрхийг БЗДЗДын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар хүчингүй болгомогц Д.Гнь “миний газрыг хуучин байсан хэмжээнд нь болгож өгнө үү” гэсэн хууль бус хүсэлт гаргаж үүнийг нь дүүргийн Газрын алба болон НЗД нар  тухайн газрын бодит байдлыг болон Д.Оын гаргасан хүсэлтүүдийг  харгалзан үзэхгүйгээр газрын хэмжээг өөрчилсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардалагаа дэмжиж байна...” гэв.

Гурав. хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар захирамжаар дүүргийн 4 дүгээр хороо, Ц ... тоот 539 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар амины хашааны зориулалтаар иргэн Д.Т эзэмшүүлсэн байх бөгөөд Д.Т, Д.О нар нь 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжаар тус газрыг Д.Од 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Д.Од эзэмшүүлсэн 539 м.кв газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан газар ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Тус газрыг НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар иргэн Д.Г өмчилсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 Дөрөв. хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг БЗДЗДын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  37 дугаартай захирамжаар н.Тт эзэмших эрх үүсч, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 456 дугаар захирамжаар Д.Од газар эзэмших эрх шилжиж, дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Д.О нь тухайн газрыг 2 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хэлж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Иргэн Д.Гад БЗДЗДын 2004 оны 70 дугаар захирамжаар тухайн 200А тоот амины орон сууцны газрыг эзэмших эрх олгож, улмаар НЗД-ын 2005 оны 20 дугаар захирамжаар газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан бичиг баримтыг үндэслэн НЗД-ын захирамжаар газар өмчлүүлсэн. НЗД-ын 2013 оны А/414 дугаартай захирамжаар хамтран өмчлөгч Д.Га нь өөрийн хүсэлтээр газар эзэмшигчээс хасагдаж, Д.Г дангаар эзэмших болсон. НЗД-ын 2016 оны А/478 дугаар захирамжаар кадастрын зураг зөрүүтэй байсан тул нэгтгэн өмчлүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Тав. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Газрын албаны хүмүүсийн хэмжиж өгсөн газар дээр байгаа. Би үнэхээр миний буруугаас болоод Д.О нь газаргүй болчихсон байвал уучлалт гуйгаад буцааж өгмөөр байна. Гэхдээ би хүний газрыг булааж аваагүй, кадастрын хэлтсийн хүмүүсийн хэмжиж өгсөн хэмжээгээрээ л байгаа юм. Мөн надад н.М гэдэг хүүхэд огт байхгүй. Д.О нь надаас хашаагаа цааш нь тат гэж гуйсан нь үнэн. Гэхдээ би өөрийн хашааг цааш нь татаж өөр хүний хашаа руу шахаж орох ямар ч эрх байхгүй. Би тухайн газарт их олон жил амьдарч, их олон жил айл хөрш явсан. Манай хэсгийн ахлагч хүртэл надад хандаж “хэрэв таны газар маргаантай байгаа бол би очиж гэрчилж өгье” гэж хэлсэн гэв.

Зургаа. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарын өгсөн тайлбар болон хавтаст хэргийн материалтай танилцаж байх явцад Д.О нь бодитойгоор газрыг эзэмшиж байгаагүй, н.Т гэх хүнээс дамжуулан авч, түүнийгээ барьцаалан зээл авсан нөхцөл байдал анзаарагдаж байна. Д.Га нь тухайн газарт 2004 оноос хойш амьдарч байсан байна. Газрын албаны кадастрын зургийг буруу үйлдсэнээс шалтгаалан зөрүү гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаарх асуудлыг газрын алба зөвтгөсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь тухайн газрыг бодитойгоор эзэмшиж байсан гэдэг тогтоогдохгүй байхад бусдын эрх ашгийг зөрчиж, олон жилийн турш амьдарч байгаа газрыг булаацалдаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “БЗДЗДын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Д.Оын БЗД .... тоот хаягтай 539 м.кв талбайтай нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг БЗДЗДд даалгуулах” гэж тодорхойлж байгаад, “НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

  Анх маргаан бүхий газрыг БЗДЗДын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар захирамжаар тус дүүргийн ... тоот 539м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар  амины хашааны зориулалтаар иргэн Д.Тт эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Т, Д.О нар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан хүсэлт гаргаж, түүнийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар захирамжаар тус газрыг нэхэмжлэгч Д.Од 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0374--- дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нэгж талбарын 1864531380---- дугаарт бүртгэн газрын байршлын кадастрын зургийг бүртгэжээ.

БЗДЗДын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжаар Д.Од ... тоот амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нэгж талбарын 1864531380---- дугаартай 539 м.кв газрыг “2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс “...миний эзэмшлийн ... тоот газарт тус ... хашааны эзэмшигч Д.Га хашаа хатгасан тул эзэмшил газраа бодитоор ашиглах боломж өнөөдрийг хүртэл байхгүй байна. Энэ тухай гомдлоо 2014 оноос БЗДГА-нд гаргаж байсан бөгөөд иргэн миний  газар эзэмших эрх зөрчигдсөн болохыг тогтоож байсан боловч  уг шийдвэрийнхээ биелэлтийг хангуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахад иргэн Д.О нь  2015 онд “Т” банк бус санхүүгийн байгууллагад ... тоот хаягт байрлах 539 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд тавьж, түүнийгээ тус газрын албанд бүртгүүлж, барьцаанаас чөлөөлж байсан, мөн маргаан бүхий газраа эзэмшиж чадахгүй байгаа талаар тус дүүргийн газрын албанд гомдол гаргаж байсан, мөн  дүүргийн  Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...Д.Га нь Д.Оын  эзэмшиж буй газарт хашаа хатгасан нь хууль бус үйлдэл...” гэсэн утга бүхий 868 дугаартай албан бичиг, шүүхийн үзлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагаас олгосон боловч бодит байдал дээр тус газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй байсан болох нь нотлогдож байна.

НЗД-ын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 20 дугаар захирамжаар иргэн Д.Га, охин Д.Гнарт ... тоот байршилд 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, НЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дугаар захирамжаар Д.Га, Д.Гнарт өмчлүүлсэн газрын өмчлөгчөөс Д.Гаыг хасч, хамтран өмчлөгч Д.Гэрэлсүрэнг ... тоотод байршилтай нэгж талбарын 1864531378---- дугаартай 700 м.кв газрын өмчлөгчөөр сольжээ.

Түүнчлэн БЗДЗДын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 37 дугаар захирамжаар тус дүүргийн ... тоотод байршилтай 539 м.кв газрыг Д.Тт 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж гэрчилгээ олгож, тухайн газар нэгж талбарын 1864531380---- дугаарт бүртгэгдэн, БЗДЗДын 2011 оны 10 дугаар сарын 17-ны “газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 456 дугаар захирамжаар Д.Од шилжсэн байна.

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрыг миний эзэмшлийн газар гэдгийг тогтоосон...” гэж тайлбарлаж байгаа боловч БЗД шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2570 дугаар шийдвэр, түүнийг албадан гүйцэтгэсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “байр орон сууцнаас албадан гаргасан тухай” тогтоол зэргээс үзвэл “... ... тоотод байрлах 700 м.кв газрыг О.Уын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Д.Гат олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь  цаг хугацаа, маргааны үйл баримтын хувьд энэ захиргааны хэрэгт хамааралгүй болно.

Учир нь БЗДЗД 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар мараан бүхий газрыг Д.Тт эзэмшүүлж, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Д.Од газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн А/76 дугаар дүгнэлтээр “... 2006-2008 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1864531379---- дугаар бүхий 700м.кв талбайтай газар ... регистрийн дугаартай иргэний нэр дээр өмчлөх эрхтэйгээр, ...2009-2016 оны 06 дугаар сарын зурган мэдээлэлд өөрчлөлт ороогүй, ...2012 оны 02 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын хоорондох архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий 538.95 м.кв талбайтайгаар Д.О-ын нэр дээр бүртгэгдсэн, ...энэ газар нь кадастрын мэдээлэлийн санд 2009 оны 10 дугаар сард анх бүртгэгдэж, 2016 оны 5 дугаар сард устгагдсан байна, ...2016 оны 7 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын  1864531380---- дугаартай  700 м.кв газар Д.Гийн нэр дээр бүртгэлтэй байна...” гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр Д.Гийн нэр дээрх газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн 700 м.кв газар нь бодит байдал дээр 1062.18 м.кв талбай хашаалсан, 2012 оны 02 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын хоорондох архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий 538.98 м.кв талбайтайгаар Д.Оын нэр дээр бүртгэгдсэн газрын 524.35м.кв талбайг хашаалсан болох нь нотлогдож байна.

Харин гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн нэгж талбарын 1864531378---- дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд 2009 оны 10 дугаар сард анх бүртгэгдэж, 2016 оны 05 дугаар сарын архивын мэдээлэлд дээрх нэгж талбар устгагдахаас өмнө нэгж талбарын 1864531380----- дугаар бүхий 538.95 м.кв газрууд нь хоорондоо байршлын хувьд давхцалгүй байжээ.

Мөн хавтаст хэрэгт ... дүүргийн Газрын албанд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Гээс “... миний 2003 оноос хойш амьдарч байсан газар дээр Д.О газрын зурагт өөрчлөлт оруулж, хууль бус маргаан үүсгэснийг хүчингүй болгосон тул газрын зурагт өөрчлөлт оруулах"-ыг хүссэн хүсэлтийг, мөн тус газрын албанд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.А “...миний газрын зургийг хуучин хэвэнд оруулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтүүд авагджээ.

Эдгээрээс дүгнэхэд газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээлэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий 538.95 м.кв газар нь гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн нэгж талбарын 1864531378---- дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газартай огт давхцалгүй байсан байх ба харин БЗДЗДын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа гуравдагч этгээд хүсэлт гаргаж, газрын байршилд өөрчлөлт оруулан кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, бодит байдал дээр 1062.18 м.кв талбай хашаалсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэсний дагуу тухайн газраа эзэмшиж байсан байх бөгөөд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд БЗДЗДын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагчид  ... тоот хаягт байрлах 539 м.кв талбайтай, нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн “НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтуудыг үндэслэн НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар Д.Г-д ... тоот 700м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхэр шийдвэрлэжээ. Үүний дагуу  нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны 7 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий газар нь 700 м.кв талбайтайгаар иргэн Д.Гийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Энэхүү нэгж талбар нь 2016 оны 6 дугаар сараас өмнө нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий 700 м.кв талбайтайгаар байсан бөгөөд Д.Г, Д.А нарын хүсэлтээр кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж бүртгэжээ. НЗД-ын 2016 оны А/478 дугаар захирамжаар иргэн Д.Гг ... тоотод 700 м.кв газар өмчлөх эрхийг олгосон болохоос нэгж талбарын дугаарыг заагаагүй болно.

Өөрөөр хэлбэл НЗД Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд... газрыг нэг удаа үнэгүй” өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамж байна.

Иймд НЗД-ын гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгохгүйгээр Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх”, 19.1.2-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах”-ыг хориглоно гэж заасны дагуу захиргааны байгууллага иргэдийн газрын байршлыг зөвтгөх боломжтой байна гэж үзэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Д.Оын нэхэмжлэлтэй, НЗД, БЗДЗД нарт холбогдуулан гаргасан “БЗДЗДын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ...тоот хаягт байрлах 539 м.кв талбайтай, нэгж талбарын 1864531380---- дугаар бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг баримтлан “НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗДЗДас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ