Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00195

 

Б.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01666 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1940 дүгээр магадлалтай

Б.Оын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК, Б.Б нарт холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, 20 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Нисора цамхагийн 1 давхарт байрлах GS центр нэртэй фитнесс клубт фитнессийн багшаар 2016 оны 8 дугаар сараас эхлэн ажилласан бөгөөд 2017 оны 1 дүгээр сард менежер Оюунтуяа өөрийн фэйсбүүк хаягтаа клубийн болон кофе шопийн төхөөрөмж, хэрэгслийг худалдана гэсэн зар бичсэн байхыг олж үзээд асууж тодруулсан. Удалгүй “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б надтай уулзаж, чи фитнес клубийг байгаа байдлаар нь үргэлжлүүлээд ажиллуул, фитнесс клуб, кофе шопийн хэрэгслүүдийг 66 800 000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдах, урьдчилгаа 20 000 000 төгрөг өгч, үлдэх 46 800 000 төгрөгийг удаан хугацаагаар төлөх зээлийн гэрээ байгуулаад төл гэсэн санал тавьсан. Би аав ээжтэйгээ ярилцан зөвшөөрч, аав н.Болдбаатар өөрт байсан 20 000 000 төгрөгөө “Т” ХХК-д бэлнээр тушааж, гүйцэтгэх захирал Б.Б нь надтай 2017 оны 3 дугаар сарын 16-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хавсралт болгож надад худалдах 167 нэр төрлийн эд зүйл тоног төхөөрөмжийг жагсаасан бөгөөд хүлээлгэж өгч байгаа гэж гарын үсэг зуралцсан. Гэхдээ уг байранд үргэлжлүүлээд энэ байдлаар нь ажиллуулж болно гэсэн тул тоног төхөөрөмж эд зүйлүүдийг байгаагаар нь жагсаасан баримтад гарын үсэг зурсан. “Т” ХХК-д 20 000 000 төгрөг хүлээлгэн өгч гэрээ байгуулж тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаас хойш ажиллуулах боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. “Т” ХХК нь фитнесийн төвийг ажиллуулж байсан Сорани компанийн эд хөрөнгө болох Нисора цамхагийн 1 давхрын байрны түрээсийн төлбөрийг олон сар төлөөгүйгээс шүүхэд маргаан үүсч шийдвэрлэгдээгүй байгааг надад мэдэгдэлгүй, гэрээ хийсэн бөгөөд тоног төхөөрөмжийг цаашид ашиглан, тухайн байранд үйл ажиллагаа явуулах бодит боломжгүй болох нь хожим мэдэгдэж, 2017 оны 7 сард гэрээнээс татгалзах саналыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Сорони компанид хандахаар фитнесийн тоног төхөөрөмжийг гаргаж өгөх боломжгүй. Цаашид уг талбайгаа түрээслэхгүй гэсэн хариу өгдөг. “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б биднийг залилан аав 20 000 000 төгрөгийг компанидаа тушаалгачихаад худалдсан гэх 157 нэр төрлийн эд зүйлийг бодит байдлаар нь миний өмчлөлд шилжүүлэн өгөлгүй өдийг хүрч байгаа тул арга буюу шүүхэд хандлаа. Иргэний хуулийн 204, 205, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээнээс татгалзаж байгаа учраас “Т” ХХК, Б.Б нараас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж байна гэх боловч уг заалт нь гэрээнээс бус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах тохиолдлыг зохицуулсан. Үүргээсээ татгалзах эрх гэрээ байгуулагдахаас өмнө эсхүл гэрээ дуусгавар болсны дараа байх боломжгүй бөгөөд гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн боловч гүйцэтгэн дуусгаж чадахгүй болсон нь нөгөө талд үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болдог. Тухайлбал худалдан авагч төлбөрийн чадваргүй болох, худалдагч захиалгаар байнга нийлүүлдэг бараагаа үйлдвэрлэх боломжгүй болохыг гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл үүссэн гэж үздэг. Нэхэмжлэгчид эд хөрөнгөө худалдаад удаж байгаа гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, эд хөрөнгөө зүгээр хүлээж авчихаад одоо 1 жилийн дараа үйл ажиллагаа явуулж болохгүй байна. “Сорани” ХХК түрээсийн гэрээ байгуулахгүй гэнэ гэх мэт огт үндэслэлгүй шалтгаанаар гэрээнээс татгалзаад байгаа нь манай компанид хохиролтой. Хэрэв ямарч хамааралгүй шалтгаанаар аль нэг тал гэрээгээ буцаагаад байвал эцэстээ худалдагч тал хохирч үлдэнэ. Манай компани нэхэмжлэгчийн өөрийн гараар бичиж ирүүлсэн хүсэлт, албан бичгийг үндэслээд эд хөрөнгөө худалдсан. Худалдах-худалдан авах гэрээнд нэхэмжлэлийн үндэслэлд бичсэн шиг үргэлжлүүлээд ажиллуулах, үйл ажиллагааг цаашид явуулах боломжоор хангах гэх мэт үүрэг байхгүй. Иймд үүрэг хүлээх ч боломж манай компанид байхгүй. Хүний байранд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан болохыг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Түрээсийн эд хөрөнгөө хэнд түрээслэх нь өмчлөгчийн эрх болохоос манай компанийн мэдэх асуудал биш гэдгийг нэхэмжлэгч тал ойлгож байгаа байх. Худалдах-худалдан авах гэрээний хувьд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, талууд гарын үсгээ зурж тамгаа дарж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ. Уг гэрээний 2.2-д заасны дагуу эд хөрөнгийг хавсралтад заасан бараа хүлээлцсэн актаар хүлээлгэн өгсөн. Манай компани Иргэний хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1 дэх хэсэгт заасны дагуу худалдсан эд хөрөнгийг хүлээн авах нөхцөлийг гэрээндээ бараа хүлээлцсэн баримт үйлдэнэ гэж тодорхойлсон тул үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдаж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх бөгөөд манайх хүлээж аваагүй, тухайн албан бичиг ирсэн эсэх нотлох баримт байхгүй, нотариатын тэмдгийг 2018 оны 1 дүгээр сард даруулсан байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний доголдолтой холбоотой 6 сарын хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг түрээсийн үнэ төлбөрт барьцаалагдсан гэж тайлбарладаг бөгөөд үүнийг нотлох үүднээс хавтас хэрэгт 2 гэрээ өгсөн. Түрээсийн үнэ төлбөрт эд хөрөнгийг барьцаалсан нь үндэслэлгүй. Эд хөрөнгө хаана байгаа талаар гэрч н.Түвшинжаргал гэх хүний мэдүүлгээр тогтоогддог. Иймд гэрээнээс татгалзах буцаах боломжгүй гэж үзэж байна. 20 000 000 төгрөг бэлэн байсан учраас худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн бөгөөд үлдэх 46 800 000 төгрөг бэлэн биш байсан учраас ахынхаа байрыг барьцаалж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийсэн байдаг. Дансанд мөнгө шилжүүлж авсан зээлийн гэрээ биш байна гэх шийдвэр гарсан боловч хүчингүй болгоогүй. Хүчингүй болгоогүй үндэслэл нь 46 800 000 төгрөгт багтах эд хөрөнгө шилжсэн баримтууд байгаа учир зээлийн гэрээг биш гэх дүгнэлт гарсан. 66 800 000 төгрөгийг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг шилжүүлсэн бөгөөд барьцаа байхгүй болсон үлдсэн тоног төхөөрөмжийг Б.О гэх хүнээс олж авах боломжгүй. 20 000 000 төгрөгийг гэрээг татгалзуулж шийдвэрлэвэл н.Нарантуяа болон компани эд хөрөнгөөрөө маш их хохирно. Энэ үүднээс н.Нарантуяа гэх хүнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэрээнээс татгалзаж байгаа хуулийн үндэслэлийг нэхэмжлэгч талаас тайлбарладаггүй. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч түрээслэхгүй бол гэрээнээс татгалзаж эд хөрөнгө барааг буцаах нөхцөл гэрээнд байхгүй. Мөн эрхийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзаж байгаа Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн “Сорани” ХХК биш гэж үзэж байна. “Сорани” ХХК-ийн “Т” ХХК-ийн эд хөрөнгийг барьцаалснаас болж эрхийн доголдолтой тоног төхөөрөмж шилжүүлсэн гэх үндэслэлгүй юм. Эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгсөн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар нийт 167 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01666 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК, Б.Б нараас 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1940 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01666 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 1940 дугаартай магадлалд хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1/ Иргэний хуулийн 204.1, 204.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Б.Оын шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн гэрээнээс татгалзах тухай албан бичгийг хэн хэзээ хариуцагч компанид хүргуүлсэн нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, 2018 оны 01 сарын 10-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд нөхөж хийсэн баримт гэж үзэж байна.

Мөн уг баримтад худалдсан тоног төхөөрөмжийн үнэ 66 800 000 төгрөг болох талаар, 2017 оны 03 сарын 12-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж байгаа талаар дурдсан байна. Гэтэл 20 сая төгрөгийн гэрээнээс татгалзаж байгаа баримт байна гээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэрээнээс татгалзсан баримтыг хаана, хэн, хэзээ үйлдэж гаргасан нь тодорхойгүй, “Монгол шуудан” ХХК-ийн лавлагааг үндэслэж байгаа атлаа нэхэмжлэгч юу асууж юу лавласныг тодруулаагүй. Хавтас хэргийн 79, 81 дүгээр талд авагдсан “Монгол шуудан” ХХК-ийн лавлагааны хариу нь ЕЕ101261226МN дугаартай албан бичгийг Баянзүрх дүүргийн хаягаар Намуундарь гэдэг хүнд, ЕЕ101261212МN дугаартай албан бичгийг Хан-Уул дүүргийн хаягаар Бат-Эрдэнэ гэдэг хүнд хүлээлгэн өгсөн гэсэн байна. Манай компани ийм дугаартай албан бичгүүдийг хүлээн аваагүй бөгөөд Намуундарь, Бат-Эрдэнэ гэж хүмүүс манай компанид ажилладаггүй болно. “Монгол шуудан” ХХК-ийн хүргүүлсэн гээд байгаа EE101261226MN, ЕЕ101261212МN дугаартай 2 албаы бичиг ямар утгатай байсан талаар зохигч нарт мэдэгдэхгүй байхад шүүх гэрээнээс татгалзах мэдэгдэл байсан гэдгийг яаж мэдсэн нь ойлгомжгүй. Ийм учраас анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 40.2-т заасны дагуу нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Үүнээс болж шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй гэж харуицагч тал үзэж байна.

2/ Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 25.1.1, 170.1 дэх хэсэгт заасан зохигчийн эрхийг хангаагүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06972 дугаартай захирамжийг 2013 оны 06 сарын 18-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэж гардуулсан. Гэтэл хавтаст хэргийн баримтаас харахад 06972 дугаартай шүүгчийн захирамж 2018 оны 06 сарын 14-ны өдөр гарсан байх бөгөөд нэхэмжпэгчийн төлөөлөгчид 2018 оны 06 сарын 15-ны өдөр гардуулж, “Сорани” ХХК-д 2018 оны 06 сарын 14-ний өдөр 1/1741 дугаартай албан тоотоор хүргүүлж тайлбар авсан болох нь харагдаж байна. ИХШХШТ хуулийн 38.9-д заасны дагуу нотлох баримт бүрдүүлж байгаа шүүгчийн захирамжид зохигч нар гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж мэтгэлцэх эрхтэй. Гэтэл 2018 оны 06 сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжийг гомдол гаргах хугацааг өнгөрөөж 2018 оны 06 сарын 14-ний өдөр гаргаад, 4 өдрийн дараа буюу 2018 оны 03 сарын 18-нд хариуцагчийн төлөөлөгчид гардуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид зохигч нар мэтгэлцэж, гомдол гаргах боломж олгоогүй атлаа тус шүүгчийн захирамжийн дагуу “Сорани” ХХК-ийн ирүүлсэн тайлбараар хэргийг шийдвэрлэж, гэрээнээс татгалзсан татгалзлыг баталж, Иргэни хуулийн 205.1-т заасан гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Тодруулбал, манай компанийн худалдсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээс биш огт өөр компаниас гаргуулах боломжтой байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

3/ Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нэгэндээ буцаадаг журамтай, гэтэл худалдах-худалдан авах гэрээний тал биш, хэргийн зохигч биш этгээдээс манай худалдсан эд хөрөнгийг гаргуулах боломжтой болохыг дурдаж байна гэж дүгнэж, гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 205.1 дэх хэсгийг буруу хэрэглэж хариуцагч талыг хохироосон.

4/ Анхан шатны шүүх Иргэний хуулийн 249.2 дахь хэсэгт зааснаар тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл урьдчилан хангагдсан байсныг анхаарч үзээгүй, тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд худалдан авагч гэрээнээс татгалзах эрхээ алддаг.

5/ Нэхэмжлэгч тал шүүхэд гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ Иргэний хуулийн 249.1 дэх хэсгээр тайлбарладаг боловч анхан шатны шүүх эрхийн доголдолтой гэж тайлбарлаж байна гэж буруу тодорхойлж нэхэмжлэгч өөрийн шаардлагаа шүүхэд тодорхойлдог байтал шүүх нэхэмжлэгчийн өмнөөс тодорхойлж “Сорани” ХХК-иас нотлох баримт гаргуулж тэрхүү захирамж дээрээ зохигч нарыг мэтгэлцүүлээгүй, тийм боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6/ Анхан шатны шүүх зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Зохигч нар худалдсан тоног төхөөрөмжийн үнэ 66 800 000 төгрөг байсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 20 000 000 төгрөгийг урьдчилгаа бэлнээр төлөөд тоног төхөөрөмжөө бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үлдсэн 46 800 000 төгрөг дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь хэргээс тодорхой харагдаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх 20 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмжийг бусдад худалдсан худалдах-худалдан авах гэрээ гэж буруу дүгнэж хууль буруу хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 сарын 15-ны өдрийн хөрөнгө хүлээлцсэн акт, нэхэмжлэгч Б.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэл, цагдаагийн байгууллагад хандаж байсан өргөдлүүд, гэрээнээс татгалзсан гэх мэдэгдэл зэргийг бүхэлд нь дүгнэж харвал зохигч нар нэгэндээ тоног төхөөрөмжөө 20 000 000 төгрөгөөр худалдаагүй 66 800 000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогддог. Хариуцагч нэхэмжлэгчид үнээ төлөхөөс өмнө эд хөрөнгийг бүхэлд нь шилжүүлсэн бөгөөд үлдсэн төлбөрийг хэсэгчилэн төлүүлэхээр харилцан тохиролцсон тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ болно. Энэ тохиолдолд эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч түрээсийн байрны асуудлаа өөрөө зохицуулна, тоног төхөөрөмжөө л хурдан зар гэж хариуцагчид хүсэлт бичгээр ирүүлсэн, түрээсийн байр хүлээлцэх үед эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гээд гарын үсэг зурсан зэрэг чухал нотлох баримтууд хэрэгт байсаар байтал анхан шатны шүүх эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзсан татгалзлыг батлаад байгаа нь хуульд нийцэхгүй. Гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар болох хариуцагчийн эд хөрөнгийг буцаах ёстой байтал буцаахгүйгээр хуулийг үл тоомсорлож шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

7/ Нэхэмжлэгч тал эд хөрөнгийг худалдан авахдаа түрээсийн байрны асуудлыг өөрөө зохицуулна, энэ талаар түрээслүүлэгч “Сорани” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нармандахтай уулзаж ярилцаж тохирсон гэж албан хүсэлт хариуцагчид ирүүлж байсан нотлох баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг шүүх огт үнэлээгүй, дурьдаагүй. Тухайн үед түрээсийн байрны    асуудлыг өөрөө л зохицуулна гээд  яваад  байсан. Түрээсийн байрыг хүлээлцэж өгөхөд эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болсон болохоо нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Гэтэл энэ баримтуудыг шүүх огт үнэлээгүй. Үнэхээр худалдсан эд хөрөнгийн хувьд “Сорани” ХХК нь хуулиараа гуравдагч этгээдийн хувьд шаардлага гаргах эрхтэй юу, эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх үү гэдэг талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

8/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч биш шүүх өөрөө тодорхойлсон явдал байна. Энэ нь хавтас хэргийн 254 дүгээр талд авагдсан шүүх хуралдаан хойшлуулах, нотлох баримт гаргуулах тухай 06972 дугаартай шүүгчийн захирамжаас тодорхой харагдана. Энэхүү 2018 оны 06 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгчийн захирамжтай харьцуулж харвал нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэлээ Иргэний хуулийн 243.1-д заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, худалдсан эд хөрөнгө нь “Сорани” ХХК-ийн түрээсийн төлбөрийн барьцаанд байгаа гэсэн зүйл огт яриагүй. Үүнийр анхан шатны шүүхийн шүүгч шүүх хурлын явцад өөрөө амаараа нэхэмжлэгчид удаа дараа хэлж хуралдааны тэмдэгдэлд нэхэмжлэгч хэлсэн мэтээр тусгуулсан. Зохигч нар анхнаасаа эрхийн доголдол гэдэг зүйл отг яриагүй бөгөөд худалдан авсан эд хөрөнгөө ашиглаж чадахгүй байгаад аль нь буруутай талаар л маргаад яваад байгаа. Иймд шүүгч өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж түүнийхээ дагуу нотлох баримтаа бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Гэнэт худалдсан эд хөрөнгө түрээсийн төлбөрийн барьцаанд байгаа, эрхийн доголдолтой байсан гэдэг зүйл яригдаад, шүүгчийн захирамж гарсан нь шийдвэр гарсны дараа гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулах, “Сорани” ХХК-ийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих зорилготой шүүгчийн хууль бус шийдвэр байсан. Нэхэмжлэгч бүтэн жилийн өмнө байгуулсан эд хөрөнгөө хүлээгээд авчихсан гэрээнээс одоо татгалзаад байгаа нь ямар үндэслэлтэй вэ гэдгийг анхан шатны шүүх ерөөсөө тодруулж үзээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэлээ 249.1 дэх хэсгээр тайлбарлаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243.1 дэх хэсгээр эрхийн доголдол гэж татгалзаж байна гэж өөрчлөх, нотлох баримт бүрдүүлэх эрх байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн огт яриагүй түрээсийн байрны барьцаанд барьцаалагдсан гэх мэт үндэслэлээр шүүгчийн захирамж гаргаад, түүний дагуу бүрдүүлсэн баримтаар гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэхгүй хариуцагч талыг хохироож байгаа нь хуулийн хэм хэмжээнээс хэтэрсэн, хуулийг баримталддаггүй, шийдвэрлэх гэж байгаа эрх зүйн маргаан, харилцааг өөрийн дураар өөрчилж, өөрийн дураар хуулийг хамаагүй хэрэглэсэн явдал болж байна.

9/ Хариуцагчийн гуравдагч этгээд оролцуулах тухай, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Худалдсан эд хөрөнгөө хаана, хэн ашиглаж байгаа талаар “Сорани” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нармандахын Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн мэдүүлгийг гаргуулж өгөхөөр хүсэлт гаргасан боловч огт хүлээж аваагүй. Уг мэдүүлэгт эд хөрөнгийг өөр хүмүүс ашиглаж орлого олж байгаа талаар мэдүүлсэн, үүнээс үүдэж гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэх ёстой байсан боловч анхан шатны шүүх өөрийн санаачлагаар бүрдүүлсэн “Сорани” ХХК-ийн тайлбар гэх баримт нь үгүйсгэгдэх нөхцөл үүсэх тул хүлээж аваагүй. Мөн хэрэгт нотлох баримтаар өгсөн Сиди бичлэгт үзлэг хийлгээгүй шүүх хурлыг хийсэн.

10/ Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн, маргаантай байгаа харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргасан.

Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 204, 205, 249.1 дэх хэсгийг үндэслэж татгалзсан бөгөөд тоног төхөөрөмжийг худалдан авснаас хойш ашиглах боломжгүй байсан тул гэрээнээс татгалзаж гэрээний үнэ, тоног төхөөрөмжийг буцаахаар шаардлага гаргасан. Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар тодорхой дурдсан байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Б.О нь “Т” ХХК, Б.Б нарт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, 20 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Т” ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн нэрийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр худалдагч “Т” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Нисора цамхагийн 1 давхарт байрлах “GS center” үйлчилгээний төвд байрлалтай фитнес клубын биеийн тамирын бялдаржуулах тоног төхөөрөмж, хэрэгсэл, бусад барааг худалдан авагчид хүлээлгэж өгөх, Б.О нь гэрээний үнэ  20 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Тоног төхөөрөмжийн үнэ 20 000 000 төгрөгийг худалдан авагч 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Т” ХХК-ийн кассанд урьдчилан төлсөн байна.

Харин худалдагч нь эд хөрөнгийг жагсаалтаар худалдан авагчид хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдсэн байх боловч тухайн тоног төхөөрөмж нь “Т” ХХК-ийн түрээсийн төлбөрт “Сорани” ХХК-д барьцаалагдсан, фитнес клубыг 2017 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр лацадсан үндэслэлээр эд хөрөнгө бодитоор худалдан авагчид шилжээгүй үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Хэдийгээр эд хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэгдсэн боловч нэхэмжлэгчийн худалдаж авсан биеийн тамирын техник, тоног төхөөрөмжүүд нь үйл ажиллагаа явуулж байсан фитнес клубын талбайд, хариуцагчаас гуравдагч этгээдэд төлөх түрээсийн төлбөрт барьцаалагдан, өрөөг лацадсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгч эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж аваагүй гэж үзнэ.

Худалдагч нь эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдан авагч гэрээнээс гэрээнээс татгалзаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч “Т” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр оноосон нэрээ “Т” ХХК болгож өөрчилсөн, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Иймд “...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1940 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД