Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 394

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н,

Хариуцагч: Э м с,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Э мн с Д.С-н  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тэтгэмжийн тухай” 1а/5006 дугаар албан бичгийн хавсралтын  С.Н-д холбогдох хэсгийн 12 жил гэснийг хүчингүй болгож, 33 жилээр тооцон тэтгэмж олгож, тэтгэмжийн зөрүү  10,279,500 төгрөгийг   гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н би Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс нярваар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, өндөр насны тэтгэвэрт гарсан.

Анх Санхүү, эдийн засгийн техникум /хуучин нэршлээр/ буюу одоогийн Санхүү, эдийн засгийн их сургуульд 1981 онд элсэн суралцаж, 1983 онд төсвийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөн Дархан хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн №21 дугаар тушаалаар тус Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа төвлөрсөн нягтлан бодох ангийн Эрүүлийг хамгаалах группд эмийн тооцоог хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажилласнаас хойш эрүүл мэнд, боловсрол, шүүх эрх мэдлийн салбарт нягтлан бодогч, нярав зэрэг төрийн үйлчилгээний албан тушаалд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх өдрийг хүртэл улсад нийтдээ 33 жил 11 сар 11 хоног ажилласан ба үүнээс Эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаа 12 жил 3 сар 02 хоног болж байна.

Гэтэл Э м с Д.С нь Төрийн албаны /2002 оны/ хууль болон Эрүүл мэндийн хууль, эдгээр хуулиудад нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2014 оны 405 дугаар журмын холбогдох заалтуудыг зориудаар буруу хэрэгжүүлж, миний төрийн албанд тасралтгүй ажилласан 33 жилийн хугацааг үгүйсгэн, төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулан 12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг уг тэтгэмжийн мөнгө болох 5,874,000 төгрөг миний ХААН банк дахь харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орсноор мэдсэн.

Ингээд Хүүхдийн төв сувиллын нягтлангаас маргаан бүхий акт болох Э м с-ын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 1а/5006 дугаар албан бичгийг хуулбарлан авсан ба Э м с-д тэтгэмжтэй холбоотой асуудлаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан өргөдлийн хариуг 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр гардан авснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Би улсад ажилласан 33 жил 11 сар 11 хоногийн хугацаанд төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг” ойлгохоор заасан ба эрүүл мэндийн салбарын байгууллагын нягтлан, нярав зэрэг төрийн үйлчилгээний албан тушаал нь 3.1.6-д заасан эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтанд хамаарахаар байх ба Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд Засгийн Газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлтийг оруулсан ба уг нэмэлтийн 21-д “Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг  энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд ...Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно” гэж заасан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж тус тус зааснаар надад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн үйлчилгээний албанд ажилласан 33 жилээр тооцож олгохоор байна.

Гэтэл хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тэтгэмжийн тухай” №1а/5006 дугаар актдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэх хамааралгүй заалтыг үндэслэл болгож надад олгох тэтгэмжийг дутуу олгосон.

 

Учир нь миний эрхэлж байсан Хүүхдийн төв сувиллын няравын албан тушаал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5, 3.1.20-д тус тус заасан эмнэлгийн мэргэжилтэн”, “эмнэлгийн бусад мэргэжилтэн”-д хамаарахгүй, харин эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтанд тооцогдох ба маргаан бүхий актад үндэслэл болгосон Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаар миний бие Эрүүл мэндийн салбарын бусад ажилтнаар нийт 10 жил ажилласан байхаас 12 жил ажиллаж дээрх хууль, журамд заасан болзол нөхцөлийг бүрэн хангаж байгаа тул надад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн албанд ажилласан 33 жилээр тооцон олгох ёстой гэж үзэж байна.

Өмнө нь Эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн үйлчилгээний албан хаагчдын /нярав, нягтлан гэх мэт/ эрхийг дээрх байдлаар зөрчсөөр ирсэн, тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д Засгийн Газрын 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 338-р тогтоолоор “21” гэх нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг ба уг тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Үүнд: Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмын 3-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно гэж заасан.

Мөн 4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч миний тухайд хамгийн сүүлд хашиж байсан Хүүхдийн төв сувиллын няравын албан тушаалын нэг сарын цалин 489,500 төгрөгийг төрийн албанд ажилласан 33 жилд үржүүлсэнтэй тэнцүү байхаар буюу 489,500 /сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж /33/ төрийн үйлчилгээний албанд ажилласан нийт жил/ =16,153,500 төгрөгөөр тооцож олгохоор байсан.

 

Түүнчлэн уг журмын 5.4-5.8-д заасан хугацаа буюу төрийн албанд ажиллаж байх хугацаандаа давтан сурах, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг ч оруулан тооцохоор тов тодорхой заасан байхад төрийн үйлчилгээний албанд тасралтгүй 33 жил хөдөлмөрлөсөн иргэн миний ажилласан жилүүдийг үгүйсгэж, төрд ажиллаад насны тэтгэвэрт тогтоолгоход төрөөс буцалтгүй тусламж авах хуульд заасан эрхийг зөрчсөн.

Төсвийн тухай хуулиар дараа оны төсвийг урьд оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх ёстой. Үүний дагуу Хүүхдийн төв сувилал нь Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүүгийн хэлтэст төсвөө гаргаж өгөхдөө 2018 онд тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийн жагсаалт, ажилласан жил, сүүлийн 3 жилийн цалингийн дундаж, нийт олговол зохих тэтгэмжийн хэмжээ зэргийг тусган өгсөн.

Ингээд 2018 оны төсвийн хуваарьт 156,077,000 төгрөгийг тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэмжийн мөнгө Хүүхдийн төв сувиллын төсөвт суугдан батлагдсан. Энэ төсөвт миний ажилласан жил, авах тэтгэмжийн хэмжээ суугдан батлагдсан байсан. Би тэтгэмжийн мөнгийг олгохоос өмнө Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн даргатай уулзаж “...эгч нь төрийн байгууллагад 33 жил ажилласан. Залуу насандаа хүүхдүүдээ төрүүлчхээд 45 хоногтой байхад нь орхиод л ажилдаа орж ажилладаг байсан. Саяхан нөхрөө алдаад зовлон амсаад явж байна. Би эмнэлгийн мэргэжилтэн биш бусад ажилтанд орно. Эгчийнхээ тэтгэмжийн мөнгийг 33 жилээр бодож өгч туслаач...” гэсэн боловч “...тэр хамаагүй Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримтална...” гэж хариулсан.

Иймд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1А/5006 дугаар “Тэтгэмж олгох тухай” албан бичгийн хавсралтын С.Н-д холбогдох 12 жил гэснийг хүчингүй болгож, 33 жилээр тооцон тэтгэмж олгохыг даалгаж, тэтгэмжийн зөрүү 10.279.500 төгрөгийг олгохыг даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Л.М нар  шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч С.Н нь улсад 33 жил 11 сар, үүнээс Эрүүл мэндийн салбарт 12 жил 3 сар ажилласан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Эрүүл мэндийн салбарын бусад ажилтнаар нийт 10 жил ажилласан байхаас 12 жил ажиллаж хууль журамд заасан болзол нөхцөлийн хангаж байгаа” гэжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.” гэж заасан байна.

Энэ заалтын хүрээнд Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 21 дэх хэсэгт Эрүүл мэндийн тухай хууль болон Боловсролын тухай хуульд заасан тэтгэмжтэй холбоотой хэсгийг зохицуулахаар батлагдсан. Уг тогтоолд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хэсэгт заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг журмын 3, 4 дэх заалтыг үндэслэн тооцож, тэдгээрийн ажилласан хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн заалтаа баримтлахаар заажээ. Мөнгөн тэтгэмжийг журмын 6-10 дахь хэсэгт заасныг баримтлан олгохоор тусгасан.

Нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан гэдэг заалтыг хангахгүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмжийг олгосон. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын цалингаар тэтгэмжийг тооцсон.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Н нь анх тус шүүхэд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “ Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1а/5006 дугаар албан бичгээр С.Н-ийн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг 33 жилээр / сараар/ тооцон олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг актаар дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 10,279,500 төгрөгийг олгуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчлөн “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.С-ийн  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тэтгэмжийн тухай” 1а/5006 дугаар албан бичгийн хавсралтын  С.Н-д холбогдох хэсгийн 12 жил гэснийг хүчингүй болгож, 33 жилээр тооцон тэтгэмж олгож, тэтгэмжийн зөрүү  10,279,500 төгрөгийг   гаргуулах” гэж тодорхойлон маргаж байна.

  Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1а/5006 дугаар албан бичгийн хавсралтаар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалтын дагуу 2018 оны 12 сард тэтгэмж авах хүмүүсийн нэр, тэтгэмжийн хэмжээг тогтоосон байх бөгөөд Эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан Хүүхдийн төв сувиллын нярав С.Н-г тэтгэвэрт гарахад нь 5,874,000 төгрөгийн тэтгэмж олгохоор тогтоожээ.

 Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ” ... Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу миний бие нь Эрүүл мэндийн салбарын бусад ажилтнаар 33 жил ажиллаж, хууль журамд заасан болзол, нөхцөлийг бүрэн хангаж байгаа тул ... төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн албанд ажилласан 33 жилээр тооцон авах ёстой” гэж, хариуцагч нь “ ... Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан ... хуулийн шаардлагыг хангаагүй.  С.Н нь эрүүл мэндийн байгууллагад 12 жил ажилласан, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байгаагүй...” гэж  тайлбарлан маргаж байна.

 

Маргааны үйл баримтаас үзэхэд Хүүхдийн төв сувиллын захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тушаалаар аж ахуйн нярав С.Н-г өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, өөрөө хүсэлтээ гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлаас олгохоор шийдвэрлэсэн байх ба энэхүү үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Н нь улсад нийт 33 жил 11 сар ажилласан байх бөгөөд үүнээс төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт 12 жил 2 сар тус тус ажилласан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан С.Н-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, Дархан хотын АДХГЗ-ны харьяа Төвлөрсөн нягтлан бодох ангийн даргын 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 11, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07, Хүүхдийн төв сувиллын захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тушаалууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар түүний ажилласан хугацаа болон ажиллаж байсан байгууллагын талаар маргахгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл  мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно” гэж хуульчлан тогтоожээ. /Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс жил ажилласан, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож, Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан олгохоор зохицуулсан байна.

            Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг ойлгоно” гэж хуульчлан тогтоожээ.

Хууль тогтоогчид уг хуулийн зохицуулалтад хамаарах субъектийг хоёрдмол утгагүйгээр, хуульд тодорхой тусгасан байна. Өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс тэтгэмж авах эрхтэй этгээдэд төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад ажиллаж байсан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад  ажилтнаас гадна  өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан хамаарч байна.

 

Хуулийн дээрх заалтын “бусад салбарын байгууллагад” гэдгийг эрүүл мэндийн салбараас бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанг хамааруулан ойлгоно.

Нэхэмжлэгч С.Н нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгэхгүй байна.  

Иймээс энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн Дархан хот дахь Барилгын техник мэргэжлийн 2 дугаар дунд сургуулийн тооцооны нягтлан бодогчоор болон Дархан хотын шүүхэд нягтлан бодогчоор ажилласан, түүнчлэн Үйлдвэр худалдааны яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул төвд нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилласаныг “бусад салбарын байгууллагад эрүүл мэндийн бусад ажилтан”-аар ажилласан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийг төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 33 жил ажилласан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 21-д “...Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд... Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулж тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно” гэж журамлан тогтоосон байх тул нэхэмжлэгчийн ажилласан хугацааг Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан 12 жилийн хугацаагаар тооцож, нэхэмжлэгч С.Н-г тэтгэвэрт гарахад нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 12 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.С-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тэтгэмжийн тухай” 1а/5006 дугаар албан бичгийн хавсралтын С.Н-д холбогдох хэсгийн 12 жил гэснийг хүчингүй болгож, 33 жилээр тооцон тэтгэмж олгож, тэтгэмжийн зөрүү 10,279,500 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.БАТСҮРЭН