Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

                                                                      

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Нямсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Т.Сансар, Ц.Баяраа, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярбат, шүүгдэгч М.Ариунбаяр, Ө.Мөнхболд, тэдгээрийн өмгөөлөгч Г.Гомбосүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Туулын Сансар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мухардаан овогт Цэдэндамбын Баяраа, Буудай овогт Мижиддоржийн Ариунбаяр, Боржигон овогт Өнөрбаясгалангийн Мөнхболд нарт холбогдох 201525031540 дугаартай, 105/2016/0225/э индекстэй  хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцээд

            Биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Вагнер ази тоног төхөөрөмж” компанид мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 719-601 тоотод оршин суух хаягтай, улсаас  авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШӨ82032211 регистрийн дугаартай , Монгол овогт Туулын Сансар,

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, “Вагнер ази тоног төхөөрөмж” компанид худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 77-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  ХП75081810 регистрийн дугаартай, Мухардаан овогт Цэдэндамбын Баяраа,

3.  Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Вагнер ази тоног төхөөрөмж” компанид худалдааны ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 17-90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧИ88032513 регистрийн дугаартай, Буудай овогт Мижиддоржийн Ариунбаяр,

4. Монгол Улсын иргэн,  1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, “Вагнер ази тоног төхөөрөмж” компанид худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 126-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У389120316 регистрийн дугаартай, Боржигон овогт Өнөрбаясгалангийн Мөнхболд,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                             

Т.Сансар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга андууд” караоке бааранд бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн,

            Т.Сансар,  Ц.Баяраа, М.Ариунбаяр, Ө.Мөнхболд нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга андууд” караоке бааранд иргэн А.Цогийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирла танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч  нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Т.Сансар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн хэрэг гардаг өдөр байгууллагын хамт олонтойгоо гадуур гарч пиво уусан. Бид нар архи пиво ууж байгаад хоорондоо маргалдаж 2 стакан хагалсан. Тэгтэл хохирогч гаднаас орж ирээд хагалсан стакан болон хаалга цөмөлсөн гэж тооцоо нэхсэн. Мөнхболдыг хохирогч заамдаж авсан. Би хажуу талаас орж салгах гэтэл хохирогч намайг тохойдсон. Тэгтэл Билгээ энэ асуудлыг орж ирэн салгасан. Камерын бичлэг дээр энэ асуудал тодорхой байгаа. Би шархласандаа ийм хэрэг хийсэн гэв.

1.2. Шүүгдэгч Ц.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шүүгдэгч Сансарын өгсөн мэдүүлэгтэй адил, хэрэг гарсны дараа хохирогчийн толгой тус газар өшиглөсөн үнэн. Өөр надад ярих зүйл байхгүй гэв.

1.3. Шүүгдэгч М.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн караокед нэг шил архи ууцгаасан. Би тухайн үед нилээн согтуу байсан. Хохирогч орж ирэхэд би унтаж байсан. Би маргалдаж байхад салгах үйлдэл хийсэн. Би хохирогчийг дэгээдэж унагаах үйлдэл хийсэн  гэв.

1.4. Шүүгдэгч Ө.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би тооцоогоо асуух гэж очтол хохирогч хаалга гэмтээсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргасан. Хохирогч надаас шинэ хаалга авах мөнгө нэхээд байсан. Тэгээд хохирогчтой барьцалдаж аваа ийм асуудал болсон гэв.

Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Цогийн:..2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажлуулдаг Найман шарга андууд нэртэй караокедоо  сууж байтал гаднаас 4-5 залуу нэмж орж ирээд өмнө нь сууж байсан залуучууд удалгүй зөрөөд явцгаасан. Сүүлд ирсэн 4-5 залуу нь манай караокены 2 тоот өрөөнд 00 цаг 20 минут хүртэлт суусан. Энэ үед би текен дээрээ суугаад тухайн 2 тоот өрөөнд дотрох камерийг хараад сууж байтал тухайн залуучуудын нэг залуу нь архи, пивоны стканыг ширээн дээрээс аваад хаалга руу шидээд хаглаад байсан. Тэгэхээр нь би зөөгч, Тэргэл, Эрдэнээ  хоёрт энэ тухай хэлээд та хоёр өрөөнд нь очоод хараадахаач гэж хэлээд 2 тоот өрөөрүү явуулж шалгуулсан чинь стекан шидээд  хаалга цөмөлчихсөн байна гэхээр нь би өөрөө 2 тоот өрөөнд ороод та нар ингэж болохгүй яагаад стекан хаалга руу шидээд, хаалга цөмөлж байгаа одоо тооцоогоо хийгээд гарцгаа гээд тооцооны хуудсан дээр нь хагалсан стекан, хаалганы үнийг нэмж бичээд  зөөгч Тэргэлээр өгүүлтэл тухайн өрөөнд сууж байсан махлаг биетэй, халзан толгойтой, /Мөнхболд/ текэн дээр ирээд энэ тооцоог чинь бид нар хийж чадаахгүй ээ, хаалга эвдсэн зүйл алга төлөхгүй гээд өөдөөс агсараад юуг чинь эвдсэн юм бэ харуулаадах гээд байхаар нь би халзан залууг дагуулаад өрөөний хаалгыг харуулаад энийг та нар цөмөлчихсөн байгаа биз дээ гэж хэлтэл халзан залуу миний гарнаас татахаар нь би түүнийг чээж рүү нь гараараа түлхтэл намайг заамдаж татаад өрөө лүү оруулсан энэ үед өрөөнд байсан залуучууд халзан залуутай нийлж намайг тал талаас өшиглөсөн. Миний толгой болон нүүрэн тал руу өшиглөсөн, нэг залуу нь намайг 2 тоот өрөөний хаалганы хажууд намайг газар унагаан нэг залуу нь нүүрлүү маш хүчтэй өшиглөсөн.  Энэ үед миний зүүн нүд маш их өвдөж цус гарсан, 2 залуу нь намайг текний хажууд авчирч тал талаас өшиглөж зодчихоод, тэр хүмүүс тооцоогоо хийлгүй гараад явцгаасан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 26-27/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Туулын:...Сансар манай том хүү байгаа юм. Сансар нь доороо нэг дүүтэй, эхээс хоёулаа, Сансар нь 7 дугаар 10 жил төгсөөд, полтехникийн коллеж төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Сансар нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь 1 настай, миний хүү л сайн хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Архи, тамхи хэрэглэж бидэнд харагдаж байгаагүй,  гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо нэр хүнд сайтай, ажилсаг хичээнгүй, төлөв даруу хүү байгаа юм гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-29/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болд-Эрдэнийн:..Баяраа нь эхээсээ хоёулаа, дээрээ нэг эгчтэй, айлын бага хүүхэд байгаа юм. Баяраа нь ганцаараа амьдардаг эхнэр,  хүүхэд байхгүй. Вагнер ази ХХК-нд ажиллаж байх хугацаандаа 3 удаагийн шилдэг худалдааны ажилтан шагнал авч байсан. Худалдааны салбарын тэргүүний ажилтан шагналаар 2015 онд шагнагдсан. Зан араншингийн хувьд суурь хүмүүжил сайтай, хамт олон найз нөхөд дундаа нэр хүндтэй, хувийн зохион байгуулалт маш сайн, харьцааны соёлтой, эелдэг, дөлгөөн, бусдад тусархаг, архи, тамхи хэрэглэдэггүй, бусадтай маргалдаад муудалцаад байдаггүй, хэр баргийн зүйл дээр уурлаад бухимдаад байдаггүй, тогтвор сууршил сайтай, “Вагнер ази” ХХК-нд 14 жил ажиллаж байна. Их нягт нямбай боловсрол, мэдлэг өндөртэй их сайн залуу байгаа гэх мэдүүлэг. /хх-30/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батмөнхийн:..Мөнхболд нь эхээс хоёулаа айлын бага хүүхэд байгаа юм. Мөнхболд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай дүү Мөнхболд нь 2000 онд Англи улсад суралцаж байгаад Монголд 2009 онд ирээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсөж байсан. Зан араншингийн хувьд бусадтай их найрсаг, хөгжилтэй зантай, бусадтай тэр болгон маргалдаад хэрэлдээд байдаггүй, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд хамт олон дундаа нэр хүндтэй сайн л хүү байгаа юм гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-31/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баттулгын:…Мөнхболд багаасаа гадаад улсад боловсрол эзэмшээд ирсэн хүүхэд байгаа юм. Зан араншингийн хувьд нөхөрсөг, бусдад их тусархаг, бусадтай муудалцаад маргалдаад байдаггүй, бусдын эвийг их олдог, гэр бүл, ах дүү нартаа нэр хүндтэй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-32/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Тэргэлийн:..Цог ахруу хэл амаар доромжилж байснаа А.Цог ахыг шууд заамдаад 2 тоот өрөөлүү татаад оруулсан тэгтэл уг өрөөнд байсан 4 залуу Мөнхболд гэдэг залуутай нийлээд  Цог ахыг тал талаас нь цохьсон, тэгээд  удалгүй өрөөнөөс Цог ахыг нэг залуу нь чирч гаргаж  ирээд хаалганы хажуу  талд газар унагаасан, энэ үед хар бараан өнгийн костюм пиджак өмссөн туранхай өндөр эрэгтэй нь Цог ахын нүүрлүү маш хүчтэй нэг удаа өшиглөсөн юм. Энэ үед зөөгч Батжаргал бид хоёр салгах гэтэл Мөнхболд гэх эрэгтэй нь бид хоёрлуу дайраад цохих гээд  байхаар нь  бид хоёр зугтаад гараад цагдаа дуудсан  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 33-34/,

            2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Түвшинзаяагийн:..Энэ үед би үйлчлүүлж байсан өрөөнөөс гараад бие засах өрөө буюу 00-н өрөө рүү орох гээд гараад иртэл 00-н өрөө рүү явах замд байх караконы өрөөний хажуу талд текен дээр зогсож байсан ах /Цог/ газар уначихсан байдалтай түүний хажууд нь 4-5 эрэгтэй зогсчихсон тал талаас нь цохиж зодоод байсан. Би айгаад гадаа гарч цагдаа дуудчихаад ороод ирэн чинь нөгөө ах нао гараад явцгаасан юм. Яг ямар хувцастай, хэн гэдэг залуу нь хэрхэн яаж хэдэн удаа цохиж  зодсоныг нь бол мэдэхгүй. Өөр зүйл би мэдэхгүй хараагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-35/,

            2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15372  тоот актын:

1. А.Цогийн биед ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралт, тархи доргилт, зүүн дээд зовхины няцарсан шарх, дээд доод зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн чихний доор, суганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй . Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн  дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас-38/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13932  тоот актын:

1. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

2. Ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, гайморийн хөндийн цус хуралт болон бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Дээрхи гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.     4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг, Ж.Ганцэнгэл, Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт.  /1 дүгээр хавтас, хуудас 45-46/,

 

3.Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэргийн  газарт нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл,  фото зургууд /хх 6-10/,  камерийн  бичлэгт  үзлэг  хийсэн тэмдэглэл / хх-22/, хүн таньж  олуулсан тэмдэглэл / хх-29/, Ц.Баяраа, Т.Сансар, Ө.Мөнхболд, М.Ариунбаяр нарыг  сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд / хх 75-98/, шүүгдэгч нарын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх 101-104/, шүүгдэгч нарын  иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа  хорооны  засаг даргын тодорхойлолтууд / хх 105-111/, шүүгдэгч нарын ажил байдлыг  тодорхойлолтууд  болон  тэдгээрийн  хувийн байдлыг  тогтоосон  бусад  баримтууд  зэрэг  болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Т.Сансар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга андууд” караоке бааранд бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн,

            Т.Сансар,  Ц.Баяраа, М.Ариунбаяр, Ө.Мөнхболд нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга андууд” караоке бааранд иргэн А.Цогийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирла танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч А.Цогийн ... би халзан залууг дагуулаад өрөөний хаалгыг харуулаад энийг та нар цөмөлчихсөн байгаа биз дээ гэж хэлтэл халзан залуу миний гарнаас татахаар нь би түүнийг чээж рүү нь гараараа түлхтэл намайг заамдаж татаад өрөө лүү оруулсан энэ үед өрөөнд байсан залуучууд халзан залуутай нийлж намайг тал талаас өшиглөсөн. Миний толгой болон нүүрэн тал руу өшиглөсөн, нэг залуу нь намайг 2 тоот өрөөний хаалганы хажууд намайг газар унагаан нэг залуу нь нүүрлүү маш хүчтэй өшиглөсөн.  Энэ үед миний зүүн нүд маш их өвдөж цус гарсан, 2 залуу нь намайг текний хажууд авчирч тал талаас өшиглөж зодчихоод, тэр хүмүүс тооцоогоо хийлгүй гараад явцгаасан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 26-27/, гэрч У.Тэргэлийн:..Цог ахруу хэл амаар доромжилж байснаа А.Цог ахыг шууд заамдаад 2 тоот өрөөлүү татаад оруулсан тэгтэл уг өрөөнд байсан 4 залуу Мөнхболд гэдэг залуутай нийлээд  Цог ахыг тал талаас нь цохьсон, тэгээд  удалгүй өрөөнөөс Цог ахыг нэг залуу нь чирч гаргаж  ирээд хаалганы хажуу  талд газар унагаасан, энэ үед хар бараан өнгийн костюм пиджак өмссөн туранхай өндөр эрэгтэй нь Цог ахын нүүрлүү маш хүчтэй нэг удаа өшиглөсөн юм. Энэ үед зөөгч Батжаргал бид хоёр салгах гэтэл Мөнхболд гэх эрэгтэй нь бид хоёрлуу дайраад цохих гээд  байхаар нь  бид хоёр зугтаад гараад цагдаа дуудсан  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 33-34/, гэрч Б.Түвшинзаяагийн:..Энэ үед би үйлчлүүлж байсан өрөөнөөс гараад бие засах өрөө буюу 00-н өрөө рүү орох гээд гараад иртэл 00-н өрөө рүү явах замд байх караконы өрөөний хажуу талд текен дээр зогсож байсан ах /Цог/ газар уначихсан байдалтай түүний хажууд нь 4-5 эрэгтэй зогсчихсон тал талаас нь цохиж зодоод байсан. Би айгаад гадаа гарч цагдаа дуудчихаад ороод ирэн чинь нөгөө ах нао гараад явцгаасан юм. Яг ямар хувцастай, хэн гэдэг залуу нь хэрхэн яаж хэдэн удаа цохиж  зодсоныг нь бол мэдэхгүй. Өөр зүйл би мэдэхгүй хараагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-35/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 15372, 13932 дугаартай  дүгнэлтүүд  болон шүүгдэгч нараас үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Туулын Сансар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Мухардаан овогт Цэдэндамбын Баяраа, Буудай овогт Мижиддоржийн Ариунбаяр, Боржигон овогт Өнөрбаясгалангийн Мөнхболд нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Туулын Сансарыг бусдыг эд хөрөнгийг  санаатайгаар  устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Туулын Сансар, Цэдэндамбын Баяраа, Мижиддоржийн Ариунбаяр, Өнөрбаясгалангийн Мөнхболд нарыг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  бүлэглэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг тус тус баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна тэдгээрийн хувийн байдал, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Т.Сансар, Ц.Баяраа, М.Ариунбаяр, Ө.Мөнхболд нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэж шийдвэрлэв.

Хохирогч А.Цог нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний бие хохирлын мөнгө болох 7.000.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгч нарт  хөнгөн ял шийтгэл оногдуулж  өгнө үү гэсэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус  дүүргийн шүүхэд бичгээр ирүүлсэн, мөн энэ талаар түүний өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдааны шүүмжлэлийн  шатанд хэлсэн нь шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий CD-ийг хэрэг  хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Туулын Сансарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Монгол овогт Туулын Сансар,  Мухардаан овогт Цэдэндамбын Баяраа, Буудай овогт Мижиддоржийн Ариунбаяр, Боржигон овогт Өнөрбаясгалангийн Мөнхболд нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, бүлэглэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Сансарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Ө.Мөнхболд, Т.Сансар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 8 /найман/ сарын   хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Баяраа, М.Ариунболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил,  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар Т.Сансарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 8 сарын хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж  нийт биечлэн эдлэх ялыг  3 / гурван/ жил, 8 /найман/  сарын хугацаагаар хорих ялаар,  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сансар Ц.Баяраа, М.Ариунбаяр, Ө.Мөнхболд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Сансар, Ө.Мөнхболд нарт оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Баяраа, М.Ариунбаяр, нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Сансар, Ц.Баяраа, М.Ариунбаяр, Ө.Мөнхболд нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ