Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00197

 

О.Ун нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00087 дугаар магадлалтай

О.Ун нэхэмжлэлтэй,

Х.Хд холбогдох

670 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч О.Ун хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие жирийн танил Х.Хд 2016 оны 5 дугаар сарын дундуур өөрийн амины Хар алаг зүсмийн, сүүний чиглэлийн тарлан үүлдрийн үнээг итгэмжлэн маллуулахаар өгсөн. Х.Хгаас 2017 оны 11 дүгээр сард үхрээ авах гээд Халидолда руу утсаар ярьтал тэр таны үхэр алга болоод хэдэн сар өнгөрч байна хэмээн хариу өгсөн. Хариуцагч Х.Х нь нэгэнт миний үхрийг итгэмжлэн авч маллаж хариулахаар амлаж аман хэлцэл хийж, үхрийг надаас хүлээн авсан байсан тул уг үхрийг бүрэн бүтэн байдлыг хариуцаж алдвал цаг хугацаанд нь мэдэгдэж, эрэл сураг тавьж хайж олох үүрэгтэй. Энэ талаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д хадгалагчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч Х.Х нь уг үүргийг ноцтой зөрчсөн тул төлбөр хариуцах нь зайлшгүй. Иймд Х.Хгаас 4 настай монгол үнээ нэг буюу 650,000 төгрөг, Өлгий сумын үнэлгээний газарт үнэлгээний хураамжид төлсөн 20,000 төгрөг бүгд 670,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.У гэдэг хүнийг танихгүй. Төрөл садангийн холбоо, харилцаагүй, дотно харьцаж байгаагүй. Магадгүй зүс үзэж байсан байх. Насаар их зөрөөтэй хүн байх гэж нэхэмжлэлийг нь аваад бодож байна. О.У гэх хүн надад итгэмжлүүлэн үхэр, мал хариуцуулан маллуулж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлаж байна. Би О.Ун гэр орон, хаана байдаг, ямар малтайг мэдэхгүй. О.У нь надад ямар малаа баримт үйлдэж харилцан гэрээ хийж хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч тогтоолгоно биз. Харин аав маань олон хүнтэй харьцаж байдаг бөгөөд зарим иргэдийн малыг гаднаас нь харж хариулан хамгаалж явдаг тусч хүн. Тэгж аавын бусдад тусалж байсан сэтгэлийг ашиглан алдуул малаа төлүүлэх гэж зүтгэж байсныг нь харсан. Энэ О.У нь аавтай тохирсон байдлаа надтай андуурч эсвэл надыг айлган сүрдүүлж байж малаа төлүүлж авахаар санаархаж байж магадгүй. Иймд миний бие энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-ийг тус тус баримтлан хариуцагч РД:БГ86051612 Шеруши овогт Хауаны Халидолдагаас 4 настай монгол үнээ нэг буюу 650 000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:БЮ50112518 Хурман овогт Омарханы Уатайд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20 000 (хорин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Ун улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 630 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хгаас 20 150 (хорин мянган нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00087 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ун хариуцагч Х.Хгаас 4 настай монгол үхэр буюу 650 000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20 000 төгрөг бүгд 670 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч Х.Хд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн О.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00087 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00087 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.У миний хариуцагч Х.Хгаас 4 настай монгол үхэр буюу 650000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг, бүгд 670000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэснийг эс зөвшөөрч “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Хариуцагч Х.Х нь анхан шатны шүүхэд миний 2 үхрийг хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 3, 4 дүгээр хуудсанд тодорхой тусгагдсан байдаг.Тухайлбал 3 дугаар хуудсанд байгаа түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Би энэ хүнтэй эцгээрээ дамжуулан танилцсан. Чи надад тус болж энэ хоёр үхрийг хариуцаж маллаж өгөөч гэсэн. Нэхэмжлэгч О.У манай хөрш айл, Сейт гэдэг хүний бэр, миний эхнэр хоёрыг хүргэж ирэхдээ хоёр бярууг ачиж ирсэн. Хар алаг бяруу нь сураглаж явахад Жомарт гэдэг хүний үхэрт байсан нь тогтоогдсон “ зэрэг өгүүлбэрүүд бий. Мөн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд байгаа тайлбарын эцэст миний үхрийг хариулаганд авч маллаж байгаад алдсанаа, Бугат сумын иргэдээс уг ухрийг асууж сураглаж эрж хайж явснаа тодорхой тайлбарласан байдаг. Эдгээр нь түүний үхрийг өөрийн хариулагад авсныг бүрэн нотлож байгаа юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр тайлбаруудыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн Х.Хгийн давж заалдах гомдолд бичсэн болон туүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ямар нэгэн нотлох баримтад үндэслээгүй тайлбаруудыг үндэслэл болгож “... Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалах үүрэг үүсээгүй байна. Учир нь нэхэмжлэгч О.У нь анх хоёр бяруу алга болох үед хариуцагчийн эцэг Хауантай хамт бяруугаа хайж яваад улаан алаг бяруугаа Жомартын  үхрээс олж аваад хар алаг бярууг Сандагийн үхэрт байхыг нь үзээд орхиж явснаас хариуцагч Х.Хд уг бярууг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан тул учирсан хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ” дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй.

Учир нь би хариуцагчийн эцэг Хауаныг дагуулж яваад алаг бяруугаа Сандагийн үхрээс олж аваад шууд буцаж уг үхрээ өөр хүний хариулаганд өгсөн. Харин хар алаг үхэр хөрш айл Жомартын үхэр дотор байна, зусланд хамт зусна, тэр үед өөрсдөө авчихна гэж хариуцагч Х.Х надад утсаар ярьж байсан учир би энэ үхрээ эрж хайж яваагүй. Түүний үгэнд итгэж миний хар алаг үхрийг хариуцан маллах юм байна гэж ойлгосон.

Х.Х нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Гэтэл түүний анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж мэдүүлж байгаагүй юмыг өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ямарч нотлох баримтад тулгуурлахгүйгээр санаанаас зохиож ярьсан байхад давж заалдах шатны шүүх түүний үгэнд итгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Хариуцагч Х.Хгийн өмгөөлөгч С.Алтай нь давж заалдах шатны шүүх хуралдаанд жинхэнэ хариуцагчгүйгээр оролцож Х.Хапидолдагийн анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг үгүйсгэж ямар ч нотолгоогүй зүйл ярьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан нь түүний эхнэрийн дүүтэй хуйвалдсан асуудал гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалагч С.Өмирбек нь өмгөөлөгч С.Алтайн эхнэрийн дүү нь байдаг. Тухайлбал ерөнхий шүүгч С.Өмирбекийн аав Х.Солтанмурат, өмгөөлөгч С.Алтайн эхнэр Х.Гүлжайнар нар нь Хосбүргэд гэдэг хүний хүүхдүүд байдаг. /Төрөл садангийн энэ холбоог ойлгомжтой болгохын тулд схемчлэн өргөдөлд хавсаргав./

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор заасан. Энэ заалтаас үзвэл шүүгч С.Өмирбек, өмгөөлөгч С.Алтай нар нь төрөл садан гэдэг нь тодорхой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл садан бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж тодорхой заасан.

Ийм тохиолдолд шүүгч С.Өмирбек, өмгөөлөгч С.Алтай нарын аль нэг нь татгалзах ёстой байтал өөрсдөө татгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний эргэлзээг төрүүлж байна.

Би эдгээр хүмүүсийн төрөл садан болохыг тухайн үед мэдээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэсний дараа олж мэдсэн болно.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж, хууль зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.У нь 2016 оны 5 дугаар сарын дундуур Х.Хд маллуулахаар өгсөн монгол үнээг алга болгосон үндэслэлээр үнээний үнэ 650 000 төгрөгийг үнэлгээний хураамжид төлсөн 20 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мал авч маллахаар тохиролцоогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, үлдэх 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчид бусдын малыг хадгалах үүрэг үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан зохигчийн тайлбар зөрүүтэй, маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлох боломжгүй байхад шүүх тодруулалгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2016 оны 05 дугаар  сард өөрийн үхрийг хариуцагчид өгсний дараа 6 дугаар сард нь түүний эхнэр, хүүхдийг нь аймгийн төвөөс гэрт нь хүргэж өгч, хивэг, хужир үнэ төлбөргүй авч өгч байсан нь өөрийн малаа хариулгаж байсантай холбоотой...” гэж тайлбарласан, хариуцагч нь “...5 дугаар сард түүний эхнэрийг хүргэж ирэхдээ 2 бярууг ачиж ирсэн байсан, надад хүлээлгэж өгөөгүй боловч алдагдсан үед нь эзэнд нь хэлж байсан, ...2016 оны 06 сард бяруу нь дахин алдагдахад өөрт нь хэлсэн, түүнээс хойш сураггүй байсан атлаа 2 жилийн дараа надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн хариу тайлбар, татгалзлыг үндэслэл бүхий дүгнээгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй байх тул хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Малын үнэлгээ тогтоосон баримтын үндэслэл тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, тэдгээрийг татгалзах эрхтэйг тайлбарлаж, татгалзлыг асуусан болох нь хуралдааны тэмдэглэлээр /хх-70/ нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4., 103 дугаар зүйлийн 103.1.-д заасан хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхойгүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00087 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД