Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/921

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 ..... дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр  эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .......... дүгээр хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .......... дүүргийн ......... дугаар хороо, ............ байрны .......... тоотод оршин суух, урьд:

- 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ял,

- 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

З овогт Мгийн Ж /РД:.............../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Ж нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан 29-3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүүхэд болох Ж.Быг нохойнд хоол өгсөнгүй гэх шалтгаанаар төмөр шидэж, эрүүл мэндэд нь “баруун бугуйн үений урд хэсэгт 2,3 см хэмжээтэй гэмтэл, шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 825 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч М.Жыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Насанд хүрээгүй хохирогч Ж.Бы “...Баянхайрханы 29-3 тоотод байх гэрээ цэвэрлээд байж байтал гаднаас манай аав Ж согтуур ууртай орж ирээд нохой эрхлүүлж байгаад нохойнд хоол өгөөгүй юм уу? гэхээр нь би өгөөгүй гэтэл аав Ж нохойны урд талын зүлгэн дээр байсан цайвар хөх өнгийн үзүүртэй арматурын төмөр аваад над руу чиглүүлээд шидэхээр нь би баруун гараараа биеэ хаатал миний баруун гарын бугуй хэсгийг шидсэн төмөр нь оночихсон...манай аав өмнө нь огт цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх4-6/,

2. Гэрч М.Аын “...Манай хоёр хүү намайг Увс аймагт байхад залгаад аав нохойнд хоол өгсөнгүй гээд төмөр шидээд оночихлоо гэж хэлсэн. Өмнө нь манай нөхөр хүүхдээ огт цохиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх10/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6667 дугаар дүгнэлтэд “...Ж.Бы биед баруун бугуйн үенд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх12-13/,

4. М.Жы яллагдагчаар өгсөн “...намайг гэрт очиход манай гэрт манай хоёр хүү болох Б, Батнаран нар байсан ба би хүү Баас нохойнд хоол, ус өгсөн үү гэтэл өгөөгүй гэхээр нь миний уур хүрээд би хашаан дотор байсан төмөр аваад Б руу чиглүүлээд шидсэн чинь баруун гарыг нь оночихсон. Тэгтэл манай хүү Б цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх72-74/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч М.Ж:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээр шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан 29-3 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүүхэд болох Ж.Быг нохойнд хоол өгсөнгүй гэх шалтгаанаар түүн рүү төмөр шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогчийн “...аав Ж нохойны урд талын зүлгэн дээр байсан цайвар хөх өнгийн үзүүртэй арматурын төмөр аваад над руу чиглүүлээд шидэхээр нь би баруун гараараа биеэ хаатал миний баруун гарын бугуй хэсгийг шидсэн төмөр нь оночихсон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Аын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Энэхүү үйлдлүүдийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед “...баруун бугуйн үенд шарх гэмтэл...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6667 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Ж.Бы нас тоолсон тэмдэглэлд түүнийг 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 нас 7 сар 21 хоногтой байсныг тодорхойлсон буюу бага насны хүүхэд болох нь тогтоогдож байна.  

Улсын яллагчаас шүүгдэгчийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдоогүй гэж үзсэн нь зөв байна.  

Иймд шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Насанд хүрээгүй хохирогч Ж.Б биед учирсан гэмтэл эдгэрсэн, хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР